Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0398

 

2019 оны 07 сарын 31 өдөр           Дугаар 221/МА2019/0398                          Улаанбаатар хот

А.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.М нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу А.М-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.М-ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд нь эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 89 хоногийн олговор 5,562,856 /таван сая таван зуун жаран хоёр мянга найман зуун тавин зургаа/ төгрөгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч А.М нь 2018 оны 12 дугаар сарын 6, 7, 10, 11-ний өдрүүдэд албан ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Энх-Алтай өрхийн эмнэлгийн магадлагаа, 2018 оны 12 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Энх-Алтай өрхийн эмнэлгийн магадлагааг ирүүлсэн байдаг. Шүүхээс нэхэмжлэгч А.М-ийн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд нийцэхгүй байна. 2018 оны 12 дугаар сарын 6, 7, 10, 11-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаар хавтаст хэргийн материалд нэг хуудас ч баримт байхгүй байгаа.

Мөн 2018 оны 12 дугаар сарын 12-15, 17-19-ний өдрүүдэд өвчтэй байсан талаар эмнэлгийн магадлагаа ирүүлсэн боловч энэ хугацаанд төрийн ажлаа таслан хөдөө сумдаар эхнэр, хүүхдийн хамт явж байсан талаар шүүх хуралдаанд гэрч оролцуулах талаар хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Мөн шүүх хуралдааны явцад шүүгч тухайн хэргийг шударгаар үнэн зөв шийдвэрлэхэд эргэлзээ төрж шүүгчийг татгалзсан боловч хүсэлтийг хүлээн авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэлэлцэж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч А.М нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 68 дугаар тогтоолоор тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ажиллаж байсан бөгөөд Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-д заасныг үндэслэн албан тушаалаас нь халжээ.

Нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон “2018 оны 12 дугаар сарын 6, 7, 10, 11-ний өдрүүдэд” нэхэмжлэгчийн хүүхэд өвдсөн талаар талаар гэрч мэдүүлсэн, хариуцагч мэдэж байсан нөхцөл байдал тогтоогдсон, 12 дугаар сарын 12-15-ны өдөр, 17-19-ний өдрүүдэд өвчтэй байсан талаар эмнэлгийн магадлагаа ирүүлсэн байна. Үүнээс үзвэл, маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.З-д “төрийн албанаас халах” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч А.М-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх (халах) үндэслэл, шалтгаан бий болсон, Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн, хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчил нь түүнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж байгаа талаар шалгаж, тогтоосон нь баримтаар нотлогдсон, зөрчлийн шинж байдалд нь тохирсон талаар хэлэлцээгүй байх тул маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн ямар нийтлэг үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасан ямар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн талаараа шалган тогтоож, нотлоогүй, зөрчлийн шинж байдлыг харгалзаж үзэлгүйгээр төрийн албан хаагчид халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус болжээ.

Хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх хуралдаан даргалагч шүүгчээс хэргийн оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөх, өмгөөлөх эрхийг шалгасны дараа шүүх хуралдаан даргалагч болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах эрхтэй болохыг тайлбарлан өгч татгалзал байгаа эсэхийг асуухад хариуцагч тал байхгүй гэжээ. Улмаар шүүх хуралдаан үргэлжилж хариуцагчийн өмгөөлөгчийн гэрч оролцуулах хүсэлтийг шийдвэрлэсний дараа хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчөөс татгалзан гаргах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.7-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно” гэж заасантай нийцсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын “хэргийг шударгаар үнэн зөв шийдвэрлэхэд эргэлзээ төрж шүүгчийг татгалзсан боловч хүсэлтийг хүлээн авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэлэлцэж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн” гэх үндэслэлийг хүлээн боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ