| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0350/э |
| Дугаар | 0422 |
| Огноо | 2019-03-18 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 0422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Ц.Оюун-Эрдэнэ
шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Мөнхдалай
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Н
түүний өмгөөлөгч : Ж.Ж
шүүгдэгч: Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Б Т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803010040050 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Т, 19 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо Сургуулийн дүгээр хэсэг тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Т нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 17.20 цагийн үед Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундаа хэрглэн 1.38% хувийн согтолттой үедээ Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын зам МВ супер маркетын дэлгүүрийн урд замд Хьюндэй Аксент маркийн УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.1-д заасан жолооч тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачаа, ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчин автобусны зогсоол дээр зогсож байсан иргэн С.Н мөргөсөнөөс амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 05-ны орой аксент маркийн УНД улсын дугаарын машинтай Улиастай талаас Хужирбулан чиглэлд явж байсан. Урд хоёр машин явж байсан. Би гүйцэж түрүүлэх гээд зүүн эргэтэл эсрэг урсгалаас машин ороод ирэхээр нь би автобусны буудал руу хоосон хэсэг харагдахаар нь тийшээ ортол талийгаачийг хараагүй мөргөсөн байсан. Цагдаа ирээд аваад явсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би талийгаач аавынхаа ганц охин. Аав маань төмөр замд 23 жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан байсан. 12 дугаар сарын 05-ны өдөр Хужирбуланд найзындаа очиж ажил хийж байгаад автобусанд сууж гэр лүүгээ явах гээд зогсож байсан юм байлаа. Уг нь хужирбуланд ажиллаад эрт ирдэг байсан боловч тэр өдөр ирэхгүй байсан. Тэгээд цагдаагаас У гэдэг хошууч залгаад аав чинь авто осолд орсон. Ирж уулзана уу гэсэн. Тэгээд би эгч, ээжтэйгээ очиход 5.00 цагийн үед осолд орсон байна гэж хэлсэн. Миний аав 65 настай, архи, тамхи хэрэглэдэггүй, эрүүл чийрэг биетэй хүн байсан. Ааваас минь үлдсэн ганц хашаа байшин барьцаанд байгаа. Тэрийг зээлээс чөлөөлөөд өгвөл гомдол санал байхгүй гэв.
Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 5-ны өглөө 10.00 цагийн орчимд таксинд явахаар гэрээсээ гараад Улиастайн хуучин эцэс дээр очоод өдөржингөө таксинд явж байгаад 16.00 цагийн орчимд байх Улиастайн эцсийн буудал дээр найз Батболдтой таарсан. Батболд мөн найзыхаа хамт явж байсан. Би уг хүнийг нь танихгүй. Тэгээд бид гурав миний машинтай Б гэрт нь очоод 0.75 грамм архи нэг шилийг хувааж уусан. Тэгж байтал манай эхнэр утсаар юу хийж байгаа юм хүрээд ир хүргэн хоол хийж байна гэсэн. Тэгээд би Б гэрээс Хужирбуланд байдаг хүргэнийдээ очихоор явсан. Хужирбулангийн 15-ийн автобусны буудал дээр иртэл миний урд нэг машин зогсож байхаар нь би тэр машиныг зүүн талаар нь гүйцэж түрүүлээд гарч ирсэн чинь өөдөөс нэг машин гараад ирсэн тэгэхээр нь би шууд зүүн тйишээ дараад хашлага даваад автобусны буудал дээр зогсож байсан хүнийг мөргөөд зогсоож чадалгүй цаашаа автобусны буудлаас гараад замын хойд талын төмөр жижиг хайсыг мөргөөд зогссон. Би машинаасаа буугаад иртэл хар куртиктэй залуу та хүн дайрчихлаа гэсэн. Тэгээд байж байтал Баянзүрх дүүргийн ЗЦХ-ийн нэг байцаагч эхэлж ирсэн. Араас нь түргэний эмч ирээд нөгөө дайруулсан хүнийг аваад эмнэлэг явсан. Миний урд машин зогсож байсан тэр машиныг гүйцэж түрүүлээд гартал зүүн талаас машин ирж явсан учир шууд зүүн гар тийшээ дараад хашлага давсан гэжээ. /хх-ийн 112/
Зам тээврийн осол,хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-16/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан /гэрэл зургийн хамт/ тэмдэглэлд: /хх-н 22/ хөндлөнгийн гэрчийг байлцуулан драйгер багаж ашиглан шалгахад 1.38 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох тогтоогдлоо гэжээ.
Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 15-17/
Бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэлд: Б.Т жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хураан авсан байна. /хх-н 18/
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 25-30/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 31-32/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай аав С.Н нь 19 онд Өвөрхангай аймагт төрсөн. 1970 оны орчим Улаанбаатар хотод орж ирсэн. Төмөр замын 2 дугаар ангид 23 жил ажиллаж байгаад 2013 онд тэтгэвэрт гарсан. Осол болохоос өмнө гэрийн дотор ам бүл 5-уулаа ээж, би манай хоёр хүүхдийн хамт амьдарч байсан юм. Осол хэрэг болсон талаар би тэр өдрийнхөө 22.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагаас мэдсэн. Тэр үед аав маань өөд болчихсон байсан юм. Би ганц хүүхэд нь юм. Манай ээж бие муутай гэртээ байдаг юм гэжээ. /хх-н 33-34/
Боржигон овогт Сосорын Н нас барсаны гэрчилгээний хуулбар /хх-н 40/
Иргэний хариуцагч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Аксент маркийн УНД улсын дугаартай автомашин бол миний эзэмшлийн машин юм. Энэ машиныг би барьдаггүй манай нөхөр болох Төр-Ундрах барьдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр манай нөхөр Т таксинд явна гээд гэрээсээ гарсан. Тухайн өдөр би Хужирбуланд манай хүргэн Зандраагомбынд байж байхад манай нөхөр чамайг очиж авна гээд осол болохоос 10-д минутын өмнө над руу ярьсан юм. Тэгээд хүлээгээд сууж байтал нөхөр маань залгаад намайг хүн мөргөчихлөө гээд гүжирдээд байна гэхээр нь би осол болсон газарт очсон. Би Т суугаад 4 жил болж байна. Бид хоёрын дундаас хүүхэд байхгүй, албан ёсны гэр бүл болоогүй юм. Манай нөхөр дуу цөөтэй, ямар нэгэн муу зуршилгүй, тамхи татдаг, баяр ёслолоор хааяа л архи уудаг. Миний хувьд ажил төрөлгүй болохоор бусдад учирсан хохирлыг төлж чадахгүй гэжээ. /хх-н 50-53/
Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би талийгаач С.Нн хадам эгч нь байгаа юм. Нн эхнэр нь миний төрсөн дүү байгаа юм. Талийгаач Н.Н нь Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Орбитын тоотод эхнэр охин хүргэн нэг зээгийн хамт амьдардаг байж байгаад 2017 оны 10 дугаар сард хүргэн нь Солонгос улсад сурахаар болоод талийгаач өөрийнхөө хашаа байшингаа барьцаанд тавьж хүргэнээ Солонгос улс руу явуулсан юм. Охин Н нь тэр үед жирэмсэн байсан учир Булган аймаг руу хадам ээжийндээ очиж төрөхөөр болоод явсан, талийгаач болон миний төрсөн дүү Г хоёр манайд ирж бид нартай хамт амьдарч байсан юм. Би талийгаачид 9421 6 гэсэн дугаартай утас авч өгсөн байсан ба тухайн өдөр талийгаач руу 5-6 удаа залгасан боловч хариу өгөхгүй байсан. Тэгтэл орой 22.00 цагийн орчимд замын цагдаагаас энэ утас руу 6-н удаа залгасан байна хэнтэй ярих гэсэн юм гэхээр нь би учраа хэлтэл надад болсон асуудлыг хэлсэн юм. Миний дүү Г нь багийн оюуны хомсдолтой юм сайн ярьж чаддаггүй ой тогтоолт муутай юм. Харин талийгаач бол эрүүл хүн байсан юм. Талийгаач Хужирбуланд нэг найз байдаг гэж ярьдаг байсан. Тэр өдөр мөн тэр найзындаа очоод буцаж явж байгаад осолд орсон байсан. Талийгаач бол багаасаа архи тамхи хэрэглээгүй, хүнтэй маргалдаж байгаагүй, мөрөөрөө зантай хүн байсан юм. Энэ хүмүүст надаас өөр туслах хүн байгаагүй болохоор бүх ажлыг би хийж дуусгасан гэжээ. /хх-н 54-56/
Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллгааны үед мэдүүлэхдээ: Автобусны буудал дээр буюу буудлын зүүн өнцөгт зогсож байсан ахимаг насны ахыг Цагаан өнгийн Аксент маркийн автомашин маш хурдтай урсгал сөрөөд хашлага давж орж ирээд дайраад замаас чигээрээ гарч айлын төмөр хашааг мөргөөд зогссон. Машины дугаарыг нь сайн санахгүй байна. Жолооч машинаасаа ганцаараа гарч ирсэн. Машин ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт явж байсан. Би нөгөө ахыг унаад ирэхээр нь айгаад гүйж байхдаа нэг Приус машиныг мөргөөд толийг нь унагаачихсан юм. Приус машин намайг мөргөөгүй би өөрөө очоод мөргөсөн юм. Цагдаад ирэхэд хүн дайрсан машины жолооч намайг мөргөсөн машины жолооч, нэг Портер машины жолооч нар байсан гэжээ. /хх-н 57-59/
Гэрч Ч.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 5-ны 17.15 цаг болж байхад Хужирбулангийн 120 дугаар сургуулиас хүүхдээ аваад ойролцоогоор 5-10 минут болоод гарч ирээд өөрийнхөө эзэмшлийн Т.Приус- маркийн 43-43 УНХ дугаартай авто машиныг жолоодоод эргээд Улистай талруугаа нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 30 орчим км цагийн хурдтай явж байхад өмнөөс ирж явсан нэг цагаан өнгийн машин урсгал сөрөөд ороод ирэхээр нь сандраад тоормозоо гишгээд урагшаа толгой жаахан тонгойгоод эргээд дээшээ хартал нэг хүн нөгөө машинд мөргөгдөөд шидэгдээд миний машинд нэлээн ойрхон унах үед гэнэт хажуу талаас нэг хүн гүйж орж ирээд толь хэсэгт мөргүүлээд хойшоо нэг хоёр алхаснаа зогссон. Би нөгөө эмэгтэй дээр очоод зүгээр үү гэхэд тохой жоохон өвдөөд байна гэсэн. Би уг эмэгтэйн замаар тарчихсан зүйлүүдийг бөөгнүүлж торонд нь хийж өгсөн. Тухайн зам дээр хөдөлгөөн сийрэг байсан, гадаа үзэгдэх орчин чөлөөтэй байсан гэжээ. /хх-н 61-62/
Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би тухайн өдөр Баянзүрх дүүргийн ЗЦХ-ийн 13-р бүсийн хоёрдугаар ээлжээр ажиллаж байсан юм. Тэгтэл 17.00 цаг өнгөрч байсан байх Хужирбулангийн зам дээр хүн автомашинд мөргүүлсэн байна гэсэн дуудлага АТ-1-ээс ирсэн. Би дуудлагыг хүлээн аваад Хужирбулангийн 15-ийн автобусны буудал дээр ослын газарт очиход Аксент маркийн автомашин нь урсгал сөрөөд автобусны буудлын хашлага даваад замаас гараад хойд талын айлын хашааны шшдэндэх жижиг төмөр хашааг мөргөөд зүүн хойд зүгт харсан байрлалтай зогсож байсан. Уг машины замаас урсгал сөрөөд гарчихсан дугуйны ул мөр байсан. Аксент маркийн автомашины жолоочтой уулзахад явах гээд байхаар нь хүчээр машиндаа суулгаж байгаад жижүүрийн бүрэлдэхүүнийг ирэхээр нь хүлээлгэн өгсөн юм. Намайг ослын газарт ирэхэд автомашинд мөргүүлсэн гэх хохирогчийг түргэний эмч нар ирээд аваад явчихсан байсан юм гэжээ. /хх-н 66-68/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Хужирбулангийн 15-ийн автобусны буудал дээр 8-н нэрийн хүнсний МВ супер маркет дэлгүүр ажиллуулдаг юм. Тухайн орой би дэлгүүр дотроо сууж байсан ба ослыг хараагүй. Намайг дэлгүүр дотроо сууж байтал нэг хүн орж ирээд танай буудал дээр осол гарсан байна гэхээр нь би гарч харахад замын цагдаагийн бүрэлдэхүүн ирчихсэн байсан. Манай дэлгүүрийн үүдний камерт байсан бичлэгийг би харсан гэжээ. /хх-н 69-71/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би тухайн өдөр 24-н цагийн ажилтай байсан юм. Тэгтэл 2018 оны 12 дугаар сарын 5-ны орой цагийг нь сайн мэдэхгүй байна жижүүрийн бүрэлдэхүүнээс манай хашаа руу Хужирбулангийн зам дээр хоёр ачигч машин явуул гэсний дагуу би болон манай бас нэг ачигч Энхсайхан бид хоёр Хужирбулангийн зам дээр очсон. Осол хэргийн газарт очиход Т.Приус-11 маркийн автомашин байсан шиг санагдаж байна. Мөн цагаан өнгийн Аксент маркийн УНД дугаартай хоёр автомашинууд байсан юм. Бид нарыг ослын газарт очиход Баянзүрх дүүргийн ЗЦГ-ын ахмад Сүхбаатар, мөн нилээн олон хүн байсан. Уг осол нь автобусны буудал дээр болсон юм шиг байсан гэжээ. /хх-н 72-74/
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Т эгч нь байгаа юм. Т миний хамгийн бага дүү минь байгаа юм. Ослын талаар мэдэхгүй. Т 10 жилийн өмнө эхнэр хүүхдээсээ салаад хувиараа юм хийж байсан юм. Одоо бол Энхболор гэдэг хүүхэнтэй хамтран амьдарч байгаа юм. Эрхэлсэн тодорхой ажил төрөл байхгүй. Тх зөрүүд зантай, гарын дүй сайтай, муу зуршилгүй. Архи тамхи хэрэглэдэг нь үнэн. Одоо хамтран амьдарч байгаа хүүхэн нь жоохон дарамтлаад байдаг сурагтай байсан. Манай дүүд хөрөнгө мөнгө эд хогшил гэж юм байхгүй гэжээ. /хх-н 75-77/
Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Т нь миний ээжийн төрсөн дүү нь байгаа юм. Т ах гарын дүй сайтай болохоор хүмүүс ирж их машин тэрэг янзлуулна тэгээд төлбөрт нь заримдаа архи дарс өгөөд байдаг юм байлаа. Одоо хамтран амьдарч байгаа хүн нь мөнгөтэй үед нь оруулчихаад мөнгөгүй үед нь хөөгөөд явуулчихдаг юм байлаа. Яг одоо бол манайд амьдарч байгаа гэжээ. /хх-н 78-80/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 81/
Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2697 тоот акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд Дүгнэлт:
1.Авто ослын гэмтэл: Гавал тархи, хүзүүний нугалам, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтэл: Гавал тархины битүү гэмтэл: Гавлын суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорхи цус харвалт, Хүзүүний 7 дугаар нугалмын хугарал, цээжний хэнхэрцэгийн баруун, зүүн талын олон хавирганы хугарал, Уушигны урагдал, эдийн няцрал, авчилт, баруун зүүн бөөрний язрал, урагдал, эдийн няцрал, дэлүүний урагдал, няцрал, дух зулай, баруун чихэнд шарх, зүүн чамархай, зулай хэсгийн хуйханд цус хуралт, дух, зулай баруун хацар, хамарт зулгаралт,
2.Тархи уушигны хаван, дотор эрхтний цус эргэлтийн алдагдал
3.Нойр булчирхайн архаг үрэвсэл.
1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байх тул үүсгэгдсэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3.Талийгаач нь нойр булчирхайн архаг үрэвсэлтэй байх ба энэ нь нас барахад нөлөөлөөгүй байна.
4.Талийгаач нь дээрх гавал тархи, хүзүүний нугалам, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
5.2018.12.06-ны өдөр 02.50 цагийн цогцосны анхны үзлэгээр 2018.12.05-ны өдрийн 19.15 цагт нас барсан гэж тэмдэглэгдсэн байна.
6.Талийгаач А/II/ бүлгийн цустай байжээ.
7.Цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй гэжээ. /хх-ийн 82-83,84-85/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 88/
Автотээврийн үндэсний төв “ТӨҮГ”Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 4972 дугаартай шинжээчийн дүгнэлт: /хх-н 89-97/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 98/
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 29 тоот дүгнэлт :
1.Хьюндай Аксент маркийн УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Б овогтой Т нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.Автобусны буудал дээр зогсож байсан гэх С овогтой Н нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.Явган зорчигч Ц овогтой Сг нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4.Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5.Зам тээврийн осол хэргийн газарт, үзлэгийн баг үзлэг хийж бэхжүүлж авсан Хьюндай Аксент маркийн 64-58УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн зорчих хэсэг дээр үүссэн мөрийг схем зурагт шарвалтын мөр гэж тэмдэглэсэн байна гэжээ. /хх-н 99-100/
Шинжээч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ТЦА-ны МШХ-ийн ахлах мөрдөгч цагдаагийн дэд хурандаа Д.Э 2019 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн Техник хяналтын төвийн мэргэшсэн инженер Н.М, зөвлөх инженер Ө.Мөнх-Наст бид нар хамт Х.Аксент маркийн УНД дугаартай тээврийн хэрэгсэлд техникийн шинжээчийн дүгнэлт гаргасан. Бид нар тээврийн хэрэгсэлийн зүүн баруун гэрлийн тусгалийн тохиргоо алдагдсан байгаа нь тухайн ослын үед үүссэн байх боломжтой гэж үзсэн. Уг тээврийн хэрэгсэл нь хийн шингэн дамжуулах тоормосны системтэй, нэмэгдэл АВS систем байхгүй учир тоормосны мөр үүсэх бөгөөд баруун хойд дугуй нь тоормос барихгүй нь тоормосны замыг уртасгаж шарвалт үүсэх байдлаар осолд нөлөөлөх боломжтой гэж үзсэн гэжээ. /хх-н 177-178/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 101-102/
Б.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 103-104/
Б.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 117/, жолоочийн лавлагаа /хх-н 118/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 115, 192/, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 4 дүгээр хэсэг сургуулийн 1716г тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон 23 дугаар хорооны тодорхойлолт /хх-н 119/
Б.Т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н109/, прокурорын тогтоол /хх-н105-107/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 110-113/
Оршуулгын зардлын талаарх баримтууд /хх-н 134-176/
Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол /хх-н 184/
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 29 /нэмэлт/ тоот дүгнэлт: /хх-н 190-191/ зэрэг болно.
Б.Т нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны орой 17.20 цагийн үед Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундаа хэрглэн 1.38% хувийн согтолттой үедээ Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын зам МВ супер маркетын дэлгүүрийн урд замд Хьюндэй Аксент маркийн УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа мөн дүрмийн 12.1-д заасан жолооч тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачаа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосн хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчин автобусны зогсоол дээр зогсож байсан иргэн С.Н мөргөсөнөөс амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн цогцост хийсэн задлан шинжилгээний актанд: Талийгаач нь дээрх гавал тархи, хүзүүний нугалам, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж тогтоосон байна, Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн ... Автобусны буудал дээр буюу буудлын зүүн өнцөгт зогсож байсан ахимаг насны ахыг Цагаан өнгийн Аксент маркийн автомашин маш хурдтай урсгал сөрөөд хашлага давж орж ирээд дайраад замаас чигээрээ гарч айлын төмөр хашааг мөргөөд зогссон гэсэн /хх-н 57-59/, ...Гэрч Ч.З мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... өмнөөс ирж явсан нэг цагаан өнгийн машин урсгал сөрөөд ороод ирэхээр нь сандраад тоормозоо гишгээд урагшаа толгой жаахан тонгойгоод эргээд дээшээ хартал нэг хүн нөгөө машинд мөргөгдөөд шидэгдээд миний машинд нэлээн ойрхон унах үед гэнэт хажуу талаас нэг хүн гүйж орж ирээд толь хэсэгт мөргүүлээд хойшоо нэг хоёр алхаснаа зогссон. Би нөгөө эмэгтэй дээр очоод зүгээр үү гэхэд тохой жоохон өвдөөд байна гэсэн гэсэн мэдүүлэг /хх-н 61-62/, шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... аксент маркийн УНД улсын дугаарын машинтай Улиастай талаас Хужирбулан чиглэлд явж байсан. Урд хоёр машин явж байсан. Би гүйцэж түрүүлэх гээд зүүн эргэтэл эсрэг урсгалаас машин ороод ирэхээр нь би автобусны буудал руу хоосон хэсэг харагдахаар нь тийшээ ортол талийгаачийг хараагүй мөргөсөн байсан гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Б.Т холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Зам тээврийн осол гарахад тухайн өдрийн цаг агаарын байдал, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй, явган зорчигч замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н нь оршуулгын зардал, 21, 49 хоног хураасаны зардал болон талийгаачийн тэтгэвэрийн зээлийн үлдэгдэл зэрэг нийт 10.400.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн хашаа байшингаа барьцаалж 6.0 сая төгрөгийн зээл авсаныг хүүгийн хамт нийт 8.616.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүх шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.
Б.Т нь 2019 оны 3 дугаар сарын 14-нөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба түүний нийт 4 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Энэ хэргийн хамт шүүхэд ирсэн Хьюндэй Аксент маркийн НД улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01322379 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Д.Э буцаан олгохоор шийдвэрлэв.
Б.Т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В,С ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан бүртгэл мэдээлэлийн төвд хүргүүлэх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Б.Т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаатай хасаж 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 04 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Т 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн хугацааг нь тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Б.Т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В,С ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан бүртгэл мэдээлэлийн төвд хүргүүлсүгэй.
8. Хьюндэй Аксент маркийн УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01322379 гэрчилгээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Д.Э буцаан олгосугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН