| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 105/2019/0419/Э |
| Дугаар | 430 |
| Огноо | 2019-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ариунаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч А.Ариунаа,
шүүгдэгч Т.Б, Т.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б , Т.О нарт холбогдох эрүүгийн 1906 00877 0471 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Т.Б , /РД:/,
2. Монгол Улсын иргэн, Т.О , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Т.Б, Т.О нар нь бүлэглэж 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 02:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Казино бааранд иргэн Г.Г тэй маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дүүтэйгээ хамт “Казино” бааранд орсон. Тэгээд манай дүү гараад явсан, би нэг ая явахаар нь бүжиглэх гээд боссон. Тэгээд нэг ах, эгч хоёр явж байхаар нь хажууд нь бүжиглэсэн чинь намайг зайл янхан минь гээд хөөсөн. Эгчээ та юу гэсэн бэ гэсэн чинь зайлаа янхан минь гээд тэр хохирогч надад хэлсэн. Тэр эгчтэй маргалдаад зогсож байсан чинь манай дүү гаднаас орж ирээд юу болоод байгаа юм бэ гэхээр нь намайг тэгэж хэллээ гэсэн. Тэгсэн манай дүү очоод түрүүлж үсдэж авсан. Яг тэр үед ноцолдож байх үед тэр эгчийн утас унаад нэг залуу авч өгч байсан. Би тэр эгчийг салгаад уучлалт гуйх гээд 00-ын өрөө рүү авч явсан. Би 00-д ороод уучлаарай эгчээ хэн хэн нь архи уусан байнаа, бүгдээрээ эмэгтэй хүмүүс юм чинь ойлголцчихъё гэсэн чинь “би та нар шиг янхануудтай харьцдаггүй ээ” гэж хэлсэн. Тэр хүүхэн саяны хүүхэн миний үснээс зулгаасан, миний нэг ширхэг үс хэдэн төгрөгний үнэтэй болохыг мэдэх үү та нар янханууд гээд 00-ын өрөөнд хэлсэн. Эхлээд намайг хөл рүү өшиглөсөн, дараа нь би гуя руу нь өшиглөсөн тэгээд тэнд байсан хүмүүс намайг салгаад 00-оос гаргасан. Гэм буруугаа хүлээж байна гэв.
Шүүгдэгч Т.Б, нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 26-нд эгчтэйгээ хамт Казино бааранд орсон. Би гадаа гараад тамхи татчихаад ороод ирсэн чинь манай эгчтэй хохирогч эгч хэрэлдээд муу хар янхан гичийнүүд минь зайл, та нар шиг юмнуудтай харьцдаггүй гээд байсан. Тэгэхээр нь би за яахав холдчихъё гэж бодсон. Тэгсэн намайг үхсэн муу янхан минь зайл гээд байхаар нь би уурандаа үсдээд авсан. Тэгээд үсдсэний дараа манай эгч аргадах гээд 00-ын өрөө рүү аваад явсан. Тэгтэл манай эгчийг 00-д орсныхоо дараа доромжлоод байхаар нь манай эгч хохирогчийг хоёр удаа өшиглөж авсан гэж хэлсэн. Гэхдээ өшиглөж байхыг би хараагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Хоёр пиво аваад нэгийг нь угаад нэгийг нь уугаагүй байсан. Хохирогч Ганчимэг хүний утаснаас цагдаа дуудаад тэгээд бид хоёр ирсэн. Гэм буруугаа хүлээж байна гэв.
Хохирогч Г.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019.01.25-ны өдөр 00 цагийн үед бааранд үл таних 2 эмэгтэй хүрч ирээд бүжгийн талбай дунд намайг үсдэж чирээд, үснээс зулгайгаад зодсон. Тухайн үед миний гар утсыг авч шидсэн. Би 00-ын өрөө рүү зугтаасан, хар хувцастай охин нь ирээд “хөгшин авгай минь хохчино” гэж хэлээд намайг зодсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 4-10 дугаар хуудас/,
Гэрч Б.Амгаланбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 00 цагийн үед найз Эрдэнэбилгийн хамт бааранд үйлчлүүлж байгаад би 00-ын өрөөнд ороод бие засаж байхад үл таних эмэгтэй хүрч ирээд “найзаа утсаараа яриулаач, миний гар утасны дэлгэц ажиллахгүй байна” гээд миний гар утаснаас цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹1757 дүгнэлтэд “Н.Ганчимэгийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны дунд дээд хэсэгт зулгаралт, дээд, доод уруулын дотор салстын зүүн хэсэгт язарсан шарх, цус хуралт, зүүн гуяны урд дунд доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 20 дугаар хуудас/,
Дамно ХХК-ний 543.120 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 29 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 31, 34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 32, 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Т.Б, Т.О нар нь бүлэглэж 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 02:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Казино бааранд иргэн Г.Г тэй маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...бааранд үл таних 2 эмэгтэй хүрч ирээд бүжгийн талбай дунд намайг үсдэж чирээд, үснээс зулгайгаад зодсон гэх, гэрч Б.Амгаланбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 00-ын өрөөнд ороод бие засаж байхад үл таних эмэгтэй хүрч ирээд “найзаа утсаараа яриулаач, миний гар утасны дэлгэц ажиллахгүй байна” гээд миний гар утаснаас цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹1757 дүгнэлтэд “Н.Ганчимэг-н биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны дунд дээд хэсэгт зулгаралт, дээд, доод уруулын дотор салстын зүүн хэсэгт язарсан шарх, цус хуралт, зүүн гуяны урд дунд доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, Дамно ХХК-ний 543.120 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Т.Б, Т.О нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Т.Б, Т.О нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Т.Б, Т.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч Г.Г нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б, Т.О нарыг “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Б, Т.О нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б, Т.О нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Б, Т.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.