Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 187

 

 

Д.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хандармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/2007 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ДШМ/78 дугаар магадлалтай, Д.Б-т холбогдох 2006019021056 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Б-ийг “хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгч гүтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Б-т 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар, Д.Б-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж  шийдвэрлэсэн байна.

Прокурор С.Чимэдцэеэ хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Б-ийн гэмт үйлдэл тогтоогдсон гэж үзэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Б нь уг гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтүүд нь ойлгомжгүй, өөр хоорондоо зөрчилдөөнтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байгаа атлаа “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх гэм буруугийн зарчмыг баримталсан. Б.Б-ийг өмнө нь Д.Б-ийг хүчиндсэн гэх үйлдэлдээ яллагдагчаар татагдан шалгагдаж байсан тул тэднийг эсрэг ашиг сонирхолтой этгээдүүд гэж үзэж, Б.Б-ийн мэдүүлгийг Д.Б-ийн үйлдлийг давхар нотлож буй баримтад тооцох учиргүй гэж үзсэн атлаа уг мэдүүлгийн үнэн зөвийг үгүйсгэхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.     

Мөн Д.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Б.Б нь шүүгдэгч Д.Б-ийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн байж болзошгүй” гэж үзсэн хууль зүйн дүгнэлтээ хэрхэх талаар орхигдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т “Худал мэдүүлэх” гэмт хэргийг “Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол...” гэж хуульчилсан буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Д.Б-т худал мэдүүлж болохгүй талаар холбогдох хуулийн заалтыг сануулж хохирогчоор тогтоон мэдүүлэг авч, хэргийг прокуророос 3 удаа шүүхэд шилжүүлж, тухай бүр шүүхээс хэргийг прокурорт буцаан нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг бүртээ Д.Б-ийг гэмт хэрэгт гүтгэж, худал мэдүүлснээрээ уг гэмт хэргийн шинж хангагдаж, харин мөрдөн байцаалтын явцад Д.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхэд өгсөн мэдүүлэг, Б.Б-ийн гэрч, яллагдагч, хохирогчоор өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон гэж үзэж байна.

Хүчиндэх гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд нь уг гэмт хэргийг үйлдэгдээгүй хэмээн үгүйсгэж, урьд хохирогчоор өгсөн мэдүүлгүүдэд зориуд худал мэдүүлсэн болохоо өөрөө илчлэн мэдүүлсэн, хүчиндэх гэмт хэрэгт яллагдагчаар тогтоогдсон байсан Б.Б нь хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг нь тогтвортой буюу уг асуудал шалгагдаж эхлэх үеэс Д.Б-ийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг үйлдэл хийгээгүй болохоо мэдүүлж байсан зэрэг нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдсоор байхад Д.Б “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн болохыг өөр бусад нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй гэж дүгнэлт хийн гэм буруугийн зарчмыг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив. гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Б нь холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан ...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна... гэсэн заалтыг зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хяналтын шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

Прокуророос шүүгдэгч Д.Б-ийг хохирогчоор 2020 оны 03 дугаар сарын 29, 03 дугаар сарын 30, 04 дүгээр сарын 22-ны өдрүүдэд тус тус мэдүүлэг өгөхдөө “...Б.Б нь 2019 оны 11 дүгээр сараас эхлэн удаа дараа хүч хэрэглэн хүчиндсэн...” гэж худал мэдүүлж, бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож, Д.Б-ийн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй гэж үзэн түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Учир нь нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа тул шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хэргийн үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг билээ.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийг этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх..." гэж тодорхойлон заажээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүрэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" хэмээн тодорхой заажээ.

Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дурдсан шүүгдэгч Д.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь Б.Б-ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй тохирсон тухай дүгнэсэн байх боловч Б.Б өмнө нь Д.Б-ийг хүчиндсэн гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан тул тэднийг эсрэг ашиг сонирхолтой этгээдүүд гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй" гэжээ. Хуульд зааснаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг бусад баримтаар давхар нотлогдсон тохиолдолд яллах талын баримтаар үнэлэгдэх ба түүний мэдүүлгийг нотолж буй баримт сэлт нь сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн шинжтэй байх ёстой.

Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчтой эсрэг ашиг сонирхолтой этгээдээс авсан мэдүүлгийн үнэн зөвийг үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй сулд тооцогдох тул тухайн эсрэг ашиг сонирхолтой этгээдийн мэдүүлгээр шүүгдэгчийн мэдүүлэг давхар нотлогдсон гэж үзэх нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтооход сөргөөр нөлөөлнө.

Шүүгдэгч Д.Б нь хохирогчоор байцаагдахдаа эрс зөрүүтэй мэдүүлгүүд өгөхөд хэн нэгэн хууль бусаар нөлөөлсөн, тэдгээр мэдүүлгүүдийн аль нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үнэн зөв болох, Б.Б нь шүүгдэгч Д.Б-ийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн байж болзошгүй үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй, түүнчлэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрчийг асуугаагүй  зэргээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй атлаа зөвхөн хохирогчийн өмнөх мэдүүлгээс буцсаныг үндэслэн зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэх боломжгүй юм.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээ төрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар түүнийг гэм буруугүйд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ДШМ/78 дугаар магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ                               Б.БАТЦЭРЭН

                    ШҮҮГЧ                                        С.БАТДЭЛГЭР

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ                               

                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН