Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811027970076 дугаар 186/2019/0146/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Ц.Батбямба,                             

Шүүгдэгч С.В /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, оосорлогч дохиочин ажилтай, гэр бүлийн байдал 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Молхы хошах овогт С.В

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч С.В нь 2018 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шенө 01 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.М-ийн нүүрэн тус газар нь алгадаж, өшиглөн эрүүл мэндэд “зүүн тохой, бугуйн үений зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч С.В шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг                                          

 

Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн үед ажлаа тараад 3 хүүхддээ хоол хийж өгчихөөд манай найз охин Тунгаа уулзъя гэхээр нь манай гэрт хүрээд ир гээд хэлсэн. Тунгаа хүрээд ирэхээр нь би гараад Түвшээ гэдэг найзындаа очиж нэг хүний 3 ширхэг лаазтай пиво уучихаад тэндээсээ 23 цагийн үед гараад Тунгаатай хамт 100-н айлын тэнд байдаг бааранд ороод юм авчих уу гээд байж байтал нэг хүүхэнтэй хамт сууж байсан, нэг жижигхэн биетэй хар куртиктай, саарал өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй, бор шаргал өнгийн гуталтай залуу бид хоёрт нэг нэг шил пиво авч өгье гээд пиво авч өгсөн. Тунгаа энэ залуу эндээс гараад өөр бааранд оръё гээд байна гэж хэлсэн. Тэгээд бид гурав гараад 17-н автобусны буудлын ард байдаг UB-17 нэртэй бааранд ороод архи, пиво авч уусан. Тэндээс гарах гээд байж байтал Тунгаагийн найз Баткий гэдэг залуу ирээд бид гурав хамтдаа Баткийгийн машинд суугаад Хайлааст руу өгсөөд манайх руу явсан. Үл таних залуу хамтдаа ууж, идээд нэг газар хоноё гэж хэлсэн.Тэгэхээр нь би үгүй өглөө эрт ажилтай гэж хэлээд Хайлаастын 84-н буудалд буусан бөгөөд үл таних залуу миний араас буусан. Чи яагаад байгаа юм бэ найзууд чинь хамт хононо гэж байхад гээд тэр залуу намайг түлхэж унагаагаад, миний зүүн талын хацар руу өшиглөсөн бөгөөд зүүн гараас татаад чангаагаад байсан. Би гүйж зугтаагаад ТҮЦ-ний хажууд очиход миний зүүн талын шанаа руу цохиж авсан. Би тэнд байсан ТҮЦ-ний эгчээр цагдаа дуудуулсан... гэсэн мэдүүлэг /хх-14-17/,                                

 

Гэрч Х.Тунгалагбаяр мөрдөн байцаалтын шатанд: ... Манай найз Батдэлгэр намайг авахаар ирсэн бөгөөд бид гурав хамтдаа Батдэлгэрийн машинд суугаад 84-н автобусны буудал ороод М гэртээ харина гээд буусан бөгөөд араас нь үл таних залуу буусан... гэсэн мэдүүлэг /хх-20-21/,         

 

Яллагдагчаар С.В мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би ганцаараа 100-н айлд байх бааранд орсон бөгөөд хоёр эмэгтэй сууж байхаар нь танилцаад тэндээ сууж байгаад гурвуулаа Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах UB-17 клубд орсон юм. Тэндээ тэр хоёр эмэгтэйтэй сууж байгаад тэр эмэгтэйчүүдийн захиалсан зүйлийг авч өгөөд 01:30 цаг орчим болж байхад баарнаас гарах болсон бөгөөд гарахдаа би өөрийн данснаас 81.000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Удалгүй тэр хоёр эмэгтэйн нэгийнх нь найз залуу ирж авсан. Ингээд дөрвүүлээ болоод хамтдаа миний танилцсан эмэгтэйгийн гэр рүү Хайлааст руу явсан. Би танилцсан гэх эмэгтэйгийнхээ хамтаар нэг газар буусан бөгөөд бид хоёр бууж үлдээд, найз нь гэх эмэгтэй найз залуугийнхаа хамтаар яваад өгсөн. Тэр эмэгтэй бид хоёр уг нь хамт хонох гэж байсан бөгөөд буугаад үлдсэнийхээ дараа надтай маргалдаад хамт хонохгүй гээд ахыгаа дуудна гээд байсан. Би тэр эмэгтэйтэй маргалдаад түүний зүүн хацар руу нэг удаа алгадаад, зүүн гарын бугуй хэсгээс татсан. Надтай маргалдаж, муудалцах үед тэр эмэгтэй газарт унахдаа тохойгоороо тулж унахдаа алгаа мөн гэмтээсэн байх. Эдгээр гэмтлийг би тэр эмэгтэйн биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-31-32/,                                                              

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №11950 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Б.М-ийн биед зүүн тохой, бугуйн үений зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун алганд цус хуралт, зөөлен эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Шинжээч эмч Б.Долгормаа гэсэн дүгнэлт /хх-26/,

      Эмчлүүлэгчийн картны хуулбар, эмнэлгийн магадлагаа /хх-38-41/, Хаан банкны дэлгэрэнгүй хуулга /хх-53-60/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/, зөрчлийн бүртгэл /хх-47/, ажлын газрын тодорхойлолт /хх-52/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.        

 

  Хууль зүйн дүгнэлтэд:

  Шүүгдэгч С.В нь 2018 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шенө 01 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.М-ийн нүүрэн тус газар нь алгадаж, өшиглөн эрүүл мэндэд “зүүн тохой, бугуйн үений зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.          

 

Прокуророос С.Вд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.      

 

С.Вгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан, зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч С.В нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.     

 

Иймд С.Вг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг  800 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.   

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.            

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.В өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.