Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1333

 

“ХХ” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02842 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” СӨХ,

Хариуцагч Хт холбогдох,

 

“ХХ” СӨХ-ны тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Хийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

Хариуцагч Х,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ХХ” СӨХ-ны удирах зөвлөлийн 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хурлын 3 тоот тогтоолоор тус "ХХ" СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэтэл Х нь сууц өмчлөгчдийн холбооны тамга, тэмдэг гэрчилгээг өгөхгүй хохироож байна. Х нь 2004 оноос 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл "ХХ" СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд сүүлийн жилүүдэд гүйцэтгэх захирал ажлаа хийхгүй оршин суугч биднийг хохироож, сууц өмчлөгчдийн холбоо нь мөнгөн хөрөнгийн зарцуулалтын талаар тайлан 2004 оноос хойш огт тавиагүй, айл өрхөөс цугларсан мөнгийг юунд зарцуулдаг талаар мэдээлдэггүй. Сууц өмчлөгчдийн холбооны тохижилтод огт анхаарч ажиллаагүйгээс Хийг 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн юм.

Энэхүү тогтоолоор Хийг "ХХ" СӨХ-ны тамга тэмдэг, бүртгэлийн гэрчилгээг ажлын 3 хоногт багтаан удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхийг даалгасан боловч хугацаандаа хүлээлгэн өгөхгүй байна. Энэ тухай Хээс шаардсан боловч "...сайн дураараа өгөхгүй, чаддаг юм бол хууль цагдаагаараа яв" гэдэг. Иймд Хээс "ХХ" СӨХ-ны тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Урьд гарсан шүүхийн шийдвэр нь энэ хэрэгтэй хамааралгүй. Би тухайн үед шийдвэр гүйцэтгэлийн явцад бичиг бичиж өгсөн нь хууль эрх зүйн хувьд мэдлэггүйгээс болоод тухайн үед шийдвэр гүйцэтгэгчийн бич гэснийг бичсэн юм. Гэтэл энэ бичгээс болж өмнөх шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосныг шүүх хуралдаанаар хянаад буруу болохыг тогтоосон тул нэхэмжлэлийг хангаж, оршин суугчдийн эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/04274 дугаар шийдвэрээр ХХХг хууль бусаар "ХХ" СӨХ-ны захирал болсон, удирдах зөвлөлийг хууль зөрчиж байгуулсан гэж үзсэн. Ингээд уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж байх хугацаанд дахин СӨХ-ны хурлыг хууль бусаар хуралдуулж удирдах зөвлөлийг сонгосон байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дууссан.

Иймд урьд гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байж дахин хууль бус хурал зохион байгуулж, "ХХ" СӨХ-ны удирдлагыг авсан хэмээн нэхэмжлэл гаргасан ХХХгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Х би "ХХ" СӨХ-ыг үүсгэн байгуулагч, 2004-2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд "ХХ" СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 54 дүгээр байрны 44 тоотод оршин суух ХХХ, 3 тоотод оршин суух ХХХХХХ, 01 тоотод оршин суух ХХХХХХХ нарын хүмүүс тус 2 дугаар байр, 53, 54 дүгээр байрны оршин суух иргэдийг мэхэлж, залилж, өөрсдөө тус СӨХ-г хууль бусаар булаан авч, 11 сарын турш үйл ажиллагаа хууль бусаар явуулж ирсэн.

Тус сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа хэвийн явуулж байсан байгууллагын үйл ажиллагааг алдагдуулж, ноцтойгоор хууль зөрчсөнийг би хуулийн байгууллагад хандаж, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэр гаргуулж, хууль бус үйл ажиллагааг нь зогсоосон.

Х намайг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрээр үргэлжлүүлэн ажлаа хийх шийдвэр гарсан байтал иргэн ХХХ ажил хийлгэхгүй, давхар СӨХ-ны даргын ажил хийгээд шүүхийн шийдвэрийг үл хүндэтгээд байхаар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд албан ёсоор хандаж, албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулсан. ХХХ шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явагдаж байх хугацаанд хууль зөрчин иргэдээс дахин сонгогдож, өөрийгөө гүйцэтгэх захирлаар танилцуулж, тогтоол, шийдвэр гаргуулж, дураараа аашилж, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн танай байгууллага болон СӨХ-г үйл ажиллагаа ахуй нэгжийг хүндрүүлж, хуульгүй юм шиг аашилж, эрх мэдэл албан тушаал булаацалдаж улайрч байгаад би СӨХ-ны даргын хувьд их харамсаж гайхаж байна.

Өмнө нь энэ асуудлаар танай байгууллагад нэхэмжлэл гаргасныг хянаж шийдвэрлээд захирамж гарсны дараа гомдол гаргаагүй, өөрсдөө буруугаа хүлээн зөвшөөрсөн атлаа 3 сарын дараа дахин энэ асуудлаар танайд хандаж байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэл гаргах эрхгүй байж нэхэмжлэл гаргасан, 2015 оны 7 дугаар сарын 25-ны хурал нь хууль бус хурал тул ХХХг "ХХ" СӨХ-ны гүйцэтгэх захирлаар сонгогдсон гэж үзэх үндэслэлгүй. Миний бие ажлаа хуульд заасны дагуу гүйцэтгэж, оршин суугчдын эрх ашгийг хохироосон зүйл байхгүй. Гэтэл энэ Нэргүй өөрөө албан тушаал булаацалдаж, өмнө гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хууль бус хурал хийсэн гэдэг нь тогтоогдсон байхад ахин хууль бусаар хурал хийж, өөрөө сонгогдсон байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Шүүх: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4, 12.4.9-д зааснаар хариуцагч Хээс "ХХ" СӨХ-ны тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж, нэхэмжлэгч "ХХ" СӨХ-ны гүйцэтгэх захирал ХХХд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Хээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ХХ" СӨХ-ны гүйцэтгэх захирал ХХХд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2015 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 102/ШЗ2015/31234 дугаартай Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ХХХгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин ХХХ 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэсэн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн захирамж хүчин төгөлдөр болсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хуулийн хугацаа дууссанаас хойш ХХХ шүүхэд гомдол гаргасан нь хууль зөрчсөн. Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/04274 дугаартай шүүхийн шийдвэр, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 102 /ШЗ2015/21461 дугаартай шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгэх захирамж мөн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2262 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас гэх мэт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд үйлчилж байхад 2015 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 02 дугаартай “ХХ” СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоол мөн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай тогтоолуудаар хууль бусаар ХХХ "ХХ" СӨХ-ны гүйцэтгэх захиралаар томилогдон ажиллаж байсан нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02842 дугаартай шүүхийн шийдвэрийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан ба уг шүүхийн шийдвэр нь 57 хоногийн дараа гарсан болно. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02842 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “ХХ” Сууц өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирал ХХХ нь хариуцагч Хт холбогдуулж “ХХ” СӨХ-ны тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 3 тоот тогтоолоор “ХХ” СӨХ-ны Гүйцэтгэх захирлаар томилж, хуучин гүйцэтгэх захирлыг чөлөөлөн, тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг удирдах зөвлөлд хүлээлгэх өгөхийг даалгасан тул хуучин СӨХ-ны захирал байсан Хт холбогдуулан шаардлага гаргасан гэж, хариуцагч нь 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн СӨХ-ны хурал, түүнээс гарсан тогтоолууд нь хууль бус болохыг шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр тогтоосон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй байсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэх эрхгүй гэж маргаж байна.

            Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны БҮК-ийн 53, 54 дүгээр байрны “ХХ” СӨХ-ны бүх гишүүдийн 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэл, Удирдах зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1 дүгээр тогтоол, мөн 8 дугаар сарын 22-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2 дугаар тогтоол, мөн оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар тогтоолоор “ХХ” СӨХ-ны Удирдах зөвлөл, удирдөх зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирлыг шинээр томилон, Хийг холбооны Гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлж, СӨХ-ны тамга, тэмдэг, гэрчилгээг шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногт багтаан холбооны удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхийг үүрэг болгосон шийдвэрүүд хэрэгт авагдсан, уг шийдвэрүүд хүчинтэй байна.

            Иймд нэхэмжлэгч “ХХ” СӨХ-ны Гүйцэтгэх захирал ХХХ нь дээрх тогтоол болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9-д зааснаар “ХХ” СӨХ-ны тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг Хээс шаардах, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

            Хариуцагч Х нь ХХХг СӨХ-ны Гүйцэтгэх захирлаар сонгосон СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тогтоол шүүхийн шийдвэрээр хууль бус болох нь тогтоогдсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан гэх боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/04274 дүгээр шийдвэрээр “ХХ” СӨХ-ны 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ээлжит бус бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бусд тооцож, 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоолыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Хээс СӨХ-ны тамга тэмдэг, гэрчилгээ гаргуулах хариуцагч ХХХгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул хариуцагчийн тайлбар  2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар тогтоолд хамааралгүй, татгалзал нь үндэслэлгүй байна.

            Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй байхад СӨХ дахин хуралдсан гэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 411 дүгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоолыг хариуцагч шүүхэд нотлох баримтаар гаргасан боловч энэ нь 53, 54 байрны оршин суугчдын 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хурал, 8 дугаар сарын 22, 25-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй.

            Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байх бөгөөд шүүх хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ