Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00081

 

 

“Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/04116 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан шинжээч томилох тухай тогтоол болон хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01169 дугаартай шийдвэрээр “Э-” ХХК-аас 2,993,338,141 төгрөгийг гаргуулж, “Т-” банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 11 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө болон эд хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос зээлийн төлбөрийн шаардлагыг хангуулахаар шийдвэрлэсэн. Н- нь “Э-” ХХК болон гуравдагч этгээдээр оролцож буй иргэн Д.Энхзоригт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулаагүй, албадлагын арга хэмжээнээс үүсэх үр дагаврыг тайлбарлаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд тойргийн харьяалалаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохицуулагдсан байдаг. Гэтэл “Э-” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах харьяалалыг ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 145 дугаар тойрогт тогтоосон шийдвэр гаргасан ба 149 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч тогтоосон тойргийн харьяалалыг зөрчиж, шинжээч томилох шийдвэр гаргасан. Тухайлбал, “Э-” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт харьяалальг өөрчлөх болон тойрог хооронд шилжүүлэх үндэслэл үүссэн талаар албан тушаалтны шийдвэр, холбогдох баримт байхгүй. Мөн хоёрдахь албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үйлдэх баримт бичгүүд агуулгын хувьд алдаатай. Өөрөөр хэлбэл, Н- 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-145/21418, 21419 дугаартай мэдэгдлүүдэд шинжээчийн тогтоосон үнийн 50 хувиар хоёр дахь дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, мөн сарын 23-ны өдөр анхны дуудлага худалдаа явагдах нь агуулгын зөрүүтэй, мэдэгдэх хуудас үйлдэгджээ. Дээрх үйл баримттай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэхь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтнуудад гомдол гаргасан боловч шийдвэр гүйцэтгэгчээс холбогдох ажиллагааг хуулийн хүрээнд явуулсан тухай гомдлын хариуг өгсөн болно. Иймээс хуульд заасан үндэслэлийн дагуу явагдаагүй тойргийн харьяалал зөрчиж үйлдсэн 149 тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үйлдсэн хоёр дахь дуудлага худалдаа явуулах 12/13, 12/24, 12/25 дугаартай тогтоолууд, уг тогтоолуудыг үндэслэн үйлдсэн дуудлага худалдаа явагдах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-145/21419 дугаартай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1169 дугаартай шүүгчийн захирамжаар “Э-” ХХК-аас 2,993,338,141 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т-” банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч “Э-” ХХК-ийн захирал Д.Энхзоригт 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг танилцуулж, тэмдэглэл хөтөлж, тайлбар авсан. Баянгол дүүргийн 145 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч өвчтэй байх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2 дахь хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч бүрэн эрхийнхээ хэмжээнд 149 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч И.Г-ыг томилж, гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4/46 дугаартай албан даалгавар үүрэг болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хугацаанд үргэлжлэн явсан байдаг. Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хоёрдахь албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгийг оруулахад худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 159 дүгээр зүйлийн 159.1, Шүүхийн шийдвэр гүйцэттгэх тухай хуулийн дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.2, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Экобуудай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох шинжээч томилсон тогтоол, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Н- нь “Э-” ХХК болон гуравдагч этгээдээр оролцож буй иргэн Д.Энхзоригт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулаагүй, албадлагын арга хэмжээнээс үүсэх үр дагаврыг тайлбарлаагүй, хуулиар хүлээсэн шаардлагыг ханган ажиллаагүй. “Э-” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах харьяаллыг ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 145 дугаар тойрогт тогтоосон шийдвэр гаргасан ч 149 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь тогтоосон тойргийн харьяаллыг зөрчиж, дур мэдэн өөр тойрогт албадлагын арга хэмжээ явуулж, шинжээч томилох шийдвэр гаргасан. Тухайлбал, “Э-” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт тойргийн харьяаллыг өөрчлөх болон тойрог хооронд шилжүүлэх үндэслэл үүссэн тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр, холбогдох баримт байхгүй, хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад тогтоосон тойргийн харьяаллыг зөрчсөн.

4.а.Хоёрдахь албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдээгүй, гардуулаагүй “Э-” ХХК-аас өөрт холбогдох албадлагын арга хэмжээг мэдэх, уг ажиллагаанд оролцох боломжийг хязгаарласан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үйлдэх баримт бичгүүд нь агуулгын хувьд тухайн ажиллагаанд оролцогчдод шууд ойлгогдох, шийдвэр гүйцэтгэгч өөрийн шаардлагын үндэслэлээ ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7.2-д заасан атал хариуцагч байгууллагаас хоёрдахь албадан дуудлага худалдааны үнээр анхны албадан дуудлага худалдаа явагдах тухай мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн баримт гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-145/21418, 4-145/21419 дугаартай мэдэгдлүүдэд "шинжээчийн тогтоосон үнийн 50 хувиар хоёр дахь дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, мөн сарын 23-ны өдөр анхны дуудлага худалдаа явагдах тухай” агуулгын зөрүүтэй, мэдэгдэх хуудас үйлдэгджээ. Дээрх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д заасны дагуу эрх бүхий албан тушаалтнуудад урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан ч шийдвэр гүйцэтгэгчээс холбогдох ажиллагааг хуулийн хүрээнд явуулсан тухай гомдлын хариуг өгсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч “Э-” ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан шинжээч томилох тухай тогтоол болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна.

4.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01169 дугаар шийдвэрээр “Э-” ХХК-аас 2,978,149,045.18 төгрөг гаргуулж, “Т-” банк ХХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 38-42-р тал/

4.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.

           

4.б.Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч “Т- банк” ХХК-ийн хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1071 дугаар гүйцэтгэх хуудсыг олгосон байна. /хх-ийн 36-р тал/

 

4.в.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хураах ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 43-р тал/

 

4.г.Нэхэмжлэгч “Э-” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 823 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 85-97-р тал/

 

4.д.Нэхэмжлэгч “Э-” ХХК нь шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл болон гомдолдоо “тойргийн харьяалал зөрчин ажиллагаа явуулж, шинжээч томилсон” гэж тайлбарласан.

 

4.е.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4/46 дугаар албан даалгавраар “Баянгол дүүргийн 145-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийг ковид-19 цар тахлын тусгаарлалтад байх хугацаанд тус тойргийн ... гүйцэтгэх баримт бичигт ажиллагаа гүйцэтгэхийг Баянгол дүүргийн 149-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч И.Г-т даалгасугай” гэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2 дахь хэсэгт заасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхийн хүрээнд байна. /хх-ийн 53-р тал/. Иймд 149-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч тойргийн харьяалал зөрчиж ажиллагаа явуулсан гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5.Хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагын тухайд хариуцагч байгууллага нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол үйлдэж, холбогдох мэдэгдлийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч “Э-” ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь шуудангийн дардас бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 72-р тал/.

5.а.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг тогтоосон хугацааны сүүлийн өдрийн 24 цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь хүргүүлсэнд тооцно” гэж заасан тул хариуцагч байгууллага нь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу талуудад мэдэгдсэн гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

7.Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсныг залруулах шаардлагатай. Тодруулбал, нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан ажиллагаанд гомдол гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон барьцааны зүйлийг худалдах талаар зохицуулсан хуулийн заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг залруулав.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/04116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 159 дүгээр зүйлийн 159.1, Шүүхийн шийдвэр гүйцэттгэх тухай хуулийн дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.2, 55 дугаар зүйлийн 55.7 ...” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЭНХБАЯР

                       ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ