Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2014/0018/З |
Дугаар | 001/ХТ2016/0050 |
Огноо | 2016-02-22 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2016/0050
“ЭЭСЖ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч О.Зандраа, Ч.Тунгалаг, Ц.Сумъяа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 675 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар магадлалтай, “ЭЭСЖ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, СБД-ийн ТХ-ийн ТУБ Б.Э, Ц.З нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн СБД-ийн ТХ-ийн ТУБ Б.Э, Ц.З нар "ЭЭСЖ" ХХК-ийн 2012 оны албан татварын ногдуулапт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 2,504,894.3 мянган төгрөгийн зөрчил илрүүлсэн гэж 246,773.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 123,262.7 мянган төгрөгийн торгууль, 106.3 мянган төгрөгийн алданги, 738.4 мянган төгрөгийн хүү, нийт 370,880.8 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан 0006856 тоот актыг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үйлдэн, тус компанид шуудангаар явуулжээ.
"ЭЭСЖ" ХХК нь 2012 онд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 48 дугаар байрыг барьж 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байх ба зохих тайланг харьяа татварын албанд хугацаанд нь тайлагнаж иржээ. 2012 оны санхүү болон тагварын тайлан мэдээнд борлуулалтын орлогоо тусгахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу үйл ажиллагааны орлогоор бүрэн тусган оруулсан байна. Харин нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасныг мөрдлөг болгосон. Ингэхдээ борлуулалт тооцох нийт 2,7 тэрбум төгрөгөөс тухайн тайлант хугацааны 2012 онд 227,7 сая төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, үлдэгдэл 2,4 тэрбум төгрөгийн борлуулалт бүрэн хийгдээгүй байсан тул эцсийн борлуулалт хийгдсэн үед нь нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцно гэж тооцоолоод тухайн дүнг бичих мөр олдохгүй байсан тул хөнгөлөлт, чөлөөлөлт гэсэн хүснэгтэд тавьсан байна.
Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу тайланг тухай бүр хүлээн авахдаа хянан шалгаж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчдийг хангаж, зөвлөгөө өгч үйлчлэх гэж заасны дагуу бодит зөвлөгөө, тайлбар өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Тус барилгыг 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн боловч 2013 оны жилийн эцэс гэхэд мөнгөө гүйцэд төлөөгүйт өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй байрууд үлдсэн байсан тул нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд эцсийн борлуулалт нь хийгдээгүй 2,4 тэрбум төгрөгөөс 1,2 тэрбум төгрөгийг нь тусган оруулжээ.
Цаашид борлуулалт хийгдсэн тухай бүрт нэмэгдсэн өртгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтын дагуу үлдэгдэл 1,2 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох борлуулалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж явах юм. Хяналт шалгалт хийх явцдаа татварьн байцаагчид тус компанийн нягтлан бодогчтой уулзаж санхүүгийн бүртгэл хөтлөлт, татварын тайлагналын талаар асууж тодруулаагүй, ямар нэгэн тайлбар аваагүй бөгөөд татварын актыг компанийн хаягаар шуудангаар илгээсэн байна.
Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд “Татварын алба, татварын улсын байцаагч энэ хуулийн 14 дүгээр зүйлийг дагаж мөрдөн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэх зарчмыг хангана”, 30 дугаар зүйлийн 30.1.5, 30.1.6-д заасан татварын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлүүдийг зөрчин актаар өр үүсгэсэн байгаа нь татварын албаны гэм буруутайг харуулж байна. Иймд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006856 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э, Ц.З нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Татвар төлөгч "ЭЭСЖ" ХХК-ийн 2012 оны татвар ногдуулалтын байдалд хяналт шалгалт хийгээд актаар нийт 369,968.5 төгрөг төлбөр ногдуулсан. Монгол Улсад татвар төлөгч нь өөрөө татвараа тодорхойлж тайлагнах хууль зүйн орчинтой. Татварын улсын байцаагч нэг талаар татвар ногдуулалт, төлөлтийн хяналт шалгалт хийхээс бусад үйл ажиллагаа хийхийг хуулиар хориглодог. Тийм учраас татвар төлөгч өөрөө сайн дураараа тодорхойлж тайлагнасан тайлан, тооцооллыг бид шалгаж хүлээж авахаас биш тухайн татвар төлөгчийн тодорхойлсон тайлангаа ингэж өөрчил гэж зааварчилгаа өгөхийг хуулиар хориглосон.
Уг компани нь Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны борлуулалт болох үндсэн үйл ажиллагааны 2,483,512.6 төгрөгийн орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д тусган Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх орлогын заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайлагнаагүй зөрчилд нь хариуцлага хүлээлгэсэн. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д зааснаар "худалдах зориулалттай шинээр баригдсан орон сууцны байр, түүний хэсэгт 13.1.8 буюу Нэмэгдсэн өртгийн албан татзараас чөлөөлөх зохицуулалт үйлчлэхгүй" гэсэн байгаа.
Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар гүйцэтгэсэн ажил үйлчилгээ гэсэн заалтыг тус тус зөрчсөн учир акт тогтоосон байгаа.
Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д зааснаар ашиглалтанд хулээлгэж өгөөгүй барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтанд хүлээж аваагүй барилга байгууламжийг цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно гэсэн заалт байгаа. Гэтэл уг 77 айлын орон сууцны 73 айл, оршин суугчид орсон, 2011 оны 7 дугаар сараас цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар хангаад төлбөрөө төлөөд явж байсан, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлсөн байсан. 2012 онд Улсын комисст материалаа өгсөн. Онцгой байдлын газар барилгыг хүлээж авах боломжгүй гээд улсын комиссын актыг хүлээгээд байсан болохоос аль хэдийн айлууд нь орчихсон, ус дулааны төлбөрөө төлөөд явж байсан. Улсын комисст 71 айлаар хүлээлгэн өгсөн тул 2012 онд 100 хувь орсон байсан гэж үзсэн. Дээрх байдлаас харахад ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй барилга гэж үзэх үндэслэлгүй юм. Хэдийгээр улсын комиссын акт гараагүй ч борлуулалт хийгдсэн, борлуулалтын орлогоо аж ахуйн нэгжийн орлогын тайланд орлогоор тусгаад тайлагнасан ч нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа чөлөөлөх хэсэгт буруу тусгасан.
Мөн Татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 5.1.8-д орон сууцны зориулалтаар ашиглаж байгаагаас бусад шинээр барьсан орон сууцны зориулалттай байр буюу түүний хэсэг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй гэсэн байгаа.
2012 онд захирлын орон сууцанд засвар хийсэн 21,381.700 төгрөгийн хувийн хэрэглээний зардлыг аж ахуйн нэгжийнхээ бараа материалын зардалд тусгаад татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилтэй тул Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5-д заасныг зөрчсөн гэж үзээд акт ногдуулсан. Хэрвээ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамаарна гэвэл татварын хяналт шалгалтаар илрээгүй, татвар төлөгч сайн дурын үндсэн дээр нуусан орлогоо нэмж мэдүүлэх ёстой байгаа. Гэтэл эднийх тайлагнах ёсгүй хувийн хэрэглээний зардлаа аж ахуйн нэгжийн зардал гэж буруу тайлагнасан байгаа. Тэгэхээр үүнийг нуусан орлого гэж үзэхгүй тул энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 675 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 13 дугаар зүйлийн 13.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан "Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006856 тоот актыг хүчингүй болгуулах" тухай "ЭЭСЖ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 675 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2012 оны санхүү болон татварын тайлан мэдээнд борлуулалтын орлогоо тусгахдаа ААНОАТТХ-ийн дагуу үйл ажиллагааны орлогоор бүрэн тусган оруулсан байна. Харин НӨАТ-ын тайландаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т "Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна" гэж заасныг мөрдлөг болгожээ.
ҮТЕГ-ын даргын 2006 оны 236 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал"-ын 4.2.2-т: "Барилга угсралтын үйл ажиллагаанд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын эцсийн борлуулалтад тооцон ногдуулна" гэж заагаад "Жишээ: Барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг НӨАТ төлөгч Т компани 128 айлын орон сууцны зориулалттай барилгыг 2007 оны 4-р сард барьж эхэлсэн бөгөөд уг барилгыг 2008 оны 6-р сард ашиглалтад оруулж, бүх байрыг зарсан бол НӨАТ-ын ногдуулалт болон хасалтыг эцсийн борлуулалт хийгдсэн 2008 оны 6-р сард хийнэ" гэж тайлбарлажээ. Гэтэл хариуцагчийн тайлбарт "77 айлын орон сууцнаас 73 нь зарагдсан, 4 байр л үлдсэн байсан. Өөрсдийнх нь байр гэж байсан. Улсын комисст 71 айлаар хүлээлгэн өгсөн тул 2012 онд 100 хувь орсон байсан гэж үзсэн. Дээрх байдлаас харахад ашиглалтад хүлээлгэж өгөөгүй барилга гэж үзэх үндэслэлгүй юм. Хэдийгээр улсын комиссын акт гараагүй ч борлуулалт хийгдсэн, борлуулалтын орлогоо аж ахуйн нэгжийн орлогын тайланд орлогоор тусгаад тайлагнасан ч НӨАТ-ын тайландаа чөлөөлөх хэсэгт буруу тусгасан" гэж бичжээ. Энд, бүх байр зарагдаж дуусаагүй, 4 байр чухам хэнийх гэдэг нь баримтаар нотлогдоогүй, улсын комиссын акт гарч ашиглалтад хүлээж аваагүй байхад татварын байцаагчид өөрийн үзэмжээр ашиглалтад авсанд тооцсон байх юм.
Иймд борлуулалт тооцох нийт 2,7 тэрбум төгрөгөөс тухайн тайлант хугацааны 2012 онд 227,7 сая төгрөгт НӨАТ ногдуулж, үлдэгдэл 2,4 тэрбум төгрөгийн борлуулалт бүрэн хийгдээгүй байсан тул эцсийн борлуулалт хийгдсэн үед нь НӨАТ тооцно гэж тооцоолоод, НӨАТ-ын тайлангийн маягтад тухайн дүнг бичих мөр олдохгүй байсан тул "хөнгөлөлт, чөлөөлөлт" гэсэн хүснэгтэд тавьсан байна. Өмнө хэрэглэгдэж байсан маягтуудад "Дуусаагүй үйлдвэрлэл" гэсэн мөр байдаг байхад хаана тусгах нь тодорхой байдаг байсан.
Тус барилгыг 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн боловч 2013 оны жилийн эцэс гэхэд мөнгөө гүйцэд төлөөгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ нь хараахан гараагүй байрууд бас л үлдсэн байсан тул НӨАТ-ын тайланд эцсийн борлуулалт нь хийгдээгүй 2,4 тэрбум төгрөгөөс 1,2 тэрбум төгрөгийг нь тусган оруулжээ. Цаашид борлуулалт хийгдсэн тухай бүрт НӨАТ-ын тухай хуулийн 8.1.2 дахь заалтын дагуу үлдэгдэл 1,2 тэрбум төгрөгийн НӨАТ тооцох борлуулалтыг НӨАТ-ын тайландаа тусгаж явах юм.
Хяналт шалгалт хийх явцдаа татварын байцаагчид тус компанийн нягтлан бодогчтой уулзаж санхүүгийн бүртгэл хөтлөлт, татварын тайлагналын талаар асууж тодруулаагүй, ямар нэгэн тайлбар аваагүй бөгөөд татварын актыг компанийн хаягаар шуудангаар илгээсэн байна.
Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, 30.1.6-д заасан татварын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлүүдийг зөрчин актаар өр үүсгэсэн байгаа. Акт 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тавигдсан бөгөөд 2013 оны санхүүгийн жил дуусах үед хүчин төгөлдөр болоогүй байсан. Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу тайланг хүлээн авахдаа хянан шалгаж авсан. Гэтэл одоо "ЭЭСЖ" ХХК-ийн хувьд 2013 оны НӨАТ-ын тайлангаарх өрөө төлж явтал хяналт шалгалтаар тавигдсан актаар
өрийг төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн нь татварын давхар өрөнд оруулаад байна.
УИХ-аас 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус батлан гаргасан нь татварын шинэ орчинд татвар төлөгчид нэг ижил шинэ гарааны цэгээс ажиллаж эхлэх ёстой гэсэн зарчмын хэрэгжилт билээ. Гэхдээ эдгээр хууль нь орлогоо санаатайгаар нуусан, бууруулж худал мэдүүлснээ хүлээн зөвшөөрсөн этгээдэд хамаараад, харин татварын шалгалтын дүнгээр акт тавигдаж, түүнийг эс зөвшөөрч гэм буруугаа шүүхээр тогтоолгохоор маргаж буй этгээдийн хувьд зохицуулалтгүй орхигдсон байна. Улмаар өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн Татварын маргаан таслах зөвлөлүүд татварын актуудын зөвхөн хүү, торгууль, алдангийг хасч шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай юм. Дурдсан 2 хуулийг хэрэглэхдээ татвар төлөгчдийг ялгаварлаж, тэр тусмаа захиргааны хэргийн шүүхээр эрхээ хамгаалуулахаар хандсан татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулах ёсгүй билээ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаантай харилцааг зохицуулсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
“ЭЭСЖ” ХХК-ийн 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчдын хийсэн шалгалтаар нийт 2,504,894.3 мянган төгрөгийн зөрчилд 246,773.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 123,262.7 мянган төгрөгийн торгууль, 738.4 мянган төгрөгийн хүү, 106.3 мянган төгрөгийн алданги бүгд 370,880.8 мянган төгрөгийн төлбөр ногдуулж, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 0006856 дугаар акт үйлджээ.
Маргаан бүхий актаар ногдуулсан төлбөр нь “ЭЭСЖ” ХХК-ийн захирлын хувийн орон сууцны засварт зарцуулсан 21,381.7 мянган төгрөгийн зардлыг аж ахуйн нэгжийн зардалд тусгаж татвар ногдуулах орлогыг бууруулсан, тус компанийн шинээр ашиглалтад оруулж, борлуулсан орон сууцны борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд бүрэн тусгаагүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар зохицуулсан тухайн татвараас чөлөөлөх орлогыг буруу тодорхойлж, татвар төлөөгүй зэрэг зөрчлүүдэд хамааралтай байна.
Нэхэмжлэгч нь: “... хувийн орон сууцны засварт зарцуулсан зардалтай холбоотой төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулж, чөлөөлөх нь зүйтэй ...”, “... бүх байр зарагдаж дуусаагүй, ... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар эцсийн борлуулалтад албан татвар ногдуулна ...” гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар маргажээ.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилтод тодорхойлсноор уг хууль нь зөвхөн нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг энэ хуульд заасан хугацаанд тайлагнасан харилцаанд хамааралтай, нэхэмжлэгчийн хувьд өөрөө нуун дарагдуулсан орлогоо ил тод болгоогүй, харин хариуцагч байгууллагаас хяналт шалгалтын хүрээнд илрүүлсэн байх тул дээрх төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой, зөв дүгнэсэн байна.
Үүнээс гадна Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 209/2013 дугаар актад “ЭЭСЖ” ХХК нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хорооллын нутагт 71 айлын орон сууцыг 2010 оны 9 дүгээр сараас барьж эхлэн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр барьж дуусгасан, уг барилга байгууламжийг орон сууц, гаражийн зориулалтаар хүлээн авахаар шийдвэрлэснийг дурджээ.
Татварын улсын байцаагчид “ЭЭСЖ” ХХК-ийн анхан шатны баримтыг бүрэн шалгасан, нэгдсэн журмаар 48 дугаар байрны 77 айлын худалдан авах гэрээ байсан, байр ашиглалтад орж айлууд орсныг газар дээр нь очиж үзсэн, айл өрхүүд орон сууцандаа амьдарч хэрэглээний зардлаа төлж байсан зэрэг нь ХААН банкны депозит дансны хуулгаас тогтоогдож байгаа хэмээн тайлбарласныг нэхэмжлэгч нь "... байр бүрэн зарагдаагүй, зарагдаагүй гэх 4 байр хэнийх гэдэг нь тогтоогдоогүй, улсын комиссын акт гарч, ашиглалтад хүлээж аваагүй байхад ашиглалтад авсанд тооцсон ...” гэх зэргээр үгүйсгэснийг хүлээн авах боломжгүй.
Учир нь, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “борлуулалт гэдэг нь барааг бусдын өмчлөлд төлбөртэйгөөр шилжүүлэхийг хэлнэ” хэмээн заажээ.
Иймд, барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол “эцсийн борлуулалтад” нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар заасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь зохицуулалт нь тухайн барилгыг улсын комисс хүлээн авсан хугацаанаас хамааралгүйгээр “борлуулалт хийгдсэн”-ээр хэрэгжих бөгөөд энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь” гэж мөнгө хүлээн авсан эсвэл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг хэлнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх”, 4.1.2-т “санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө” гэж тус тус заасантай нийцнэ.
Иймээс нэхэмжлэгч “ЭЭСЖ” ХХК нь орон сууцны борлуулалтын нийт 2.7 тэрбум төгрөгийн орлогоо хүлээн зөвшөөрч байгаа атлаа 2.4 тэрбум төгрөгийн орлогыг “чөлөөлөгдөх орлого”-д тайлагнаж, барилга угсралтын ажлын эцсийн борлуулалтад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах тухай Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалт болон “13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “Худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэг нь тухайн албан татвараас чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчиж, татвар төлөөгүй буруутай тул улсын байцаагчийн актаар хариуцлага хүлээлгэж, төлбөр ногдуулсан нь зөв байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
Харин “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдсанаар татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй зарчмыг баримтлан маргаан бүхий актаар торгууль, хүү, алдангид тооцсон нийт 124,104.4 мянган төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, зөвхөн 246,773.4 мянган төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 675 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.2, “13 дугаар зүйлийн 13.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т тус тус заасныг баримтлан СБД-ийн ТХ-ийн ТУБ-ийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006856 дугаар актаар ногдуулсан 123,262.7 мянган төгрөгийн торгууль, 738.4 мянган төгрөгийн хүү, 106.3 мянган төгрөгийн алданги нийт 124,104.4 мянган төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, нийт төлбөрийн хэмжээг 246,773.4 мянган төгрөг болгож багасгасугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ