Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0397

 

2019 оны 07 сарын 31 өдөр           Дугаар 221/МА2019/0397                          Улаанбаатар хот

О.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0347 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу О.Б-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0347 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасныг тус тус баримтлан “Барилга байгууламжийн бичиг баримтын шаардлагад нийцээгүй иргэн З.Б-ийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Улаанбаатар” их дэлгүүрийн баруун талд байрлах үйлчилгээний барилгын өргөтгөл 2 давхар барилгын талаар дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус барилгад хяналт, шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж, холбогдох арга хэмжээг авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэгч О.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхээс “... нэхэмжлэгчээс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дахин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өргөдөл гаргасныг ... 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 07/2996 дугаар албан бичгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02-09/3728 дугаар албан бичгээр нэхэмжлэгч О.Б-д өргөдлийн хариуг өгчээ. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч О.Б-ээс дахин Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан өргөдөл гомдол гаргаж байгаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүхээс хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг эс үйлдэхүй гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ” гэжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зүгээс хуулиар хүлээсэн үүрэг болох ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаснаас бус нэхэмжлэгчийн гомдол хариу өгөхгүй байгаа үйлдлийн талаар огт яриагүй болно.

Өөрөөр хэлбэл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох”, мөн улсын ерөнхий байцаагч нь дараах бүрэн эрхтэй. Үүнд: 10 дугаар зүйлийн 10.12.3-т “энэ хуулийн 10.9.7-д заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх, эсхүл тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” мөн Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт ... –ийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх” гэж тус тус заасны дагуу иргэн З.Б-ийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Улаанбаатар” их дэлгүүрийн баруун талд барьсан 2 давхар, 5х25 метр хэмжээтэй үйлчилгээний барилгын өргөтгөл барилгын ажлыг баримт бичгийн шаардлагад нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргахгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан болно.

Гэвч шүүхээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дээрх эс үйлдэхүйд дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэгчийг гомдол гаргаагүй буюу хариуцагч эс үйлдэхүй гаргаагүй байна гэж дүгнэсэн байна. Нөгөө талаар, нэхэмжлэгчийн зүгээс тухайн асуудлаар дахин Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандах хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Гомдлыг хүлээж  авсан хяналт шалгалтын байгууллагын эрх баригч түүнийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх арга хэмжээ авна. Хэрэв гомдол гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрхийг хязгаарлаж, захиргааны байгууллагад удаа дараа гомдол гаргасан ч асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй, шийдвэрлэж өгөхгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргалаа.

Дээрх хуулийн заалтын дагуу иргэн захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байтал шүүхийн зүгээс хуульд заагаагүй үндэслэлээр дахин захиргааны байгууллагад гомдол гагах ёстой гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй, нэхэмжлэгч иргэний хууль ёсны эрх, эрх ашиг, сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болоод байна.

Түүнчлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хуульд заасан чиг үүргээ биелүүлэхгүй, нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй хариу өгөөгүй байхад шүүхийн зүгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг эс үйлдэхүй гаргаагүй байна гэж дүгнэсэн нь илэрхий алдаатай байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан шаардлагыг гаргасан болно.

Мөн шүүхээс “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02-07/136/1306 тоот “Зөрчлийг арилгуулах тухай” улсын байцаагчийн албан шаардлага нь хуульд заасан шаардлагыг хангаагүй нь Засгийн гарын 2012 оны 151 тоот тогтоол, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 05/890, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09/1389 болон 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09/1721 тоот албан бичгүүдээр тус тус нотлогдож байна” мөн “... гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргаагүй тул ... илт хууль бус шинжтэй улсын байцаагчийн албан шаардлагыг хэрэгжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй ...” гэжээ.

Дээрх дүгнэлтээр шүүхийн зүгээс дараах ноцтой зөрчлүүдийг гаргасан байна. Үүнд:

Иргэн З.Б-ийн үл хөдлөх хөрөнгө нь “инженерийн шугам сүлжээний өөрийн эх үүсвэртэй” гэж шүүхээс дүгнэсэн байна. Гэвч уг дүгнэлтийг шүүхийн зүгээс хийх боломжгүй буюу мэргэжлийн байгууллагын дүгнэлт буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоох боломжтой. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн зүгээс тус барилга нь төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн, нэхэмжлэгч О.Б-ийн зүгээс Ус сувгийн удирдах газар, цахилгаан түгээх байгууллагуудаас тус өргөтгөлийн барилга нь техникийн нөхцөл аваагүй талаарх албан бичгийг авч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл шүүхийн зүгээс төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон барилгыг өөрийн эх үүсвэртэй хэмээн дүгнэсэн нь илт илэрхий алдаатай дүгнэлт болсон байна. Нэхэмжлэгчийн зүгээс уг асуудлаар холбогдох шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хүлээн авалгүй мэргэжлийн тооцоолол шаардлагатай асуудлаар дүгнэлт гаргажээ.

Түүнчлэн, шүүхээс Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 05/890, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09/1389 болон 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09/1721 тоот албан бичгүүдийг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. Гэвч тус албан бичгүүд өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй, нэг байгууллагаас өөр өөр байр суурь илэрхийлсэн байтал шүүхээс нотлох баримтын зөрүүг арилгахгүйгээр нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримтыг үнэлсэн байна. Тухайлбал, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас холбогдох арга хэмжээг авахуулахаар 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 05/144 албан бичгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хүргүүлсэн атлаа уг албан бичигтэй агуулгын хувьд эсрэг албан бичгийг иргэн З.Б-т гаргаж өгсөн байдаг. Уг агуулгын зөрүүг шүүхээс гаргаагүй, шийдвэрлээгүй болно. Мөн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ямар үндэслэлээр дээрх зөрүүтэй тайлбарыг гаргаж буй талаар тодруулах ажиллагааг огт хийгээгүй болно.

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж заажээ. Нэхэмжлэгчийн зүгээс тус хуулийн шаардлагыг дагуу хийгдсэн хяналт шалгалтын үр дүнг хэрэгжүүлэхгүй байгаа захиргааны байгууллагын хууль бус үйлдэлтэй холбогдох асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас хэт хальж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын албан шаардлага хуульд нийцсэн эсэхийг тогтоох бус хэргийн оролцогч бус этгээдийн баримтад тулгуурлан хууль бусаар төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн барилгад төрийн хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах асуудлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хэрэгжүүлж, тухайн байгууллагын гаргасан дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дээр шүүх дүгнэлт өгөх ёстой байсан. Гэвч шүүхийн зүгээс мэргэжлийн хяналтын байгууллага болон мэргэжлийн шинжээчийн үүргийг гүйцэтгэж тухайн барилга төрийн шалгалт хийгдэх үндэслэлгүй буюу тус барилгын ажлыг аливаа хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзсэн байна.

Шүүхээс “... гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргаагүй тул ... илт хууль бус шинжтэй улсын байцаагчийн албан шаардлагыг хэрэгжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй” гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрч хэргийг шийдвэрлэсэн болохыг харуулж байна. Тухайлбал, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02-07-136/1306 тоот “Зөрчлийг арилгуулах тухай” улсын байцаагчийн албан шаардлагыг өнөөдрийн байдлаар хууль бусд тооцсон ямар нэгэн шийдвэр гаргаагүй, уг албан шаардлагын улмаас эрх ашиг нь хөндөгдөх гуравдагч этгээдийн зүгээс ч уг шаардлагатай холбогдуулан ямар нэгэн шаардлага гаргаагүй байна. Гэтэл шүүхээс уг албан шаардлагыг илт хууль бус шинжтэй хэмээн дүгнэжээ. Ямар үндэслэлээр уг албан шаардлагыг илт хууль бус шинжтэй хэмээн дүгнэсэн нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт өгсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0347 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгөөгүй, шаардлагатай нотлох баримтыг гүйцэд цуглуулаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасны дагуу хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн барилгын өргөтгөл нь “өмчлөлийн байрандаа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон,  архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй” зэрэг үндэслэлүүдээр маргасан байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн барилгын 2013 онд баригдсан өргөтгөл нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Барилгын тухай (2008 оны) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар барилга, байгууламж нь “зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй” байх шаардлагыг хангасан байх ёстой гэсэн агуулгаар маргаж байна гэж ойлгогдохоор байна.

Барилгын тухай хууль түүнд үндэслэсэн барилгын норм, дүрэм зэрэгт шинээр баригдах барилгад (барилгын өргөтгөлд) тавигдах шаардлага, нөхцөлийг нарийвчлан зохицуулж, тогтоох замаар зэргэлдээ орших барилгад нөлөөлөх, тэдгээрийг эзэмшигч, ашиглагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалдаг бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрхийн зөрчлийг тогтооход шаардлагатай ажиллагааг хийж, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах үүргээ гүйцэтгээгүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгчийн маргаж байгаачлан гуравдагч этгээдийн барилгын өргөтгөл нь архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан эсэх, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан эсэх, авах шаардлагагүй гэх үндэслэл болсон Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын үйлчлэлд ямар үндэслэлээр хамаарч байгаа зэргийг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Тодруулбал, Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолд заасан “инженерийн хангамж нь өөрийн эх үүсвэртэй 2 давхар хүртэл, 3600 м3 эзлэхүүнтэй иргэний барилга болон амины орон сууцны инженерийн барилга”-д гуравдагч этгээдийн барилга нь ямар үндэслэлээр хамаарч байгаа талаар дүгнэлт өгөхөд шаардлагатай нотлох баримт дутуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын “шүүх төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдох барилгыг өөрийн эх үүсвэртэй хэмээн дүгнэсэн” гэх үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй байна.

2. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах ...” гэж заасан аль нэхэмжлэл гаргаж байгааг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасан аль шийдвэрийг гаргуулахаар шүүхэд хандсаныг тодруулах үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс “Барилга байгууламжийн бичиг баримтын шаардлагад нийцээгүй иргэн З.Б-ийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Улаанбаатар” их дэлгүүрийн баруун талд байрлах үйлчилгээний барилгын өргөтгөл 2 давхар барилгын талаар дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус барилгад хяналт, шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж, холбогдох арга хэмжээг авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Үүнээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдуулан “барилга байгууламжийн бичиг баримтын шаардлагад нийцээгүй ... барилгын талаар” дүгнэлт гаргахгүй байгаа “эс үйлдэхүй хууль бус” болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх “өргөдөл гаргаж байгаагүй болох нь ... тогтоогдож байх тул ... эс үйлдэхүй гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зүгээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан шаардлагыг биелүүлэхгүй байгаатай холбогдуулан хуулиар хүлээсэн үүрэг болох ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан” гэсэн үндэслэлийг давж заалдах гомдолдоо заажээ. Шүүх нэхэмжлэлийн уг үндэслэлд дүгнэлт өгч шийдэх шаардлагатай байна.

Иймд маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой дээрх нөхцөлүүдийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0347 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ