Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 434

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1956 оны 08 сарын 25-нд төрсөн, 60 настай, Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багт оршин суух Бадгай овогт Дашзэвэгийн Баатарцогтын /РД:АП56082578/ хүсэлттэй

Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал  нэгдэлд 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Баатарцогт,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Дөлгөөн  нар оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Хүсэлт гаргагч Д.Баатарцогт шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал  нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуусталх хугацаанд малчнаар тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг  баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэрт нэр буруу бичигдсэнээс болоод ажилласан жил  тогтоолгож чадахгүй хохирход хүрээд байна. Иймд архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал  нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Д.Баатарцогт Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал  нэгдэлд 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

          - Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн  хурлын 1982 оны 07 сарын 07-ны өдрийн социалист уралдааны болзол дүгнэх тухай 47 дугаар тогтоол /Хавсралтын 2-т Баатарцогт Зуу мод бригад, олгох шагнал 500 төгрөг/,

          - Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн 1982 оны 12 сарын 19-ний өдрийн амьдралаар дорой  зарим нэг гишүүдэд  амьдралын байдлыг  харгалзан  тэтгэвэр тусламж олгох эд зүйлсийн жагсаалтын 19-д Баатарцогт үхэр 1,

          - Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн  хурлын 1983 оны 12 сарын 05-ны өдрийн ашиг шимийн тайлангаар  гарсан өр төлбөрийн тухай 41 дүгээр тогтоол /Хавсралтад: Зуу мод хэсгийн 4-т Д.Баатарцогт/,

          - Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн  хурлын 1984 оны 03 сарын 14-ний өдрийн 1983 онд зарласан социалист уралдааны зарим болзлыг дүгнэх тухай 44 дүгээр тогтоол /Хавсралтад: Зуу мод хэсгийн 4-т Д.Баатарцогт/,

          - Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын  1987 оны 07 сарын 15-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 53 дугаар тушаал /Хавсратын 38-д Д.Баатарцогт/,

          - Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн  хурлын 1988 оны 08 сарын 10-ны өдрийн зарим хүмүүсээр өр төлбөр төлүүлэх тухай 51 дүгээр тогтоол /Хавсралтын 8-д Д.Баатарцогт  хурга 3, төлөг 2/,

          - Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн  хурлын 1989 оны 10 сарын 25-ны өдрийн нэгдэлжих хөдөлгөөн ялсны 30 жилийн ойн зардлын тухай 39 дүгээр тогтоол /Хавсралтын 9-д Д.Баатарцогт баярын бичиг 1, дэвтэр 1, танилцуулга 1, дугтуй 1, цаг 1/,

          - Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн  хурлын 1990 оны 02 сарын 20-ны өдрийн шагнал олгох тухай 10 дугаар тогтоол /Хавсралтын 11-т Баатарцогт Зуун мод, шагнал 100 төгрөг/ зэрэг болно.

         

           

           Иймд хүсэлт гаргагч Д.Баатарцогтын Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                 

                                                                     ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бадгай овогт Дашзэвэгийн Баатарцогтын Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал  нэгдэлд 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар   ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Баатарцогтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     

                      

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН