Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02177

 

О.Д-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/04419 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч О.Д-ын хариуцагч О.Ц-д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс эд зүйл гаргуулах, мөн үндэслэлгүйгээр төлсөн 2,491,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:  Би 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Залуус хороолол, 48б дугаар байр 80 тоот хаягт талийгаач дүү О.Л-ын хамт амьдарч байгаад 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл уг байранд амьдраагүй. Миний бие төрсөн ахын сайхан сэтгэлээр уг байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг төрсөн дүү О.Ц-гийн нэр дээр гаргасан ба энэ үед бид хоёр аман тохиролцоо хийсэн. Би энэхүү байранд үлдээсэн өөрийн хувцас, эд зүйлээ хүлээн авах, хаана байгааг нь мэдэх зорилгоор гурван удаа очсон боловч хүн гарч ирээгүй, О.Ц-тай холбогдож чадаагүй. Хуучирч муудаагүй хувцаснуудаа 4 чемоданд хийсэн эд зүйл эд хэрэглэл, хананд өлгөсөн 30 гаруй жаазтай фото зурагнууд, харааны болон харааны бус 5 жил, дипломтой цүнхэнд байгаа онц хэрэгтэй бүх бичиг баримт, цүнх дүүрэг ном, тэмдэглэлийн 3 дэвтэр, хөвөнтэй болон хурган дотортой дээл, ил өлгөөтэй байсан шинэ костюм, цамц, хавар намрын пальто, 3 пиджак, ахуйн хэрэглээний сав суулга, шанага цагаан өнгийн хөргөгч, шинэ хуучин хоёр хивс, мөнгөн аяганууд, таваг, цөгц, хүрэн өнгийн шүүгээ, давхар өнгөтэй 3 гудас, 1 том хөнжил, ванн болон нүүр гарын шинэ алчуурнууд, 2 ширхэг плитка, цонхны торгон хөшиг, тюль, чайка оёдлын цахилгаан машин, хайрцагтай оёдлын хэрэгсэл, ванны өрөөний толь зэрэг олон тооны эд зүйлүүдийг хариуцагч О.Ц- нь хууль бусаар эзэмшиж байна. Мөн ямар ч шаардлагагүй үед өөрөө, өөртөө үйлчлүүлэхээр өмгөөлөгч н.Тунгалаг гэгчид хөлс төлөх зорилгоор надаар 2,000,000төгрөгийг төлүүлсэн бөгөөд хариуцагчийг талийгаач О.Л- ахдаа ганданд ном уншуулсан эсэхийг батлах баримт олж үзээгүй, миний тэтгэврийн данснаас суутгуулж 2,491,000 төгрөгийг авсан байсан. Түүнчлэн хариуцагч О.Ц- нь Бүтээн байгуулалт хөгжлийн сан хадгаламж зээлийн хоршооны зээлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар аав, ээжийн минь үлдээсэн нэг өрөө байрыг зарсан ба ямар ч үлдэгдэл төлбөр байхгүй гэж байсан боловч 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр миний тэтгэврийн данснаас 3,300,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хадгаламж, зээлийн хоршоо банкны өр барагдуулах албанаас хураан авсан. Иймд, миний бие орон сууцанд үлдээсэн байсан бүх эд зүйлс, хувцас бусад зүйлийг хариуцагч О.Ц-гаас гаргуулан авах, мөн үндэслэлгүйгээр төлсөн 2,491,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь надад хэд, хэдэн эд зүйлийг хүлээлгэж өгсөн боловч тодруулсан шаардлага дурдсан зүйлүүдийг өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байна гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга: Нэхэмжлэгч О.Д-ын нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан хууль зүйн шаардлагыг хангаагүй, түүнийг нотолсон баримт байхгүйгээс гадна нэхэмжлэлийг яагаад одоо гаргаж байгаа, нэхэмжлэлд дурдагдаад байгаа эд зүйл, мөнгийг хариуцагч О.Ц- яагаад, ямар үндэслэлээр төлөх ёстой талаар тодорхой тайлбар байхгүй байна. Хариуцагч О.Ц- нь нэхэмжлэгч О.Д-ын өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, мөнгө төгрөгийн өглөг, авлага огт байхгүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зарим эд зүйлийг хадгалж байсныгаа хүлээлгэн өгсөн бөгөөд талууд энэ талаар акт үйлдсэн. Нэхэмжлэлд дурдсан 2,491,000 төгрөгийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд О.Ц- нь хохирогчийн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд хууль зүйн туслалцаа авахад төлсөн зардлыг шүүхийн шийтгэх тогтоолоор О.Д-аас гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тэрхүү шийтгэх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь албадан биелүүлж нэхэмжлэгчээр төлүүлсэн юм. Гэтэл нэхэмжлэгч нь үүнийг буцаан хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 496 дугаар зүйлийн 496.1-д тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч О.Д-ын гаргасан хариуцагч О.Ц-д холбогдох хууль бус эзэмшлээс эд зүйл гаргуулах болон 2,491,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,806.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Харуицагч О.Ц- нь миний нилээд тооны хувцас, эд зүйлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүлээлгэн өгсөн нь үнэн боловч том хэмжээтэй бор ногоон өнгийн чемодан эд зүйл ерөөсөө ирээгүй. Уг чемодан дотор давхар өмсгөлтэй хөх өнгийн Японд үйлдвэрлэсэн куртка, цэнхэр өнгийн пиджак, бусад хувцас, бүтээлэг, даавуу, 25000-тын 1 боодол буюу 2,000,000 төгрөг, 10,000-тын  1 боодол буюу 1,000,000 төгрөг, 100-тын 2 боодол буюу 20,000 төгрөг, бүгд 3,020,000 төгрөг болсон. Таван мөнгөн аяга, 6 ширхэг болор стакан, 6 хундага, 6 шихрэг Орос улсын тариалангийн гутлыг дуурайлган хийсэн шилэн хундага, хоёр шилэн цэнхэр алаг таваг /шаазан/, том цагаан өнгийн чулуун аяга, хоёр газан плитка, цоо шинэ модон иштэй төмөр алх, хоёр болор, нэг шилэн үнсний сав, Англи-Монгол-Орос Монгол-Англи-Орос толь бичиг, хоёр зургийн альбом, давхар өнгөтэй гурван эсгий гудас, шар өнгийн хивс, 1 хуучин алаг хивс, том улбар шар өнгийн хатгамалтай хөнжил, даавууны хамт, цонхны торгон хөшиг, толь, угаасан зүйл хатаагч, цэнхэр бариултай гар хөрөө, будаа агшаагч, цай, хоолны халуун савнууд, ванны алчуур 3, нүүр гарны алчуур 4, ванны өрөөнд өлгөсөн толь, өлгүүр, хөргөгч, Хариуцагч:  хайрцагтай “Чайка” цахилгаан оёдлын машин, жижиг модон ширээ, зүү утасны цагаан хайрцаг, эд зүйлийн хамт, косметикний цагаан сав, газны хошуу 1, ванны өрөөнд дэвссэн том жиижг 2 дэвсгэр, болох таваг 1, нэг шилэн таваг, 6 ширхэг шаазан аяга, дөрвөлжин хэлбэртэй ханын цаг, Янжинлхам бурханы зурагтай, Үлэмжийн чанар дууны үгийг бичсэн дурсгалт зураг бүхий жааз зэргийг авч ирж өгөөгүй, үнэ хүрсэн зүйлийг О.Ц- өөрөө эзэмшиж байгаа эсхүл байраа зарахдаа хамт зарсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Тэр байранд хамт байсан хувцас эд зүйлийг өгүүлсэн атлаа үнэ хүрэх тэрчлэн онцгой хэрэгтэй зүйлүүдийг өгөхгүй байгаа нь үүнийг нотолж байна. Нэгэнт өөрт нь хэрэггүй бөгөөд миний эзэмшлийн хувцас, хундага, өгч болгосон бусад зүйлийг нь авахыг шаардах эрх нь надад, буцааж бүрэн хүлээлгэн өгөх нь О.Ц-гийн үүрэг байх ёстой. Хэдийгээр байрны ордерийг би О.Ц-гийн нэр дээр болгосон нь үнэн боловч би тэр байрыг байр орон сууцны зориулалтаар ашиглаж байсан учир О.Ц- миний зөвшөөрөлгүйгээр тэр байранд орох, миний эд зүйлийг үрэн таран хийх, байрыг түрээслэх, зарах эрх эдлэх ёсгүй байсан ба хууль зөрчсөн. О.Ц- нь өөрийнхөө гүтгэлгийг баталгаатай болгохын тулд өмгөөлөгч Буаттулгыг авч 5,000,000 төгрөгийн хөлс төлөх болсон учир жинхэнэ эсгий хэрэгтэй байсан. Юүндэнгийн Саясүхийн төрсөн эгч Должинсүрэн 3,000,000 төгрөгийг нь шууд төлж өгсөн учир надаар 2,000,000 төгрөгийг төлүүлж, талийгаач ахдаа ганданд ном уншуулсан гэх баримт байхгүй байж 2,491,000 төгрөгийг төлүүлэх саналыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасны дагуу шийтгэх тогтоолд зааснаар миний тэтгэврээс төлбөр хийлгэсэн. Хэдийгээр О.Ц- хохирогчоор тогтоогдсон боловч энэхүү 2,941,000 төгрөг нь хохирогч О.Л-ын оршуулгад зарцуулсан мөнгө биш бөгөөд О.Ц- өөрийн төлөх ёстой мөнгө. Ийм учраас 2,491,000 төгрөгийг надаар гаргуулсан нь хууль бус гэж үзэж байгаа. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурал дээр надаар ямар нэгэн тайлбар хийлгэх нь байтугай эцсийн үг ч хэлүүлэлгүй хууль зөрчсөн. Иймд эрхэм шүүгчид та бүхэн уг асуудлыг үнэнээр нь шийдвэрлэж, миний нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Аливаа гомдол, нэхэмжлэл, хүсэлт хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Нэхэмжлэлд дурдагдсан эд хөрөнгө нь тухайн үед байсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэгч гомдолдоо 3,000,000 төгрөгийн талаар дурдсан. Хариуцагч О.Ц-гаас эд хөрөнгө, мөнгө нэхэмжилж шүүхийн үйл ажиллагаанд ачаалал учруулж, хариуцагчийн сэтгэл санаа, амьдралын нөхцөл байдалд дарамт учруулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ямар хууль зүйн үндэслэлтэй талаар гомдолдоо дурдаагүй. Нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд асуудалд зөв үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч О.Д- нь хариуцагч О.Ц-д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс эд зүйл гаргуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2,491,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна.

4.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор О.Д-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс 2,491,500 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ц-д олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 41-53-р тал/  

4.а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гэмт хэрэгт холбогдохоос өмнө хариуцагч О.Ц-гийн орон сууцанд өөрийн эд зүйлүүдийг үлдээж явсныг хариуцагч нь буцааж өгөөгүй” гэх агуулгаар тайлбарласан.

4.б. О.Ц- нь О.Д-ыг хорих ял эдэлж байх хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр түүний иргэний үнэмлэх, даавуун өмд, ноосон цамц ... зэрэг 7 нэр төрлийн эд зүйлийг хорих ангийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад диплом, бичиг баримт, чемодантай хувцас ... зэрэг эд зүйлүүдийг тус тус хүлээлгэн өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 38-40, 83-р тал/

            4.в.Харин нэхэмжлэлээр шаардаж буй бор өнгийн чемодан, бусад хувцас, мөнгөн аяга, болор стакан, хундага, шилэн хундага, хөх цэнхэр өнгийн шаазан таваг, цагаан өнгийн чулуун аяга, хийн плитка, модон иштэй алх, үнсний сав, англи-орос-монгол толь бичиг, монгол-англи-орос толь бичиг, зургийн альбом, хөрөг зураг, гэрчилгээ, медаль, хүрэн өнгийн давхар хараатай нүдний шил, гудас, хивс, хөнжил, даавууны хамт, хөшиг, тюль, хувцас хатаагч, сантехникийн газов, гар хөрөө, будаа агшаагч, цай, хоолны халуун сав, ванны алчуур, нүүрний алчуур, ванны толь, хөргөгч, оёдлын машин, гутал, модон ширээ, битүү буцалгагч, плитка, индүүний ширээ, зүү, утасны хайрцаг, гоо сайхны сав, гаазны хошуу, дэвсгэр, ширдэг, болор чихрийн таваг, цайны шаазан, зургийн жааз зэрэг эд зүйл хариуцагч О.Ц-гийн эзэмшилд байгаа гэх байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

            4.г.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлын үндэслэлээ тус тус баримтаар нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч О.Д-ын хувьд дээрх эд зүйлүүд хариуцагч О.Ц-гийн хууль бус эзэмшилд байгаа гэх тайлбар гаргаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.

            4.д.Энэ тохиолдолд зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн нэр бүхий эд зүйлс хариуцагч О.Ц-гийн эзэмшилд байгаа гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

5.Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 2,491,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Тэрээр давж заалдах гомдолдоо “... эрүүгийн  хэрэгт О.Ц- нь хохирогчоор тогтоогдсон боловч энэхүү 2,941,000 төгрөг нь О.Л-ын оршуулгад зарцуулсан мөнгө биш, О.Ц-гийн төлөх ёстой мөнгө байхад надаас гаргуулсан нь хууль бус” гэжээ. Хэргийн баримтаас үзвэл шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын дагуу нэхэмжлэгч О.Д- нь хариуцагч О.Ц-д 2,491,500 төгрөг төлсөн байна.

5.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Иймд хариуцагч О.Ц-г бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үзэх хуулийн үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/04419 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 125,006 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

                                           ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ