Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 224/МА2024/00013

 

 

 

                       

 

                                               

 

2024        03          04                                        224/МА2024/00013

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

“Молдэн жи” ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, ерөнхий шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, 

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 152/ШШ2024/00012 дугаар шийдвэртэй,

Б.Б-ын нэхэмжлэлтэй, “Молдэн жи” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгч С.Ганхөлөгийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий  шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн өмгөөлөгч С.Ганхөлөг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай.

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие нь 2013 онд Говь-Алтай аймгийн ЭМШУИС-ийг эх баригч, бага эмчээр суралцаж төгссөн. Улмаар Аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторийн тасгийн ахлах сувилагчаар ажиллаж байсан. 2022 оны 6 дугаар сард манай хадам эгч болох Б.О Увс аймагт хүрэлцэн ирж хамтарч эмнэлэг байгуулан ажиллах санал тавьсан юм. Б.О-тэй хамтарч ажиллах талаараа маш сайн ярилцаж тохиролцсон. Бид хөрөнгөө оруулахдаа 50, 50 хувь байхаар тохиролцсон бөгөөд миний мэргэжил, туршлагыг түшиглэн хувийн эмнэлэг байгуулж надаар удирдуулах, ашгаа тэнцүү хувиар хуваахаар тохиролцсон. 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Молдэн жи” ХХК-ийн захирал Б.О-ийн тушаалаар намайг Lasante Увс эмнэлгийн захирлаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Үүний дагуу миний бие холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж, эмнэлгийн үйл ажиллагаа явуулах бүх орчин нөхцлийг бие даан бүрдүүлэн, холбогдох газраас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Lasante Увс эмнэлгийн тусгай зөвшөөрлийг гаргуулан авч ажлаа эхэлсэн. 2023 оны 5 дугаар сарын сүүлээр компанийн захирал Б.О ирж эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах явцад үл ойлголцол гарсан. Тодруулбал Lasante Увс эмнэлэгт эмчээр ажиллуулахаар Улаанбаатараас ирүүлсэн хүн нь эмч мэргэжлийн бус байсан тул миний бие ажиллуулахаас татгалзаж, Увс аймгаас мэргэжлийн эмч авч ажиллуулж байсан юм. Б.О өөрийнх нь явуулсан хүнийг ажиллуулахгүйгээр өөр хүнийг авч ажиллуулахдаа надаас зөвшөөрөл аваагүй хэмээн намайг буруутгасан. Би эмнэлгийн захирлын хувьд мэргэжлийн хүнийг авч ажиллуулж цалинжуулах эрхтэй гэдгээ хэлсэн боловч миний тайлбарыг ойлгохыг хүсээгүй. Улмаар 6 дугаар сарын 04-ний өдөр Б.О нь эмнэлгийн цоожийг сольж, гадна талд нь төмөр хамгаалалт хийлгэж, намайг эмнэлгээс хөөж явуулсан. Нэгэнт намайг эмнэлгийн захирал хийлгэхгүй хөөж явуулсан учраас түүнээс тушаал гаргаж өгөхийг шаардсан боловч тушаал шийдвэр гаргаж өгөөгүй. Иймд намайг “Lasante Увс” эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

1.2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Миний бие “Молдэн жи” ХХК-д холбогдуулан тус компанийн эзэмшил Lasante Увс эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг тус шүүхэд гаргасан юм. Миний бие шүүхэд гаргасан гомдлын шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна. “Молдэн жи” ХХК-ийн эзэмшил Lasante Увс эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, үүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг “Молдэн жи” ХХК-ийн захирал Б.Од даалгаж өгнө үү. Ихэсгэсэн гомдлын шаардлагын үндэслэл нь: 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Молдэн жи” ХХК-ийн захирал Б.О-ийн тушаалаар намайг Lasante Увс эмнэлгийн захирлаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаад 2023 оны 6 дугаар сарын эхээр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн юм. Ингэхдээ ямар нэгэн хууль журмыг үндэслээгүй, бичгээр шийдвэр гаргаагүй юм. Хөдөлмөрлөх эрх маань зөрчигдсөнтэй холбоотой зохих журмын дагуу гомдол гаргаад явж байгаа юм. Иймд “Молдэн жи” ХХК-ийн эзэмшил Lasante Увс эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2023 оны 5 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сарыг дуусталх хугацааны хугацааны цалинг сарын 1,500,000 төгрөгөөр тооцон гаргуулж, үүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг “Молдэн жи” ХХК-ийн захирал Б.О-д даалгаж өгнө үү” гэв.

2. Хариуцагч “Молдэн жи” ХХК-ийн захирал Б.О-ийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.

2.1. Хариуцагчийн татгалзлын  үндэслэл: “ Би 2022 онд анх эмнэлэг нээхээр шийдэж уг эмнэлэгтээ сувилагчаар хамаатны дүү Б.Б-ыг авч ажиллуулж эхэлсэн. Тухайн үед ажил жигдэртэл би өөрөө хамт ажиллаж байсан ба 2022 оны 11 дүгээр сарын дундуур би Улаанбаатар хот болон гадаад явах шаардлагатай болсон тул Б.Б-д эмнэлгийн үйл ажиллагааг хариуцуулан үлдээгээд явсан. Улмаар би эргээд Б.Б-тай холбогдох гэсэн боловч намайг дарамталж бид хоёрын дунд маргаан үүсэж эхэлсэн. Тухайн үед би Б.Б-д “одоо энэ маргаанаа дуусгая, хэрвээ чи цаашид ажиллахыг хүсэж байвал үргэлжлүүлээд ажилла, үгүй гэвэл чи эмнэлгийг хаагаад явж болно” гэж хэлсэн. Энэ үеэс хойш над руу байнга дарамттай мессеж бичдэг байсан, би хариу өгдөггүй байсан. Ингээд би 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Монголд ирээд Улаанбаатар хотод хувийн ажлаа дуусгаад 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Увс аймагт ирээд Lasante Увс эмнэлэг дээрээ ирж Б.Б-тай уулзаж ярилцахын хүссэн боловч тэр нь үргэлж хэрүүл болчихдог байсан. Тэр үеэс би санхүүгийн баримт болон эмнэлгийн үйл ажиллагаа хэр байгаатай танилцаж эхэлсэн ба санхүүгийн ихээхэн зөрчил байгааг илрүүлсэн. Гэтэл Б.Б нь тухайн зөрчлийг зөвшөөрөхгүй нөхөртэйгөө хамт над руу дайрч өөрийн бурууг хүлээн зөвшөөрөхгүй байсан ба энэ маргаан 2-3 хоног үргэлжилсэн. Үүний дараа би Б.Б-тай утсаар ярьж дуудаж ирүүлээд тооцоо нийлсэн. Улмаар Б.Б нь эмнэлгийг цоожлоод үйл ажиллагааг нь зогсоогоод өөрөө ажлаа хаяад явсан ба би 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нөхрийнх нь хамтаар дуудаж уулзаад нөхөрт нь Б.Б-ын гаргасан санхүүгийн зөрчлийн талаар хэлсэн ба “Б.Б-ыг захирлын албан тушаалаас нь чөлөөллөө. Харин сувилагчаар ажиллаж болно” гэж хэлсэн. Гэтэл Б.Б “ би чамтай хамтарч ажиллахгүй” гээд явсан. Ингээд би аргагүйн эрхэнд ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Харин Б.Б нь миний нийгмийн даатгалын шимтгэлийг урт хугацаанд тасалдуулж, ирээдүйд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрхэд ноцтой хохирол учруулсанд би гомдолтой байна. Миний бие нь Б.Б-д хууль ёсны шаардлага тавьсан, мөн гаргасан зөрчилд нь холбогдуулж ажлаас чөлөөлсөн тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 152/ШШ2024/00012 дугаар шийдвэрээр:

           - Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ыг “Молдэн жи” ХХК-ийн эзэмшлийн “Lasante Увс” эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоож,

- Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар хариуцагч “Молдэн жи” ХХК-аас 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 7,340,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, 2024 оны 1 дүгээр сарын цалин, нийгмийн даатгалын даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч “Молдэн жи” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 202,590 төгрөг гаргуулан Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулж тус тус шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч “Молдэн жи” ХХК-ийн захирал Д.О, түүний өмгөөлөгч С.Ганхөлөг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 152/ШШ2024/00012 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь:

4.1. Б.Б-ын нэхэмжлэлтэй “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн хуралдаан 2023 оны 12 сарын 26-ны өдөр хянан хэлэлцсэн ба уг хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч миний зүгээс: Д.Б, Г.Д нарыг шүүх хуралд гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч,  хүсэлтийг бүрэн хангаж 2023 оны 12 сарын 26-ны өдрийн 152/Ш32024/00022 дугаартай шүүгчийн захирамж гарсан ба шүүх хуралдааныг 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.

Гэтэл 2024 оны 01 сарын 05-ны өдөр болсон хуралдаанд оролцох гэрчүүдэд шүүх хуралд дуудсан, шүүх хурлын тухай ямар нэгэн байдлаар мэдэгдэхгүйгээр хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн. Хариуцагчийн зүгээс шүүх хуралд оролцох гэрч болох Г.Д-д шүүх хуралдаан 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 10:00 цагт болно, тухайн өдөр шүүхэд очоорой гэж хэлсэн ба гэрч Г.Д тухайн өдөр болох шүүх хуралдаанд оролцохоор Увс аймаг дахь шүүхэд ирсэн ба тэрээр шүүхэд орсон иргэдийн бүртгэлд бүртгүүлсэн байдаг боловч түүнийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хуралдааныг явуулсан.

Түүнчлэн 2023 оны 12 сарын 26-ны өдрийн хуралдаан хойшилсон гол шалтгаан нь 2024 оны 01 сарын 05-ны өдөр болох хуралдаанд дээрх гэрчүүдийг оролцуулах тухай байсан ба 2023 оны 12 сарын 26-ны өдрийн 152/Ш32024/00022 дугаартай шүүгчийн захирамж хүчинтэй хэвээр байгаа.

Мөн шүүгчийн туслах Мөнхгэрэл нь удаа дараа шүүхийн ажилтанд байж боломгүй хариуцлагагүй байдлуудыг гаргасан баримтууд бидэнд байгаа.

4.2. Хариуцагчийн хувьд эмнэлгийн үйл ажиллагааг Б.Б-д хариуцуулан үлдээгээд өөрөө АНУ-руу явсан ба тэнд байх хугацаандаа Б.Б-тай холбогдож, эмнэлгийн үйл ажиллагааны талаарх тайлан мэдээ авах гэсэн боловч тийм мэдээлэл өгдөггүй байсан. Өөрөөр хэлбэл “Lasante УВС” эмнэлэг нь “МОЛДЭН ЖИ” ХХК-ийн эзэмшлийн эмнэлэг тул компанийн захирал Б.О нь өөрөө эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий этгээд бөгөөд Б.О Монголд ирж Б.Б-тай тооцоо нийлж эхлэхэд зөрчлүүд илэрч эхэлсэн ба тооцоо нийлэхээс өмнө түрээсийн өр төлбөр үүссэн талаар түрээслүүлэгчийн зүгээс албан шаардлага ирсэн, татварын өр төлбөр үүссэн зэргээс Б.Б нь санхүүгийн зөрчлүүд гаргасан болох нь тодорхой болсон учир үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Б.Б-ын гаргасан зөрчлийн талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүхээс тэдгээр баримтуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. Миний бие шүүх хуралдаанд оролцохоор Наранбулаг сумаас өглөө 8:00 цагт гарсан боловч замд техникийн саатал гарсан тул шүүх хуралдаанаас хоцорсон. Шүүгчийн туслах хариуцагч Б.О-тэй холбогдож шүүх хуралдаанд оролцох эсэхийг 09.58 цагт утсаар залган асууж тодруулсан байдаг. Хариуцагчийн зүгээс “би хуралд оролцоно гэж хэлсэн бөгөөд ингэж ярьж байхдаа тэрээр шүүх хуралд гэрчээр оролцох Г.Д-гийн хамт шүүхийн байранд ирчихсэн байсан байдаг. Хариуцагчийн зүгээс урд өмнө нь шүүх хурал болж байсан танхимд орох гэтэл тэнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуралдаан болж байсан. Шүүх хуралдаан явагдах танхим өөрчлөгдсөн талаар шүүхийн зүгээс хэргийн оролцогч нарт мэдэгдээгүй. Шүүгчийн туслах 09:58 цагт хариуцагчтай утсаар ярихдаа энэ талаар хэлэх боломжтой байсан боловч энэ талаарх мэдээлэл огт өгөөгүй учраас хариуцагч шүүх хуралдаанд орж чадаагүй.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 05-ны өдөр болсон шүүх хуралдаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж явагдсан тул Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 152/ШШ2024/00012 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч С.Ганхөлөг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд “Молдэн жи” ХХК-ийн захирал Д.О-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамжид “Хариуцагчийн өмгөөлөгч С.Ганхөлөгийн гэрч оролцуулах тухай хүсэлтийг хангаж, Д.Б, Г.Д нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсугай, шүүх хуралдааны товыг гэрч Д.Б, Г.Д нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэх, шүүх хуралдааны бэлтгэл хангахыг шүүгчийн туслах Ц.М-д даалгасугай” гэж тус тус шийдвэрлэн, шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан.

Энэхүү захирамжийн хүрээнд гэрчүүдэд шүүх хуралдааны товыг мэдэгдэх үйл ажиллагаа шүүхээс огт хийгээгүй. Г.Д хариуцагчтай хамт ажилладаг учраас өглөө 10 цагаас хуралтай болохыг мэдээд шүүх хуралдааны өдөр шүүхэд ирчихсэн байсан. Энэ талаар шүүх хуралдааныг оруулж байгаа шүүгчийн туслах болон нэхэмжлэгч мэднэ.

Мөн Д.Бд шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч хэлэх боломжтой байсан. Хэрэв шүүхийн зүгээс гэрчүүдийн хаяг тодорхойгүй, утас холбогдохгүй нөхцөл байдал үүссэн бол хүсэлт гаргасан талаас тодруулах боломж байсан. Өмнө нь гэрч асуух хүсэлтийг шийдвэрлэхдээ гэрчийн мэдээллийг тодруулж байсан бол энэ удаад гэрч оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч хүсэлтийг харгалзахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Тухайн гэрчүүд нь талууд тооцоо нийлэх үед байлцсан бөгөөд санхүүтэй холбоотой асуудлыг Г.Д, тооцоо нийлэхэд ямар зөрчлүүд илэрснийг Д.Б мэднэ. Энэ талаар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс хэлсэн байдаг. Тооцоо нийлсэн акт байгаа юу гэхэд байгаа гээд гаргаж өгсөн. Мөн 2 хүн авч ажиллуулахдаа Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Эдгээр хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ямар нэгэн тушаал гаргаагүй, шууд цалин олгосон нь ямар нэгэн хяналтгүйгээр хийгдсэн зүйл бөгөөд энэ нь санхүүгийн зөрчилд хамаарна.

Нэхэмжлэгчийн зүгээс миний дансанд 23,000,000 төгрөг цугларсан байснаас түрээс төлдөг байсан гэх боловч түрээсийн өр төлбөр үүссэн байдаг. Эдгээр нь шалгалт хийгээд тодорхой болох боломжтой.

Анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ хэт нэг талыг барьж гаргасан, хариуцагчийн талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тухайн баримт нь тооцоо нийлсэн акт, өр төлбөр, татварын байгууллага, түрээслүүлэгчийн зүгээс түрээс төлөх шаардлагуудыг өгсөн баримт байсан бөгөөд үүнийг ямар нэгэн хяналтаар бус шууд тогтоох боломжтой баримтууд юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагч хариу татгалзлынхаа тайлбарыг нотлох үүрэгтэй гэж заасан ба энэ хүрээнд нотлох баримтаа гаргаж өгсөн боловч хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Түүнчлэн хариуцагч талаас дуудсан гэрч Г.Д шүүхэд ирчихсэн байхад шүүх хуралдааны танхим өөрчлөгдсөн. Эдгээр нь бүгд хуульд нийцэхгүй байна.

Гэрчийг оролцуулах нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэллээ. Шүүгч захирамж гаргахдаа гэрчүүд нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа юм байна гэж үзэж гэрч оролцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 Тиймээс тухайн гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах ёстой. Гэрчид шүүхийн зүгээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Шүүгчийн туслахаас “Шүүх хуралдаанд гэрч оролцох ёстой байсан, яагаад оролцуулаагүй вэ” гэж асуухад “Би мэдээгүй” гэж хариулсан. “Энэ талаар захирамж гарсан байхад яагаад мэдээгүй вэ” гэхэд “Шүүгч надад хэлээгүй” гэж хэлсэн. Тухайн шүүх хуралдаанд миний хувьд цагаа тооцоолж гараагүйн улмаас хоцорсон. Харин хариуцагчийн зүгээс шүүхэд ирчихсэн байсан. Тухайн шүүх хуралд хариуцагч талаас оролцсон бол аудио бичлэгийг гаргаж өгөх ёстой байсан. Бичлэгт нэхэмжлэгчийн нөхөр Д.Б болон нэхэмжлэгч нарын хоорондоо ярьсан яриа байдаг. Тухайн бичлэг дээр үндэслээд талуудын өр төлбөртэй холбоотой асуудлуудыг асууж тодруулах байсан. Д.О-ийг АНУ-аас ирэхэд түрээсийн өр, татварын өр үүсчихсэн байсныг дотоод хяналтаараа тогтоосон.

Энэ бол зөрчил. Мөн тухайн шүүх хурал дээр “Та Д.О-д тайлан мэдээ өгч байсан уу” гэхэд өгөөгүй, зохицож чаддаггүй байсан учраас өгдөггүй байсан гэж хэлсэн. Иймээс ямар ч хяналт хийх боломжгүй байсан. Тийм учраас гэрч оролцуулж тодруулга авах нь чухал байсан учраас гэрч дуудсан. Гэрч оролцуулах захирамж одоо ч хүчин төгөлдөр байгаа.

Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр анхан шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн. Миний бие 1 жил гаруй хугацаанд ажилгүй байгаа учраас маш их хэмжээний хохирол амсаж байна. Иймд өмнө эрхэлж байсан “Lasante Увс” эмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү. Би маш их гомдолтой байна” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрчүүдэд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй асуудал яригдаж байна. Д.О-тэй хамт ажилладаг Г.Д болон нэхэмжлэгч Б.Б-ын нөхөр Д.Б нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан. Д.Б, Г.Д нараас ямар үндэслэлээр, ямар үйл баримтыг нотлох үүднээс, ямар асуулт асуух гэж байгаагаа хариуцагчийн өмгөөлөгч хүсэлтдээ дурдаагүй, тодорхой бус байсан.

Шүүх хуралдаан хойшлохдоо 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчүүдийг оролцуулахаар шийдвэрлэсэн. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах Баян-Өлгий аймагт байгаа өмгөөлөгч надад хүртэл мэдэгдсэн. Бусад хэргийн оролцогчид болон гэрчүүдэд мэдэгдсэн, энэ ажиллагаанууд хийгдсэн. Г.Д болон нэхэмжлэгчийн нөхөр Д.Б нар шүүх хуралдааны тов мэдэгдсэний дагуу ирсэн боловч хариуцагч талаас хүн ирээгүй. Тэднийг бид 10-20 минут хүлээгээд ирээгүй тул шүүх хуралдаан эхэлж, ирцийн талаар санал авахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар “хариуцагч болон түүний өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас шүүх хуралдааныг тэдний эзгүйд явуулж өгнө үү” гэх хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасны дагуу шүүх хүсэлтийг хүлээн авч, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж байгаа учраас шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.

Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гэрч оролцуулж ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулна гэх хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн хэдий ч хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, гэрчүүдээс асуух, асуулт тодорхойгүй байсан учраас гэрч нарыг шүүх танхимд оруулж асуух боломжгүй байсан.

 Иймд шүүхийг буруутгах боломжгүй байна. Шүүгчийн туслах Ц.Мөнхгэрэлийг хэд хэдэн удаагийн зөрчил гаргасан болохыг нотолсон баримт байхгүй, шүүх нэг талыг барьсан, шүүхийн захиргааны ажилтан эсрэг талд давуу байдал бий болгосон гэх үндэслэл тогтоогдоогүй. 2 гэрчээс шүүх хуралдааны үед мэдүүлэг авсан ч тухайн хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, ач холбогдолгүй байх байсан. Учир нь 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Д.О эмнэлгийн цоожийг сольж, нэхэмжлэгч Б.Б-ыг эмнэлэг рүү орох боломжгүй нөхцөл байдал бий болгосон. Түүнээс хойш Б.Б тус эмнэлэг рүү удаа дараа очсон боловч орж чадаагүй, дотроос нь эд зүйлээ авч чадаагүй. Д.О нь Г.Дг ажиллуулаагүй гэх шалтгаанаар Б.Б-ыг ажлаас халах болсон.

Энэ нь Б.Б болон Д.О нарын хоорондын үл ойлголцлын асуудал бөгөөд санхүүтэй холбоотой ямар нэгэн илэрсэн алдаа дутагдал, тогтоогдсон зөрчил байхгүй. Хариуцагч нь эмнэлгийн цоожийг сольж, Б.Б-ыг эмнэлэг рүү орох боломжгүй болгохоос өмнө ямар нэгэн ажлаас чөлөөлөх талаар тушаал шийдвэр гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөхөөс өмнө үндэслэл, нөхцөл байдлыг урьдчилж тогтоосон байна.

 Зөрчлийг 2023 оны 6 дугаар сард тогтоосон байх ёстой боловч шүүхэд хүсэлт гаргаж, гэрч асуулгаж тогтооё гэж хариуцагч талаас гаргаж байгаа хүсэлт нь тухайн хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, ач холбогдолгүй гэж үзэж байна.

Давж заалдах гомдлын үндэслэлд дурдсан 2023 оны 5 дугаар сард тооцоо нийлж зөрчил тогтоосон гэж байна. Гэтэл 2023 оны 5 дугаар сард тооцооны зөрчил илрээгүй. 2023 оны 11 дүгээр сард Д.О АНУ руу явсан бөгөөд түүнийг Америкт байх хугацаанд тус эмнэлэгт ажилласан мэтээр тушаал шийдвэр гаргаж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна гэх асуудал яригдсан. Ийм тохиролцоо хийх боломжгүй байсан. Харин Д.О компанийн өмчлөгч гэх утгаар ашиг хүртэх эрхтэй байсан ч ашгийн талаар энэ хэрэгт яригдаагүй, тийм нөхцөл байдал тогтоогдоогүй.

Мөн Г.Д мэргэжлийн бус хүн байсан учраас түүнийг эмчээр ажиллуулах боломжгүйн улмаас ажиллуулахаас татгалзсан байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан нотлох баримтыг хүлээж авахаас татгалзсан, анхан шатны шүүхийн шүүгч нэг талыг баримталж шийдвэр гаргасан гэх асуудал байхгүй. Анх 2023 оны 11 дүгээр сард шүүх хуралдаан товлогдохоос өмнө 3, 4 сарын хугацаанд хариуцагч тал нотлох баримтаа гаргаж өгөх боломжтой байсан ба баримтыг шүүх хуралдааны үед гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д заасан тайлбарыг хийснээр хариуцагчийн нотлох баримтыг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Гэхдээ ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр хэрэгт байхгүй гэх шалтгаанаар шүүгч шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулсан. 2023 оны 11, 12 сард шүүх хуралдааныг хойшлуулахдаа 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан хүртэл хугацаанд хүлээн авахаас татгалзсан гээд байгаа баримтуудыг бүгдийг нь хариуцагчаас гаргаж өгснийг шүүх хүлээн авч хэрэгт хавсаргасан байгаа. Өнгөрсөн 2 сарын хугацаанд дахин нотлох баримт шүүгчийн туслахаар дамжуулж өгөх боломжтой байсан. Шүүх нотлох баримтыг хүлээн авахаас татгалзсан, хүлээж аваагүй гэх асуудал байхгүй.

Шүүх нэг талыг баримталсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан асуудал тогтоогдоогүй. Нэхэмжлэгчээс хуулийн хугацаанд шүүхэд гомдол гаргасан, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсэн. 2023 оны 6 дугаар сард эхэлсэн маргаан 7, 8 сарын хугацаанд үргэлжилж, энэ хугацаанд нэхэмжлэгч ажилгүй байгаа, бага насны хүүхдүүдтэй, амьдрал нь хүндрэлтэй байгаа зэргээс үзвэл хэргийг дахин шийдвэрлүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа.

Анхан шатны шүүхээс холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудыг хийгээд хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчид урьдчилан мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул 10-20 минут хүлээгээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн. Хариуцагч Д.О тухайн үед шүүх хуралдаанд оролцохоос татгалзсан талаар шүүгчийн туслахын тэмдэглэл хэрэгт авагдсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгон хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.

Ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг ажлыг хүлээлцүүлж авсан өдөрт нь өгөх үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д заасан байна. Компанийн захирал Д.О-ийн зүгээс Б.Б-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ямар нэгэн шийдвэр гаргаж өгөхгүй байсаар шүүх хуралдаан болох үед ажлаас чөлөөлсөн тушаалыг авч ирж өгсөн нь хуульд нийцээгүй. Ажилтны эрхийг зөрчсөнөөс ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй, бусад эрх нь давхар зөрчигдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан зөрчлийг шалган тогтоохгүйгээр ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүх хуралдаанд гэрч оролцуулснаар ажил олгогчийн итгэл алдсан гэх үндэслэлийг тогтоох боломжгүй тул өмнө гаргасан тайлбараа мөн дэмжиж байна” гэв.

                                   ҮНДЭСЛЭХ нь:

           1. Хариуцагч Б.О, түүний өмгөөлөгч С.Ганхөлөг нарын давж заалдах журмаар хамтран гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 152/ШШ2024/00012 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд, давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.  

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Молдэн Жи” ХХК-д холбогдуулан “Lasante Увс ” эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч “Молдэн Жи” ХХК-ийн захирал Б.О нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “ Б.Б нь Lasante Увс эмнэлгийн захирлаар ажиллахдаа санхүүгийн зөрчлүүд гаргасан тул зөрчилтэй нь холбогдуулж ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлан, маргасан байна.

           4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, нэхэмжлэгч Б.Б-ыг “Молдэн жи” ХХК-ийн эзэмшлийн “Lasante Увс” эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, “Молдэн жи” ХХК-аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 7,340,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, 2024 оны 1 дүгээр сарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

5. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хангаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан ба гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

5.1. Анхан шатны шүүх Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Молдэн Жи” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.            

          Анхан шатны шүүх Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Молдэн Жи” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэлэлцсэн, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.О болон түүний өмгөөлөгч С.Ганхөлөг нарыг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн нь хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

         Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т  заасан шүүх хуралдаанд оролцох, мөн зүйлийн 25.1.3-т заасан гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрхийг хангаагүй байна.  

          Хэргийн 159-р талд авагдсан, шүүгчийн туслах Ц.М-ийн үйлдсэн утсаар ярьсан тухай тэмдэглэлд : шүүгчийн туслах миний утсанд 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 09:26 минутад өмгөөлөгч С.Ганхөлөг 88777909 дугаараас залгаж, “би Наранбулаг сумаас очиж явна, 10:00 цагийн хуралд 20-оод минут хоцорч очих юм байна шүү” гэж хэлсэн болно” / хх-ийн 159-р тал/, мөн хавтаст хэргийн 160-р талд авагдсан, утсаар ярьсан тэмдэглэлд : “ 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09:58 минутад хариуцагч Б.О-ийн 99156735 дугаарын утас руу залгаж, та шүүх хуралдаа ирж байна уу, шүүх хурлын цаг болж байна” гэхэд хариуцагч : Би өмгөөлөгчөө хүлээж байна, ирэхээр нь хамт очно гэв” гэж тус тус бичсэн байх ба шүүгчийн туслах хариуцагч болон хариуцагчтай утсаар ярьсан тухайгаа шүүгчид мэдэгдсэн, шүүгч энэ талаар шүүх хуралдааны оролцогчдод танилцуулсан болох нь тус шүүх хуралдааны тэмдэглэл /хавтаст хэргийн 161-166-р тал/-д тусгагдсанаар нотлогдож байна.

          Дээрх нотлох баримтуудаар, хариуцагч Б.О болон түүний өмгөөлөгч С.Ганхөлөг шүүх хуралдаанд биечлэн оролцох тухайгаа шүүхэд мэдэгдсэн, өмгөөлөгч С.Ганхөлөг шүүх хуралдаанд очихоор Наранбулаг сумаас машинаар гараад замд явж байгаа, шүүх хуралд 20 гаруй минут хоцорч очих болсон талаараа, Б.О нь  шүүх хуралдаанд оролцохоор өмгөөлөгчөө хүлээж байгаа, ирэхээр нь хамт очно гэдгээ тус тус шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр, хариуцагч, түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь   хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэж дүгнэв.

           5.2. Хариуцагчийн өмгөөлөгч С.Ганхөлөг 2023 оны 12 дугаар 26-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо: Энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар нэхэмжлэгчийн нөхөр Д.Б, мөн тухайн үед “Lasante Увс” эмнэлэгт ажиллаж байсан Г.Д нарыг гэрчээр оролцуулна гэх хүсэлт гаргасан байх ба шүүхээс хүсэлтийг хянан хэлэлцээд “хариуцагчийн өмгөөлөгчийн гэрч оролцуулах тухай хүсэлт нь хэрэгт хамааралтай байгаагаас гадна гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа нь шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагаанд хамаарч байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй” гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар шүүх хуралдааныг  2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, гэрчээр Д.Б, Г.Д нарыг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэж, 22 дугаартай шүүгчийн захирамж / хх-ийн 156-158-р тал/ гаргажээ. 

          Гэвч шүүхээс шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах болсон Д.Б, Г.Д нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэрчүүдэд шүүх хуралдааны товыг ямар шалтгааны улмаас мэдэгдээгүй, эсхүл мэдэгдэх боломжгүй байсан, түүнчлэн гэрч оролцуулах тухай шүүгчийн захирамжийг биелүүлэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх болсон шалтгаан нөхцөл, хууль зүйн үндэслэлийн талаар шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна.

           Шүүх хэргийн зохигчийн гэрч асуулгах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа тэдгээрт шүүх хуралдааны тов мэдэгдэж,  оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг зөрчсөн байна.  

           6. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэхдээ талуудыг мэтгэлцэх боломжоор хангах үүрэгтэй. Тухайлбал,  маргаж буй хэргийн үйл баримтыг тогтоож, гэм буруутай эсэхийг нотлох, эсхүл үгүйсгэх байдлаар мэтгэлцэхийн тулд нэхэмжлэгч, хариуцагч шүүх хуралдаанд биечлэн оролцож, тайлбар хэлэх, нотлох баримт гаргах, нотлох баримт шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох боломжийг шүүх хуулийн хүрээнд бүрдүүлснээр талуудын мэтгэлцээн бодитой хэрэгжиж, хэргийн үйл баримт, маргааны зүйл бүрэн тодорхойлогдох боломжтой болно. Ингэснээр шүүх эрх зүйн маргаантай харилцааны төрөл, агуулгыг зөв тодорхойлох нөхцөл бүрдэнэ.       

          7. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн зохигч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд тус тус хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

          8. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 202,590 / хоёр зуун хоёр мянга таван зуун ер/ төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч “Молдэн Жи” ХХК(РД: 4026071)-д  олгох үндэслэлтэй байна.          

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 152/ШШ2024/00012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 202590 / хоёр зуун хоёр мянга таван зуун ер/ төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч “Молдэн Жи” ХХК(РД: 4026071)-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

            

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.МӨНХЖАРГАЛ

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                      Л.АЛТАН