| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2019/0017/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/20 |
| Огноо | 2019-03-05 |
| Зүйл хэсэг | 24.1.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/20
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн,
Шүүгдэгч: Д.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Чинзориг шүүгдэгч Б овогт Д-гийн П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802003890264 дугаартай, 146/2019/0017/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймаг, .......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ........... регистрийн дугаартай, Б овогт Д-гийн П,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.П нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг “Баруун сөдтий” гэх газарт хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 7.291.415 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Д.П нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг “Баруун сөдтий” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Д.П-ийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон хэрэгт холбогдон шалгагдаж байгаагаа ойлгож байна. Би Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу бичиг баримтыг бүрдүүлэн сумын Засаг захиргаанд өгч “Үйзэн нутаг” нэртэй нөхөрлөлийг 2018 онд байгуулсан. Сум орон нутгаас миний үйл ажиллагааг дэмжиж байсан болохоор 151 дүгээр тогтоолын дагуу сумынхаа 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Баруун сөдтий” нэртэй газарт бичил уурхай эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар материал бүрдүүлж сумын засаг даргад өгсөн. Сумын засаг дарга нь цаашаа аймаг руу миний материалыг явуулж өгсөн, ингээд аймгаас зөвшөөрөл гарах байх гээд хүлээж байхад аймгийн захиргаанаас энэ жилдээ зөвшөөрөл олгох боломжгүй гэж хариу амаар өгсөн. Ингээд би уг газартаа дараа жилээс ашиглаж болох нь гэж бодоод хаана ямар зүйл байгааг мэдэхээр буюу газрын дээж үзэх зорилгоор 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн 2 хоног ухаж байгаад баригдсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч байна. Экологид учирсан хохиролыг би төлнө гэжээ. /1 дүгээр хх-ийн 235-236 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Янжиндулам 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Засаг даргын захирамжаар энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Баруун сөдтий гэх газарт 1997 оноос 2012 онд 4 компани ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулсан, одоогоор уг газарт зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байхгүй.
Д-гийн П-ийн хувьд манай суманд оршин суудаг хувиараа бизнес эрхэлдэг ийм хүн байгаа юм. 2018 оны 08 дугаар сар амралттай байх хугацаанд Баруун сөдтийн амны хонгилтын дээд үзүүрт техник хэрэгсэл авчирч алт олборлох, зорилгоор газар ухаж байгаад цагдаад баригдсан талаар мэдсэн. 2018 оны 09 дүгээр сарын 25-нд хяналт шалгалтаар явж тухайн газар очиход П техник хэрэгслээ татаад буусан байсан.
Энэ хэргийн улмаас байгаль орчны газрын хэвлийд учирсан нөхөн төлбөр болон нөхөн сэргээлт хийхэд гарах зардлыг Байгаль орчин хамгаалах хуульд зааснаар зохих этгээдээс төлбөрийг гаргуулж Бат-Өлзий сумын төрийн сангийн эрсдэлийн дансанд тушаалгаж өгнө үү гэжээ. /1 дүгээрр хх-ийн 24-25 дугаар хуудас/,
“Ойт бүс” ХХК-ийн Байгаль орчинд учруулсан хохиролыг шинжилгээ хийж тогтоосон 18/14 шинжээчийн дүгнэлтэнд: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Баруун сөдөтийн амны эхэнд байрлах тус талбайд уул уурхайн ашиглалт явуулсны улмаас 0,073 га буюу 731.8м2 , 58м урт, 9.6м өргөн, дунджаар 1.1м гүнтэй нэг ухаш, хоёр овоолго үүсгэн газрыг эвдсэн байна. Тус талбай нь голын усан сан бүхий газрын хилээс 40м зайд ой, мод ургаагүй газарт ашиглалт явуулсан байна. Иймд голын гольдролыг өөрчилсөн ой, усан сан бүхий газарт хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Иргэн Д.П-ийн алт олборлож үйл ажиллагаа явуулсаны улмаас байгаль орчинд учруулсан хохиролын хэмжээг эвдрэлд өртсөн 0,073 га талбайд тооцоолоход нийт газрын хэвлийн хохирол 616.900 төгрөг, эдэлбэр газарт 960 төгрөг, усан сан орчинд 2.791.625 төгрөг, хөрсөн бүрхэвчид 3.218.160 төгрөг, ургамлын нөмрөгт 663.377 төгрөг, нийт 7.291.415 төгрөгөөр хэмжигдэж байна. Техникийн нөхөн сэргээлтийн ажилд 829.850 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 383.420 төгрөг, хяналт мониторингийн зардалд 133.500 төгрөг, нийт 1.346.770 төгрөг зарцуулагдах тооцоо гарсан гэжээ. /1 дүгээрр хх-ийн 41-68 дугаар хуудас/,
Шинжээч Б.Очмаагийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгт: 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээч томилон шинжилгээ хийлгэх тухай тогтоолд үндэслэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг Баруун сөдтий гэх газарт иргэн Д.П-ийн ашигт малтмал хайж газрын хөрс хуулалт хийсэн талбайд мэргэжилтэн судлаачдын хамт байгаль орчны судалгааг хийж уг дүгнэлтийг гаргасан. Дүгнэлт гаргахдаа эдэлбэр газар, газрын хэвлий, хөрс, ургамалыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 201 оны 05 сарын 27-ны өдрийн А156 дугаар тушаалаар батлагдсан “ Байгаль орчны хохиролын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлал, усан орчныг Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А388 дугаар бүхий “ усны нөөцөд учирсан хохиролыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох” аргачлалуудыг мөрдлөг болгон тооцож гаргасан.
Нөхөн сэргээлтийн зардлыг Эрдэс баялаг эрчим хүчний сайд, Байгаль орчин аялал жуучлалын сайд нарын хамтарсан 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 132/112 тоот тушаалаар баталсан “ эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, ажлын зардал тооцох” аргачлалаар тооцсон. Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолд заасан солбилцолд үндэслэн уг газар дээр хэмжсэн хэмжилтийн үр дүнгээр уг талбайн хэмжээг тогтооход 731.8 м2 буюу 0.073 га газар эвдрэлд орсон байсан. Энэ газарт нийтдээ 7.921.415 төгрөгийн хохиролыг Байгаль орчинд учруулсан байна. Нөхөн сэргээлт хийхэд нийтдээ 1.346.770 төгрөгийн зардал шаардлагатай байгаа тооцоо гарч байна гэжээ. /1 дүгээрр хх-ийн 232 дугаар хуудас/,
Гэрч С.Н-ын 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгт: Бат-Өлзий сумын нутагт байх "Баруун сөдтий" гэх газарт П гэдэг хүний уурхайд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ачааны авто машин жолоодохоор ирсэн. Миний унаж шороо зөөж байгаа Норд маркийн ачааны машин Өвөрхангай аймгийн төвд байдаг Б гэдэг хүний машин байгаа юм. П болохоор -д машинаа түрээслэсэн гэсэн. Би өглөө 10 цагаас орой 19 цаг хүртэл шороо зөөдөг. Экскаваторын ухсан шороог ачиж уурхайн Кемпийн гадна байх алт угаадаг төхөөрөмжний хажууд буулгадаг. Өдөрт дунжаар 10 орчим удаа шороо зөөвөрлөдөг. Миний жолоодож байгаа Норд маркийн ачааны авто машины дугаар ........ гэсэн байгаа, бичиг баримтыг нь Б авсан. BEIBEN маркийн машин миний эзэмшлийн машин байгаа юм. Голомт банкны нэр дээр барьцаанд явдаг юм. Ажилласан өдөр бол 5-6 хоног байх. гэжээ. /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас, 227 хуудас/
Гэрч М.Ө-ийн 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгт: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт байх нэрийг нь сайн мэдэхгүй газарт П гэдэг хүний уурхайд 2018 оны 08 дугаар сарын 25-ны үед ирж өнөөдрийг хүртэл экскаваторын оператор хийж байгаа. Ирснийхээ дараа энэ блокыг ухаж нээгээд шороо ачуулж байгаа. Энэ блокыг 6 хоног ухаж байгаа. Миний ажиллуулж байгаа экскаватор Б гэдэг хүнийх. Б ахаас энэ уурхайн эзэн П гэдэг хүн энэ экскаваторыг түрээслэж байгаа. Миний хотоос авчирсан экскаватор, 2 ширхэг ховд маркийн ачааны машин, нэг алт угаагч төхөөрөмж, нэг ковш ажиллаж байгаа. Шөнө ажилладаг ээлжийн оператор байдаг. Билэгсайхан гэдэг хүн байгаа би өдөрт өглөө 08 цагаас орой 19 цаг хүртэл ажилладаг.Нөгөө ээлжийн оператор19 цагаас гараад өглөө 07 цаг хүртэл ажилладаг. Эрүүл газар байсныг нь би шороо ухаж гаргасан. Энэ газрын уурхайн эзэн Пээ ухаж шороо гарга гэж хэлсэн болохоор би ухаж эвдрэлд оруулсан гэжээ. /1 дүгээр хх-ийн 32-ЗЗ дугаар хуудас/
Гэрч Б.Б-ын 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгт: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багт байх "Баруун сөдтий" гэх газарт П гэдэг хүний уурхайд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ирж өчигдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр усан буу хийж байгаа. П гэдэг хүн намайг ажиллуулж байгаа. Манай уурхайн усан буу өчигдөр өглөөнөөс эхлэн ажилласан гэжээ. /1 дүгээр хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч С.Б-ийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгт: Миний бие 2010 оноос хойш машин механизм түрээслэх үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2018 оны 08 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна машин механизм түрээслүүлэх талаар сайтуудад байршуулсан миний зарын дагуу нэг эрэгтэй хүн яриад экскаватор түрээслэх үү гэсэн. Өөрийгөө П гэж танилцуулсан. Түүнээс хойш П хэд хэдэн удаа надтай ярьсан. Тэрээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд амьдардаг. Сумандаа хуучин олборлолт явуулсан газарт алтны үүсмэл орд, хуучин угаасан эйфел, галь буудна нөхөрлөлөөр зөвшөөрөл авсан гэж байсан. Тэгээд 2 сарын хугацаатай 1 сарын 24 сая төгрөгөөр экскаватороо түрээслэхээр түүнтэй тохирсон. Ингээд би экскаватороо 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Бат-Өлзий сум руу ачиж авч яваад 08 дугаар сарын 28-ны өдөр Бат-Өлзий суманд очсон. Тэнд Птэй уулзаад техник түрээслэх гэрээ байгуулаад урьдчилгаанд 7 сая төгрөг авч экскаватороо түүнд хүлээлгэж өгөөд буцсан. Гэтэл 2018 оны 09 сарын эхээр байсан яг өдрийг нь санахгүй байна.
П над руу яриад цагдаа нар шалгалтаар ирээд экскаваторын компьютер хураагаад аваад явсан гэж хэлсэн. Дараа нь манайх нүүх гэж байгаа экскаватороо ирж аваарай гэж ярьсан. Тэгээд би 2018 оны 09 сарын 20-нд очиж аваад Баянзүрх дүүрэгт байдаг танилынхаа хашаанд аваачиж буулгасан. Одоо тэндээ байгаа. Миний экскаватор Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, SL300LС-\/ маркийн, 1413 арлын дугаартай DООSAN маркийн, 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2014 онд Монгол улсад орж ирсэн гэжээ. /1 дүгээр хх-ийн 36-37 дугаар хуудас/
Гэрч Д.Энхтүвшингийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгт: .Би 2018 оны 05 сард авто ачигч буюу ковш худалдаж авсан юм. Худалдаж авснаас хойш 100 айлд баригдаж байсан барилга дээр түрээсээр ажиллуулж байсан бөгөөд түрээс нь бага, сул зогсолт ихтэй байсан учир гайгүй хөлстэй ажилд түрээслүүлэхээр сайтуудаар зар байршуулсан юм. Тэгтэл байршуулсан зарын дагуу П гэж хүн яриад ирж уулзсан. Тэрээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд газар шорооны ажил хийх гэж байгаа юм. Нутгийн иргэдтэй хамтраад нөхөрлөл байгуулсан, орон нутгаас зөвшөөрөл авсан гэж байсан. Би тэр хүний ярианаас алтны хуучин овоолготой шороог зөөвөрлөх гэж байгааг ойлгосон. Тэгээд П-тэй 2 сарын хугацаатай 1 сарын 13 сая төгрөгөөр ковшоо түрээслэхээр тохироод 2018 оны 08 дугаар сарын 20-ны үед байсан шиг санагдаж байна. П ирээд ачиж аваад явсан. Дараа нь ковш эвдэрсэн гээд ярихаар нь сэлбэгийг нь авч өгч явуулсан. Тэнд нийтдээ 10-аад хоног ажилласан байх. Гэтэл П түрээсийн мөнгө төгрөгөө өгөх боломжгүй байна, эвдрэл гэмтэл гарсан 5 хоног ажилласан түрээсийн мөнгө төгрөгийг хасна эн тэр гээд байхаар нь 2018 оны 09 сард ковшоо очиж авсан. Би энэ ковшийг худалдаж авахдаа Энгүүн од ХХК-иас зээлээр авсан юм, бичиг баримт нь уг компанийн нэр дээр бүртгэлтэй байгаа юм. Xiamen XG951 маркийн, 2003 онд үйлдвэрлэгдсэн, ...... улсын дугаартай авто ачигч байгаа юм гэжээ. /1 дүгээр хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Гэрч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын байгаль хамгаалагч Ж.Б-ийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өгсөн мэдүүлэгт: Д.Пийн хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан газар нутаг орон нутгийн тусгай хамгаалалтанд байдаг. Уг газар нутаг хэн нэгэн иргэний болон аж ахуй нэгжийн өмчлөл, эзэмшилд огт байдаггүй. Би хариуцсан нутаг дэвсгэртээ байнга хяналт шалгалтыг хийдэг. Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг "Баруун Сөдтий" гэх газарт иргэд хууль бусаар ашиг малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудаас зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл огт олгоогүй. Д.П уурхайн үйл ажиллагааг яг хэзээ эхлүүлснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан 2018 оны 07, 08 дугаар сарын үед байх. Тэгэхэд хууль бус үйл ажиллагааг эхлүүлсэн байсан. Би П-т хууль ёсны шаардлага 2 удаа тавьсан гэжээ. /1 дүгээр хх-ийн 215-216 дугаар хуудас/,
Гэрч Өвархангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг ларгын Тамгын газрын дарга Н.Б-ийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэгт: Д.П нь уул уурхайн чиглэлээр бичил уурхай ажиллуулна гэж сумын захиргаанд тэр дундаа надад хандсан зүйл байхгүй. Д.П "Үйзэн нутаг" нөхөрлөл нь гэрийн мод, ойн цэвэрлэгээ арчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сумын засаг даргатай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, миний хувьд хүсэлт гаргасан газрыг мэдэхгүй байна. Хүсэлт гаргаж асуудлыг шийдсэн зүйл сумын захиргаанаас байхгүй гэжээ. /1 дүгээр хх-ийн 224-225 дугаар хуудас/,
Иймд Д.П-ийг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг “Баруун сөдтий” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч бөгөөд ашигт малтмал эрж, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй, энэ хуульд заасан журмаар тусгай зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээд авахаар байна.
Шүүгдэгч Д.П нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан нь шүүгдэгч Д.П, гэрч Н.Б, Ж.Б нарын мэдүүлэг, Ашигт малтмалын, газрын тосны газрын албан бичгээр /1 дүгээр хх-ийн 117 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Ойт бүс ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлыг шинжилгээ хийж гаргасан шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд учруулсан хохирол 7291415 төгрөгийг, нөхөн сэргээлт хийхэд гарах зардал 1346770 төгрөгийг шүүгдэгч төлсөн байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, цагдан хоригдоогүйг дурдаж, шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.П-ийн өмчлөлийн ....... улсын дугаартай Mitsubishi Canter маркийн автомашин, ....... улсын дугаартай Toyoto ToyoAce маркийн арлын дугаартай автомашин, ....... улсын дугаартай Kia Bongo Fronter маркийн автомашин, ....... улсын дугаартай Hino Ranger маркийн автомашин, ....... улсын дугаартай автомашинуудын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 38 дугаартай прокурорын зөвшөөрөл,
Улсын бүртгэлийн Y2204083679 дугаартай Баянзүрх дүүргийн ....байрны ... тоот байр, улсын бүртгэлийн Ү2204013624 дугаартай Баянзүрх дүүргийн ... тоот, улсын бүртгэлийн Ү1003000110 дугаартай Өвөрхангай аймгийн ...... тоот, улсын бүртгэлийн Ү1003000015 дугаартай Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4-р баг зөрүүлэг, улсын бүртгэлийн Г2204003564 дугаартай Баянзүрх дүүргийн .... тоот, улсын бүртгэлийн Г2204003563 дугаартай Баянзүрх дүүргийн ... тоот, улсын бүртгэлийн Г1003000360 дугаартай Өвөрхангай аймгийн ..... тоот, улсын бүртгэлийн Г1003000063 дугаартай Өвөрхангай аймгийн .... тоот, улсын бүртгэлийн Г1003000062 дугаартай Өвөрхангай аймгийн .... тоот үл хөдлөх хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 39 дугаартай прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох хязгаарлалтын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.Пийн эзэмшлийн гар хийцийн 40 маркийн 10,000,000 төгрөгийн үнэлгээтэй алт угаах төхөөрөмж, 100 марк 30 кв, 380 волтийн 6,000,000 төгрөгийн үнэлгээтэй цахилгаан үүсгүүрийг хурааж улсын орлогод оруулав.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дараах тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул “Тод үнэлгээ” ХХК-ны автомашин, техникийн үнэлгээгээр үнийг нь гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй. Үүнд: Чингүүн од финанс ББСБ-ийн эзэмшлийн ....... улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн Xiamen XG951 маркийн авто ачигчийн үнэ 30,000,000 төгрөг, Эм даблю Си И ХХК-ийн эзэмшлийн ....... улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн SOLAR s300 маркийн эксковаторын үнэ 80,000,000 төгрөг, ........ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн Beiben truck notd benz маркийн өөрөө буулгагч автомашины үнэ 30,000,000 төгрөг нийт 140,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.П-ээс гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцэж байна.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн батгалгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-гийн П-ийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Д-гийн П-т хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б овогт Д-гийн П-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох хязгаарлалтын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.П нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.П нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, цагдан хоригдоогүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.П-ийн өмчлөлийн ....... улсын дугаартай Mitsubishi Canter маркийн автомашин, ....... улсын дугаартай Toyoto ToyoAce маркийн арлын дугаартай автомашин, ....... улсын дугаартай Kia Bongo Fronter маркийн автомашин, ....... улсын дугаартай Hino Ranger маркийн автомашин, ....... улсын дугаартай автомашинуудын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан,
Улсын бүртгэлийн Y2204083679 дугаартай Баянзүрх дүүргийн ..... байрны .. тоот байр, улсын бүртгэлийн Ү2204013624 дугаартай Баянзүрх дүүргийн ... тоот, улсын бүртгэлийн Ү1003000110 дугаартай Өвөрхангай аймгийн ... тоот, улсын бүртгэлийн Ү1003000015 дугаартай Өвөрхангай аймгийн ... зөрүүлэг, улсын бүртгэлийн Г2204003564 дугаартай Баянзүрх дүүргийн .... тоот, улсын бүртгэлийн Г2204003563 дугаартай Баянзүрх дүүргийн ..... тоот, улсын бүртгэлийн Г1003000360 дугаартай Өвөрхангай аймгийн .... тоот, улсын бүртгэлийн Г1003000063 дугаартай Өвөрхангай аймгийн .... тоот, улсын бүртгэлийн Г1003000062 дугаартай Өвөрхангай аймгийн .... тоот үл хөдлөх хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласаныг тус тус хүчингүйд тооцсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.П-ийн эзэмшлийн гар хийцийн 40 маркийн 10,000,000 төгрөгийн үнэлгээтэй алт угаах төхөөрөмж, 100 марк 30 кв, 380 волтийн 6,000,000 төгрөгийн үнэлгээтэй дизель цахилгаан үүсгүүрийг хурааж улсын орлогод оруулах, бусдын эзэмшлийн ....... улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн Xiamen XG951 маркийн авто ачигчийн үнэ 30,000,000 төгрөг, .... улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн SOLAR s300 маркийн эксковаторын үнэ 80,000,000 төгрөг, ........ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн Beibentruck mtd benz маркийн өөрөө буулгагч автомашины үнэ 30,000,000 төгрөг нийт 140,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.П-ээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА