Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00395

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 04-01 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, ОЭ63082406 регистрийн дугаартай, Борлууд овогтой Цээпилийн Дулмаагийн,

         Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Дулмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Ц.Дулмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1963 онд төрсөн, 53 настай. 1980-1983 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникумыг малын бага эмчээр төгсөөд, 1983 оны 7 дугаар сарын 20-нд Увс аймгийн Малчин суманд малын бага эмчээр ажиллаж байгаад 1986 оны 7 дугаар сарын 10-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн станцид малын бага эмчээр ажиллаж байгаад 1991 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаангом суманд малын бага эмчээр ажиллаж, 1997 онд Мал эмнэлгийн тасаг хувьчлагдаж ажлаас чөлөөлөгдсөн. 1991 оноос 1995 он хүртэл Улаангом суманд малын бага эмчээр ажиллаж байсан, чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ц.Дулмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникумаас 1983 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Цээпилийн Дулмаад олгосон, 034865 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: “... 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Малчин сумын малын бага эмчээр, 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн станцид бага эмчээр, 1991 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Улаангом сумын Мал эмнэлгийн тасагт аптекийн эрхлэгч, бага эмчээр” тус тус ажилласан гэсэн тэмдэглэл хийгдсэн, тамга бүрэн дарагдсан байна.

            Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 1993 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дүгээр “Багт малын эмч томилох тухай” захирамжид: “1.Аймгийн мал эмнэлгийн газрын даргын 1993 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот шийдвэрээр шилжин ирсэн малын эмч, мал зүйч нарыг 1993 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн багуудад томилон ажиллуулсугай. ... Ж.Аптекийн эрхлэгч, бага эмчээр Ц.Дулмаа. ... Засаг дарга П.Самдан” гэжээ.

            Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 175 дугаартай лавлагаанд: “Увс аймгийн Мал эмнэлгийн 1993-1994 оны цалингийн баримтыг шүүн үзэхэд Цээпил овогтой Дулмаагийн цалингийн баримт гараагүй нь үнэн” гэсэн байх ба мөн тасгийн цалингийн тодорхойлолтод: Улаангом сумын Мал эмнэлгийн малын эмч Ц.Дулмаагийн 1991 оны 6 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

            Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Насанжаргал, Б.Жаргалсайхан нарыг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба гэрч Д.Насанжаргал: “Би 1967 оноос эхлэн Увс аймгийн Улаангом сумын Мал эмнэлэгийн тасагт малын бага эмчээр 1997 оныг хүртэл ажиллаж байсан. 1997 онд Увс аймгийн Мал эмнэлэг нь хувьчлагдсан. Ц.Дулмаа нь намайг 1990 онд Тариалан сумын Туяа нэгдлийн малын эмчээр ажиллаж байгаад Улаангом сумын Мал эмнэлэгт бага эмчээр ажиллаж эхэлхэд малын бага эмч, апкекийн эрхлэгчээр ажиллаж байсан. 1997 онд Мал эмнэлэг хувьчлагахад би Ц.Дулмаад ажлаа хүлээлгэн өгч байсан. Ц.Дулмаа нь одоо ч хувьдаа малын эмийн сан ажиллуулж байгаа. Увс аймгийн Улаангом сумын Мал эмнэлэгийн тасгийн эрхлэгч их эмчээр н.Цэдэв, н.Эрдэнэ гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Жаргалсайхан: “Увс аймгийн Улаангом сумын Мал эмнэлэгийн тасагт Ц.Дулмаа нь ажиллаж байхад би 1994 онд Тэс сумаас шилжин ирж малын бага эмчээр ажилд орж ажиллаж байсан. Тэр үеэс хойш Ц.Дулмаа бид хоёр одоог хүртэл тус тусдаа хувийн мал эмнэлэг байгуулан ажиллаж байна. Ц.Дулмааг би сайн мэднэ. Ц.Дулмаа нь Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн Хөдөө аж ахуйн техникум төгсөж ирээд Малчин сумын малын бага эмчээр ажиллаж байгаад Улаангомд шилжин ирж ажилласан юм. Увс аймгийн Мал эмнэлэг 1997 онд хувьчлагдсан. Увс аймгийн Мал эмнэлэгийн тасгийн эрхлэгч их эмчээр н.Цэдэв, н.Эрдэнэ гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлгийг тус тус өгсөн ба гэрчүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтууд тус тус хэрэгт авагджээ.

            Иймд нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Дулмаагийн 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Малчин сумын малын бага эмчээр, 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн станцид малын бага эмчээр, 1991 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын Мал эмнэлгийн тасагт аптекийн эрхлэгч, бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Дулмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борлууд овогтой Цээпилийн Дулмаагийн 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Малчин сумын малын бага эмчээр, 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн станцид малын бага эмчээр, 1991 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын Мал эмнэлгийн тасагт аптекийн эрхлэгч, бага эмчээр, нийт 14 /арван дөрөв/ жил 2 /хоёр/ сар 2 /хоёр/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Дулмаагийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА