Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00130

 

 

Д.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03353 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Т-ийн хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 168,964,132 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

               ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.Т- нь “Б-” ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан. Тус гэрээний дагуу компанийн өдөр тутмын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зориулж 600,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Гэвч “Б-” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул талууд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 01 дугаартай “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, хөрөнгө оруулалтын гэрээг дуусгавар болгон 600,000,000 төгрөгийг буцаан төлөх талаар тохиролцсон. “Б-” ХХК нь 340,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж, үлдэх 260,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс мөн сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 160,000,000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч “Б-” ХХК-аас гэрээний дагуу төлөх үлдэгдэл 112,642,755 төгрөг, алданги 56,321,378 төгрөг, нийт 168,964,132 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “М-” ХХК-тай ачааны хагас вагон түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 100 ширхэг буюу 2 цуваа вагон түрээслэх, Чойр өртөөнөөс БНХАУ-ын Эрээн дэх боомтын өртөөнд хүргэх гэрээ байгуулан гэрээний нөхцлийн дагуу түрээсийн төлбөрт 763,400,000 төгрөгийг урьдчилан төлсөн байсан бөгөөд 8 дугаар сарын сүүлчээр эхний 50 вагоноор нэг цуваа 3,500 тонн нүүрс худалдан авагчид ачуулсан байсан. Харин эхний ачилтад их хэмжээний мөнгө зарцуулсан байсан тул дараагийн цуваа вагоныг ачуулахад мөнгөн хөрөнгийн эх үүсвэр дутсан. Тухайн үед Д.Т-тай уулзаж үүссэн бүх нөхцөл байдлаа танилцуулснаар 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Д.Т- энэ гэрээний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрүүдэд 3 удаагийн шилжүүлгээр нийт 600,000,000 төгрөгийг манай компанийн дансанд оруулсан. Энэ мөнгийг хүлээн авсны дараа манай компани өөрийн мөнгөө нэмж, дараагийн экспортдоо бэлтгэж нүүрсээ худалдан авах, нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас автомашинаар тээвэрлүүлж, татаж авчрах, нүүрс буулгах хадгалуулах компанитай харилцаж гэрээгээ сунгаж, нүүрсээ буулгаж хадгалуулах, вагон түрээслүүлэгч компаниас ачааны вагоны захиалга өгч вагоны хуваарьт оруулах УБТЗ-д хүсэлт гаргаж төмөр замаар ачаа тээвэрлүүлэх тушаал гаргуулах, Төмөр замын өртөөнд сэлгээний захиалга өгөх зэрэг ажиллагаануудыг хөөцөлдөж 1 сар гарангын хугацааг зарцуулж, холбогдох бүх төлбөрүүдийг хийж байсан. Энэ ажлыг хийхэд нэлээд цаг хугацаа, хөрөнгө зарцуулж хөөцөлддөг бөгөөд нийт зардал 1,230,000,000 төгрөг болдог. Гэтэл “М-” ХХК-ийн вагоны хүрэлцээ муугаас вагон тавих хугацаа хойшилж, 2022 оны сүүлээр олгогдох хуваарь гарсан, түүнчлэн нүүрс экспортлох зах зээл дээр вагоны тээврийн хөлс, вагон ашиглалтын төлбөр 500,000,000 төгрөгөөс 700,000,000 төгрөг хүртэл өсөж нүүрсийг экспортлоход ашиггүй байх бодитой хүндрэл учирсан. Гэтэл Д.Т- энэ бүх байдлыг ойлгохгүй экспорт хийхгүй удаасан гэх шалтгаанаар 2022 оны 10 дугаар сарын сүүлчээс гэрээгээ цуцалж мөнгөө буцааж төлөхийг шаардсан. Иймд манай компани өөрийн нүүрс экспортод зарцуулах байсан мөнгийг Д.Т-т 2022 оны 11 дүгээр сарын дундаас эхлэн буцаан төлж эхэлсэн Д.Т- төлбөрийн үлдэгдлийг хурдан авахын тулд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нөхрийн хамт ирж “Төлбөр буцаан авах гэрээ” байгуулахыг шаардаж, би тухайн өдөр согтуу байсны дээр баримтуудаа сайн санахгүй, бэлэн баримтууд гар дээр байгаагүй тул нарийн тооцоо хийлгүй Д.Т-ийн гаргасан тооцоогоор гэрээнд гарын үсэг зурсан. Нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор баримтуудаа бүрдүүлж тооцоход 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 410,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд 160,000,000 төгрөг, нийт 570,000,000 төгрөг буцаан төлсөн бөгөөд 30,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болно. Иймд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг 260,000,00 төгрөгөөр тооцсон нь үгүйсгэгдэж байна. Үндсэн төлбөрийн үлдэгдлийг буруу тооцсон учраас алданги 12,612,775 төгрөгийг хасаж гаргасан үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Эцсийн үлдэгдлийн дүнг буруу тооцсон учир түүний 50 хувиар тооцож алдангид 56,321,378 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагад болох 168,964,132 тѳгрѳгийг төлөх үндэслэлгүй байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Б-” ХХК-аас 44,550,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 124,414,132 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,002,771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 380,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Т-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

            4.а. Гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах, түүний үр дагаврын тухайд, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээний харилцаа үүссэн нь хэрэгт авагдсан гэрээ, банкны дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарласан.

            Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны  өдрийн 3 дугаар Зөвлөмжөөр гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах журам, түүний үр дагавар талаар тайлбарласан бөгөөд уг Зөвлөмжид: “...хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ, ...гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээг дуусгавар болгох хүсэл зориг адилхан агуулагддаг. Энэ утгаараа Иргэний хуулийн үүргийн нийтлэг зохицуулалтад зөвхөн гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан боловч гэрээг цуцлах тохиолдолд уг журмын зарим зохицуулалт хамааралтай. Иргэний хуулийн 204, 221, 225, 227 дугаар зүйл гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах аль ч үед хэрэглэнэ. Харин Иргэний хуулийн 205 дугаар зүйлд гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан байх тул гэрээг цуцлахад хэрэглэгдэх зохицуулалт бий байна”.

4.б. Анхан шатны шүүхээс “Төлбөр барагдуулах гэрээ”-г Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцнэ гэж үзсэн атлаа, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан талуудын хүсэл зориг одоо ч хүчин төгөлдөр хэвээр байхад “...харилцан буцаах үүргийн хүрээнд нэхэмжлэгчид 190,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байхад Төлбөр барагдуулах гэрээнд хариуцагчийн төлөх үүргийг 260,000,000 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх нотлох баримтаа гаргаж өгсөн. 5 сард байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ” бодитойгоор буцаан төлсөн төлбөрийг үгүйсгэх нотлох баримт болж чадахгүй. Төлбөрийн гэрээ үүсмэл 2 дугаар зэргийн баримт болж байгаа. Учир нь, гэрээнд заасан төлбөрийн тоо нь хариуцагчаас бодитойгоор төлсөн банкны баримтуудаар үгүйсгэгдэнэ. Тоо хэмжээний хувьд болсон үйл баримтаас зөрүүтэй. Манай талаас гаргаж өгсөн баримт юугаараа давуу вэ гэвэл энэ үйл баримт, төлбөр төлсөн баримтыг шууд нотолж байгаа. Хуульд заасан үндэслэл журмын дагуу эх сурвалж болсон, биет, анхдагч буюу хэргийн бодит нөхцөл байдлыг нотолсон баримтуудыг өгсөн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн төлбөрийн баримтын эх сурвалж нь өмнө нь Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байсан боловч хамтран ажиллах гэрээгээр зохицуулагдахаар байдаг. Өөрөөр хэлбэл, аж ахуй нэгж байгуулахгүйгээр хоёр талаас ашиг төлбөрөө нийлүүлээд гэрээ байгуулсан. Анхан шатны шүүхэд ямар учраас маргаагүй вэ гэвэл гэрээнээс татгалзсаныг нэгэнт зөвшөөрч төлбөрөө төлөөд эхэлсэн учраас маргаагүй. Уг гэрээ хэрэгжиж эхэлсэн үед татгалзсан учраас хариуцагч талд маш их алдагдал учирсныг бодит баримт буюу банкнаас нотлох баримт гаргаж өгсөн. Ганцхан төлбөр төлсөн биш, нэгэнт худалдаж авсан нүүрсээ хямд үнээр борлуулсан талаарх баримтаа гаргаж өгсөн. Төлбөр төлүүлэх гэрээний эх үүсвэр нь хариуцагчийн шууд буруугаас учирсан хохирол биш, бизнес эхлээд явж байх үед нөгөө тал гэрээнээс татгалзсан учраас гэрээний чөлөөт байдлыг үндэслээд өгсөн авснаа буцааж өгөх буюу Иргэний хуулийн 201 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн хууль хэрэглээний хувьд маргахгүй. Давж заалдах гомдлын хувьд Иргэний хуулийн 221, 225, 227, 466 дугаар зүйлд заасныг тус тус баримтлах ёстой буюу хууль хэрэглээний тал дээр гаргаж байгаа маргааны хувьд оновчгүй. Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасны дагуу тооцоо нийлэх хүртэл харилцан бие биедээ шаардлага гаргах эрхгүй байдаг. Нөгөө талд алданги хүлээх үүрэг байдаггүй. Тооцоо нийлэх гэрээгээр алданги биш, хүү төлөх зохицуулалттай байдаг. Хохирол төлөх гэрээгээр алдагдал учруулсан гэж хэлсэн. Гэрээ дуусахаас өмнө татгалзсан гэж тайлбарлаж байгаа асуудлын хувьд хэрэгт тооцоо нийлсэн акт байдаггүй. Төлбөр төл гэсэн гэрээ бичиж гарын үсэг зурсан байдаг. Иймд төлбөрийн үлдэгдлийг тооцсон дүгнэлт, хууль хэрэглээг зөв гэж үзэж байна. Хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.2, 481 дүгээр зүйлд тус тус зааснаар давхар зүйлчлэх байсан. Төлбөр төлсөн талаарх нотлох баримтыг үнэлсэн, төлбөрийн үлдэгдлийг тооцсон талаар маргахгүй. Ногдуулсан алдагдлын хувьд бид өөр саналтай байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан түүний гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Д.Т- нь хариуцагч “Бэст оф монголиан транс” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 168,964,132 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, мөн гэрээний агуулгыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

4.Хэргийн 12-14-р талд авагдсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 6-р талд авагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”, зохигчдын тайлбараас үзвэл, талууд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид шилжүүлсэн 600,000,000 төгрөгийг буцаан өгөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

4.а.Харин хожим буюу 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 01 дугаартай “Төлбөр барагдуулах гэрээ”-ний нөхцөл, хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хохиролд, эсхүл үндсэн төлбөрийн алинд тооцох эсэхэд зөрүүтэй тайлбар гарган маргажээ.

 

4.б.Талуудын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Г22/33 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ” гэх нэртэй хэлцлээр тохирсон зүйл, нөхцөл зэргийг үзвэл, уг гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл, уг гэрээний дагуу А тал болох хариуцагч нь компанийн үйл ажиллагааг хэвийн явуулж, байгууллагыг ашигтай ажиллах нөхцөл бололцоогоор хангах, Б тал болох нэхэмжлэгч нь тээвэрлэлт хэвийн явах нөхцөлийг бүрдүүлж, тээвэрлэлт хийхэд шаардлагатай өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулагдах санхүүжилт болох 600,000,000 төгрөгийг гаргаж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас олох цэвэр ашгийг 50 хувиар хүртэхээр тохиролцсон байна.

4.в.Дээрх гэрээ хэрэгжээгүй буюу талууд хамтын үйл ажиллагаа явуулаагүй, аливаа ашиг гараагүй байх бөгөөд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг хүлээжээ.

 

Тодруулбал, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 01 дугаартай “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 2, 3 дахь заалтаар хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан өгөх ёстой 600,000,000 төгрөгөөс 340,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 260,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дотор үүрэг гүйцэтгүүлэгчийн Хаан банкны 5447035519 тоот дансанд төлөх, энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох талаар тохиролцож, харилцан гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байна. /хх-ийн 38-р тал/

 

4.г.Дээрх хэлцлийг байгуулахаас өмнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 410,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Харин тухайн дүнг төлбөр барагдуулах хэлцэлд 340,000,00 төгрөг гэж тусгаж, 70,000,000 төгрөгийг хохиролд тооцсон эсэхэд маргасан.

 

4.д.Анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа хариуцагч нь харилцан буцаах үүргийн хүрээнд нэхэмжлэгчид 190,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байхад гэрээнд 260,000,000 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй.

 

Тодруулбал, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлээр тохиролцсон үлдэгдэл төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа, алдангийн талаарх тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээг чөлөөтэй байгуулсан, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй, Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн үүрэг, хариуцлагыг тодорхой тусгажээ. Иймд хариуцагч “Бэст оф монголиа транс” ХХК нь уг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

 

4.е.Нэхэмжлэгч Д.Т- нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, төлбөр барагдуулах гэрээний 3, 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу үлдэгдэл төлбөр 112,642,755 төгрөгийг, алданги 56,321,378 төгрөг, нийт 168,964,132 төгрөгийг хариуцагч “Б-” ХХК-аас шаардах эрхтэй байх тул хариуцагч “Б-” ХХК-аас 168,964,132 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Т-т олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03353 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Б-” ХХК-аас 168,964,132 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Т-т олгосугай.” гэж,

 

2 дахь заалтын “... 56.2 ...” гэснийг “56.1” гэж, “... 380.700 ...” гэснийг “1,002,771” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Т-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 780,021 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.БАЯСГАЛАН

 

                                                ШҮҮГЧ                              Д.ЗОЛЗАЯА

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.ДАВААДОРЖ