Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0417/И |
Дугаар | 424 |
Огноо | 2016-08-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 424
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Хотонт сумын 1-р багийн Их булагийн 09-04 тоотод оршин суух Цорс овогт Цэвэлмаагийн Амархүүгийн /РД:АМ65020900/ хүсэлттэй,
Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд барилгын засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Амархүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Амархүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдлийн үйлдвэр бригадад барилгын засал чимэглэлээр 1983 оноос 1989 оныг хүртэл ажиллаж байсан. Архивын лавлагаа болон бусад бичиг баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдлийн үйлдвэр бригадад 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд засал чимэглэлчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний ажиллаж байсан байдлыг сайн мэдэх Осор, Д.Амаржаргал нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.Амархүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд засал чимэглэлээр 1983 оноос 1989 оныг хүртэл ажиллаж байсан. Засал чимэглэлчнээр ажиллахдаа нарийн шавар шохой наадаг байсан. Манай бригадын даргаар н.Жигмэдсорогдон гэдэг хүн байсан. Гэрчээр асуулгасан Д.Осор нь нэгдлийн орлогч дарга, Д.Амаржаргал нь манай бригадад ажилчнаар ажиллаж байсан. Би үерт гэр орноо урсгаад ямар ч бичиг баримтгүй болсон. Иймд шүүхэд гаргаж өгсөн архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Цацрал нэгдэлд брилгын засал чимэглэлчнээр ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Амархүү ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Ц.Амархүүгийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд засал чимэглэлчнээр ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 17-ны өдрийн 321 тоот Цэвэлмаа овогт Амархүүгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн Барилгад ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 05 сарын 19-ний өдрийн барилгачид шанах тухай тогтоол, гэрч Д.Амаржаргал, Д.Осор нарын мэдүүлэг зэрэг нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд барилгын засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн Ц.Амархүүгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Амархүүгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цорс овогт Цэвэлмаагийн Амархүүг /РД:АМ65020900/ Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд барилгын засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Амархүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН