Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 195

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Ч.А- түүний өмгөөлөгч Х.Шинэцэцэг, О.Цэрэнпунцаг,

гэрч Ө.Б-нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар  С овогт Ч-н А-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805019780131 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү менежментийн мэргэжилтэй, ...................... ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, .............. дүүргийн ... дугаар хороо ..............тоотод оршин суух хаягтай, урьд 2016 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэнийг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, С овогт Ч-н А-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.А- нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. байрны ... тоот гэртээ иргэн Л.Т-тай “манай эхнэртэй хувийн харилцаанд орсон” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан буцалсан ус нуруун дээр нь асгаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А-  мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлосон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Л.Т-ын “2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би ... аймгийн ... сумын ... төвийн доод талын фитнес заалнаас гарах гэж байгаад миний таних Баярбаясгалангийн найз Ч.А- цүнх үүрчихсэн орж ирсэн. Тэгээд бид хэд хоорондоо мэндлээд гар бариад байж байтал манай найз Баярбаясгаланг А- дагуулаад фитнес заалны амралтын өрөөнд орсон. Тэгээд тэр хоёр уулзаад 5-10 минут болоод өрөөнөөс гарч ирсэн. Тэгээд бид нар гарч спорт заал руу явж зааланд тоглох гэж байсан. А- надад өмсөх пүүз байхгүй гээд намайг Мөнх-Эрдэнэтэй хамт гурвуулаа яваад ирье гээд гарцгаатал 999 төвийн  фитнесийн заалны шатыг өгсөж гараад тойроод явтал Сүрэнхүү намайг араас Баярбаясгалан дуудаж байна гэсэн. Тэгэхээр нь би яг шатаар уруудаад орох гэж байхад А- намайг араас дуудаад хүлээж бай муу лалар минь гэсэн.

 ... Фитнес зааланд ороод Баярбаясгалантай би А- яачихсан юм бэ, эхнэр нь над руу хандарснаас болж энэ ингэж байгаа юм болов уу гэтэл Баярбаясгалан надад юм хэлэлгүй гадагшаа гарсан.

 ... А- намайг чи Улаанбаатар хотод манай гэрт хүрээд ир би чамайг хэр их гэмшиж байгааг чинь харъя гэхээр нь би 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод очиж А-той утсаар яритал намайг өөрийн гэртээ дуудсан. Тэгээд би тэдний гэр болох Улаанбаатар хотын ............ дүүргийн ... дүгээр хорооны нутаг ... дугаар хороолол ............. голын байрны ... давхар тоотыг нь санахгүй байна, голын хаалга руу ортол А- цүнхээ тайл, куртикээ тайл дээшээ суу гэхээр нь би суусан. Тэгтэл надад идээ өгөөд эхнэр Б-нь цай хийж өгч байгаад миний баруун талыг гуян дээр асгасан. Тэгээд би яаая гээд чанга орилтол А- сүртэй гөлөг вэ, яагаад миний гэрт орж ирчихээд орилоод байгаа лалар вэ гэсэн. Тэгээд А- миний урд хутга авч ирээд ширээн дээр тавиад бүх зүйлийг ярь гэхээр нь өөрийг нь явсан өдрөөс авхуулаад эхнэртэй нь уулзсан гээд ярьж байтал хотод ирээд Б-надад бүх зүйлийг ярьсан, одоо би чамаас сонсъё гэхээр нь би болсон явдлыг хэлсэн. Түүний эхнэр Б-тэй ямар байрлалаар яаж секс хийсэн. Хэд тавьсан талаараа хэлсэн. Тэгтэл А- ширээн дээр байсан цэнхэр иштэй хутга бариад над дээр ирээд би чамайг яах вэ гэж асуухаар нь би А-оос уучлаарай чи намайг зүгээр алчих гэсэн. Би чамсаас яаж уучлалт гуйхаа мэдэхгүй байна гэтэл А- чи үхэж чадах уу гэхээр нь би дугараагүй юм. Тэгтэл миний нүүрэн хэсэг өшиглөөд цаашаа хэд алхаж байгаад буцаж ирээд 1 удаа нүүр рүү өшиглөсөн. Тэгтэл миний хамар амнаас цус гоожсон. А- 00-ын цаас, түмпэнтэй ус авч ирээд шалан дээр битгий цус дусаа гээд миний урд тавьсан. Цусаа тогтоож байх хооронд би чамайг ........... очиж зодсон өдөр хүн салгаагүй бол үхтэл чинь зодох байсан гэж байсан. ...Би 1 сарын өмнө Б-ийг чамтай унтсан гэдийг мэдээд зодсон. Би түүнээс хойш 1 сар хичээлээ хийж байхдаа дандаа энэ талаар боддог.

... А- надад хандаж би чамайг хашираана гэж хэлсэнээ хутгаа бариад бачуурч орилоод намайг хувцсаа тайлахыг шаардсан. Би тэгэхээр нь хувцсаа тайлахгүй бол сэтгэл санаагаар уначихсан хүн хутгалчихаж магадгүй ч юм уу гэж бодоод бүх хувцсаа тайлсан. Би тухайн үед намайг хутгалахгүй гэж мэдэж байсан. Гэхдээ л хутгалж магадгүй гэж бодсон. Би бодохдоо намайг ингэж айлгаж сүрдүүлж байгаад гаргана гэж  ойлгоод ямарч хувцас үлдээгээгүй тайлсан. Намайг А- газарт доош харуулж хэвтүүлээд Б-ийг дуудаж нөгөө өрөөнөөс гаргаж ирсэн. Тухайн үед би Б-ийн нүдэн дээр намайг хутгалж алах нээ гэж бодоод хойшоогоо эргээд хартал ус буцалгагчийг Ч.А- Б-д бариулчихсан, одоо чи сонго гээд хэлтэл Б-миний нуруу руу усыг хийх гүйгээр харж зогссон юм. Тэгтэл А- намайг бостол тэр ус буцалгагчтай усыг миний нуруун хэсэг рүү цацаж Б-э гээд орилж бархираад байсан.

... Түлэгдэлтийн өвдөлт нь их байсан. А- Булгааг зүсэж байхад одоо болно гэж хэлсэн. Дараа нь нэг удаа ус буцалгаж байдаа тэр хоёр өөр өрөөнд хамт орж юм ярилцаж байгаад гарч ирээд одоо би чамайг 18 цаг гэж гэрээсээ явуулна гэж хэлсэн. Тэгэхэд би ханын цаг руу харахад 17 цаг болж байсан шиг санагдаж байна. Дахиж А- ус буцалгагчинд ус хийгээд буцалгаж Б-д наад усаа цац чи хаана, хаана нь яаж ус цацахаа мэдэж байгаа биз дээ гэтэл Б-над руу тэр усыг цацаагүй. А- уурандаа тэр усаа өөрөө аваад миний нуруу руу дахин цацтал би эсэргүүцэл  үзүүлж чанга орилтол А- одоо л болж байна, чи одоо минйи эхнэртэй унтвал яахаа хар гээд орилоод байсан.

... Тэгтэл А- та хоёр нэг нэгэндээ хайртай юм уу ингээд дуусгая би та хоёрыг тайван орхиод салаад өгье гэж чанга орилоод миний толгойн ар хэсгээс халуун усыг урсгаж нүцгэн биен дээр хийж намайг түлсэн. Тэр ус буцалгагчны ус нь дундуур байсан болохоор хурдан дууссан. Тэгээд А- цаг харсанаа за за одоо дуусч байна гээд надаар шалан дээр дуссан байсан цусыг цэвэрлүүлээд эхнэр Б-эр хивсэн дээр байсан усыг арчуулсан. Би чамайг алахгүй ээ, угаасаа би хүн алж чадахгүй, одоо хурдан гар гэхээр нь би гараад явсан. Тэгээд би хотод Гэмтлийн эмнэлэг дээр очиж уруулынхаа дотор талд оёдол тавиулсан.

... Би Б-тэй унтсан гэх асуудал миний буруугаас болсон. Тэгээд зүгээр нуруугаа түлүүлсэн байгаа. Энэ асуудлыг өнгөрөөнө, тэр хоёрын сэтгэлд үнэхээр их хэцүү байгааг ойлгож мэдсэн болохоор би ............... аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Би А-ын оронд өөрийгөө тавиад үзсэн бол надад бас үнэхээр хэцүү байх байсан. Би нэгдсэн эмнэлэгт Цэрэндондойн Цэрэнгийн нэрээр хэвтэн эмчлүүлсэн.

... Миний нурууг толгойн орой хэсгийг халуун усаар түлсэн. Б-санаандгүй цай асгасан. Намайг нуруун хэсэгт нэг жижиг хутгаар зүсэж айлгасан. Зүсэж байхдаа А-ын нүдэн дээр би А-оо чамд хайртай, энэнд би хайргүй гээд байсан. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-22 дугаар хуудас/

“... 2018 оны хавар болсон асуудал. Бид нар бие биеэ ойлголцсон байгаа. Одоо гомдол саналгүй болсон. Өөр өөрсдийн амьдралаар амьдарч байгаа. А- эхнэр Б-тэй хамт амьдраад явж байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед миний эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Би өөрөө гэмгүй хүн биш учир А-ын гэр бүлээс нь уучлалт гуйсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 59 дүгээр хуудас/

 

Гэрч Ө.Б-ийн “... Хотод намайг ирэхэд Т- залгаад бид хоёр уулзсан. Тухайн үед утсаар ярихдаа би яагаад надтай уулзах гэж байгаа юм бол гэж бодсон. Тэгээд дахин уулзахгүй байх талаар ярилцах гээд миний бодож байгаа зүйл зөв үү гэхэд зөв зөв гээд бид хоёр уулзсан. Тухайн үед би Т-тай секс хийнэ гэж бодоогүй байж байгаад нөхрөө хуурсан асуудлыг гаргасан.

“...Энэ буруу байгаа юм. Би анх удаа нөхрөө хуурсан. ...хэргээр бид хоёрыг зовоох гэж гэрт ирсэн юм уу мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25 дугаар хуудас/

 

............. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 159 дугаартай шинжээчийн

“1. Л.Т-ын биед дараах гэмтлүүд учирсан байна.

2. Л.Т-ын биед ар нуруу, дагз, шилэн хүзүү, хоёр мөр, баруун бугалга, шуу, баруун гуя, баруун хацар,шанаа хэсгийг хамарсан биеийн нийт гадаргуугийн 23% талбайг хамарсан II-IIIА зэргийн түлэгдсэн шарх, доод уруулын дотор салстад язарсан шарх, нурууны баруун хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо.

3. Биеийн гадаргуугийн түлэгдсэн шарх гэмтэл нь өндөр хэмийн шингэн бодисын /ус/ үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Нурууны баруун хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх нь ир ирмэгтэй зүйлийн зүсэх, зүсэгдэх үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

4. Биеийн гадаргуугийн түлэгдсэн шарх, нурууны зүсэгдсэн шарх нь гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Доод уруулын дотор салстын язарсан шарх нь эдгэрэлтийн шинж байдлаараа түлэгдэхээс өмнө үүссэн хуучин шарх байх боломжтой.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн гадаргуугийн түлэгдсэн шарх гэмтэл нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уруулын дотор салстын язарсан шарх нь 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нурууны баруун хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Шинжээч Б.Отгонжаргалын “Т-ын биед үзлэг хийж дүгнэлтэнд дэлгэрэнгүй тусгасан. Мөн өвчний түүх №1398 дугаарыг үндэслэн дүгнэлтээ гаргасан. Хохирогч эмнэлэгт хэдий хугацаагаар хэвтсэн нь хамаарахгүй, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах нурууны шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарах юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/

 

.............аймгийн нэгдсэн эмнэлгийн 1398 дугаартай өвчний түүх /хэргийн 79-89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч Ч.А- нь  Л.Т-ыг “эхнэр Ө.Б-тэй унтлаа” гэсэн шалтгааны улмаас  буцалсан ус нуруун дээр нь асгаж түүний биед ар нуруу, дагз, шилэн хүзүү, хоёр мөр, баруун бугалга, шуу, баруун гуя, баруун хацар,шанаа хэсгийг хамарсан биеийн нийт гадаргуугийн 23% талбайг хамарсан II-IIIА зэргийн түлэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь дээрх баримтуудаар тогтоогдсон бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Прокуророос шүүгдэгч Ч.А-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бие махбодын зовиур үүсгэж”  үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
 

Хэрэгт хохирогч Л.Т-ын  “... Одоо надад ямар ч гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, цаашдаа шүүх хуралд оролцохгүй” гэсэн хүсэлт /хэргийн 60 дугаар хуудас/ мөн “... Ч.А-оос хүсэх ямар нэгэн гомдол санал байхгүй ...” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул шүүгдэгч Ч.А-оос гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Түүнчлэн хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.А- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч Ч.А- нь урьд 2016 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэнийг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байжээ.

Түүнийг тэнсэж, хянан харгалзсан хугацаа дуусгавар болсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний дээрх байдлыг харгалзан үзэх боломжгүй юм.

 

Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж хууль тогтоогчоос хуульчилжээ.

Шүүгдэгч Ч.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, түүнчлэн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ч.А-ыг зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, харин ямар нэгэн хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Ч-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А-од хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Ч.А-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.А-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ