| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0162/Э |
| Дугаар | 384 |
| Огноо | 2019-03-12 |
| Зүйл хэсэг | 12.1.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Н.Анармаа,
улсын яллагч Ч.Батбаяр,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-т холбогдох эрүүгийн 1806 0530 02007 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.Б, 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 35-07 тоотод оршин суух хаягтай, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Данзангийн 27 дугаар байрны гадна 67-94 УНЦ улсын дугаартай авто машин дотор 23 настай, эмэгтэй хохирогч Н.Болор-Эрдэнийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг,
Мөн 2018 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын 105 дугаар байранд хохирогч Д.Соёлмааг хүргэж өгөхдөө цүнхнээс нь Хаан банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, АТМ-ээс картыг нь уншуулан 550.000 төгрөг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хохирогч Болор-Эрдэнэтэй такси хийж яваад тааралдсан, тэрээр замдаа явж байхдаа пиво авяа гэсэн. Би замдаа дэлгүүрээс 2 ширхэг пиво аваад ярьж сууж байгаад би түүнийг оролдсон. Болор-эрдэнэ өөрөө энд яахын бэ хоёулаа буудал ори гэхээр нь би машинаас буусан чинь нөгөө хаалгаар машинаас буугаад газраас чулуу аваад орилоод байхаар нь би явсан. Соёлмаагаас мөнгө авсан асуудал бол бид хоёр дотно харьцаатай байсан. Би түүнээс мөнгө аваад хэсэг хугацааны дараа өгөх гэж байсан юм. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Н.Болор-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө миний бие Дэнжийн 1000 автобусны буудал дээрээс такси бариад гэр рүүгээ Улаанхуаран явна гээд суусан. Тэгээд онгорхой дэлгүүр байна уу гээд жолоочоос асуусан чинь 57 дугаар дэлгүүр дээр зогсоод тэр дэлгүүрт цагдаа ирсэн байсан болохоор пиво зарахгүй байсан. Тэгээд жолооч “караокеноос аваад өгье” гэж хэлсэн. Би жолоочид 5000 төгрөг өгөөд “1 шил пиво авчих” гэсэн чинь жолооч “Хоёрыг авчих уу” гэхээр нь “тэг тэг” гэж хэлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Данзангийн 27 дугаар байрны гадна ирсэн. Би нэг шил пиво ууж дуусгаад нөгөө шилийг нь уухгүй асгасан. Тэгээд би надад байгаа нь 3800 төгрөг байна гэж хэлсэн чинь мөнгийг аваад машины урд хайрцаг руу хийгээд 4 хаалга, 4 цонхоо цоожлоод шууд арын суудал руу даваад ороод ирсэн. Тэгээд жолооч өмд, тэлээ, дотуур өмдөө тайлаад намайг үнсээд дайраад байсан. Миний өмдийг нэг тайлаад, би татаад дахиад тайлаад байсан. Би больчих гэж зөндөө гуйсан. Тэгээд дотуур хувцас руу гараа хийж аваад байсан. Тэгээд минийхийг оролдоод өг гээд аахилаад байсан. Би аргаа бараад “буудал оръё, ороод хүссэн бүгдийг чинь хийнэ” гэхэд “нээрээ юм уу, хэлсэн шүү” гээд байсан. Тэгээд жолооч машины зүүн гар талаар буугаад жолоочийн суудал руу явсан. Намайг урд суучих гэхээр нь би зүүн хаалгаар буугаад чулуу аваад “зайл”, чамайг цагдаад хэлнэ гэхэд машинаа асаагаад хөдлөх хооронд би машины дугаарыг нь харсан. Гэртээ ороод ээждээ “дугаар тэмдэглээд аваарай, гомдолтой байна, намайг хүчиндэхээр миний өмдийг хүчээр тайлахаар дайрч довтолсон. Тэгээд миний товч тасарч урагдсан”...” гэсэн мэдүүлэг. /хх 24-27/,
Хохирогч Д.Соёлмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хоёр найзтайгаа 13 дугаар хороололд байдаг “Моника” бааранд ороод пиво, архи захиалж уугаад нилээн согтсон. Тэгээд манай найз Батчимэг нөхрийн хамт ирэхэд манай хоёр найз яваад өгсөн. Мөн удалгүй 10 жилийн танил Болдбаатар гэдэг хүн над руу залгаад би согтсон байсан болохоор бааранд байна гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд удалгүй Б орж ирээд хамт сууж байхад Батчимэг намайг авч явах гээд “тооцоогоо хийсэн үү” гэхээр нь би “хийгээгүй, миний картыг аваад тооцоо хийчих” гээд Батчимэгт Хаан банкны картаа өгөхөд Батчимэг “код нь хэд юм” гэхээр нь “0515” гэж хэлэхэд тухайн үед чимээ ихтэй байсан болохоор Батчимэг дахин дахин асуугаад би 2-3 удаа чангаар кодоо хэлсэн. Тэр үед Б хажууд сонсож байсан. Тэгээд тооцоогоо хийчихээд 01 цагийн үед тэр баарнаас гараад миний 06-05 УБХ улсын дугаартай улаан өнгийн машинаар гэр рүүгээ явж байгаад Баянбүрд дээр манай найз Болдбаатарыг “чи хаашаа явах юм” гэхэд “21 дүгээр хороолол орно” гэхээр “тэгвэл Соёлмааг хүргээд өгчих, гэр нь 21 дүгээр хороололд байдаг юм” гэж хэлээд өөрөө Баянбүрд дээр үлдсэн. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Өглөө сэрэхэд миний карт байхгүй, дансаа шалгахад эхлээд 50.000 төгрөг аваад дараа нь 500.000 төгрөгний гүйлгээ хийгдсэн байсан. Тэгээд би Б руу залгаад “чи яагаад картнаас мөнгө авсан юм бэ” гэхэд “мөнгөний хэрэг гараад авсан” гэж хэлсэн. Миний данснаас 550.000 төгрөг алдагдсан. Утасны мессеж хэсэг рүү ороод гүйлгээгээ харах гэхэд бүгдийг нь устгачихсан байсан. Тэгээд Содон хорооллын Хаан банк ороод дансны хуулгаа аваад харсан чинь миний данснаас 50.000 төгрөг уншигдаж байсан ба хэсэг хугацааны дараа 500.000 төгрөг уншигдаад гарсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх 88,147/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-12/,
Гэрч Б.Энхцэцэгийн мэдүүлэг /хх 33-34/, гэрч Т.Батчимэгийн мэдүүлэг /хх 91-92/, яллагдагчаар Г.Болдбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 161/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 175-178/, хохирогчийн өмсөж явсан саарал өнгийн жинсэн өмдөнд мөр судлалын шинжилгээ хийсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн кримналистикийн шинжээч, цагдаагийн хошууч Б.Батгэрэлийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4509 дугаартай дүгнэлт /хх 36-38/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 53/, ял шалгах хуудас /хх 54/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Данзангийн 27 дугаар байрны гадна 67-94 УНЦ улсын дугаартай авто машин дотор 23 настай, эмэгтэй хохирогч Н.Болор-Эрдэнийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан болох нь
Хохирогч Н.Болор-Эрдэнийн: “...2018 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө миний бие Дэнжийн 1000 автобусны буудал дээрээс такси бариад гэр рүүгээ Улаан-хуаран явна гээд суусан. ...би надад байгаа нь 3800 төгрөг байна гэж хэлсэн чинь мөнгийг аваад машины урд хайрцаг руу хийгээд 4 хаалга, 4 цонхоо цоожлоод шууд арын суудал руу даваад ороод ирсэн. Тэгээд жолооч өмд, тэлээ, дотуур өмдөө тайлаад намайг үнсээд дайраад байсан. Миний өмдийг нэг тайлаад, би татаад дахиад тайлаад байсан. Би больчих гэж зөндөө гуйсан. Тэгээд дотуур хувцас руу гараа хийж аваад байсан. Тэгээд минийхийг оролдоод өг гээд аахилаад байсан. Би аргаа бараад “буудал оръё, ороод хүссэн бүгдийг чинь хийнэ” гэхэд “нээрээ юм уу, хэлсэн шүү” гээд байсан. Тэгээд жолооч машины зүүн гар талаар буугаад жолоочийн суудал руу явсан. Намайг урд суучих гэхээр нь би зүүн хаалгаар буугаад чулуу аваад “зайл”, чамайг цагдаад хэлнэ гэхэд машинаа асаагаад хөдлөх хооронд би машины дугаарыг нь харсан...” гэсэн мэдүүлгээр,
2018 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын 105 дугаар байранд хохирогч Д.Соёлмааг хүргэж өгөхдөө цүнхнээс нь Хаан банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч АТМ-ээс картыг нь уншуулан 550.000 төгрөг авсан нь болох нь
Хохирогч Д.Соёлмаагийн: “...2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ...10 жилийн танил Б гэдэг хүн над руу залгаад би согтсон байсан болохоор бааранд байна гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд удалгүй Б орж ирээд хамт сууж байхад Батчимэг намайг авч явах гээд “тооцоогоо хийсэн үү” гэхээр нь би “хийгээгүй, миний картыг аваад тооцоо хийчих” гээд Батчимэгт Хаан банкны картаа өгөхөд Батчимэг “код нь хэд юм” гэхээр нь “0515” гэж хэлэхэд тухайн үед чимээ ихтэй байсан болохоор Батчимэг дахин дахин асуугаад би 2-3 удаа чангаар кодоо хэлсэн. Тэр үед Б хажууд сонсож байсан. Тэгээд тооцоогоо хийчихээд 01 цагийн үед тэр баарнаас гараад миний 06-05 УБХ улсын дугаартай улаан өнгийн машинаар гэр рүүгээ явж байгаад Баянбүрд дээр манай найз Б-ыг “чи хаашаа явах юм” гэхэд “21 дүгээр хороолол орно” гэхээр “тэгвэл Соёлмааг хүргээд өгчих, гэр нь 21 дүгээр хороололд байдаг юм” гэж хэлээд өөрөө Баянбүрд дээр үлдсэн. ...Өглөө сэрэхэд миний карт байхгүй, дансаа шалгахад эхлээд 50.000 төгрөг аваад дараа нь 500.000 төгрөгний гүйлгээ хийгдсэн байсан. Тэгээд би Б руу залгаад “чи яагаад картнаас мөнгө авсан юм бэ” гэхэд “мөнгөний хэрэг гараад авсан” гэж хэлсэн. Миний данснаас 550.000 төгрөг алдагдсан” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Гантулгыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг,
бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.Соёлмаа нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хүсэлт гаргасан болно.
Хохирогч Н.Болор-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдолгүй гэж мэдүүлсэн болно. Иймд шүүгдэгч Г.Болдбаатарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Г.Б-т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “FASHION JEANS” гэсэн бичигтэй шар өнгийн жинсэн өмдний 1 ширхэг товчийг хэрэгт хавсаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Б-ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг,
бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-т 1 /нэг/ жил хугацаагаар хорих ял,
Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Болдбаатарт 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хугацаагаар хорих ял дээр, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Г.Б-ын нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Г.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ын урьд цагдан хоригдсон нийт 12 / арван хоёр / хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “FASHION JEANS” гэсэн бичигтэй шар өнгийн жинсэн өмдний 1 ширхэг товчийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Болдбаатар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР