Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
Хэргийн индекс | 157/2016/00170/И |
Дугаар | 179 |
Огноо | 2016-08-03 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 1979 оны 01 сарын 21-ний өдөр төрсөн, эмэгтэй, 37 настай, яс үндэс Дарьганга, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 23-р хороо, 3б хэсэг Улиастай гудамж 582 тоотод оршин суух ЛЕ79012109 регистрийн дугаартай Гөөг овогт Аюурзанын Бадамгаравын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Хэнтий аймгийн Дархан суманд 1979 оны 04 сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 4-р баг Өлзийт гудамжны 01-05 тоотод оршин суух СК79040831 регистрийн дугаартай Бага Хардал овогт Самбуушаравын Алтангэрэлд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Бадамгарав, хариуцагч С.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч А.Бадамгарав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2001 оны 12 сард Самбуушарав овогтой Алтангэрэлтэй Хэнтий аймгийн Дархан суманд гэр бүл болж, 2003 онд охин Анударь, 2005 онд хүү Тэмүүлэн төрсөн. С.Алтангэрэл нь надтай амьдарч байх хугацаандаа байнга архи уудаг, ажилд ороод нэг сар ч тогтвортой ажиллаж байгаагүй. Гэрийн зарим зүйлсийг зарж архи уудаг байсан. 2009 онд таарч тохирохгүй, архи уух нь улам нэмэгдсэн учраас салсан. 2009 оноос өнөөдрийг хүртэл охин Анударь, хүү Тэмүүлэн нар нь Бадамгарав миний асрамжинд байсан. Иймээс гэр бүл цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч С.Алтангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Алтангэрэл миний бие А.Бадамгаравтай 2001 оноос 2008 он хүртэл хамт амьдарч байсан. 2003 онд охин А.Анударь, 2005 онд хүү А.Тэмүүлэн нар төрсөн. Охин А.Анударь, хүү А.Тэмүүлэн нар нь миний хүүхэд мөн учир хүүхдийн тэтгэлгийг төлнө. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээе. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна” гэв.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч А.Бадамгарав нь хариуцагч С.Алтангэрэлээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Нэхэмжлэгч А.Бадамгарав, хариуцагч С.Алтангэрэл нар нь 2001 оны 10 сарын 05 ны өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь гэрлэлтийн баталгааны хуулбараар тогтоогдож байна. А.Бадамгарав, С.Алтангэрэл нар нь хамтран амьдрах хугацаандаа 2003 оны 02 сарын 03-ны өдөр охин А.Анударь, 2005 оны 02 сарын 09-ны өдөр хүү А.Тэмүүлэн нарыг төрүүлж өсгөсөн байна. Нэхэмжлэгч А.Бадамгарав, хариуцагч С.Алтангэрэл нар нь 2009 оноос тус тусдаа амьдарсан байх бөгөөд хариуцагч С.Алтангэрэл нь тухайн үед архи ууж, амьдралаа авч явах талаар санаачлага гаргадаггүй талаар зохигчид мэдүүлж байх бөгөөд гэр бүлийн хүчирхийллээс болж гэр бүл үр хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаан байхгүй ба хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болно.
Иймд тэдний гэрлэлтийг цуцалж, охин А.Анударь, хүү А.Тэмүүлэн нарыг эх А.Бадамгаравын асрамжинд үлдээж,эцэг С.Алтангэрэлээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,
116, 118-120, 132 дугаар зүйлийн 132.4-т тус тус заасныг
удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Гөөг овогт Аюурзанын Бадамгарав, Бага Хардал овогт Самбуушаравын Алтангэрэл нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 02 сарын 03-ны өдөр төрсөн охин А.Анударь, 2005 оны 02 сарын 09-ний өдөр төрсөн хүү А.Тэмүүлэн нарыг эх Гөөг овогт Аюурзанын Бадамгаравын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2003 оны 02 дугаар сарын 03-нд төрсөн охин А.Анударь, 2005 оны 02 дугаар сарын 09-нд төрсөн хүү А.Тэмүүлэн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг С.Алтангэрэлээс гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү охин А.Анударь, хүү А.Тэмүүлэн нарын хэрэгцээнд зарцуулахыг эх А.Бадамгаравт даалгасугай.
6. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Бадамгаравын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч С.Алтангэрэлээс 1 жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 86.144 төгрөг улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч А.Бадамгаравын урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг нийт 156.344 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Бадамгаравт 70200 төгрөгийг олгож, 86.144 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
8. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.БАЙГАЛЬМАА