Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 218/МА2024/00003

 

 

  

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж шийдвэрлэсэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2023/00498 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох 19,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т. /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: ...******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн *******тэй харилцан тохиролцож 2019 оны 03 дугаар сард Хово маркийн нүүрсний шланз авто машиныг 30.000.000 төгрөгөөр худалдсан. ******* нь машины үнээс 11.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 19.000.000 төгрөгийг одоог хүртэл төлөхгүй, чирэгдэл учруулж байна. Би ******* рүү байнга утсаар ярьж, заримдаа Дундговь аймагт ирж уулзаж машины үлдэгдэл мөнгөө нэхдэг байсан. Арга буюу нэхээд өгөхгүй болохоор нь би Дундговь аймгийн Цагдаагийн газарт 2022 оны 07 сард гомдол гаргасан, аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022.08.10-ны өдрийн 184 дүгээр тогтоолоор худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байна гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Үүний дараа нь ******* нь удахгүй мөнгийг чинь өгчихнө, сард 1 саяар төлье гэсэн боловч төлөхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймээс *******гээс машины үлдэгдэл үнэ 19.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч *******гийн хариу тайлбарын агуулга: ...2019 оны 3 сард би *******оос сэлбэгт ашиглах, боломжтой бол засварлаад ашиглах зорилгоор тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бүртгэлгүй Хово маркийн машиныг авсан. 11 сая төгрөгийг нь бэлнээр өгөөд авсан. Тухайн машиныг аваад ашигласан, ашиг орлого олсон зүйл байхгүй, бичиг баримт байхгүй гэхээр нь авч задалж, сэлбэг хэрэгслийг нь борлуулах гэсэн боловч авсан үнээ барихааргүй байсан. Тэгэхээр нь би 2019 оны 4 сард *******од энэ машиныхаа бичиг баримтыг өгөх үү, машиныг задалж зараад ч үнээ барихгүй юм байна" гэж хэлэхэд за за гэж хэлсэн. Түүнээс хойш ******* нь огт холбогдоогүй. Бидний хооронд өгч, авах зүйлгүй юм байна гэж би ойлгосон.

Гэтэл 2022 оны 08 сард намайг цагдаагаас дуудсан чинь ******* нь намайг цагдаад егсөн байсан. Би мэдүүлэг очиж өгсөн. Тэгээд дахин Цагдаагаас яриагүй. Гэтэл шүүхэд 19 сая төгрөг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би тухайн машиныг аваад ашиглаж, эзэмшсэн зүйл байхгүй. Намайг авахад явдаггүй, мотор, хроп нь эвдэрсэн машин байсан гэжээ.

3. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******д Хово маркийн автомашиныг 2019 оны хавар өгсөн. Бид 30,000,000 төгрөгөөр өгч, авахаар тохиролцсон. Гэрч ******* гэдэг залуу *******г надад танилцуулсан. Миний машин Луус суманд байгаа, засвар хийж байгаа, авах бол очиж үзээд үнэ тохирч авч болно гэж *******д хэлсэн. Би Өмнөговь аймгийн Ханбогд суманд шатахуун түгээх станц ажиллуулдаг юм. Надаа нэг компани 30 гаруй тонн түлш аваад түүний оронд энэ машиныг өгч байсан юм. Өнгө үзэмж сайтай, тээвэр хийх боломжтой гэж хэлээд өгсөн. Манай дүү уртын тээвэрт 4, 5 удаа явуулаад чиргүүлийг нь янзлуулъя гээд Луус суманд авч ирж янзлуулаад 5,000,000 төгрөг өгөөд зогсоосон. 8 шинэ дугуйг нь ширхгийг нь 580,000 төгрөгөөр ******* гэдэг хүнээс зээлээр авч Луус суман дээр авч ирж тавьсан. ******* 30,000,000 төгрөгөөр тохироод авъя гээд унаад хашаа руугаа орсон. Эхлээд 10,000,000 төгрөг өгье, дараа нь 20,000,000 төгрөг өгье гэж хэлсэн. Харин номергүй, бичиг баримтгүй шүү гэхэд дараа нь номер олж өгөөрэй гэж хэлээд машиныг авна гээд унаад явсан байгаа. Дараа нь номер олоод 3,000,000 төгрөг болно гэж байна гэж хэлэхэд авах боломжгүй, машины чиргүүл, толгойг нь зарсан гэж хэлсэн. Сая тайлбартаа сэлбэг хроп, мотор байхгүй, номер байхгүй гэж бичсэн байна. Төмрийн хогонд явахааргүй машин байсан. Хүмүүс гэрчилнэ. *******гээс 19,000,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эдгээр хүмүүс 2019 оны 03 сард авто машин худалдаж авах тодорхой үнийг өгөхөөр тохиролцсон асуудал байна. ******* ярихдаа тухайн тээврийн хэрэгсэл нь биет байдлын доголдолтой, эрхийн зөрчилтэй тээврийн хэрэгсэл байсан. 11,000,000 төгрөгийг 2019 оны 03 сард өгөөд машиныг авсан. Авч байгаа зорилго нь сэлбэгт ашиглах, зарж борлуулахаар авсан. Машиныг аваад ашиглах гэсэн боловч ашиглаж болдоггүй. Задлаад борлуулъя гэхээр 19,000,000 төгрөгт хүрэхгүй байсан. Энэ байдлыг нэхэмжлэгчид хэлсэн гэдэг. 2019 оны 04 сараас хойш чимээгүй байсаар 2022 оны 08 сард Цагдаагийн байгууллагад өгсөн байсан. Түүнээс хойш холбогдоогүй. Яагаад зөвшөөрөхгүй байна гэхээр худалдаж авах гэрээ хийгээгүй. Тухайн авто машин нь биет байдлын доголдолтой, гэрчилгээгүй байсан учраас зарж борлуулж чадаагүй гэжээ.

5. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******гээс 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож,

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252950 /хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 252950 /хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 139/ШШ2023/00498 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан 2023.08.08-ны өдөр иргэн *******д холбогдуулан 19,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргадаг.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, улмаар 2019 оны 03 сард Хово маркийн, улсын дугаар, гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг *******д шилжүүлж, ******* нь үнийн дүнгээс 11,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Энэ талаар талууд маргаагүй.

Анхан шатны шүүх Гэрч Ч.*******базарын мэдүүлгээр хариуцагч ******* нь 19,000,000 төгрөгийг cap бүр 1 сая төгрөгөөр төлөхөөр зөвшөөрч байсан болох нь нотлогдож байна гэсэн байна. Маргааны зүйл болох Хово маркийн автомашиныг худалдах, худалдан авах хэлцэл зөвхөн *******, ******* нарын хооронд хийгдсэн байдаг бөгөөд гэрч Ч.*******базар нь маргааны зүйлийн талаар мэдэх боломжтой этгээд л болохоос түүнд шаардах эрх байхгүй, түүний шүүх хуралдаанд өгч буй мэдүүлэг нэхэмжлэлийн шаардлагыг шууд нотлох баримт биш. Харин ч нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ энэ талаар дурдаагүйгээс гадна нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлага бүрэн нотлогдоогүй байхад шүүх түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2. Анхан шатны шүүх хариуцагч тал тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үнэ 11,000,000 төгрөг байсан, нэхэмжлэгч талын гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, 2019 оны 03 сараас хойш нэг ч удаа нэхэж байгаагүй гэх тайлбарыг нотолж чадаагүй гэж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч ч бай, хариуцагч ч бай гэрээний үнийн дүн дээр маргаагүй.

Нэхэмжлэгч тал гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа-г хэтрүүлсэн. Өөрөөр хэлбэл талууд 2019 оны 03 сард худалдах. худалдан авах хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч Хово маркийн, улсын дугаар, гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг *******д шилжүүлж, ******* нь үнийн дүнгээс 11,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Гэтэл хэрэгт 2022.08.10-ны 184 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол авагдсан. 2019 оны 03 сараас 2022 оны 08 cap хүртэлх хугацаанд худалдагч тал гэрээний үүргийг худалдан авагчаас шаардсан, шаардаж байсан талаарх баримтыг хэрэгт өгөөгүй. Шаардаж байсан нь бүрэн нотлогдоогүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч талын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 3 сараас 2022 оны 8 сарын хооронд өнгөрсөн байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч талын шаардлага хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт өнгөрсөн байхад түүнийг хариуцагч тал нотолж чадаагүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, харин нэхэмжлэгч дээрх хугацаанд шаардаж байснаа нотлоогүй.

Гэрчийн мэдүүлгээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж дүгнэж буй нь хуульд нийцэхгүй, энэ талаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж хуульчилсан. Гэтэл 2019 оны 03 сараас 2022 оны 08 сарын хооронд хариуцагч шаардлагыг зөвшөөрсөн, төлбөр төлж, төлөх талаар баталгаа гаргаж байсан, бусад ямар нэгэн хэлбэрээр зөвшөөрч байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч тал үүнийг нотлоогүй. Үүрэг хүлээсэн этгээд буюу хариуцагч үүнийг нотлохгүй.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар, хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг. Талууд хэлцлийг 2019 оны 03 сард хийж, хариуцагч 11 сая төгрөгийг өгч, үлдэх мөнгийг төлөх үүрэг хүлээснээр нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, энэ тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан гэж үзэхээр байна. 2019 оны 03 сараас хойш Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасан хугацаа тоолох журам ёсоор 3 жилийн хугацааг тоолоход 2018 оны 08 capд эрхээ зөрчигдсөн гэж үзэн Цагдаад гомдол гаргах хугацаанд Иргэний журмаар шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна..

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Таван толгойд явдаг аж ахуйн нэгж манайхаас шатахуун аваад 80 гаруй сая төгрөгийн өр авлага үүссэн. Тэгээд энэ шалаанзыг 80 сая төгрөгтөө өгье, өөр өгөх юм байхгүй байна, нүүрс эдийн засаг нь унасан гэхээр нь би энэ шалаанзыг авсан. Дараа нь нүүрс тээвэрт өөр номер зүүлгэж манай дүү явуулж байсан. Чиргүүлийг нь янзлах гээд Луус сум дээр авчирсан юм. Тэгтэл ******* гээд манай найз д манай найз шалаанз зарах юм байна, чи очиж уулз гэхэд над дээр ирж уулзахаар нь авто тээврийн гэрчилгээ байхгүй цаанаасаа надад өр авлагад ирсэн чи авна гэвэл 40 сая төгрөгт ав гэхэд Луус суманд очиж үзээд авъя гэсэн. Харин *******базар гэдэг хүнээс Луус сум дээр очсон байхад 1 дугуйны үнэ 850,000 төгрөгөөр аваад 8 шинэ дугуй аваачаад тавьсан байсан. Тэгээд өөрөө унаж яваад Дундговь дээр байдаг хашаандаа авчирч тавьсан. Дараа нь гээс мөнгө төгрөгөө зөндөө нэхсэн. Эхлээд 10 сая төгрөг өгсөн 1 жилийн дараа 1 сая төгрөг өгсөн. Эсвэл машинаа буцааж авъя манай дүү нар эдийн засаг нь гайгүй болчихлоо буцаад нүүрс тээвэрт явъя гэж байна гэтэл чиргүүл, толгойг нь зарсан, 8-н дугуйг нь машиндаа тавьсан байгаа чамд өгөх боломж байхгүй, мөнгийг нь өгнө гэсэн. Би нэхээхгүй биш зөндөө нэхэж байсан. Тэр үед ковид гээд эдийн засаг муу байна гээд жилийн дараа 1 сая төгрөг шилжүүлж байсан. *******базарт дугуйны 10 гаруй сая төгрөгийн өртөг байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд *******базарыг би нутаг ойрхон юм байна мөнгөө гээс аваарай гэж хэлсэн гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан гэж үзэж байгаа. 2019 оны 03 сард тэй тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах хэлэлцээр хийсэн дээр 2 тал маргаагүй. 2019 оны 03 сард наймаа хийгээд 10 сая төгрөг бэлнээр өгсөн. Сүүлд нь удаа дараа нэхэж байсан учир 2021 онд 1 сая төгрөг өгсөн гэж нэхэмжлэгч хэлж байна. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг мэдүүлж байдаг. Гэрч *******базар нь 2020, 2021, 2022 гэх онуудад гээс намайг нутаг ойрхон учраас намайг аваарай гэдэг байдлаар хэллээ гэж уулзсан байдаг. Тэр үед өгнө, сар болгон 1 сая төгрөг өгч байна гэсэн байдлаар хэлсэн гэж байсан. Нэхэмжлэгч нь Дундговь аймагт ажил хэргээр очсон байх үедээ *******тай уулзаж гийн гэрийг нь заалгуулаад очиж өр төлбөрийн асуудал яригдаж байсан. гийн хувьд өр төлбөрөө өөр байдлаар барагдуулъя, Луус суманд хуучин барилга байгаа тэрийг авах боломжтой юу гэдэг байдлаар асуудлуудыг ярьж байсан. Тэхээр 2019 оны 03 сард наймаа хийгдээд чимээгүй байж байгаад 2022 оны 08 сард цагдаад хандсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч эхлээд 10 сая төгрөг өгөөд дараа нь 2021 онд 1 сая төгрөг өгсөн. Гэхдээ чимээгүй болсон болохоор өр төлбөргүй болчихлоо гэж бодсон гэдэг нь огтоосоо худлаа. Шүүхийн явцад өөрийгөө өмгөөлөх нотлох баримт гаргаж өгөх эрхтэй ч гэсэн бодит байдлаас худлаа тайлбар хэлж байгаа дээр харамсаж байна. Эрхийн доголдолтой тээврийн хэрэгсэл өгсөн гэж байна. Энэ талаар анхан шатны шүүх дээр талууд маргаагүй. Бичиг баримтгүй байсан, зохих хэмжээний доголдолтой гэхдээ асдаг явдаг машин байсан гэдгээр талууд хангалттай мэдүүлсэн, тайлбарласан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдлыг үндэслэсэн, хууль дүрэмд нийцсэн шийдвэр гарсан учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2023/00498 тоот шийдвэрийг хариуцагч талын гомдлын дагуу хянан хэлэлцсэн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий хэмээн үзэж хэвээр үлдээхээр тогтов.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2019 оны 03 сард Хово маркийн нүүрсний шланз машиныг 30,000,000 төгрөгөөр худалдсан ба 11,000,000 төгрөг төлсөн, үлдэх 19,000,000 төгрөгийг төлөхгүй байгаа учраас гаргуулахаар шаардсан бол хариуцагч ******* хариу тайлбартаа 2019 оны 3 сард би *******оос сэлбэгт ашиглах, боломжтой бол засварлаад ашиглах зорилгоор тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бүртгэлгүй Хово маркийн машиныг 11 сая төгрөг бэлнээр өгөөд авсан. Тухайн машиныг аваад ашигласан, ашиг орлого олсон зүйл байхгүй, бичиг баримт байхгүй гэхээр нь авч задалж, сэлбэг хэрэгслийг нь борлуулах гэсэн боловч авсан үнээ барихааргүй байсан. Тэгэхээр нь би 2019 оны 4 сард *******од энэ машиныхаа бичиг баримтыг өгөх үү, машиныг задалж зараад ч үнээ барихгүй юм байна" гэж хэлэхэд за за гэж хэлсэн. Түүнээс хойш ******* нь огт холбогдоогүй. Бидний хооронд өгч, авах зүйлгүй юм байна гэж би ойлгосон. Гэтэл 2022 оны 08 сард намайг цагдаагаас дуудсан чинь ******* нь намайг цагдаад егсөн байсан. Би мэдүүлэг очиж өгсөн. Тэгээд дахин Цагдаагаас яриагүй. Гэтэл шүүхэд 19 сая төгрөг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би тухайн машиныг аваад ашиглаж, эзэмшсэн зүйл байхгүй. Намайг авахад явдаггүй, мотор, хроп нь эвдэрсэн машин байсан гэжээ.

Иргэний хэргийн анхан шатны шүүх талуудын мэтгэлцээний байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзээд Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардсан 19,000,000 төгрөгийг *******гээс гаргуулж нэхэмжлэгч *******од олгуулахаар шийдвэрлэжээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байна гэж үзэв.

Зохигч талууд нь машин авч өгөлцсөн болон 11,000,000 төгрөг төлсөн асуудал дээр маргаагүй, зөвхөн үлдэгдэл 19,000,000 төгрөгийг гаргуулахыг шаардсаны хариуд хариуцагч татгалзсан тайлбар гаргаж бүрэн бус бичиг баримтгүй машин байсан учир төлбөргүй болсон гэж татгалзлаа илэрхийлжээ. Татгалзсан тайлбар гаргасан боловч хариуцагч тал түүнийг нотлоогүй байна.

Шүүхийн шийдвэрийг хариуцагч тал давж заалдахдаа 2019 оны 03 сараас хойш хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тухай үндэслэлийг гарган тавьжээ.

Нэхэмжлэгч тал нь анхан шатны шүүх хуралдаан дээр төлбөрөө төлөх талаар утсаар ярьсан болон гэрч болох хүнээр дамжуулан шаардсан, мөн хариуцагч ******* сар тутам 1 сая төгрөг төлж өгөхөөр зөвшөөрч байсан зэрэг байдлуудыг дурдан тайлбарлажээ.

Иймээс хариуцагч талын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаарх гомдол үндэсгүй байна гэж давж заалдах шатны шүүх олонхын саналаар дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрлэлт үндэслэл бүхий бөгөөд материаллаг хуулийг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийг үндэслэлтэй тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх ашгийг хангасан байна гэж үзэв.

Дээрх нөхцөл байдалд хууль хэрэглэн шийдвэрлэсэн асуудлыг хянан үзээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс тогтов.

Хариуцагч талын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2023/00498 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252950 /хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

 

Ш.ТӨМӨРБААТАР