Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 174

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Ё.Б-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д овогт Ё-ийн Б-т яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 11905003140114 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилгүй, ............. ХХК-д засварчин ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт ............ аймаг ........сум ... дугаар баг .......... хороолол ... дугаар байр ... тоотод оршин суух, одоо ................ дүүрэг ... дугаар хороо ....... байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Ё-ийн Б-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ё.Б-нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........... тоотод иргэн У.Н-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Б-мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ё.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч У.Н-ийн “Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн ... дугаар ............тоотод байдаг түрээсийн байран манай найз залуу Ё.Б-манайд байхдаа жижиг шилтэй 2, 3 архи уусан. Тэгээд согтуу гарч явна гээд байхаар нь би явуулахгүй хоноод яв гэхэд миний толгой руу цохиод тэгээд дарж унагаагаад нүүр рүү мөргөөд гар хөлнөөс базаад цээж рүү цохисон. Тухайн үед би өөрийгөө хамгаалж нүүрийг нь маажсан. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаад тайвшираад унтсан. Тэгээд хэд хоног толгой тархи өвдөөд зүгээр болохгүй байхаар нь цагдаад өргөдөл гаргасан. ... Намайг 4,5 удаа толгой руу мөргөж, орон дээр дарж унагаагаад мөргөж, гараараа толгой цээж, гар хөл рүү цохисон. ... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дугаар хуудас/

         

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1188 дугаартай:

          “1. У.Н-ийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 14 дүгээр хуудас/

         

          Ё.Б-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “ ... Тэгээд орой 22 цагийн үед оройтлоо гээд гэртээ харих гэтэл Н- намайг явуулахгүй хоночихоод яв гээд явуулахгүй байсан. Тэгэхээр нь би явна гэхэд араас куртикнээс татаад куртик ураад бид хоёр хоорондоо ноцолдож байгаад миний нүүрийг 3-4 удаа маажсан. Тэгэхээр нь би уурлаад нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод салгах гээд түлхсэн. Тэгээд би салаад явсан.

          ... Тухайн үед бид хоёр 0,5 литрийн 1 шил Ерөөл архи, 4,5 шил 0,5 литрийн Сэнгүр пиво хувааж уусан. Тухайн үед бид хоёр гайгүй согтолттой, биеэ хянах чадвартай байсан. ... Надад санал хүсэлт байхгүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

          “... Би хохирогч У.Н-тэй эвлэрч эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөг бүрэн төлж барагдуулсан тул миний хэргийг хөнгөрүүлж хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч Ё.Б-нь иргэн У.Н-тэй  маргалдан түүнийг зодож биед нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч У.Н-, шинжээчийн дүгнэлт, Ё.Б-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч У.Н- “... Миний бие эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг авсан нь үнэн болно. ...” /хэргийн 47  хуудас/ гэсэн хүсэлт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  Ё.Б-баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх хуульд зааснаар шүүгдэгч Ё.Б-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

1. Шүүгдэгч Д овогт Ё-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ё.Б-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ё.Б-торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ё.Б-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ё.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ