Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 376

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “ХААН” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Д.Оюунцэцэг, Д.Эрдэнэбат нарт холбогдох “Зээлийн гэрээг цуцлуулах, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 1.225.864 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад: 

Тодорхойлох нь:

       Нэхэмжлэгч: “ХААН” банкны Сэлэнгэ салбар шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

       Нэхэмжлэлийн шаардлага:

       1-д: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 1.225.864   төгрөг гаргуулах тухай. 

       2-т: Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын хашаа байшин гэх барьцаа хөрөнгөөр хангуулах,

 

        Нэхэмжлэлийн утга: Зээлдэгч Д.Оюунцэцэг, Д.Эрдэнэбат нар нь “ХААН” банкны Сэлэнгэ салбарын харьяа Сүхбаатар Гааль тооцооны төвөөс 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 3500.000 төгөргийг сарын 2.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай өрхийн зээлийн ЗХ-СЗХ-533 тоот гэрээ байгуулан авсан бөгөөд зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 067 тоот №000189466 гэрчилгээний дугаартай Ү-1317002745 улсын бүртгэлийн дугаартай 78 м2  талбайтай хашаа байшин газрын хамт барьцаалан зээлийг  авсан юм. 

         Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 2.274.136 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.328.096 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2921 төгрөг нийт 3.605.153 төгрөгийг төлсөн байна. 

         Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлж төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 167 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.    

         Иймд банкны зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 

1. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг  гаргуулах

2. Үндсэн зээлийн үлдэгдэл                                1.085.712

3. Зээлийн хүүгийн төлбөр                                 124.931

4. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр                         15.221

               

                  2.Нотариатын үйлчилгээний төлбөр 4000 төгрөг

 

 

 

           Улсын тэмдэгтийн хураамж  тус тус гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ

            Нэхэмжлэгчийн итэгмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

      ... Даваасүрэн овогтой Оюунцэцэг нь “ХААН” банкнаас авсан зээлийг бүрэн төлж барагдуулсан тул ттус хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү!.

            Зээлийг төлж дууссан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна  гэжээ. 

 

                                                                 Үндэслэх нь:

                “ХААН” банкны Сэлэнгэ салбар нь Д.Оюунцэцэг, Д.Эрдэнэбатад холбогдуулан  “Зээлийн гэрээг цуцлуулах, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 1.225.864 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

                Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг холбох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан болохыг дурьдаж, хариуцагч Д.Оюунцэцэг, Д.Эрдэнэбат нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.225.864 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна. 

 

                Энэ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

 

              Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 33.971 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 33.971 төгрөгний тал хувь болох 16.9855 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх тал хувь болох 16.9855  төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.    

 

             Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан болохыг дурьдаж, “ХААН” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Д.Оюунцэцэг, Д.Эрдэнэбат нарт холбогдох “Зээлийн гэрээг цуцлуулах, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 1.225.864 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 33.971 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 33.971 төгрөгний тал хувь болох 16.9855 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх тал хувь болох 16.9855  төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “ХААН” банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ