Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 213/МА2017/00004

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр,  Л.Нямдорж  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9  дүгээр сарын 15-ны  өдрийн 131/ШШ2016/00623  дугаар  шийдвэртэй

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******-ийн    нэхэмжлэлтэй   

Хариуцагч Баянхонгор аймгийн, Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах, Хаш гоёо ХХК-д холбогдох 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 126.975.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, ******* нэхэмжлэлтэй *******-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохирол 233.937.094 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт  нэхэмжлэгч *******-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн  давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 1 дүгээр сарын 27-нд хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Л.Хаш-*******  нар оролцов. 

Нэхэмжлэгч *******-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Бадмаараг өргөө финанс ХХК нь *******-тай 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 6 давхар 60 айлын орон сууцны барилгын ажлыг нийт 230.850.000 төгрөгийн хөлс авч, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор хийж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа хөлс 30.000.000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсны дараа хүлээн авсан. Түүнээс хойш барилгын ажлын гүйцэтгэл тогтсон хуваарийн дагуу гүйцэтгэгдэж, 4 давхар хүртлээ баригдсан байсан хэдий ч ******* санхүүгийн боломжгүй болсон гэх шалтгаанаар 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлыг зогсоосон.

 Иймд ажлын хөлсний үлдэгдэл болох 84.650.000 төгрөг, мөн гэрээнд хөлс хоцроосон хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор заасан байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу алдангийн хамт 126.975.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Тухайн үед манай ажилчид материалгүй болоод ажил зогссон. Хоорондоо ярилцаад та боломжоороо хэдэн төгрөг өгчих, яахав хавар үлдэгдэл мөнгийг нь авъя гэхэд хариуцагч талаас Улаанбаатар хотод  5 дугаар сургуулийн барилгын гүйцэтгэгч гэх нэг  залуу байгаа түүнээс  мөнгөө авна тэгэхлээрээ  шилжүүлчихье гэсэн.

Би болохгүй бол байрнаасаа өгчихөө, өөрөө зарж борлуулаад мөнгөө гаргаад авъя гэсэн боловч өгөөгүй. Бид барилгын ажлыг хийж дуусгаад хаяж яваагүй, тухайн үед бид нар хоорондоо уулзаж ярилцаж л байсан. Ямар ч мөнгөгүй, ажлыг цааш үргэжлүүлэх материал байхгүй, мөн дунд захаас хүмүүсээс бид нар хоол хүнс, тамхиа зээлээр авч байсан. Одоо давхар хохирогч нар байж л байна. Иймд ажлын хөлсний үлдэгдэл болох 84.650.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******-г төлөөлж  ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Барилгын ажлын карказын угсралтыг хийхээр иргэн *******тай амаар тохиролцсон байсан. Гэтэл Улаанбаатарт гэрээ байгуулах хэрэгтэй болоод байна. Үзүүлэх юм байхгүй гээд энэ зөвхөн хүнд үзүүлэх гэрээ гэж гуйгаад байхаар нь би гэрээнд гарын үсэг зурж явуулсан юм. Барилгын ажил гүйцэтгэх хөлсний талаар танилцуулж байсан саналаа гэрээний ард хавсаргасан байна.

*******гийн бригадын хийж байгаа ажил товлосон хугацаанаасаа хоцорч хийсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй товлосон хугацаанд карказын ажил дуусах ямар ч боломжгүй болсон. ******* нь тохирсон ёсоор 2013 оны 10 дугаар сард барилгын карказын ажлыг дуусгаагүйн улмаас барилгын ажил жил дамнан удааширч бидэнд барилгын гол түүхий эд материал, түлш шатахууны үнийн өсөлт зэрэг төлөвлөгөөгүй их алдагдалд орсон.

Уг барилгын 4 давхар хүртэл карказ цутгасныг барилга 4 давхар хүртлээ баригдсан гэж шүүх хяналтын байгууллагад буруу ойлголт өгч байна. Карказ цутгасны дараа өрлөг, шавар, засал, сан, цахилгаан гээд бүх ажил хийгдэж дууссаны дараа баригдсан гэж үзнэ. ******* би *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч *******  анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би  *******тай  2013 оны 03 сард амаар ярьж тохирч байсан. Тэрнээс биш гэрээ хийгээгүй, үүнээс хойш 7 сард Улаанбаатар хотод үзүүлэх гэсэн юм гэж гуйж байгаад гэрээ гэхэд гэрээ биш, тамга тэмдэггүй, зүйл дээр гарын үсэг зуруулсан. *******омпани, хэрвээ гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл эднийх гэрээний үүргээ биелүүлээгүй хаяад явсан гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбат анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Та нарын гараар хийдэг юмыг манай компани механикжсан техникээр хийгээд өгчихлөө, тарифаа өөрчлөнө шүү гэдэг зүйлийг цаг тухайд нь хэлж байсан.  Бид нар энэхүү гэрээг үндэслээд 3 жилийн дараа шүүхэд хандаад явна гэж үнэндээ бодоогүй. Энэхүү гэрээг эд нар төлөвлөсөн. Манайхаас ямар ч санал ороогүй. *******г үндсэндээ хангалттай хөлсөө авсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч  ******* анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

*******гийн бригад ажлаа чанаргүй муу гүйцэтгэж алдаа дутагдал байнга гаргаж товлосон хугацаанаасаа хоцорч 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4 давхарын карказыг цутгаж хаяад явцгаасан. ******* нь тохирсон хугацаанд ажлаа чанартай хийж гүйцэтгээгүйн улмаас орон сууцны ашиглалтанд орох хугацаа бүтэн жилээр хойшилж бид асар их хэмжээний алдагдалд орсон. Нийт алдагдал 94.080.000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Бид сүүлийн 2 давхар болох 5 ,6 давхрын карказын ажлыг өөрсдөө хийсэн бөгөөд карказ угсралтад гардаг зардал 3-4 дахин бага гарсан. ******* нь хар паниар, арматурын төмөр, төмөр утаснууд, хадаас зэргийг хулгай хийж гаргадаг байсан нь нотлогдож байгаа юм. Иймд *******-аас 233.937.094 төгрөгийг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан *******-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 126.975.000 төгрөг гаргуулахыг хүссэн *******-ийн нэхэмжлэл, ******* нэхэмжлэлтэй *******-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохирол 233.937.094 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792.825 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.327.635 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулж хариуцагч *******д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцахад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэл байна. Мөн маргаан бүхий гэрээ нотариатаар батлуулж, талууд гарын үсэг зурсан байхад нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзсэн.  Харин  огт юугаар ч нотлогдохгүй байгаа хариуцагчийн тайлбаруудыг эцсийн байдлаар хөдөлбөргүй үнэн мэтээр хүлээн авч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосноос гаднаа түүндээ нийцүүлэх зорилгоор хуулийн заалтуудыг хүчээр гуйвуулан тайлбарлаж, хэрэглэсэн байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэрнээ хүлээн авахаас татгалзсан мэтээр хуулийн зарим заалтуудыг шийдвэртээ татсан байгаа зэрэг нь анхнаасаа хэт нэг талыг барьсан, нөгөө талд ашигтай байдлыг бий болгосон гэж үзэх үндэслэл болж байх тул давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын  *******-иас  барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу  гүйцэтгэсэн ажлын хөлс 84.650.000 төрөг, алданги 42.325.000 төгрөг нийт 126.975.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх *******-ний барилгын ажил гүйцэтгэсэн  гэрээний үүрэг 126.975.000 төгрөгийн  нэхэмжлэлийг, мөн хариуцагч талын гаргасан 233.937.094 төгрөгийн сөрөг  нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Барилгын ажил гүйцэтгэх   гэрээ байгуулсан гэж /хх-ийн 9-18 дугаар тал/  нэхэмжлэгч ******* нийн зүгээс тайлбарладаг боловч  хариуцагч *******-ний зүгээс ажил гүйцэтгэх   гэрээ байгуулаагүй   “…гэрээ байгуулсан гэж  хүнд үзүүлэх хэрэгтэй байна гээд  гэрээ гэсэн нэртэй зүйл дээр нэхэмжлэгч талаас гуйж байгаад гарын үсэг зуруулсан..”  гэж маргадаг байна. 

Барилгын ажил гүйцэтгэх  гэрээн дээр  /хх-ийн 9-18 дугаар тал/   захиалагч *******-ийн нэрийг дарсан, компанийн тамга тэмдэг байхгүй, зөвхөн ******* гэсэн хүн гарын үсэг зурсан, *******-ийн захирал нь Э.Мөнхдалай гэдэг хүн байхад  гэрээн дээр ерөнхий захирал ******* гэсэн гарын үсэг зурсан бөгөөд энэ хүн тухайн  компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй,  ажил гүйцэтгэгч талаас *******-ийн  барилга хариуцсан захирал ******* гэдэг хүн гарын үсэг зурсан ******* нь компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй  байгаа зэрэг нь  барилгын ажил гүйцэтгэх   гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байна.

Захиалагч болон ажил гүйцэтгэгч  талуудын хэн нь гэрээнийхээ үүргийг зөрчсөн, аль тал нь гэрээнийхээ  хугацааг  хэтрүүлсэн, хугацаа хэтэрхэд хүргэсэн  нөхцөл байдал нь хэний буруугаас болсон, ажил гүйцэтгэхэд  шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжийг  хугацаанд нь нийлүүсэн эсэх тал дээр талууд аль аль нь маргадаг бөгөөд энэ байдлыг  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоох боломжгүй байгаа тул талуудын гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол, алдагдал зэргийг шүүх тогтоох үндэсгүй  байна.

Ажил гүйцэтгэгч  тал 4 давхар карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн  болох нь хэргээс харагддаг.   Талууд ажлынхаа үр дүнг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар хэрэгт нотлох баримт байхгүй боловч  захиалагч тал  ажлынхаа үр дүнг хүлээн авч цааш нь барилгын ажлыг  үргэлжлүүлэн  хийсэн байна.

Ажил гүйцэтгэгч  *******-ийн  зүгээс 4 давхар карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн хөлс гэж 85.000.000 төгрөгийн хөлс авсан  үлдэгдэл 84.650.000 төгрөгийн хөлс нэхэмжилж  байгаа гэж тайлбарладаг бол захиалагч тал болох  *******-ийн зүгээс ажлын хөлс  96.000.000 төгрөг төлсөн энэ нь 4 давхар карказ угсралтын ажлын  хөлс хангалттай   гэж тайлбарладаг байна.

 Ажил гүйцэтгэгч тал энэ карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэхэд хэдэн төгрөгийн хөлсөөр  гүйцэтгэх тухайгаа захиалагч талтай тохиролцож,  баталгаажуулсан нотлох баримт хэрэгт байхгүй  бөгөөд  /хх-ийн 18 дугаар тал/ гэрээний хавсралт буюу ажлын хөлсний талаарх санхүүжилтын график  гэсэн баримт нь ажил гүйцэтгэгч болон захиалагч талуудын гарын үсэг тамга тэмдэг байхгүй тул энэ баримтыг нотлох баримт болгон үнэлэх боломжгүй байна.

Ажил гүйцэтгэсний хөлсийг  талууд хоорондоо  тохиролцоогүй байна. Тухайн төрлийн ажлыг  гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан  жишиг үнэлгээ байхгүй, 1 м2 хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үнэлгээг тооцсон баримт байхгүй,  тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр нэг давхар карказ угсралтын ажлын хийж  гүйцэтгэхэд хотод ямар хөлс төлдөг, орон нутагт ямар хөлс төлдөг талаар баримт хэрэгт байхгүй. Иймд  ажил гүйцэтгэгч тал  *******-ийн  зүгээс барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэснийхээ хөлсөнд  ийм хөлс авах ёстой гэдгээ нотолж  чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

Хариуцагч тал  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* нь нэхэмжлэгч  *******-д  холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргах үндэстэй байтал  ******* гэдэг хүн  сөрөг нэхэмжлэл гаргасан, сөрөг нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд  хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгч *******-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн  давж заалдсан гомдлыг  хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч *******-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  792.825  төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээх  үндэслэлтэй байна.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2016 оны 9 дүгээр сарын 15-ны  өдрийн 131/ШШ2016/00623  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгч *******-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн  давж заалдсан гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч *******-иас  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  792.825  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ                                     

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.МӨНХДАВАА

                                                         ШҮҮГЧИД                                          Л.НЯМДОРЖ    

                                                                                            Г.УЛАМБАЯР