Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 204

 

 

Т.Н, Г.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч “****” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, “****” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүгдэгч Т.Н-ийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор, А.Сандагдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 869 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ДШМ/0037 дугаар магадлалтай, Т.Н, Г.О нарт холбогдох 201726020260 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Н-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Т.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлчилгээний менежер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Н-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж, их хэмжээний хохирол учруулж, байнга амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн, шүүгдэгч Г.О-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Т.Н-г 6 жилийн хорих ялаар, шүүгдэгч Г.О-ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Н-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Н гаргасан гомдолдоо: “...Миний бие гэмт хэрэг хийснээ шударгаар хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан өдийг хүрсэн. Уг гэмт хэрэгт холбогдолтой хүмүүсийн талаар удаа дараа хэлж, мэдүүлж байсан хэдий ч шалгаагүй тул энэ хэрэгт холбогдолтой хүмүүсийг нь тодруулж шалган, хохирогч нарын хохирол төлбөрийг төлүүлж өгөөч гэж хүсч байна. Би хэн нэгнийг үндэслэлгүй гүтгэх санаа зорилго агуулаагүй, харин шалгаж тогтоох хүмүүсийг шалгаж, гэм буруутай нь үнэн бол хуулийн дагуу адилхан хариуцлага хүлээх, иргэний хариуцагчаар татагдвал зохих үндэслэлийг нь тогтоож хохирол төлбөрийг хариуцах хуулийн тэгш шударга байх зарчим үйлчлэхгүй байгаад гомдолтой байна. Хэргийг цагдаагийн байгууллага олж илрүүлэх талаар идэвхи чармайлт гаргаагүй. Иймд намайг залилах гэмт хэрэг үйлдэж, амьдралынхаа эх үүсвэр болгосон гэж буруутгаж шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Н-ийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор хэлсэн саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл уг хэрэг дээр үндсээрээ зөрчигдсөн. Улаан мөнгөн ус авч, мөнгө болгож, өрийг чинь төлж өгнө гэж эхлээд С.М гэдэг хүн Т.Н-г ийм байдалд уруу татсан нь тодорхой харагддаг. С.М-ыг 3-4 жил эрэн сурвалжлаад олдохгүй байна гэж хэлээд энэ хүнийг шалгаагүй орхигдуулсан. Мөнгө нь С.М-ын дансаар шилжсэн байдаг. С.М-ыг олох ажиллагаа мөрдөн шалгах ажиллагаанд хийгдээгүй. Бичиг баримт гаргаж өгсөн байдалд цагдаагийн хүмүүс ч оролцсон байдаг боловч огт шалгаагүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэргийг нэг мөр шалгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Н-ийн өмгөөлөгч А.Сандагдулам хэлсэн саналдаа: “Шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх дутуу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хянавал зохих асуудлуудыг прокурор өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд бүрэн хянаж чадаагүй. Т.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий хүмүүсийг удаа дараа шалгуулах хүсэлт гаргасан байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд тэдгээр хүмүүсийг өөрсдөөс нь авсан мэдүүлгээр хязгаарлаж, прокурор нотолбол зохих байдлыг нотолсон гэж үздэг. Энэ талаар шүүх тодорхой дүгнэлтийг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал нэр дурдаад хэрэгт хамтран оролцсон гэх хүмүүсийг шалгах зайлшгүй шаардлагатай байсан. Т.Н өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргадаггүй. Харин уг хэрэгт хамтран оролцсон бусад хүмүүсийг шалгаж өгөөгүй асуудал дээр гомдоод байгаа. Гэмт хэргийн шинжтэй тодорхой үйлдлүүдийг нь дурдаад, хэлээд байхад шалгаагүй. Т.Н уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн гэдгийг нотлоогүй атлаа бусад хүмүүс хамтран оролцоогүй байна гэж дүгнэлт хийсэн нь хохирогч болон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогч “****” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогч “****” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Т.Н-ийн гомдлын дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон байна. Шүүгдэгч Т.Н-ийн анхан болон давж заалдах шатны шүүхэд бусад хүмүүсийг шалгуулах тухай хүсэлт гаргаж байсныг шүүх хянаж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт зүйлчилсэн зүйлчлэл тохирсон, хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Н-ийн гаргасан гомдлыг үндэслэн Т.Н, Г.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан, бэхжүүлснийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хоёр шатны шүүх Т.Н, Г.О нарын үйлдсэн хэргийн үйл баримтыг ямар нэгэн эргэлзээгүйгээр, хөдөлбөргүй нотлон тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Өөрөөр хэлбэл, энэхүү хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Н нь ганцаараа 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд **** дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” ХХК-ийн өмчлөлийн 31 ширхэг автомашиныг хуурамч баримт ашиглан “...зээлээр худалдаж авна, графикийн дагуу төлбөрийг төлнө...” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдүүлэн, итгүүлэн үнэмшүүлж, зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр иргэний эрх зүйн хуурамч харилцаа үүсгэн халхавчлан хуурч 379,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

**** дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “1000 автомашины зогсоол” дээрээс 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Г.О-ын эзэмшлийн **** УБЧ улсын дугаартай Тоёота Эстима маркийн автомашиныг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 12,000,000 төгрөгөөр худалдаж авна гэж итгүүлэн автомашиныг залилсан,

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ авто худалдааны төв” дээр 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэн Т.Э-ийн Тоёота Ланд 120 Прадо маркийн автомашиныг худалдан авахаар харилцан тохиролцож урьдчилгаа 22,500,000 төгрөгийг өгч үлдэгдэл 22,500,000 төгрөгийг өгөлгүй залилсан, гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” ХХК-д Тоёота Харрер маркийн **** УНӨ улсын дугаартай автомашиныг 6,000,000 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Лексус 570 маркийн **** УБЕ улсын дугаартай автомашиныг 13,000,000 төгрөгийн барьцаанд тус тус тавьж нийт 19,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан, гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо “Ундрам” төвийн 203 тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “****ж” ХХК-д Лексус-570 маркийн **** УБЕ улсын дугаартай автомашиныг барьцаанд тавьж 70,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан, гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн “68” авто ломбарданд ***** УБЕ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг барьцаанд тавьж 17,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг UB март худалдааны төвийн 503 тоотод байрлан үйл ажиллагаа явуулж байгаа “****” ХХК-иас **** УНӨ улсын дугаартай, Тоёота Харрер маркийн автомашиныг урьдчилгаа 30 хувийг төлж итгэл төрүүлэн залилан авч 26,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” ХХК-д **** УНӨ улсын дугаартай Тоёота Харрер маркийн автомашиныг барьцаанд тавьж 6,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-иас 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр **** УББ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашиныг урьдчилгаа төлбөрийг төлж зээлийн гэрээгээр халхавчилж худалдан авч зээлийг буцааж төлөх санаа зорилгогүйгээр бусдад барьцаалж 13,500,000 төгрөгийн хохирол учруулан залилан, нийт үргэлжилсэн үйлдлээр 565,200,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх барьцаанд иргэн М.Ө-т “...Оюу толгой компанид ажилд оруулж өгнө...” гэж хуурч, зохиомол зүйлийг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн М.Ө-аас 2,430,000 төгрөгийг 5447067449 тоот дансаар авч залилсан,

мөн шүүгдэгч Т.Н, Г.О нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй ломбарданд Лексус 570 маркийн **** УБЕ улсын дугаартай авто машиныг өөрсдийн эзэмшлийнх гэж итгүүлэн зээлийн гэрээ байгуулан барьцаанд тавьж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн 30,000,000 төгрөгийг залилсан,

2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-нд Тоёота Приус 30 маркийн **** УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрсдийн эзэмшлийнх гэж итгүүлэн зээлийн гэрээ байгуулан барьцаанд тавьж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн 5,000,000 төгрөгийг залилсан,

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн “68” нэртэй ломбарданд Тоёота Приус 30 маркийн **** УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрсдийн эзэмшилийнх гэж итгүүлэн зээлийн гэрээ байгуулан барьцаанд тавьж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн 7,400,000 төгрөгийг залилсан гэмт хэргүүдийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр шатны шүүхээс эдгээр хэргүүд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн ямар нотлох баримтаар хэрхэн нотлогдож буй талаар шийтгэх тогтоол, магадлалд нэг бүрчлэн тусгаж, тэдгээрийн харилцан хамаарал болон нотолгооны хангалттай, хүрэлцэхүйц байдлыг үндэслэлтэй тодорхойлж, шүүгдэгч Т.Н, Г.О нарт холбогдох хэргийн бүрдэл, нотлогдсон тухайд хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Түүнчлэн хоёр шатны шүүх шүүгдэгчдийг гэм буруутайд тооцсон гэмт хэргийн сэдэлт, зорилго болон гэмт хэрэг үйлдэхэд тэдгээрийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоог үндэслэлтэй тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтуудыг журамлан гэмт хэрэг үйлдэхэд дагаж мөрдөж байсан буюу хууль үйлчлэх цаг хугацааг зөв тогтоох зэргээр тэдгээрт холбогдох хэргүүдийг зөв зүйлчилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг хэрэглэх нь шүүхийн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Т.Н-г 6 жилийн хорих ялаар, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шүүгдэгч нарын гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар шүүхэд олгосон онцгой бүрэн эрх болно.

Залилах гэмт хэргийн хүндрүүлэх бүрдүүлэг “Байнга” гэх ойлголт нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх шаардлага нь тухайн гурван үйлдлийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл /легитим/ юм.

Түүнчлэн “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгон үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт билээ.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Т.Н-ийн гэмт үйлдлүүд залилах гэмт хэргийн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч Т.Н-ийн хяналтын шатны шүүхэд “...энэ хэрэгт хамаарал бүхий хүмүүсийг шалгаж тогтоолгох, зүйчлэл хөнгөрүүлэх...” талаар гомдол гаргасан нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулгатай утга нэг байх бөгөөд түүний гомдол тус бүрийг үндэслэл бүхий няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох” эрхгүй гэж тодорхой заасан тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 869 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ДШМ/0037 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т

зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                            ШҮҮГЧ                                   С.БАТДЭЛГЭР

                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                             Б.ЦОГТ