Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 367

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Жөбүүнээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Үүрийнтуяад холбогдох “14.149.434 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06-р сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жөбүүнээ” ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 2-р багт оршин суух Төмөрбаатар овогтой Үүрийнтуяа /РД....88031507/ “Жөбүүнээ” ХХК-ний БЗД-ийн 26-р хороо Нарантуул захын салбар Жавхлантолгой бөөний дэлгүүр худалдагч Г.Тунгалагаас/РД: ЧГ-77041605/ 2014 оны 06 сараас зээлээр 5 удаа бараа авч компанид нийт 7,256,120 төгрөгийн хохирол, өнөөдрийг хүртэл “Жөбүүнээ” ХХК-д алданги 6,893,314 /өдрийн 0,8%/ төгрөг, нийт 14,149,434 төгрөгний хохирол учруулсаныг Т.Үүрийнтуяагаас гаргуулан өгнө үү. Жич: Т.Үүрийнтуяад холбогдох нэхэмжлэлийг БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтэст хандаж 2014 оны 10 сарын 07-нд дүүргийн Прокурорын газрын 12378 дугаар тогтоол, БЗД, СБ, ЧД-ийн иргэний анхан шатны шүүхэд хандаж 2015 оны 10 сарын 15-ны өдрийн шүүхийн 82979 шүүгчийн захирамж тус тус гаргуулсан. Хариуцагч Т.Үүрийнтуяагийн оршин суух хаягаар харъяалалаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэснээр цаг хугацаа их алдаж байгааг анхаарч үзэж бидэнд тусална уу гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 2-р баг Суврага 20-4 тоотод оршин суух Боржигон овогт Төмөрбаатарын Үүрийнтуяа \МА-88031507\ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Үүрийнтуяа нь “Жөбүүнээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд дурьдсан 7.256.120 төгрөгний үндсэн мөнгийг төлөх болно. Учир нь дээрх компани болон бидний хооронд ямар нэг гэрээ хэлцэл хийгдээгүй тул алданги төлөх боломжгүй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлага болох 14.149.434 төгрөгнөөс үлдэх 7.256.120 төгрөгийг л төлөх боломжтой байна гэжээ. 

Нэхэмжлэгч “Жөбүүнээ” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 2-р багт оршин суух Төмөрбаатар овогтой Үүрийнтуяа \МА-88031507\ “Жөбүүнээ” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 2-р хороо Нарантуул захын салбар “Жавхлант толгой” бөөний дэлгүүрийн худалдагч Г.Тунгалагаас \ЧГ-77041605\ 2014 оны 06-р сараас зээлээр 5 удаа бараа авч компанид нийт 14.149.434 төгрөгний хохирол учруулснаас хүү болох 6.893.314 төгрөгнөөс татгалзаж, зээлээр авсан барааны төлбөр болох 7.256.120 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жөбүүнээ” ХХК нь Т.Үүрийнтуяад холбогдуулан зээлээр авсан барааны үнэ болох 14.149.434 төгрөг гаргуулахаар шүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал зээлээр авсан барааны төлбөрийн хүү, алданги болох 6.893.314 төгрөгнөөс татгалзаж, барааны үндсэн үнэ болох 7.256.120 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Т.Үүрийнтуяа нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. 

   Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228.697 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 7.256.120 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 131.048 төгрөгний тал хувь болох 65,524 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 65,524 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

           Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2-т зааснаар “Жөбүүнээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Үүрийнтуяад холбогдох “14.149.434 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь төлбөрийн хүү, алданги болох 6.893.314 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч нь 7.256.120 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228.697 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлбөл зохих 7.256.120 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 131.048 төгрөгний тал хувь болох 65,524 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 65,524 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.ЭНХТАЙВАН