Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 370

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: М.Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Гантуяад холбогдох

“Гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Лхамжав, хариуцагч Г.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншин сонсгоход: ... М.Ган-Эрдэнэ миний бие 2007 онд Г.Гантуяатай танилцан улмаар 2009 онд гэрлэлтийн 0075118 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 04 дүгээр сарын 04-нд хүү Төгөлдөр төрсөн. Бид үзэл бодол, зан харьцааны тааламжгүй байдлаас тусдаа амьдарч байгаад миний бие БНСУлсад гэрээгээр 2 жил ажиллахаах явсан. Солонгост ажиллах хугацаандаа нэгэн бүсгүйтэй танилцаж хамтран амьдарч байгаа бөгөөд удахгүй 8 сард одоогийн эхнэр төрөх юм. Хуучин эхнэр Г.Гантуяа нь мөн хамтран амьдрагчтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хамт амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө хуучин эхнэр Г.Гантуяад бүрэн үлдээж, хүүхдийн тэтгэлэх төлөх болно гэх.

Хариуцагч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Буур хээрийн 8 дугаар баг, 1 дүгээр хэсэг 66 тоотод оршин суух, группт байдаг, ам бүл-2, хүүгийн хамт, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Ганболдын Гантуяа /РД: МЬ83021902/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би М.Ган-эрдэнэтэй 2007 онд танилцаад хамт амьдарсан. 2009 оны 04 дүгээр сарын 04-нд хүү Г.Төгөлдөр төрсөн. Энэ хугацаанд Г.Ган-Эрдэнэ 2014 онд Солонгос явахаас өмнө бид хоёртой хамт амьдарч байгаад Солонгос явсан. 2014 оноос хойш М.Ган-эрдэнэ Солонгос улсад ажил хийхээр яваад түүнээс хойш гэртээ ирэхгүй байж байгаад Солонгос улсад өөр хүнтэй суугаад хүүхэд нь төрөх гэж байгаа гэж сонссон. М.Ган-Эрдэнэ надаас гэрлэлтээ цуцлуулъя гэхээр нь би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн. Миний хувьд одоогоор хамт амьдарч байгаа хүн байхгүй, би хүүтэйгээ хамт амьдарч байгаа. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би хүүхдээ өөрөө асрамжлана. Г.Ган-Эрдэнэ хүүхдийн мөнгө өгнө гэсэн болохоор би хүүхэддээ тэтгэлэг гаргуулна гэж бодож байна гэх

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ган-Эрдэнийн шүүхэд гаргасан ... Г.Гантуяагаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв. 

Учир нь: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Г.Гантуяагаас гэрлэлт цуцлуулахыг хүссэн тухай нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн ... М.Ган-Эрдэнээс гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар, хэргийн 2-3-р талд авагдсан сургууль, эмнэлэгийн байгууллагын тодорхойлолт, 4-7-р талд авагдсан багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 8-9-р талд авагдсан итгэмжлэл, эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл, 16-р талд авагдсан хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Харин хариуцагч талаас хүүхдээ өөр дээрээ авч асрамжилж байгаа тул М.Ган-Эрдэнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч байгаа бөгөөд нэхэмжлэгч М.Ган-Эрдэнээс хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тэтгэлэг гаргуулах нь зүйтэй. 

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн ба нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулбал зохино.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.3, 132.4-д тус тус заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Боржигон  овогт Мөнхөөгийн Ган-Эрдэнэ, Боржигон овогт Ганболдын Гантуяа нарын 2007.12.31-ний өдрийн гэр бүл болсныг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн бүртгэлд 2009.04.24-ний өдөр бүртгэж олгосон №0075118 дугаар гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009.04.24-нд төрсөн Ган-Эрдэнийн Төгөлдөрийг эх Г.Гантуяагийн асрамжинд үлдээж, түүнийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Ган-Эрдэнээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжини тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн гэрлэлт улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэг болох 985.800 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29,701 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай. 

8. Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.  

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.ЭНХТАЙВАН