Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 192

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Л-ын Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805061730064 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ................ дүүргийн ... дугаар хороо .............гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, ................ дүүрэг ... дугаар хороо .....................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Л-ын Б-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тааз зочид буудлын орчим иргэн Б.Б-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:                                                                                                                                                              

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Б.Б-гийн “Би 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Тааз зочид буудлын урд талд байрлах Рич гэдэг зочид буудалд Сондроо, Батнандин эгч нарын хамт 20 цагийн орчим орсон. Уг буудалд ороод хоёр эгч хоол идчихээд амарсан бөгөөд би гадагш гарч нэг шил архи аваад буцаад буудал руу ороод нөгөө хоёр эгчтэй уг архиа хуваан уугаад унтаж амарсан. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр уг буудалдаа бүтэн өнжсөн бөгөөд оройны 18 цагийн орчим сэрээд юм идэж бас үргэлжлүүлэн архи уусан. Тэгтэл 22 цагийн орчим гаднаас манай найз Гантулга нэг найзынхаа хамтаар орж ирэхэд буудлын угтагч эмэгтэй хүний тоо хэтэрчихлээ гар гэхээр нь бид нар бүгд уг буудлаас гарсан. Гараад салхинд цохиулаад юу болсоноо санахгүй байгаа юм. Хамт байсан найз нараасаа дараа нь сонсоход Сондороо Батнандин хоёр надаас карт аваад АТМ-с мөнгө авсан байсан бөгөөд Гантулга найзтайгаа бас юм яриад зогсож байтал Сондороо эгчийн найз Отгоо “та нар хүн зодуулж байхад очоод салгаачээ” гэсэн. Тэгээд тэр Отгоо нь хүрч ирээд миний дээр гарчихсан намайг зодож байсан залууг түлхэж намайг босготол нөгөө залуу такси бариад зугтаад явсан гэсэн. Харин тэр оройноо Гантулга надтай хамт тус хэлтэс дээр ирж миний өмнөөс гомдол гаргасан байсан. ... Отгоогийн дугаарыг Сондороо эгч мэднэ. Би тэр залууг танихгүй, одоо хараад ч танихгүй. Миний хамар хугарсан, тархи доргисон, 3 шүд сулраад нэг шүд унасан. Хамрын дор шархалсан. Дээд уруул язарсан. Доод уруул дотор талдаа хөхөрсөн. Хоёр нүдний зовхи хөхөрсөн. Бас духнаас доод эрүүл хүртлээ зулгарсан байсан. ... Одоогоор надаас баримттай 1.300.000 төгрөгийн зардал гарсан байгаа. Шүднүүдээ хийлгэхэд бас нэлээд хэмжээний мөнгө орох байх. Би буруутай этгээдээс 15.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/

 

          Гэрч Г.Отгонлхагвын “ ... Тэр дунд Баярхүү нэлээд согтсон, хүн болгон руу агсраад орилоод байсан. Тэгтэл Тайжаа гэдэг шаг зардаг залуу нэг залуугийн хамт хүрч ирээд тэр хамт байсан залуу нь “чи ямар онгироо бацаан бэ” гэснээ замын дунд нүүр рүү нь цохиод унагаачихсан. Тэгээд газар унасан хойно нь дээр нь гарч суучихаад хоёр гараараа ээлжлээд нүүр рүү нь цохиод байхаар нь би очиж салгасан. Тэгээд эргээд хартал нөгөө цохисон залуу байхгүй болчихсон байсан. Тэгээд тэр үед хамт байсан Дүүрээ гэх эмэгтэй хамт Баярхүүг босгоод замын хажуу руу гаргасан. ... Баярхүүгийн хамар нь лав хугарсан юм шиг хавдаад далийчихсан. Хамар амнаас нь зэрэг их хэмжээний цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээ Үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14307 дугаартай:

          “1. Б.Б--н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт хамрын дор шарх, баруун доод үүдэн 1-р шүдний булгаралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, хоёр зовхинд цус хуралт, нүүдэн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон  гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 5% нөлөөлнө” гэсэн дүгнэлт. /хэргийн 16 дугаар хуудас/

 

          Л.Б-ын сэжигтнээр өгсөн “... намайг хажуугаар нь гарахад нэг нь хөөе чи муу яагаад байгаа юм бэ гээд шалдлаад байсан согтуу залуу дайрсан. Тэгэхээр нь би түүнийг намайг цохих гэж байна гэж бодоод түүнийг хальт цохиж тэнцвэр алдаад дээрээс нь унахад нэг эмэгтэй болиочээ гээд орилоод намайг татаж босгоод би тэндээс явахад нөгөө залуу бахираад үлдсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/

          яллагдагчаар өгсөн “... Би тэр хүний эмчилгээний зардлыг нөхөн төлөхөд татгалзах зүйл байхгүй. ... Би  согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас буруу зүйл хийж бусдын биед халдан эрүүл мэндэд нь гэмт учруулсандаа маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч Л.Б- нь иргэн Б.Б-тэй маргалдан түүнийг зодож биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт хамрын дор шарх, баруун доод үүдэн 1-р шүдний булгаралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, хоёр зовхинд цус хуралт, нүүдэн зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Б.Б-, гэрч Г.Отгонлхагва, Б.Гантулга, шинжээчийн дүгнэлт, Л.Б-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт “15.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх боловч энэ талаар ямар ч нотлох баримт хэрэг цуглараагүй тул хохирол, хор уршигийг тооцох боломжгүй байна.

Харин хохирогч Б.Б- нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

 

Хохирогчийг шүүх хуралдаан оролцох эсэх талаар 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  Б.Болдбаяр баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүх шүүгдэгч Б.Болдбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

1. Шүүгдэгч Б овогт Л-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Л.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Л.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Б.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ