Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 368

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт холбогдох “8.749.500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 05-р сарын 31-ний өдөр хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймаг ОБГ нь 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч “Худалдах худалдан” болон “Төрийн батлан даалтын”- гэрээ байгуулан нийт 54 ажилтан албан хаагч хамруулан 8,472,000 төгрөгний үнэ бүхий гар утга, төхөөрөмж авч төлбөрийг 6 сар хуваан төлөхөөр тохирсон. Сэлэнгэ аймаг ОБГ нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн гэрээний төлбөр 8,472,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Сэлэнгэ аймаг ОБГ-т гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж байсан. Сэлэнгэ аймаг ОБГ төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Сэлэнгэ аймаг ОБГ-аас гэрээний үнэ 8,472,00 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг нийт 8,479,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар нь шүүхэд гаргасан тайлбартаа: 2012 онд “Скайтел” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу албан хаагчид гар утас зээлийн гэрээгээр авсан байна. Үүний төлбөр төлөгдөөгүйгээс “Скайтел” ХХК-аас гаргасан 8.479.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК- нь Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас 8.479.500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150.622 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 75.311 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 75.311 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

           Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2-т зааснаар “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт холбогдох “8.479.500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150.622 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 75.311 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 75.311 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.ЭНХТАЙВАН