Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/0080

 

"Х ..." ХХК-ийн гомдолтой,

Монголбанкны хянан шалгалгч, улсын байцаагч

М.М-д холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

                             Ч.Хосбаяр

Шүүгч: П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: А.Гантогтох,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0059 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 353 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч М.М нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 492 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Гомдол гаргагч "Х ..." ХХК-аас Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М-д холбогдуулан Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.Мөнх-Өлзийгийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0013296 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргасан.

Хэргийн нөхцөл байдал:

2.1. Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А-18/977 дугаар албан бичгээр Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А-337 дугаар тушаалыг хүргүүлж ... Энэхүү тушаал гарсантай холбогдуулан ***** банк байгуулах тухай 19 дугаартай Банкны зөвшөөрлийн гэрчилгээ-ний эх хувийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дотор Монголбанканд ирүүлэхийг Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захиралд мэдэгджээ.

2.2. Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирлын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А-18/798 дугаар албан бичгээр ... ***** банк байгуулах тухай 19 дугаартай Банкны зөвшөөрлийн гэрчилгээ-ний эх хувийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дотор Монголбанканд ирүүлэх тухай "Х ..."-д үүрэг болгосон боловч биелүүлээгүй. Дээрх үүрэг даалгаврыг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дотор биелүүлэхийг үүрэг болгож, цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авахыг мэдэгджээ.

2.3. Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0013296 дугаар шийтгэлийн хуудсаар Монголбанкны шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасны дагуу арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0059 дүгээр шийдвэрээр: Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0013296 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан "Х ..." ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0059 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-н давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

5. Гомдол гаргагч "Х ..." ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-с шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4-т ... Банкны зөвшөөрлийн гэрчилгээний эх хувийг Монголбанканд гаргаж өгөөгүй гомдол гаргагчийн эс үйлдэхүй нь Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-82 дугаар тушаалаар батлагдсан Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журмын 6.2 дахь заалтыг тус тус зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасан зөрчлийн бүрэлдэхүүнтэй байна гэжээ.

5.2. Гэтэл улсын байцаагч нь "Х ..."-д шийтгэлийн хуудас ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт дурдсан зөрчлийн Монголбанк ... -ийн ... шаардлагыг биелүүлээгүй гэж ногдуулсан байхад шүүх гомдол гаргагчийг хуулийн мөн заалт дахь ... Монголбанкны шийдвэрийг биелүүлээгүй гэх өөр зөрчил гаргасан гэж үзэж гомдлыг хангахгүйгээр шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ... албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт ... талаар тусгана, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргахгүй гэж заасныг тус тус зөрчсөн байна.

5.3. Захиргааны хэргийн шүүх нь гомдол гаргагчийн үйлдэл, эс үйлдэхүй зөрчлийн хуулийн аль нэг зүйлд заасан зөрчлийн бүрэлдэхүүнтэй эсэхийг дүгнэдэг эрүүгийн шүүхтэй ижил чиг үүргийг гүйцэтгэхгүй, зөвхөн захиргааны албадлагын арга хэмжээ авч байгаа зөрчлийн шийтгэлийн хуудас үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх байдлаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой гэж гомдол гаргагч үзэж байна.

5.4. Дээрх агуулгаас үзвэл анхан болон давж заалдах шатны шүүх улсын байцаагийн хууль зүйн үндэслэлгүй шийтгэлийн хуудасны үндэслэлийг нөхөж бий болгох, оноох байдлаар хэргийг нэхэмжлэлийн шаардлагаас гадуур шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн 106 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

5.5. Түүнчлэн, шүүхийн шийдвэрт дурдагдсан Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан ... банк ... өөрийн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой бүхий л баримт материал ...-ийг Монголбанк шаардсанаар гаргах өгөх үүрэгтэй гэх уг хуулийн Хяналт шалгалт гэх дэд бүлгийн банканд хийх хяналт шалгалтын талаар тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны агуулгад огт хамааралгүй зохицуулалтыг иш татаж үндэслэсэн байна.

5.6. Өөрөөр хэлбэл, Монголбанкны албан тушаалтнаас банкнаас хүчингүй болсон гэрчилгээг гаргуулахаар албан бичиг илгээсэн нь Монголбанкнаас Банкны тухай хуулийн 43.2 дахь хэсэгт заасан хяналт шалгалт-ыг хийх бүрэн эрхтэй ямар нэгэн хамааралгүй болохыг давж заалдах шатны шүүх харгалзаагүй, энэхүү хуулийн үндэслэлийг хэрэглэсэн нь үндэслэлтэй эсэх талаар дүгнээгүй байна.

5.7. Мөн Төв банкны төлөөлөх эрхийг Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад Монголбанкны Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: Монголбанк, түүний төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зохицуулан удирдах, ... төлөөлөх гэж зааснаас үзвэл Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт Монголбанкны шаардлагыг биелүүлээгүй гэдэг агуулгад Монголбанкны шаардлага, байр суурийг Монголбанкны Ерөнхийлөгч илэрхийлнэ, газрын захирлаас ирүүлсэн албан бичгийг Монголбанкны байр суурь гэж үзэх боломжгүй юм.

5.8. Дээрх байдлаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэсэн хууль тогтоомжийн үндэслэлийг хянаагүй, зөвхөн анхан шатны шүүх агуулгын хувьд зөв шийдвэрлэсэн. Худалдаа хөгжлийн банк Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журмыг зөрчсөн нь үнэн байна гэх байдлаар шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан зохицуулалтуудыг хэрэглэсэнтэй санал нийлээгүй, тэдгээр заалтыг анхан шатны шүүхээс зөрүүтэй тайлбарласан агуулгатай байна.

5.9. Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хянан шийдвэрлээд 128/ШШ2022/0059 дугаартай шийдвэрт гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангах талаар өөрчлөлт оруулж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 353 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шүүх Зөрчлийн тухай хуулийг Улсын дээд шүүхийн өмнөх тогтоолоос зөрүүтэй тайлбарлан хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул хүчингүй болгож, гомдлын шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

7. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/337 дугаар тушаалаар ... ***** банк нь үйл ажиллагаагаа зогсоож, эрх, үүрэг, хариуцлагыг "Х ..."-д шилжүүлэх (нэгтгэх) замаар өөрчлөн байгуулсантай холбогдуулан ... Монголбанкны Ерөнхийлөгчийн 1999 оны 575 дугаар тушаалаар олгосон, ***** банк байгуулах тухай 19 дугаартай Банкны зөвшөөрлийн гэрчилгээ-г хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

8. Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0013296 дугаар шийтгэлийн хуудсаар Монголбанкны шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасны дагуу арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

Гомдол гаргагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасан зөрчлийн шинжийг хангасан эсэх,

Шийтгэлийн хуудасны үндэслэл болсон Монголбанкны 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А-18/977, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А-18/798 дугаартай албан бичгүүд нь Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасан Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлага гэсний аль нэг төрөлд хамаарах эсэх тухай байна.

9. Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, эсхүл Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

10. Уг заалтын бусад байдлаар гэх холбоос үгийг Зөрчлийн тухай хуулийн уг зүйлийн 1-14 дэх заалтад жагсаасан зөрчлөөс өөр бусад байдлаар тодорхойлон хуульчилсныг зөрчсөн, зөрчигдсөн хууль тогтоомжийн хэм хэмжээг биелүүлэх талаар Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлага гарсныг биелүүлээгүй тохиолдолд сая зөрчилд тооцно гэж ойлгохоор байна.

11. Харин Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино, 1.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно, 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж тус тус зааснаас үзвэл зөрчлийн шинжийг Зөрчлийн хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлох бөгөөд тэрхүү зөрчилд тооцогдох үйлдэл, эс үйлдэхүйд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахаар заасан бол зөрчилд тооцохоор байна.

12. Тиймээс ... хэсэгт зааснаас бусад байдлаар гэдэгт тодорхой үйлдэл, эс үйлдлийг, энэ тохиолдолд банкны зөвшөөрлийн гэрчилгээг буцааж өгөөгүй-г, Зөрчлийн тухай хуулийн өөр бусад хэсэгт зөрчилд тооцохоор нэрлэн заасан байхыг ойлгоно.

13. Өөрөөр хэлбэл, тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь аль хуулиар эсхүл захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн шинжтэй болох нь тодорхойлогдож тус зөрчилд нь ямар шийтгэл оногдуулах нь Зөрчлийн тухай хуульд зааснаар тодорхой байхыг шаардах бөгөөд энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 122 дугаар тогтоолд[1] энэ хуульд шууд нэрлэн заагаагүй үйлдэл (эс үйлдэл)-ийг агуулгынх нь хувьд хамаатуулан тайлбарлаж, зөрчил гэж шүүх дүгнэж болохгүй, Зөрчлийн тухай хуулийн аль ч хэм хэмжээг төсөөтэй хэрэглэхгүй гэж тайлбарлан хэрэглэж байжээ.

14. Энэ тохиолдолд гомдол гаргагч Зөрчлийн тухай хуулиар тодорхойлсон зөрчил гаргаагүй, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлд заасан Банкны тухай хууль зөрчих зөрчилд гомдол гаргагчийн эс үйлдэхүйг хамааруулан хуульчлаагүй байна.

15. Гомдол гаргагч "Х ..." ХХК-ийн ***** банкны гэрчилгээг Монголбанканд гарган өгөөгүй эс үйлдэхүйг Банкны тухай хууль болон Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журамд зөрчилд тооцохоор заагаагүй, энэхүү эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан зөрчил биш байна.

16. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гэрчилгээ Монголбанканд гарган өгөөгүй эс үйлдэхүйг Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтад буюу банк, санхүүгийн байгууллага, иргэн, хуулийн этгээд-ийг үүрэгжүүлсэн заалтад хамааруулан зөрчилд тооцсон нь үндэслэлгүй байх тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0059 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 353 дугаар магадлалтай тус тус хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан гомдол гаргагч "Х ..." ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М-н 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0013296 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА

                                       Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                        Ц.ЦОГТ

 

 

 

[1] Б ХХК ба нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч, 128/2020/0905/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2021/0122