Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 186

 

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, хохирогчийн өмгөөлөгч Л.Нинжбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Булгантамир, Н.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/716 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ДШМ/79 дүгээр магадлалтай, Б.Б-д холбогдох 1710006420459 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1960 оны 06 дугаар сарын 26-ны өдөр **** аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор Б.Хурц бичсэн эсэргүүцэлдээ: “...Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэл нь шүүгдэгч Б.Б худалдах-худалдан авах гэрээ байгуулан автомашиныг хүлээлцэх үед эд хөрөнгийн доголдолтой байсан гэж хэлж, өөрөөсөө 2,000,000 төгрөг гарган засуулсан эсэхийг шалгах нь хэргийн зүйлчлэлд нөлөөлнө гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хохирол хор уршиг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Тухайлбал, Иргэний хуулийн 22 дугаар бүлэгт худалдах-худалдан авах арилжааны харилцааг, 254 дүгээр зүйлийн 254.1-д “худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэсэн иргэний эрх зүйн харилцааг Б.Б нь Ц.М-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон тухайн тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсны дараа буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг засч сайжруулсан төлбөрийг дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хасч тооцсоноор хэргийн зүйлчлэлд нөлөөлнө гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ДШМ/79 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Л.Нинжбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч Б.Б нь "****” ХХК-ийн захирал Ц.М-ийг ****нд амины орон сууц барина гэж хууран мэхэлж 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээ байгуулан 15,765,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг шилжүүлэн авсан, мөн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 35,000,000 төгрөгийн үнэ бүхий “****’’ маркийн автомашиныг худалдах-худалдан авах гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлж яваад ББСБ-д барьцаалан мөнгийг залилаад Ц.М-т 50,765,000 төгрөгийн хохирол учруулсан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн болох нь анхан шатны шүүхэд нотлох баримтаар бүрэн тогтоогдож зохих ял шийтгэлийг оногдуулсан.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд "... 35,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн “Тоёота Тундра" маркийн автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулан хүлээлцэх үед тухайн автомашин нь эд хөрөнгийн доголдолтой буюу эвдрэл гэмтэлтэй байсан талаар шүүгдэгч Б.Б "... тухайн үед рулийн аппарат эвдрэп гэмтэлтэй байсныг Ц.М-т хэлсэн, 2,000,000 төгрөгөөр засуулсан...” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байх тул...” гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна. Шүүгдэгч Б.Б худалдах-худалдан авах гэрээ байгуулаад 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр "Тоёота Тундра” маркийн автомашиныг "****” ХХК-иас авахдаа өөрөө ирж аваагүй, өөрийн хүү Б.Ж-аар "****” ХХК-ийн хашаанаас авхуулсан байдаг. Тэр үед “****” маркийн автомашин техникийн бүрэн бүтэн байдалтай байсан бөгөөд Б.Б-ийн хүү Б.Ж жолоодож замын хөдөлгөөнд хэвийн оролцсон. Энэ талаарх баримт хэрэгт авагдаж, бүрэн нотлогдсон бөгөөд Б.Б-ийн хүү Б.Ж шүүх хуралдаанд оролцож энэ үйл баримтыг хэрэв “****” маркийн автомашин үнэхээр эвдрэл гэмтэлтэй байсан бол “****" ББСБ барьцаанд авч Б.Б-д мөнгө зээлдэхгүй байсан юм. Автомашин барьцаалж зээл олгодог байгууллагууд барьцаалах тээврийн хэрэгсэлдээ бүрэн техникийн үзлэг хийж барьцаанд авдаг журамтай. Тийм учраас “Тоёота Тундра” маркийн автомашин огт эвдрэл гэмтэлгүй байсан гэдэгтэй маргах зүйлгүй юм.

Хохирогч С.М “Тоёота Тундра” маркийн автомашины рулийн аппарат гэмтэлтэй байгаа гэх үйл баримтыг мэдээгүй, үүнийг хүлээн зөвшөөрсөн гэх шүүгдэгч Б.Б-ийн мэдүүлэг бол гүтгэлэг, дахиад нэг үйлдэж буй залилангийн үйлдэл байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болдоггүй. Өөрөөр хэлбэл түүнийг давхар нотлох бусад нотолгооны эх сурвалжаар бэхжүүлэгдэж гэмээнэ тодорхой үйл баримтыг нотлох нотолгооны ач холбогдолтой болдог. Гэтэл шүүгдэгчийн ярьж буй үйл баримтыг түүнийг эрүүгийн хариуцлагаас зайлсхийлгэх гэсэн санаа сэдлээр төрсөн хүүгээс нь өөр хэн ч гэрчилдэггүй. Иргэний эрх зүйд эвдрэл гэмтэлтэй эд хөрөнгийг худалдан авагч нь худалдагчид буцаан өгөх, доголдлыг арилгуулахыг гомдлын шаардлага гаргадаг зохицуулалттай. Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл иргэний эрх зүйн харилцааны хэлцэл биш, зориуд санаатай, шунахайн сэдлээр үйлдэгдсэн Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэрэг бөгөөд тэрээр автомашиныг залилж авч яваад хувьдаа ашигласан үйлдэл юм. Тийм ч учраас бид энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө нь шүүгдэгчийн өмчлөлд бүрэн шилжсэний дараа иргэний эрх зүйд хамаарах эд хөрөнгийн чанарын доголдлын талаар дүгнэлт хийж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн зарчимд нийцэхгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Булгантамир хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Гэмт хэргийн хохирлыг бодитой тогтоох ёстой. Хэргийн оролцогч нар эвдрэл гарсан, гараагүй талаар ярьдаг. Давж заалдах шатны шүүх энэ асуудлыг тодруулах нь зүйтэй, хэргийн нөхцөл байдалд тохироогүй зүйлчлэл хийгдсэн гэж байгаа нь үндэслэлтэй. Автомашинд засвар үйлчилгээ хийлгэсэн тухай баримт болон гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Ж нарын асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай. Хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар энэ асуудлыг үгүйсгэдэггүй. Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхийн тулд хохирлын хэмжээ бодитой байх ёстой. Хөрөнгийг компаниас аваагүй, өөр этгээдээс авсан” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаяр хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан. 2,000,000 төгрөгийн засвар, үйлчилгээ хийсэн нь хэргийн зүйлчлэлийг өөрчлөхүйц хэмжээний буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг өөрчлөх хэмжээний асуудал учир шалгаж тогтоох ёстой” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.М-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нийт 50,765,000 төгрөгийг залилан мэхэлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Энэ талаар анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэргийн үйл баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 Харин давж заалдах шатны шүүхээс Б.Б нь худалдах-худалдан авах гэрээ байгуулан автомашиныг хүлээлцэх үед нь эд хөрөнгийн доголдолтой байсан гэж хэлж, өөрөөсөө 2,000,000 төгрөг гарган “Тоёота Тундра” маркийн автомашиныг засуулсан мөнгөн дүнг залилан мэхлэх гэмт хэргийн бодит хохирлоос хасч тооцуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн хэрэгт энэ талаар шүүдэгчээс өөр мэдүүлэг өгсөн баримтгүй байхад давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хяналтын шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

Шүүгдэгч Б.Б-ийг прокуророос **** дүүргийн **** хороо, **** барина гэж “***” ХХК-ийн захирал Ц.М-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээ байгуулан 15,765,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг, өөрийн компанийн үйл ажиллагаанд хэрэглэнэ гэж 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Тоёота Тундра” маркийн авто машиныг 35,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан өөрийн нэр дээр шилжүүлэн “****” ББСБ-д 25,000,000 төгрөгийн барьцаанд тавьж өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулж, нийт 50,765,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байвал гэмт хэрэгт тооцогддог бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал нь хэн нэгний, тухайлбал, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн ухамсраас ангид бодитойгоор оршин байдаг тул объектив шинжтэй байдаг.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

Гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй болсон явдал юм.

Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг “...хохирогч “****” ХХК-ийн захирал Ц.М-т өөрийгөө “**** дүүргийн **** хороо, ****нд амины орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа...” хэмээн газар дээр нь дагуулан очиж, барилгын зураг, төсөл үзүүлэх зэргээр итгэл төрүүлэн бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээ байгуулж хэрэгжүүлж буй барилгын төсөлдөө зарцуулна хэмээн 15,765,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг авсан, мөн өөрийн компанийн үйл ажиллагаанд хэрэглэх шаардлагатай хэмээн “Тоёото Тундра” маркийн авто машиныг 35,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “****” ББСБ-аас авсан 25,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд үлдээж, иргэд хоорондын иргэний эрх зүйн харилцааны хэлбэрээр гэрээ байгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон гэмт үйлдлээ хаацайлах зорилго агуулсан байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нараас гаргасан “гэм буруугийн талаар маргаагүй боловч хохирогчоос авсан “Тоёота Тундра” маркийн автомашины рулийн аппарат эвдрэлтэй байсан тул уг автомашинд тавьсан сэлбэгийн үнийг хохирлоос хасаж тооцуулах, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо хохирогчийн мэдүүлгээс гадна тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ, “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээний тайлан, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг харьцуулан дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй юм.

Харин давж заалдах шатны шүүх “...35,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн “Тоёота Тундра” маркийн автомашиныг худалдах-худалдан авах гэрээ байгуулан хүлээлцэх үед тухайн автомашин нь эд хөрөнгийн доголдолтой буюу эвдрэл гэмтэлтэй байсан талаар шүүгдэгч Б.Б хохирогч Ц.М-т хэлсэн, 2,000,000 төгрөгөөр засуулсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн нь үндэслэлтэй эсэхийг тогтоох нь хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөр байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэл муутай болжээ.

Шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримтууд хэрэгт нэгэнт цугласан байдлыг үндэслэн анхан шатны шүүх Б.Б-ийн гэм бурууг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байхад давж заалдах шатны шүүх гэмт хэргийн нотлогдсон байдлын хэмжээ хязгаараас хальж хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдлуудыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн нь шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгчийн гэм бурууд ямар нэгэн байдлаар нөлөөлөх шинж чанаргүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.Б-д анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг тус тус хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ДШМ/79 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/716 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг тус тус хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ                               С.БАТДЭЛГЭР

                    ШҮҮГЧ                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                          Б.ЦОГТ