Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2016/00282/и |
Дугаар | 00394 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 00394
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 6-18 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ60060211, Галзад овогтой Гээпилийн Бат-Очирын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Бат-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Бат-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1960 оны төрсөн, 55 настай. Би Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1981 оны 10 дугаар сараас 1982 оны 5 дугаар сарыг дуустал ачигч, буулгагч, 1982 оны 6 дугаар сараас 1992 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд нэгдлийн тракторчин, 1992 оны 4 дүгээр сараас 1996 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд Наранбулаг сумын Мал эмнэлэгт санитарчин болон тракторчноор тус тус ажилласан. Намайг нэгдлээс трактортой нь хамт Мал эмнэлэг, үржлийн тасаг руу шилжүүлж байсан ба тухайн эмнэлэгт би санитарчин буюу хүн эмнэлгээр бол “сувилагч”-аар ажиилаж малд тарилга хийдэг байсан. Үүний хажуугаар манай мал эмнэлгийн тасагт ганцхан техник буюу трактор байсан тул би тракторын жолооч хийдэг, давхар ажитай байсан. Одоо нас өндөр болж, тэтгэвэр тогтоолгох бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон бөгөөд тухайн үед ажиллаж байсан бичилттэй хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир шүүхэд хандаж байна. Мөн миний ажилд томилогдож, чөлөөлөгдөж байсан тушаалууд олдохгүй байгаа. Иймд миний 1981 оны 10 дугаар сараас 1996 оны 10 дугаар сарыг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд ачигч, буулгагч, тракторчин, Мал эмнэлэгт тракторчин, санитарчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Бат-Очир нь Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1981 оны 10 дугаар сараас 1982 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд ачигч, буулгагчаар, 1982 оны 6 дугаар сараас 1992 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд тракторчноор, 1992 оны 4 дүгээр сараас 1996 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд Наранбулаг сумын Мал эмнэлэгт тракторчин, санитарчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолтод: Гээпил овогтой Бат-Очирын Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэл, Мал эмнэлэгт 1981 оны 10 дугаар сараас 1996 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг, түүнчлэн тус Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн цалингийн тодорхойлолтод: Г.Бат-Очирын Наранбулаг сумын Мал эмнэлэгт 1992 оны 4 дүгээр сараас 1996 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд санитарчнаар ажиллаж, авч байсан цалинг тус тус түүвэрлэн ирүүлсэн байна.
Мөн УАТХШБГ-ын мэргэжлийн комиссоос 1982 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Г.Бат-Очирт олгосон 39506 дугаартай Тракторч-машинчийн 3 дугаар зэргийн үнэмлэх, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд: “Гээпэл овогтой Бат-Очирыг 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэгдэлд ачигч, буулгагчаар ажиллуулсугай, Г.Бат-Очирт хийсэн ажилд норм тарифын дагуу хөлс тооцож олгохыг нэгдлийн санхүү анги, Үйлдвэр бригадын тоо бүртгэгч нарт зөвшөөрсүгэй. ... Нэгдлийн дарга Б.Доржсүрэн” гэсэн баримтууд авагджээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн М.Мядаг, Е.Сүхбаатар, Н.Батбаяр нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч М.Мядаг: “Миний бие 1977 оноос Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд тракторчноор ажилд орж, 1992 онд нэгдэл хувьчлагдах хүртэл ажиллаад 1992 оноос “Баянбулаг” хоршоонд тракторчноор 1995 он хүртэл тус тус ажилласан юм. 1981 онд намайг Пионер нэгдлийн тракторчноор ажиллаж байхад Г.Бат-Очир нь манай нэгдэлд ачигч буулгагч, грушекээр ажилд орж, 1982 оноос тракторчноор 1992 онд нэгдэл хувьчлагдах хүртэл ажиллаад, улмаар 1992 оноос тус сумын Мал эмнэлэгт шилжин ажиллах болсон юм. Бид нэгдлийн текникийн салаанд өвс боодог хам боогчоор ажиллаж, боосон өвсөө трактороор ачиж зөөдөг байсан. Бид нэгдэл тарах хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн юм” гэж, гэрч Е.Сүхбаатар: “Миний бие 1973 оноос Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд тракторчноор ажилд орж, 1992 онд нэгдэл хувьчлагдах хүртэл ажиллаад, 1992 оноос “Шивээ” хоршоонд тракторчноор 1995 он хүртэл тус тус ажилласан юм. 1981 онд намайг Пионер нэгдлийн тракторчноор ажиллаж байхад Г.Бат-Очир нь манай нэгдэлд ачигч буулгагч, грушекээр ажилд орж, 1982 оноос трактор барьж эхэлсэн бөгөөд 1992 онд нэгдэл хувьчлагдах хүртэл торакторчноор ажиллаад, улмаар 1992 оноос тус сумын Мал эмнэлэгт шилжин ажиллах болсон юм. Би Г.Бат-Очирыг сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн юм” гэж, гэрч Н.Батбаяр: “Миний бие 1992 оноос Увс аймгийн Наранбулаг сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт тасгийн эрхлэгч, ерөнхий эмчээр 1995 оны 8 дугаар сар хүртэл ажилласан юм. 1992 оны 8 дугаар сард намайг Мал эмнэлэг, үржлийн тасагт ажилд ороход Г.Бат-Очир нь сумын манай тасагт тракторчноор ажиллаж байсан бөгөөд 1995 оны 8 дугаар сард намайг өөр ажилд шилжихэд Г.Бат-Очир тэндээ ажиллаад үлдсэн. Бид хамт ажиллаж байсан нь үнэн юм” гэж тус тус мэдүүлсэн ба гэрч М.Мядаг, Е.Сүхбаатар нарын Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд тракторчноор ажиллаж байсныг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, гэрч Н.Батбаярын Увс аймгийн Наранбулаг сумын Мал эмнэлэг үржлийн тасагт тасгийн эрхлэгч, ерөнхий эмчээр ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд тус тус авагдсан байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Бат-Очирын Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1981 оны 10 дугаар сараас 1982 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд ачигч, буулгагчаар, 1982 оны 6 дугаар сараас 1992 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд тракторчноор, мөн Увс аймгийн Наранбулаг сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт 1992 оны 4 дүгээр сараас 1996 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд тракторчин, санитарчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Бат-Очирын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Галзад овогтой Гээпилийн Бат-Очирын Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1981 оны 10 дугаар сараас 1982 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд ачигч, буулгагчаар, 1982 оны 6 дугаар сараас 1992 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд тракторчноор, мөн Увс аймгийн Наранбулаг сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт 1992 оны 4 дүгээр сараас 1996 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд тракторчин, санитарчнаар, нийт 15 /арван тав/ жил 1 /нэг/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Бат-Очирын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА