Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/0052

 

 “КЖЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Ч.Тунгалаг, О.Зандраа, Ц.Сумъяа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 657 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар магадлалтай, “КЖЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БЗД-ийн ТХ-ийн ТУБ Ч.Б, Ц.О нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “КЖЭ” ХХК-ийн захирал Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын улсын байцаагч нар нь манай компанийн санхүү татварын тайлан, түүний ногдуулалт төлөлтийг шалгах явцдаа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт материал, санхүүгийн баримтуудыг бүрэн гүйцэт шалгаагүй, худалдан авалт хийсэн гэх этгээдүүдийн хооронд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээний борлуулалт хийгдсэн эсэхийг тодруулалгүй дээрх актыг зөвхөн татварын тайлан, хий бичилт хийгдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд үндэслэн тогтоосонд нь гомдолтой байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд ямар бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох тухай заасан. Энэ нь албан татвар төлөгчдийн хооронд тодорхой бараа, ажил үйлчилгээг борлуулсан буюу худалдан авалт хийсэн байхыг шаардаж байна. Гэтэл нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийсэн аж ахуйн нэгж, манай компанийн хооронд ямар ч худалдан авалт болоод борлуулалт байхгүй бөгөөд үүнийг ч татварын улсын байцаагч нар хий бичилт байсан гэж тогтоосон.

Гэсэн атлаа өөр бусад этгээдээс нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээг худалдан авсан хэмээн түүнийг тогтоогоогүй атлаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг үндэслэн ихээхэн хэмжээний төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй байна.

Манай компани тухайн үед төрөөс зарласан бараа, ажил үйлчилгээг худалдах, худалдан авах ажиллагаанд буюу тендерт оролцох шалгуурт тэнцэх зорилгоор хий бичилт хийж борлуулалтын орлогоо өсгөж тавьсан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох бараа, ажил үйлчилгээг худалдсан, худалдан авсан зүйл огт байхгүй билээ.

Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 заалтуудыг үндэслэн акт тогтоож манай компанийг хий бичилт хийж татвар ногдох орлогоос хассан хэмээн хариуцлага тооцсон.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан татвар ногдох бараа, ажил үйлчилгээг худалдан аваагүй борлуулаагүй байхад түүнд ногдох татвар гэж байхгүй бөгөөд нөхөн татвар, түүнд хүү алданги торгууль тооцож дээрх хуулийн заалтаар хариуцлага тооцох нь үндэслэлгүй юм.

Иймд, Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагчийн 243174 дугаар акт болон Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 102 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б, Ц.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Оюунбилэг, Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Баясгалан бид томилолтын дагуу “КЖЭ” ХХК-ийн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийсэн. “КЖЭ” ХХК-ийн 2012 оны санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт төлөлтийн тайлан, Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газар, Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны мэдээлэлд үндэслэн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газар, Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны мэдээллийн дагуу “КЖЭ” ХХК нь “Жэрсс” ХХК, “Хүслэнт хулан” ХХК, “Далайдорж” ХХК-иас бараа материал авсан гэх боловч энэ компаниас авсан 10294258, 11785534, 11979268, 12283698, 12283699 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хий бичилттэй падаан байх тул худалдан авсан компаниудад ногдох татварыг төлүүлэх, тайланг засварлуулах шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага хүлээлгэх, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах гэсний дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй учраас татварын хуулийн дагуу хяналт шалгалтын акт тогтоогдсон болно.

2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 24/3174 тоот татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсэгт: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1- д “Иргэн хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно: Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй...” гэж заасан заалтыг зөрчин бараа борлуулагч болох “Жэрсс” ХХК, “Хүслэнт хулан” ХХК, “Далайдорж” ХХК-аас бараа худалдан аваагүй, төлбөр төлөөгүй атлаа “Жэрсс” ХХК 2012 оны 3 дугаар сард 10294258 дугаартай падаанаар, 15,454,545,0 төгрөгийн, “Хүслэнт хулан” ХХК 2012 оны 6 дугаар сард 117855347 дугаартай падаанаар 909,090,090,91 төгрөгийн, 7 дугаар сард 11979268 тоот падаанаар 909,090,09,91 төгрөгийн, “Далайдорж” ХХК 2012 оны 10 дугаар сард 12283698, 12283699 дугаартай падаанаар хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын 5 падааныг нийт 333,590,908,6 төгрөгийн дүнд тааруулан бичүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн 2012 оны 3, 6, 7, 10 дугаар сарын тайланд “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасаж, албан татвар ногдуулах орлогыг санаатайгаар бууруулсан болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай гэсний дагуу барилгын материалын захад бараа борлуулж байсан хувь хүнээс нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бараа материалын хамт авсан нь нотлогдсон учраас Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтаас “Жэрсс” ХХК, “Хүслэнт хулан” ХХК, “Далайдорж” ХХК-ийн 10294258, 11785534, 11979268, 12283698, 12283699 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хасаж тооцохгүй гэсэн үндэслэлээр Татварын хууль тогтоомж зөрчигчид хариуцлага хүлээлгэн Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74, 74.1.3, 74.1.4, 74.3 болон Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мөн 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 6, 5 дугаар тогтоолд “...1 .Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй... татварт тооцох алдангийн хувь хэмжээг хоног тутамд 0.047…0.047 хувь байхаар тогтоож ...” гэж заасан заалтыг үндэслэл болгон Татварын улсын байцаагчийн 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 24/3174 тоот актаар 333,590,908.60  төгрөгийн зөрчилд 33,359,090.86 төгрөгийн нөхөн татвар, 10,007,727, 25 төгрөгийн торгууль, 1,254,300,00 төгрөгийн алданги, нийт 44,621,118,11 төгрөгийн төлбөрийг тогтоосон болно гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 657 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “КЖЭ” ХХК-ийн “Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 243174 дугаар акт болон Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 102 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 657 шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 14 дэх заалтыг “1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “КЖЭ” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 243174 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсгийг баримтлан “Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 102 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 09- ний өдрийн 68 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж, “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Татварын улсын байцаагч нар нь манай компаний санхүү татварын тайлан, түүний ногдуулалт төлөлтийг шалгах явцдаа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт материал, санхүүгийн баримтуудыг бүрэн гүйцэт шалгаагүй, худалдан авалт хийсэн гэх этгээдүүдийн хооронд НӨАТ ногдох бараа, ажил үйлчилгээний борлуулалт хийгдсэн эсэхийг тодруулалгүй дээрх актыг зөвхөн татварын тайлан, НӨАТ падаан Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн гэх албан бичигт үндэслэн тогтоосонд нь гомдолтой байна.

НӨАТ тухай хуулийн 7-р зүйлд ямар бараа, ажил үйлчилгээнд НӨАТ ногдох тухай заасан. Өөрөөр хэлбэл, албан татвар төлөгчдийн хооронд тодорхой бараа, ажил үйлчилгээг борлуулсан буюу худалдан авалт хийсэн байхыг шаардаж байна.

Ийм байхад татварын улсын байцаагч нар НӨАТ ногдох бараа, ажил үйлчилгээг худалдан авсныг тогтоолгүй Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3-т заасныг үндэслэн, Татварын ерөнхий хуулийн 74-р зүйлийн 74.1. 74.2. 74.3 заалтуудыг баримтлаж манай компанийг хий бичилт хийж татвар ногдох орлогоос хассан хэмээн хариуцлага тооцож их хэмжээний нөхөн татвар, хүү, торгууль тооцож төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй байгаа билээ.

Нэмэгдсэн өртгийн албанын татварын тухай хуульд заасан татвар ногдох бараа, ажил үйлчилгээг худалдан аваагүй борлуулаагүй бол түүнд ногдох татвар гэж байхгүй бөгөөд нөхөн татвар, түүнд хүү, алданги, торгууль тооцож дээрх хуулийн заалтаар хариуцлага тооцох нь үндэслэлгүй бөгөөд шүүх хуулийг буруу хэрэглэж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болсон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйлд нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийхийг тусгайлан хуульчилсан бөгөөд 14.3-т "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй" гэж заасан. Гэтэл манай компаний нэхэмжлэлдээ хавсарган өгсөн нотлох баримт дунд эдгээр баримтууд бүгд байгаа бөгөөд энэ нь татварын улсын байцаагчид манай компаний нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримттай гүйцэт танилцаагүй, судлан үзээгүйг баталж байна.

Иймд хэргийг хянан үзэж хуулийн дагуу, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 243174 дүгээр акт, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 102, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 68 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай “КЖЭ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасантай нийцжээ.

Хяналтын шатны шүүхээс дор дурдсан үндэслэлээр “... НӨАТ-ын тухай хуульд заасан татвар ногдох бараа, ажил үйлчилгээг худалдан аваагүй, борлуулаагүй бол түүнд ногдох татвар гэж байх ёсгүй, ... тендерт оролцох шалгуурт тэнцэх зорилгоор хий бичилт хийж, орлогоо өсгөсөн ...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч “КЖЭ” ХХК-ийн 2012 оны 3, 6, 7, 10 дугаар саруудад “Жэрсс”, “Хүслэнт хулан”, “Далайдорж” ХХК-иудаас бараа, материал худалдан аваагүй, эдгээр компаниуд бараа материалыг нэхэмжлэгч компанид борлуулаагүй, холбогдох 10294258, 11785534, 11979268, 12283698, 12283699 нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичигдсэн, хуурамч болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

“КЖЭ” ХХК нь дээрх 5 падааныг 333,590,908.6 мянган төгрөгийн дүнд тааруулан бичүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөлтийн 2012 оны 3, 6, 7, 10 дугаар сарын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдох орлогыг санаатай бууруулжээ.

Тухайн татвар төлөгдсөн байх, ийнхүү төлснийг нь нотлох баримт хуулийн дагуу бүрдсэн байх зэрэг нь татвар төлөгчөөс төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох нөхцөл болох нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.3 дахь хэсгийн агуулгаар тодорхойлогдож байх тул 333,590,908.6 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлснөөр бичигдсэн дээрх “хий бичилттэй”, “хуурамч” 5 падаан нь уг хасалтыг хийх үндэслэл болохгүй юм.  

Иймээс “КЖЭ” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т ”Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3-т заасныг үндэслэн 333,590,908.6 мянган төгрөгийн зөрчилд 33359.1 мянган төгрөгийн нөхөн татвар, 10007.7 мянган төгрөгийн торгууль, 1254.3 мянган төгрөгийн  алданги нийт 44621.1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан татварын улсын байцаагчийн акт зөв байна. 

Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 243174 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Харин “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдсанаар татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй зарчмыг баримтлан маргаан бүхий актаар ногдуулсан торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлж, зөвхөн нөхөн татварыг төлүүлэхээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай“ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 243174 дугаар актаар ногдуулсан 10007.1 мянган төгрөгийн торгууль, 1254.3 мянган төгрөгийн  алдангийг өршөөн хэлтрүүлж, нийт төлбөрийн хэмжээг 33359.1 мянган төгрөг болгож багасгасугай” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                       Л.АТАРЦЭЦЭГ