| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2023/01296/И |
| Дугаар | 210/МА2023/02154 |
| Огноо | 2023-12-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2023/02154
Г.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2023/03104 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б-ийн хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Г.Б- нь 2020 оны 03 сараас хариуцагч “Б-” ХХК-ийн механик засварчны албан тушаалд томилогдон ажилласан. “Б-” ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 112 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан бөгөөд уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, Г.Б-ийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн шийдвэр болсон. Тус тушаалын агуулга ажил олгогч болон түүний захиалагчийн бизнесийн нууцлалтай мэдээллийг нууцаар авч цаашид өөр этгээдэд түгээсэн гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон боловч тухайн ноцтой зөрчил гаргасан тухай үйлдлийг тогтоосон баримт байдаггүй. Хөдөлмөрийн гэрээний 9.3.5-д заасан аль ч нөхцөл байдал бий болоогүй. Гэвч ажил олгогчийн зүгээс хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2022 онд Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажилтнуудын дунд ойлголтын зөрүү бий болж, улмаар ажил олгогчид маш их тодруулга асуулт ирж байсан тул хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажил олгогч нь цалин хөлстэй холбоотой танилцуулгыг бэлтгэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрүүдэд төслийн талбайд ажилтнуудад зориулж уулзалт хийсэн. Тус уулзалтыг эхлэхээс өмнө хуралд оролцож буй ажилтнуудад хандан ”Аливаа хэлбэрээр бичлэг хийхгүй, шаардлагатай бол дэлгэц дээрх танилцуулга мэдээллийн зургийг авч болно” гэж анхааруулсаар байхад Г.Б- нь уулзалт хийж байх үеэр нууцаар хийсэн бичлэгийг 250 гаруй хүнтэй байгууллагын албан ёсны групп биш viber группт ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн. Энэхүү үйлдэл нь бизнесийн нууц мэдээллийг нууцаар бүрдүүлж, цааш түгээсэн ноцтой ёс зүйн зөрчил байх тул хөдөлмөрийн гэрээний 9.3.5 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажил олгогч нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гүйцэтгэх захирлын 112 тоот тушаалаар Г.Б-ийг ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-ийг урьд эрхэлж байсан “Б-” ХХК-ийн Механик засварчин /механик угсрагч/-ны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч “Б-” ХХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 21,578,134,4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-ид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Б-” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Б- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Б-” ХХК-аас 336,041 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хорооны хурлын үеэр ажил олгогч талын дотоод хурлын үеийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнийг баримтжуулан, хөдөлмөрийн маргаан таслах хорооны хурлын бичлэгийг шүүхэд нотлох баримтаар гаргасан байхад хэргийг хянан шийдвэрлэхдээ тал бүрээс нь бодитой хянан шийдвэрлээгүй, нэг талыг баримтлан шийдвэр гаргасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээг авсан. Ажил олгогч нь Г.Б-ийг зөрчил гаргасантай холбоотой ярилцлага хийж, хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох арга хэмжээг хэрэгжүүлсний үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Энэ талаарх тайлбарыг шүүх хурлын үед болон холбогдох нотлох баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан байхад үндэслэлгүйгээр нотлох баримтыг буруу тайлбарлан хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймээс, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүхэлд нь шинжлэн судлаагүй бөгөөд үүсээд буй үйл баримтыг үнэн зөвөөр тогтооход шаардлагатай нотлох баримтуудыг буруу тайлбарлаж, шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нууц мэдээллийг тавьсан гэх группэд ажилчид л байдаг. Тухайн бичлэгийг Г.Б- хийгээгүй. Зөвхөн дамжуулсан. Хүлээн зөвшөөрсөн гэдэг нь дамжуулсан үйлдлээ л хүлээн зөвшөөрсөн болохоос биш тухайн бичлэгийг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Г.Б- гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн учраас гарын үсэг зурсан гэж тайлбарладаг. Гэвч Г.Б- нь тайлбарласан гэдэг үүднээс л гарын үсэг зурсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна.
4.Г.Б- нь “Б-” ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус компанид механик засварчнаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 112 дугаар тушаалаар “бизнесийн нууцлалтай мэдээллийг нууцаар авч, өөр этгээдэд түгээсэн ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэх захирлын тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 4, 13-15-р тал/
4.а.Ажилтан, ажил олгогч нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.3.5-д “нууц хадгалах тухай гэрээ хийсэн ажилтнууд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсооно” гэж заасан байх бөгөөд “Б-” ХХК нь Г.Б-ийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа хөдөлмөрийн гэрээний дээрх заалтыг үндэслэл болгосон байна.
4.б.Нэхэмжлэгч Г.Б- нь ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд хариуцагч байгууллага нь тус тушаалын хууль зүйн үндэслэлийг нотлох ёстой. Гэвч хариуцагч “Б-” ХХК нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ эргэлзээгүй баримтаар нотлоогүй гэж үзэхээр байна. Тодруулбал, нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч “Б-” ХХК-ийн цалин, хөлстэй холбоотой мэдээллийг 250 гаруй гишүүнтэй вайбер группэд нийтэлж, байгууллагын нууцыг задруулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
4.в.Нэхэмжлэгч Г.Б- нь “компанийн хурал дээр яригдсан зүйлүүдийг бусад ажилчдадаа мэдээллэж, улмаар үйлдвэрчний эвлэл байгуулан, өөрсдийн эрх ашгийг хамгаалах талаар ажилчдын группэд нийтэлснээ” хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасныг хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үйл баримт тогтоогдсон гэж үзэхгүй. Мөн байгууллагын ажилтнуудын групп дээр тавигдсан мэдээлэл нь хариуцагч “Б-” ХХК-ийн нууцад хамаарах мэдээлэл болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн мэдээлэл нь компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан байгууллагын нууцад хамаарах мэдээлэл болохыг хариуцагч байгууллага баримтаар нотлоогүй. Энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч Г.Б- нь байгууллагын нууцад хамаарах мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.
5.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Б-ийг урьд эрхэлж байсан “Б-” ХХК-ийн механик засварчны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Бьюлдинг майнтэнэнс сервисэс” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 21,578,134 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-ид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.
6.Түүнчлэн, хариуцагчийн итгэмжэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүхэлд нь шинжлэн судлаагүй гэх боловч ямар нотлох баримт зөрүүтэй байсан талаарх үндэслэлээ бичээгүйгээс гадна шүүх нотлох баримт шинжлэн судлах хуульд заасан журмыг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2023/03104 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,041 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ