Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 400

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч Б.М ,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б д холбогдох эрүүгийн 1806 10011 0444 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн орчим иргэн Б.М тэй маргалдаж улмаар хоолойноос нь боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Б.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоёр тухайн үедээ тохиролцоод эхний ээлжинд 250.000 төгрөг, дараа нь 3 дугаар сарын 12-нд үлдэгдэл мөнгийг өгнө гэж хэлээд өгөөгүй. Би өнөөдөр шүүх хурал болохоос өмнө өгөх юм бол гомдолгүй гэж хэлсэн. Надад хэлсэн цаг хугацаандаа мөнгөө өгдөггүй. Би одоо 150.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогч Б.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018.12.11-ний өдөр засварын газар очиж гуперээ үлдээхэд 2 хоногийн дараа гарна гэсэн. 12 дугаар сарын 14-ний 22 цагийн орчим Баяраа халамцуу байсан. Би машинхаа гуперийг авъя өөр газарт өгье гэхэд Баяраа гуйлгачин, ...ална шүү” гэсэн. Баяраа намайг боотол нэг танихгүй ах салгасан. Би гуперээ булаагаад аваад гадагш гартал Баяраа араас дагаж гараад хоолойноос боож багалзуурдаад автал түрүүн нь салгасан ах ахиж биднийг салгасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 6-13 дугаар хуудас/,

Гэрч Б.Дашпэрэнлэйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн дүү болох Мягмарсүрэн машиныхаа урд талын гуперийг янзлуулна гээд засварын газар өгсөн. Тэгээд засвараас гарах өдрөөсөө хэтрэхээр нь дүү Мягмарсүрэнтэй хамт засварын газар яваад очтол гупер нь хагархай хэвээрээ байсан. Одоо гуперээ аваад газар өгье гэж хэлтэл Баяраа гэх залуу “чам шиг бандийг ална шүү” гэж хэлээд граж дотор хоолойг нь боогоод байсан. Манай дүү гуперээ аваад гражнаас гартал дахиж ирээд хоолойноос нь боогоод байсан. Би голоор нь орж салгасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹229 дүгнэлтэд “Б.М гийн биед хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо, хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 22 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 25 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Асайт худалдааны төвийн орчим иргэн Б.М тэй маргалдаж улмаар хоолойноос нь боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...машинхаа гуперийг авъя өөр газарт өгье гэхэд Баяраа гуйлгачин, ...ална шүү” гэсэн. Баяраа намайг боотол нэг танихгүй ах салгасан. Би гуперээ булаагаад аваад гадагш гартал Баяраа араас дагаж гараад хоолойноос боож багалзуурдаад автал түрүүн нь салгасан ах ахиж биднийг салгасан...” гэх, гэрч Б.Дашпэрэнлэйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Баяраа гэх залуу “чам шиг бандийг ална шүү” гэж хэлээд граж дотор хоолойг нь боогоод байсан. Манай дүү гуперээ аваад гражнаас гартал дахиж ирээд хоолойноос нь боогоод байсан. Би голоор нь орж салгасан...” гэх мэдүүлэгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹229 дүгнэлтэд “Б.М гийн биед хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Б гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.Б гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.  

Шүүгдэгч С.Б г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Б гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч 150.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүгдэгч болон хохирогч нарын хэн аль нь маргаагүй байх тул шүүгдэгчээс хохирлыг гаргуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.