Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 12

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Хохирогч Б.Эрдэнэжаргал

Хохирогчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

Иргэний нэхэмжлэгч Б.Батсайхан

Шүүгдэгч Б.Д   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас  Б   овогт  Б  ий Д  д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1837000000070 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1963 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан, ашиглалтын инженер мэргэжилтэй, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газарт хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн мэргэжилтэн ажилтай, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нисэхийн 5-2 тоотод оршин суух,   ,  Б   овогт  Б  ий Д  .

            Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч Б.Д   нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд 02-62 УНЛ улсын дугаартай “Mazda Atenza” авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д “тухайн ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна” мөн дүрмийн 23.8-д “суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 15 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөнд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” дүрмийн 13.1-д “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн” мөн дүрмийн 13.2 б-д“ урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 80-07 ХОҮ улсын дугаартай “Тоуаtа Vitz” маркийн тээврийн хэрэгсэлийг мөргөж Б.Эрдэнэжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д   мэдүүлэхдээ: “Би 2018 оны 12 сарын 14-ний өдөр ажил тараад 17 цагийн үед цэцэрлэгээс 2 ач хүүхдээ аваад гэртээ харих гээд явж байхад өмнө нэг бараан өнгийн машин явж байсан. Тэгээд би жаахан хурдтай яваад гүйцэж түрүүлэх гэтэл өмнө явсан машин дохио өгөхгүй урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд огцом тоормоз гишгэтэл 2 хүүхэд урагшаа орж ирээд нэг гараараа эргүүлээд хажуугаар нь гарах гэсэн боловч амжаагүй. Тэгээд машинаас Б.Батсайхан гарч ирсэн бусад нь машиндаа байсан. Б.Батсайханы эхнэрийг эмнэлгийн машин ирээд аваад явсан. Б.Батсайхан архи уучихсан байсан. Дохио өгөлгүй эргэсэн Б.Батсайханы ч гэсэн буруу байгаа гэж бодож байна. Цагдаа нарт хэлэхэд энэ нэг их ач холбогдолтой биш гэж хэлсэн. Хамгийн гол нь Монгол улсын иргэн үнэнч шударга байх хэрэгтэй гэрлэн дохио өгөөгүй Б.Батсайханы бас буруутай үйлдэл байсан. Би 1,030,000 төгрөгийг эрүүл мэндийн хохиролд төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрдэнэжаргал мэдүүлэхдээ: Болсон үйл явдлын талаар цагдаад мэдүүлгээ өгсөн болохоор одоо ярих зүйл байхгүй. Би одоо эгэмний хагалгаанд орох, давтан үзүүлэх шаардлагатай байгаа тул цаашид гарах хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Батсайхан мэдүүлэхдээ: Машинаа янзлуулж авах хүсэлттэй байна. Машин засуулах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогч Б.Эрдэнэжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай нөхөр Б.Батсайхан гэртээ ирсэн. Бид нар гадагшаа гараад буцаад 17 цаг 10 минутын орчимд гэр лүүгээ тор луу орох гэж байхад машин дотор тас няс гэж дуугараад хар утаа манараад зогссон. Би ой гарантаа хүүхдээ тэвэрээд арын суудал дээр сууж явсан, хүүхэд тухайн үед миний 2 хөлний завсар, суудлын завсарт унасан. Миний баруун гарын эгэм хугараад зөрсөн байсан. Би Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 12 дугаар сарын 21-нд хагалгаанд ороод ялтас тавьсан. Дахин 2019 оны 06 дугаар сард хагалгаанд орно...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.Д  ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажил тараад 1 дүгээр цэцэрлэгээс 2 ачаа аваад 02-62 УБЛ улсын дугаартай “Mazda Atenza” маркийн авто машинтай Бүрэнхайрхан уулын 4 замын уулзвар өнгөрөөд нисэхийн чиглэлд явж байхад миний урд талд 80-07 ХОҮ улсын дугаартай авто машин явж байсан. Би тэр машиныг гүйцэж түрүүлэх гээд замын эсрэг урсгал руу ороод явж байхад 80-07 ХОҮ улсын дугаартай машин гэнэт миний урдуур эсрэг урсгалд ороод ирсэн. Би тормоз гишгэхэд зүүн талын урд суудал дээр байсан 2 хүүхэд урагшаа орж ирээд би зүүн гараараа хүүхдээ бариад урд явж байсан 80-07 ХОҮ улсьн дугаартай авто машины зүүн хойд тал руу мөргөөд тэр чигээрээ түрээд автомашиныг нь эргүүлээд  асфалтан замын хойд тал руу оруулаад авто машин баруун талын хойд хаалгаараа гэрлийн шон мөргөөд зогссон байсан. Миний барьж явсан авто машин тэр чигээрээ яваад 50 метр орчим зайд замын баруун тал руу шахаад зогссон. Би машиндаа 2 ачтайгаа гурвуулаа явж байсан. 80-07 ХОҮ улсын дугаартай автомашинд 4 хүн явж байсан” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажил тараад ангийн даргын төрсөн өдөр болж байгаа гэхээр М.Энхдалайгийн гэрт ороход ганцаараа байсан. Тэднийд цай уугаад задалсан архинаас нь нэг хундага татаад тэндээс гараад өөрийн эзэмшлийн 80-07 ХОҮ улсын дугаартай автомашин жолоодоод газрын даамал Ган-Эрдэнийг Засаг даргын тамгын газраас аваад гэртээ очсон. Тэгээд эхнэр хүүхдээ аваад сумын төв орчихоод буцаад гэр лүүгээ очих гээд шүүхийн доод талын асфалтан замаар дээшээ явж байгаад зүүн гар тал руугаа эргэх дохио өгөөд эсрэг урсгал руу ороод явж байхад араас автомашин ирж мөргөөд тэр чигээр нь түрээд миний автомашин баруун хойд хаалга талаараа гэрлийн шон мөргөөд зогссон, намайг мөргөсөн 02-62 УБЛ улсын дугаартай автомашин тэр чигээрээ яваад замын урд талын ирмэг рүү шахаад зогссон. Би эргэх үйлдэл хийж байхад араас ирж автомашин мөргөөд зам тээврийн осол гаргасан. Би эргэх үйлдэл хийхдээ анхааруулах дохио өгсөн. Дохиог 50 орчим метрээс өгсөн” гэх мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч Д.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 07 дугаар сард “Булган өгөөж” ХХК-наас сумандаа хөрөнгө оруулалт болгож 50 ширхэг гэрлийг хүлээлгэн өгсөн. 1 ширхэг гэрэл 1 сая төгрөгний үнэлгээтэй. Уг гэрлийн хамгаалалт хийсэн төмөрийг БНХАУ-аас авчирч булан төмөр нийлүүлж гагнаад, будагаар будаж, цемент цутгаж суулгасан... Б.Д  аас нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ган-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажил тарахад намайг ажил дээрээс Б.Батсайхан ах өөрийн эзэмшлийн 80-07 ХОҮ улсын дугаартай автомашинтай ирж аваад бид хоёр Б.Батсахйаны гэрт очоод эхнэр хүүхдийг нь аваад сумын төвд ирээд дэлгүүр орчихоод буцаад гэрт очих гээд асфалтан замаар явж байгаад зүүн гар тал руу эргээд хашаа руу орох гэж байхад араас авто машин ирж мөргөөд миний сууж явсан машин баруун тал руу гэрлийн шон мөргөөд зогссон. Араас ирж мөргөсөн автомашин нь тэр чигээрээ бид нараас өнгөрөөд замын урд талын ирмэгт ирж зогссон. Бид автомашинд дөрөвүүлээ  явж байсан. Б.Эрдэнэжаргал эгчийн эгэмний яс хугарсан. Би зүүн талаараа шил мөргөж баруун хөлөөрөө автомашины арааг цохиж хугалсан, хөл хөхөрсөн өөр гэмтэл байхгүй“ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цэндхүүгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 463 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Б.Эрдэнэжаргалын биед гэмтэл учирсан байна.

2. Б.Эрдэнэжаргалын биед баруун талын эгэм ясны дунд 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал, хагалгааны шарх, баруун дал орчимын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Б.Эрдэнэжаргалын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Б.Эрдэнэжаргалын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Бат-Эрдэний 2019 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

“3.1. тухайн ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна

23.8. суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 15 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөнд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.

13.1. жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.

 13.2 б. урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн дүрэм зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна” гэх дүгнэлт,

  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл
  • Гэрэл зургийн үзүүлэлт
  • Машинд үзлэг хийсэн тэмдэглэл
  • Эд зүйлийн үнэлгээ
  • Амбулаториор эмчлүүлэгсдийн карт
  • Хохирлын тооцоо, хохирол төлсөн баримт

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.         

    Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

     Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Д   нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд 02-62 УНЛ улсын дугаартай “Mazda Atenza” маркийн авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д “тухайн ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна” мөн дүрмийн 23.8-д “суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 15 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөнд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” дүрмийн 13.1-д “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн” мөн дүрмийн 13.2 б-д “ урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 80-07 ХОҮ улсын дугаартай “Тоуаtа Vitz” маркийн тээврийн хэрэгсэлийг мөргөж Б.Эрдэнэжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Эрдэнэжаргал, гэрч Б.Ган-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч Б.Батсайхан, Д.Батцэцэг нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал буюу замын ослын акт, машинд үзлэг хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Бат-Эрдэний 2019 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цэндхүүгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 463 тоот шинжээчийн дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.Эрдэнэжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” болохыг ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн лавлагаагаар нотлох ёстой бөгөөд уг нотлох баримт хэрэгт авагдсан.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

Шүүгдэгч Б.Д   нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Д  д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Д  ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Эрдэнэжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба шүүгдэгч нь хохирогч 1030000 төгрөг төлсөн, хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирол болон гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Энэ тогтоолоор иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул иргэний нэхэмжлэгч Б.Батсайхан нь энэ гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.  Б   овогт  Б  ий Д  ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Д  ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Д  ыг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Д  д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

               5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д  д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

                6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

              7. Шүүгдэгч нь хохирогчид 1030.000 /нэг сая гучин мянган/ төгрөг төлсөн болохыг шийтгэх тогтоолд дурьдаж, хохирогч Б.Эрдэнэжаргал нь эрүүл мэндэд учирсан хохирол болон гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний нэхэмжлэгч Б.Батсайхан нь иргэний нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурьдсугай.

              8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

               9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Д  д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

           10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.