Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 226/МА2024/00005

 

 

 

 

 

 

 

 2024        02          28                                           226/МА2024/00005

 

 

Н.Х-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч С.О-, З.Б-, Н.Б-

нарт холбогдох иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.З.Б-, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г- /цахимаар/,

Хариуцагч С.О-,

Хариуцагч С.О-гийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 156/ШШ2023/00628 дугаар шийдвэртэй Н.Х-ын хариуцагч С.О-, З.Б-, Н.Б- нараас “8,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй, хариуцагч С.О-гийн нэхэмжлэгч Н.Х-аас “12,680,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Х- нь ...2022 оны 8 сарын 25-ны өдрөөс хойш хариуцагч С.О-гийн "мах авах гэсэн юм түр мөнгө өгөөч, дор нь эргэлдүүлээд өгнө..." гэж ойр ойрхон залгаж, мессеж бичиж гуйсны үндсэн дээр түүний Хаан банкны дансанд 5 удаагийн дараалсан гүйлгээгээр 2022 оны 8 сарын 30-нд 4,000,000 төгрөгийг, 2022 оны 9 сарын 07-нд 1,000,000 төгрөгийг, 2022 оны 9 сарын 07-нд 300,000 төгрөгийг, 2022 оны 9 сарын 19-нд 2,000,000 төгрөгийг, 2022 оны 9 сарын 19-нд 700,000 төгрөгийг тус тус нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгч Н.Х-ын дансны хуулга болон банкны шилжүүлсэн баримт зэргээр нотлогдоно. Үүнээс хойш буюу 2022 оны 9 сарын сүүлээр мөнгөө буцааж авъя гэхэд "махаа эргэлтэд оруулаад хурдан өгнө, самарт явж ирээд өгнө гээд сүүлдээ бүр өгч чадахгүй гэсэн бөгөөд одоо утсаа авахгүй, ямар нэг хариу өгөхгүй байсаар өнөөг хүрлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх гэж заасан байдаг. Ингэж шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцох эрх зүйн үндэслэлтэй байх тул шаардах эрх үүсэж байгаа болно. ...Н.Х-, С.О- нар бие биедээ дэм болж урт хугацааны туршид найз нөхөд байсан. Гэтэл С.О- нь махны бизнес хийе гэдэг байдлаар махыг их хэмжээгээр болон бага хэмжээгээр оруулж ирж хамтын бизнесээ үргэлжлүүлэн явуулдаг байсан. Тэр болгонд аман хэлбэрээр тохиролцож, хоорондын харилцаа их удаан үргэлжилсэн. Н.Х-, С.О- нарын анхны махны бизнесийн асуудал яригдаж байгаа юм. ...2022 оны 9 сарын сүүлээр мөнгөө буцааж авъя гэхээр махаа ангилалтад оруулаад хурдан өгнө гэснээ сүүлдээ энэ мөнгийг өгч чадахгүй З.Б-гаас аваарай, З.Б- надад өртэй гэж тайлбарладаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан талуудын тооцоог хөтөлж байсан хар дэвтэр дээр үзлэг хийсэн. Тус үзлэг хийсэн тэмдэглэл дээр 2,000,000 төгрөгийн тооцоо гарч ирсэн. Нэхэмжлэгч Н.Х- нь бидний дунд 20,000,000 төгрөгийн тооцоо байдаг гэж тайлбарладаг. Хариуцагч З.Б- нь би энэ мөнгийг Н.Х-д өгөх ёстой, өгдөг мөнгөө өгнө гэж тайлбарладаг. Гэхдээ үндсэн хариуцагчаас амаар тохирсон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,000,000 төгрөгийн төлөлт буцааж хийгдээгүй. Иймд 8,000,000 төгрөгийг хариуцагч С.О-гаас гаргуулна... Махны үйл баримт, махны тооцоо, 1,8 хувийн зээлийн хүү, махны үлдэгдэл үнэ 1,852,640 төгрөг гээд маш тодорхойгүй, ойлгомжгүй зүйлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 8,000,000 төгрөгийг 3 хариуцагчаас шаардаад байгаа боловч төлөх ёстой үндсэн үүрэгтэй хүн нь С.О- юм...” гэжээ.

2. Хариуцагч С.О- нь шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:  “ ...Н.Х- 2020 онд З.Б-, Н.Б- гэх ах эгч хоёрыгоо дагуулж ирээд миний ах эгч хоёрын 10,000,000 төгрөгийн зээлийг хааж өгөөч, би өөрөө батлан даана, ах эгч хоёр махтай, Төрийн банкны зээлээ хааж их мөнгө авна гэж надаас гуйж Н.Х- батлан даалтын бичиг, З.Б- мөнгө зээлсэн баримт бичиж 10,000,000 төгрөгийг авчихаад зээл бүтээгүй ноолуур өгье гэж 2021-2022 онд олон дахин нэхүүлж Н.Х- бид хоёр байнга гэрт нь очиж байж ихэнх мөнгөө авсан. Н.Х- 2022 онд дахин намайг ятгаж би зээлийн хүүг нь төлнө надад мөнгө хэрэгтэй байна, чи З.Б- эгчийн өмнөх 3,300,000 төгрөгийг надад өгөөд чи хүүтэй гэрээ хийчих гэж гуйснаар З.Б-, Н.Б- нарын хүсэлтээр баримт бичүүлж Н.Х-ын Хас банкны данс руу 3,300,000 төгрөгийг З.Б- эгчийн өмнөөс шилжүүлэв гэсэн утга бичиж 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн. Дараа нь мөн Н.Х-д итгээд хөлдөөж нөөцөлсөн ямааны 3 тонн махаа зээлээр өгч уван цуван мөнгөө авсан. 1,800,000 төгрөгийг өгөөгүй. Иймд Н.Х- З.Б-, Н.Б- нарт зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл 3,400,000 төгрөг, З.Б-гийн өмнөөс Н.Х-д шилжүүлсэн 3,300,000 төгрөг, түүний хүү 1,680,000 төгрөг, З.Б- Н.Б- нар цагаан сараар зээлж авсан 500,000 төгрөг, нийт 12,680,000 төгрөгийг Н.Х-аас нэхэмжилж байна...” гэжээ. 

3. Хариуцагч С.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч С.О- нь нэхэмжлэгч Н.Х-аас 8 сая төгрөг авсан. Тухайн үед өөрт нь мөнгөний хэрэгцээ байсан учраас би чамаас өмнөх авлагуудаа гүйцэд аваагүй байгаа, иймээс авах ёстой өрөндөө суутган тооцно гэдэг байдлаар хэлсэн. Түүнээс мөнгө зээлж аваад хугацаандаа төлнө гэдэг асуудал С.О-, Н.Х- нарын хооронд болоогүй гэх тайлбарыг хэлдэг. Үүнтэй холбогдуулаад С.О- нь 12,680,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ...С.О- нь Н.Х-ыг буруутай гэж үзэж З.Б-гийн өмнөөс шилжүүлсэн 3,300,000 төгрөгийг 1,8 хувийн хүүгээр бодож нийт 12,680,000 төгрөгийг нэхэмжилсэн. Н.Б-, З.Б- нар давхар татагдаж хэрэг нь тусгаарлагдаад шийдсэн ...Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагаараа 3,300,000 төгрөгийг хүүтэй нь нэхэмжилж байгаа тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас суутган тооцуулах саналтай байна. Анх нэхэмжлэл гаргахдаа эднийх 5,500,000 төгрөгөөр нэг удаа, 8,000,000 төгрөгөөр нэг удаа, 6,000,000 төгрөгөөр нэг удаа, 2,884,000 төгрөгөөр нэг удаа төлсөн гэж бичсэн байдаг. Үүнээс 3 удаагийн төлөлт хийгээд 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Н.Х- тооцоогоо бичээд С.О- руу явуулсан байдаг. С.О- нь 153 ширхэг ямааны хөлдүү гулууз байгаа би эзгүй явж байгаа учраас очоод авчих гэж хэлсэн. Гэтэл энэ хүн нэг мах нь муу учраас буцаагдлаа. Үлдэгдэл мах болох 3,109 кг махыг 7,200 төгрөгөөр бодоход 22,382,640 төгрөг болж байгаа юм. Үүнээс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 5,500,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 6,000,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2,884,800 төгрөгийн төлөлт хийснээр уг зээлээр авсан махны үнэ дууссан гэх тайлбарыг бичиж өгсөн байна. Манай зүгээс 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2,884,800 төгрөгийг шилжүүлээгүй, 22,382,640 төгрөгөөс авсан мөнгөнүүдээ хасахаар 2,884,800 төгрөг болж байна. 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр над руу 1,032,000 төгрөг шилжүүлээд надад өгөх ёстой үлдэгдэл мөнгө бол 1,852,640 төгрөг юм. Үүнээс хойших махыг өөрөө 7 удаагийн гүйлгээгээрээ авсан. ...Нэхэмжлэгчээс хариуцагч С.О- руу ирсэн тооцоо нь хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд авагдсан байгаа.

...Манайх сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 12,680,000 төгрөгөөс З.Б-, Н.Б- нарт холбогдуулан гаргасан 4,900,000 төгрөгөөс татгалзаад, үлдэгдэл 6,832,640 төгрөгийг Н.Х-аас нэхэмжилж байгаа юм. С.О- нь З.Б-гийн өмнөөс Н.Х- руу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ 3,300,000 төгрөгийг өдрийн 1,8 хувийн хүү буюу 31 сарыг 60,000 төгрөгөөр бодоход 1,680,000 төгрөгийн хүү гарч ирнэ. Мөн 3,109 кг махны тооцооноос 4 удаагийн шилжүүлгээр хийгдсэн мөнгөн дүнгээс 1,852,640 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. ...нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас хасуулаад үлдэх хэсгийг төлөхөд татгалзах зүйлгүй...” гэжээ.

4. Хариуцагч З.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Би анх Н.Х-аар дамжуулж С.О-гаас 10,000,000 төгрөг авсан. 10,000,000 төгрөгөөс 3,100,000 төгрөг үлдээд бусад мөнгийг нь ноолуураар төлсөн. С.О- бид хоёр хоорондоо ярилцаад миний Н.Х-д төлөх байсан 3,300,000 төгрөгийн өрийг С.О- миний өмнөөс Н.Х- руу 3,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би Н.Х-д ямар ч тооцоогүй болж би С.О-д 3,300,000 төгрөгийн өртэй болсон. Би С.О-д нийт 6,400,000 төгрөгийн өртэй байгаад нэмж 300,000 төгрөг зээлж авсан. Би уг мөнгийг удаасан юм чинь 1,000,000 төгрөг нэмж өгөөд нийт 8,000,000 төгрөг болгож өгье гэж хэлээд гарын үсэг зурсан...” гэжээ.

5. Хариуцагч Б.Н.Б- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Надад Н.Х-тай ярьсан зүйл байхгүй. Манай хүн л хоорондоо ярьсан. Би Н.Х-д гарын үсэг зураагүй. С.О- энэ хэд хоорондоо л ярьсан байх. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 156/ШШ2023/00628 дугаартай шийдвэрээр: “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч С.О-гаас 8,000,000 /найман сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Х-д олгож, хариуцагч З.Б-, хариуцагч Н.Б- нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

- хариуцагч С.О-гийн нэхэмжлэгч Н.Х-д холбогдуулан гаргасан 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн 3,300,000 төгрөг, түүнд тооцсон зээлийн хүү 1,680,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар махны үлдэгдэл төлбөр 1,852,640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй байх тул шийдвэрлээгүй болохыг дурдаж, энэ талаар дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдаж,

- Хариуцагч С.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг нь нэхэмжлэгч Н.Х-д холбогдуулан гаргасан 12,680,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 5,847,360 төгрөгөөс татгалзсан болохыг дурдаж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-гаас 142,950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Х-д олгож, хариуцагч С.О-гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 217,830 /хоёр зуун арван долоон мянга найман зуун гуч/ төгрөгөөс 44,592 /дөчин дөрвөн мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч С.О-д олгож, үлдэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 173,238 /нэг зуун далан гурван мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ ...Хариуцагч С.О- нь ...З.Б-гийн өмнөөс Н.Х- руу шилжүүлсэн /2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр/ 3.300.000 төгрөгөөс өдрийн 1.8 хувийн хүү буюу 31 сарыг 60.000 төгрөгөөр бодоход 1.680.000 төгрөг, мөн 3109 кг махны тооцооноос 4 удаагийн шилжүүлгээр хийгдсэн мөнгөн дүнгээс 1.852.640 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Дээрх мөнгөн дүнг нийлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 6.832.640 төгрөг гарч байгаа юм. З.Б-, Н.Б- нарт холбогдох Н.Х-ын нэхэмжлэл тусгаарлагдаж шийдвэрлэгдсэн ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г- сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа хариуцагч С.О-гийн З.Б-гийн өмнөөс төлсөн 3.300.000 төгрөгийг С.О- нь Н.Х-ын нэхсэн 8.000.000 төгрөгөөс суутган тооцох нь зөв, манайх зөвшөөрч байна гэсээр байтал анхан шатны шүүх С.О-гаар 8.000.000 төгрөг Н.Х-д төлүүлэх, З.Б-гаар С.О-д 3.300.000 төгрөг төлүүлэх шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна гэж үзэж байна...” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 1.  Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

3. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хэлэлцээгүй буюу шийдвэрлэлгүй орхисон нь хуулийн шаардлагад нийцжээ.

4. Нэхэмжлэгч Н.Х- нь хариуцагч С.О-, З.Б-, Н.Б- нарт холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

5. Хариуцагч С.О- нь 8,000,000 төгрөг дансанд нь шилжүүлснийг зөвшөөрдөг боловч зээлийн гэрээ байгуулаагүй, өмнө үүссэн үүргийн гүйцэтгэлд суутган тооцсон төлбөр гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгч Н.Х-д холбогдуулан “...Н.Х- З.Б-, Н.Б- нарт зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл 3,400,000 төгрөг, З.Б-гийн зээлсэн мөнгөний хүү 1,000,000 төгрөг,  З.Б- Н.Б- нар цагаан сараар зээлж авсан 500,000 төгрөг, нийт 12,680,000 төгрөгийг гаргуулах”-аар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

6. Нэхэмжлэгч Н.Х- нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг болон 300,000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг болон 700,000 төгрөгийг хариуцагч С.О-гийн нэр дээрх ХААН банк дахь данс руу шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 3-6/, дансны хуулга /хх-ийн 7/ болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар /хх-ийн 235/ нотлогдож тогтоогдсон байна.

7. Нэхэмжлэгч тал шаардлагынхаа үндэслэлийг зээлийн гэрээ гэж тодорхойлжээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба Н.Х- нь С.О-гийн дансанд 8,000,000 төгрөг шилжүүлэхдээ "мах авах гэсэн юм түр мөнгө өгөөч, дор нь эргэлдүүлээд өгнө... гэж ойр ойрхон залгаж, мессеж бичиж гуйсны үндсэн дээр шилжүүлсэн...” гэж тайлбарладаг. Хариуцагч тал уг үндэслэлийг няцааж чадаагүй ба шүүх хуралдаанд “...өмнө үүссэн өрөндөө суутган тооцно гэдэг байдлаар хэлсэн. Түүнээс мөнгө зээлж аваад хугацаандаа төлнө гэдэг яриа болоогүй...” /хх-ийн 235/ гэж маргасан боловч энэ талаар шүүхэд нотолж чадаагүй, хэрэгт цугларсан баримтуудаар хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байх тул зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан,, хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй болжээ.

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй...” гэж заасны дагуу хариуцагч тал 12,680,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн хэмжээг багасгаж “З.Б-гийн өмнөөс шилжүүлсэн 3,300,000 төгрөг, түүний хүү 1,680,000 төгрөг, худалдсан махны үнийн үлдэгдэл 1,852,640 төгрөг буюу нийт 6,832,640 төгрөг нэхэмжилж, үлдэх 5,847,360 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсан байна.

9. Хариуцагч С.О- нь нэхэмжлэгч Н.Х-ын дансанд З.Б-гийн өмнөөс 3,300,000 төгрөгийг сайн дураараа төлсөн болох нь хариуцагч С.О-гийн “...чи З.Б- эгчийн өмнөх 3,300,000 төгрөгийг надад өгөөд чи хүүтэй гэрээ хийчих гэж гуйснаар Н.Х-ын данс руу 3,300,000 төгрөгийг шилжүүлсэн...” /1хх-ийн 14, 15/ гэсэн тайлбар, Хас банкны дансны хуулга /хх-ийн 26/, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч Н.Х-, хариуцагч С.О- нарын хооронд ямар нэгэн хариу үүрэг хүлээлгэсэн гэрээ хэлцэл байгуулагдсан болон хуулийн дагуу үүрэг үүссэн талаарх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хариуцагч С.О- нь 3,300,000 төгрөгийг хүүгийн хамт нэхэмжлэгч Н.Х-аас шаардсан үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй байна.

10. Мөн өмнө нь мах худалдаж авсан төлбөрийн тооцооноос 1,852,640 төгрөг төлөгдөөгүй үлдсэн гэж сөрөг нэхэмжлэлдээ дурдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ. Түүнчлэн сөрөг шаардлага нь үндсэн шаардлагатай нэг төрлийнх, эсхүл нэг маргаантай асуудалтай холбоотой байх учиртай. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үндсэн дээр шаардах эрхээ тодорхойлсон байхад хариуцагч худалдах худалдан авах гэрээний агуулга бүхий хэлцэл дурдаж сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд үндсэн нэхэмжлэлтэй тооцогдох боломжтой эсэх талаар шүүхэд нотолж чадаагүй, анхан шатны шүүх дээрх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг үндсэн нэхэмжлэлтэй тооцогдохгүй байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй ба тусд нь нэхэмжлэх эрхтэй гэж хэлэлцэлгүй орхисныг зөв гэж үзсэн болно.

11. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл болон татгалзлаа нотлохдоо 1-р хавтаст хэргийн 79, 80 дугаар хуудаст авагдсан гар бичмэлийн хуулбар, бичвэр бүхий гар утасны дэлгэцийн зураг зэргийг дурдсан боловч тухайн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй талаар шүүхийн шийдвэрт тодорхой тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...3,300,000 төгрөг авсан үйл баримт дээр маргахгүй гэж үзэж байвал үүнийг хасаад эвлэрэх боломжтой...” гэсэн тайлбар /1-р хавтаст хэргийн 239-р хуудас/-ыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг тэмдэглэлийн үргэлжлэх хэсэгт шүүх хуралдаан даргалагч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг тодруулахад “...боломжгүй...” гэж хариулсан байх тул сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна. Мөн хариуцагч тал “...махны төлбөрийг дутуу өгсөн нь 1-р хавтаст хэргийн 163 дугаар хуудаст байгаа нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдоно...” гэж тайлбарлаж байгаа ба энэ талаарх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй тооцогдохгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул дээрх нотлох баримтын талаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм.

12. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 156/ШШ2023/00628 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуягийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

 

                                        ШҮҮГЧИД                               Г.БОЛОРМАА

                                                                                                           

                                                                                       Д.ГАНЗОРИГ