Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00319

 

 

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00319

 

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05663 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Г-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 36,639,017 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Иргэн Х.Г нь Д ХХК-тай 2021 оны 12 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Хариуцагч зээл хүсэх үед барьцаа хөрөнгө нь Т ХХК-ийн нэр дээр барьцаанд байсан. Зээлийн гэрээний 3.1.6-д зааснаар манай байгууллагын 517902**** тоот харилцах данснаас зээлдэгч Х.Гын 502718**** тоот дансанд 23,575,400 төгрөгийг, Т ХХК-ийн 512403**** тоот дансанд 56,424,600 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг олгосон. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 29,291,897 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь хариуцагчид удаа дараа утсаар холбогдож, шуудангаар мэдэгдэх, шаардах хуудас хүргүүлж, цаашид зээлээ хэрхэн төлөх талаар ярилцаж, өөрийнх нь хүсэлт боломжид тааруулан хугацаа олгосон боловч ажил хэрэг болгохгүй өнөөдрийг хүрч байна. Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 116,639,015 төгрөг болсноос барьцаа 80,000,000 төгрөг суутгаад 36,639,015 төгрөг болж байгаа тул гаргуулна гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь миний 9911**** дугаарыг 80,000,000 төгрөгийн барьцаанд авсан. Өнөөдрийн байдлаар нийт 29,291,897 төгрөгийг байгууллагад төлсөн. Гэвч 2022 оны 01 сард миний дугаарын орох, гарах эрхийг хязгаарлан бусдад ашиглуулсан. Тус байгууллага нь миний 150,000,000 төгрөгийн үнэтэй дугаарыг 80,000,000 төгрөгөөр үнэлж авсан. Барьцааны мөнгө болох 80,000,000 төгрөгөөр борлуулсан гэж мэдэгдсэнийг миний бие хүлээн зөвшөөрөөгүй. Гэрээгээ шинэчилж дугаараа буцаан авах, эсвэл зах зээлийн миний үнэлж буй бодитой үнээр борлуулахыг шаардсан. 80,000,000 төгрөгөөр миний дугаарыг зарсан гэж хүчээр тулгасан. Бусдад миний дугаарыг ашиглуулсан хугацааны хүүг надаас нэхэмжилж буй нь шударга бус гэж үзэж байна. Иймд миний тайлбарыг харгалзан үзэж хуулийн дагуу зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар хариуцагч Х.Г-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36,639,017 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.     Шүүх барьцааны гэрээг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээ гэж гэрээний агуулгыг буруу тодорхойлж, хариуцагчийн үүрэг дуусгавар болсон гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2021 оны 12 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 9911**** утасны дугаарыг барьцаалсан. Хариуцагчийн барьцаалсан үүрэн утасны дугаар эзэмших эрх нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д заасан эдийн бус хөрөнгөд хамаарна. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д эдийн бус хөрөнгө нь барьцааны зүйл байж болохоор заасан тул талууд барьцааны гэрээг байгуулжээ. Харин Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн зүйл нь хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх нь барьцааны зүйл байхаар зохицуулсан тул талуудын хооронд байгуулсан гэрээнд фидуцийн гэрээний харилцаагүй үүсээгүй байна.

4.2.     Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч нь авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул Х.Г-ын зээл эргэн төлөх үүрэг дуусгавар болоогүй. Хариуцагч нь зээлийн гэрээ, түүний хавсралтад заасан хуваарийн дагуу 2023 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд cap бүрийн 15-ны өдөр зээлийг хэсэгчлэн төлөх байсан боловч энэ үүргээ 2022 оны 10 сарын 07-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй. Үүрэн холбооны дугаарын гэрээг нэхэмжлэгч өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа зээл олгосон бөгөөд зээл эргэн төлөх хуваарийг зөрчих хүртэл хугацаанд хариуцагч дугаараа ашиглаж байсан. Зээлийн гэрээний 3.10, барьцааны гэрээний 4.1.2-т зааснаар үүргийн зөрчил хариуцагч гаргах үед нь тухай бүр дугаар ашиглах эрхийг хязгаарлаж, түүний хүсэлтээр дахин сэргээж байсан.

4.3.     Хариуцагч Х.Г нь 2023 оны 09 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 77,289,269 төгрөг, үндсэн хүү 33,426,677 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,923,071 төгрөг, нийт 116,639,017 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээнд тохиролцсон үнэлгээгээр үүрэн холбооны дугаарыг 80,000,000 төгрөгөөр борлуулж, үлдэгдэл 36,639,017 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, гарын үсэг зурсан мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулсан нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан зарчмын хүрээнд хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

 5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Х.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,639,017 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 47/

 3.   Талууд 2021 оны 12 сарын 10-ны өдөр DF51152 тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Д ХХК нь 80,000,000 төгрөгийг нэг сарын 3.5 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдүүлэх, Х.Г нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 10-11/

Талууд мөн өдөр DF51152 тоот Барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Х.Г-ын эзэмшлийн үүрэн холбооны 99115538 дугаарыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалж, барьцаа хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр үнэлжээ. /хх 12-13/

 4.   Дээрхээс үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн суурь харилцааг тодорхойлолгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн алдаа гаргасан байхаас гадна барьцааны гэрээ-г фицуцийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь, үүрэн холбооны 9911**** дугаарын өмчлөгч нь М ХХК, харин эзэмшигч нь Х.Г тул талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдах боломжгүй, улмаар анхан шатны шүүхийн хийсэн ...фидуцийн гэрээний зүйлийг ашиглах эрхээ бодитоор хэрэгжүүлж байх тул зээлийн гэрээний үндсэн үүрэг дуусгавар болжээ... гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.

5.   Иймд зээлдүүлэгч Д ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т тус тус зааснаар хариуцагч Х.Гаас зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

6.   Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч Х.Г нь үндсэн зээлд 2,710,731 төгрөг, зээлийн хүүнд 23,266,165 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,315,001 төгрөг, нийт 29,291,897 төгрөгийг төлж, 2023 оны 09 сарын 05-ны өдрийн байдлаархи зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 77,289,269 төгрөг, зээлийн хүү 33,426,677 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,923,071 төгрөг, нийт 116,639,017 төгрөг байгаа болох нь нэхэмжлэгч Д ХХК-ийн тайлбар, хэрэгт авагдсан Зээл төлөлтийн дансны хуулга гэсэн баримтаар тогтоогдож байна. /хх 1-3, 14/

Хариуцагч Х.Г нь дээрх тооцоололтой маргаагүй, харин ...миний 99115538 дугаар 150,000,000 төгрөгийн үнэтэй... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй.

7.   Нэхэмжлэгч Д ХХК нь дээр дурдсан зээлийн гэрээний үүрэг нийт 116,639,017 төгрөгөөс DF51152 тоот Зээлийн гэрээ-ний 3.10, DF51152 тоот Барьцааны гэрээ-ний 4.1.2-т тус тус заасны дагуу 99115538 дугаарын харилцан тохиролцсон үнэ 80,000,000 төгрөгийг хасч, үлдэх 36,639,017 төгрөгийг хариуцагч Х.Гаас нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй.

8.   Дээрхийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05663 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус зааснаар хариуцагч Х.Г-аас 36,639,017 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...үлдээсүгэй... гэснийг ...үлдээж, хариуцагч Х.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 341,146 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 341,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.НЯМБАЗАР