Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 137

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн С.Т,

Хариуцагч: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 тушаалаар С.Тийг албан тушаал бууруулж томилсон нь илт хууль бус болсон тул Б/75 дугаар тушаалын С.Т надад холбогдох хэсэг нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, С.Тийг урьд эрхэлж байсан хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхийг Төрийн нарийн бичгийн даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн С.Т би АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөж, улмаар АНУ-ын Нью-Иорк мужийн их сургуульд Нийгмийн эрүүл мэндийн магистрын зэрэг хамгаалж, 2000 оноос ЭМЯ-нд Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн, орлогч дарга, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын орлогч дарга, Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /ХШҮДАГ/-ын даргын албыг тус тус хашиж ирсэн. Миний бие 2001 оны 7 дугаар сард төрийн захиргааны албаны мэргэжлийн шалгалт өгч, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, мөн Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтын дагуу Төрийн албаны төв байгууллагаас нэр дэвшин эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд үр дүнгийн гэрээгээ жил бүр “А” үнэлгээтэй дүгнүүлж ирсэн.

С.Т миний бие Швейцарийн Холбооны Улсын Базелийн их сургуульд эрүүл мэндийн эдийн засгийн чиглэлээр докторантурт эчнээгээр, мөн Шихихутуг хууль зүйн их сургуульд эрх зүйч мэргэжлээр эчнээгээр суралцаж байгаа болно. 2014 онд Эрүүл мэнд, спортын сайдаар Г.Ш томилогдсон даруйдаа хуучин сайдын багтай хамтарч ажиллахгүй гэх үндэслэлээр Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Г-ийн 2014.12.30-ны өдрийн 386 дугаар тушаалаар С.Т намайг ХШҮДАГ-ын даргын үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн юм. Улмаар би зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 28 тоот албан бичгээр асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариу өгсний дагуу шүүхэд хандсан болно.

Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 2015.06.11-ний өдрийн 356 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2015.09.16-ны өдрийн 438 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.11.23-ны өдрийн 329 дүгээр тогтоолоор С.Т намайг үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлснийг тус тус тогтоож, урьд эрхэлж байсан ХШҮДАГ-ын даргын албан тушаалд эгүулэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэр гарсны дагуу ЭМСЯ-ны ТНБД-ын 2016.01.15-ны өдрийн 14 дүгээр тушаалаар урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2015.06.11-ийг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгосон. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ЭМСЯ-ны зүгээс ажилд эгүүлэн томилохгүй 7 сар ажилгүй явуулсан тул тасарсан 7 сарын хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, цалин хөлсөө бодуулж гэм хорын хохирлоо гаргуулж авахаар иргэний хэргийн шүүхэд 2016.09.26-ны өдөр нэхэмжлэл гаргасан юм. Мөн би 2016 оны 6-р сард ээлжийн амралтаа эдлэх ёстой байсан боловч удирдлагууд амраахгүй гэсний дагуу ажлаа хийж байгаад арга буюу хуулийн сургуулийн хичээл, шалгалт эхлэх болсон тул ээлжийн амралтаасаа 10 хоногийн чөлөө аваад 2016.11.07-ны өдөр ажилдаа ирэхэд С.Т намайг ЭМЯ-ны ХШҮДАГ-ын даргын албан тушаалаас чөлөөлж, үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, Нийгмийн эрүүл мэндийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилсон гэж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын /ТНБД/ тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн болно. Энэхүү одоо ч хэнд ч үзүүлж болохгүй гэсэн нууц тушаалаар бол яамны бүтэц зохион байгуулалтын талаар өөрчлөлт хийж бүх албан тушаалтнуудыг чөлөөлж улмаар дахин ажлын байранд байршуулсан утга бүхий тушаал бололтой гэж ойлгож байгаа болно.

Энэхүү тушаалаар дахин ажлын байранд байршуулахдаа Т миний эрхэлж байсан албан тушаал (ажлын байр) хэвээр хадгалагдан үлдсэн байхад Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.2.3 дахь ”төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэж заасан заалтыг зөрчиж албан тушаал бууруулан томилсон нь үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 23.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно гэж заасан байна.

Гэтэл С.Т намайг ямар үндэслэлээр албан тушаал бууруулж байгаа нь тодорхойгүй, миний хувьд дээрх 2 заалтыг зөрчсөн асуудал байхгүй, мөн ХШҮДАГ-ын даргын албан тушаалаас чөлөөлсөн болон албан тушаал бууруулан томилсон тушаалын хувийг ч өгөөгүй болохоор хэдэн тоот ямар тушаалууд болохыг одоо ч мэдээгүй байгаа болно. Хэрвээ дээрх 2 үндэслэл байна гэж үзээд албан тушаал бууруулж байгаа бол тушаалдаа тодорхой тусгах, мөн шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулсны үндсэн дээр албан тушаал бууруулах ёстой байх. Энэхүү тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 40-р зүйлийн 40.1 дэх "төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг хууль тогтоомж...ийг зөрчихийг... хориглоно" гэсэн заалтыг, албан тушаал бууруулах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь ЗЕХ-ийн 24-р зүйлийн 24.1, 24.2

 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн эрх зүйн акт болсон гэж үзэж байна.

Тушаал уншихаас 10 минутийн өмнө Эрүүл мэндийн сайд А.Ц намайг өрөөндөө дуудуулж, “Намаас шахалт их байгаа тул чамайг ахлах мэргэжилтнээр томилохоор болж байна. Юм нэгээр дуусахгүй. Дараа дараагийн томоохон төслүүд эхлэх гэж байна, тэдгээрийн сонгон шалгаруулалт дээр өөрийн хүмүүсээ дэмжинэ” гэх зэрэг байж боломгүй зүйлийг хэлэхэд миний бие хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн болно. Төрийн албаны тухай хуулийн 10-р зүйлийн 10.6 дахь хэсэгт "Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх...” гэж заасан байхад намын нэр барьж сайд А.Ц нь ЗЕХ-ийн 48-р зүйлийн 48.2.2-д зааснаар миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, мөн хуулийн 26-р зүйлийн 26.1, 27-р зүйлийн 27.1, 27.5, 27.6 дахь заалтуудыг зөрчиж илт хууль бус тушаал гаргасан.

Энэ бүх үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.7-д заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй.

Дээрх байдлуудаас дүгнэхэд намайг аль ч намын гишүүн биш гэдгээр ялгаварлан гадуурхаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг эсэргүүцэж, мөн дотоод аудитын шалгалтаар яамны хэрэгжүүлж буй хэд хэдэн төслийн үйл ажиллагаатай холбоотой 10 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илрүүлснийг эсэргүүцэж албан тушаалаас бууруулсан гэж үзэж байгаа бөгөөд энэ нь ЗЕХ-ийн 48-р зүйлийн 48.2.4-д заасан заалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

ЭМЯ-ны ТНБД-ын 2016.11.07-ны өдрийн яамны бүтцийн өөрчлөлт хийхтэй холбогдуулан гаргасан тушаал (гардуулан өгч танилцуулаагүй тул дугаар, утга агуулгыг тодорхой мэдэхгүй) эрх зүйн зөрчилтэй захиргааны агкт тул илт хууль бус захиргааны акт гэж үзэж 2016.11.10-ны өдөр Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан боловч 2016.11.24-ны өдөр ЭМЯ-ны ТНБД Д.О-д өргөдлийг шилжүүлж “...өргөдөлд дурдсан асуудлыг Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн шийдвэрлэсэн талаараа Төрийн албаны зөвлөлд тайлбар ирүүлнэ үү” гэсэн №1255 тоот албан бичгийг хүргүүлснээс хойш ямар ч арга хэмжээ аваагүй өнөөдрийг хүрсэнд гомдолтой байна.” гэжээ.

Хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөг М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Тийн Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 

Нэг. Эрүүл мэндийн яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн талаар:

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталжээ. Энэ шийдвэрийн дагуу Эрүүл мэнд, спортын яамнаас спортын чиг үүргийг тусгаарлан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлж, эрүүл мэндийн чиглэлийг Эрүүл мэндийн яамыг дагнан хариуцахаар болсон үйл баримт нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийснийг нотолж байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа Эрүүл мэндийн Яамыг бүтцийн өөрчлөлт ороогүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна. 

Хоёр. Эрүүл мэнд, спортын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын бүтэц өөрлөгдсөн талаар 

Яамны бүтэц, үйл ажиллагаан чиг үүрэг өөрчлөгдсөнөөр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын бүтцэд мөн өөрчлөлт орсон. Тухайлбал, уг газар Эрүүл мэнд, спортын яамны газар байсан бол хариуцах чиг үүрэг нь зөвхөн эрүүл мэндийн чиглэл болсноор түүний бүтцэд ажиллаж байсан газар хэлтсүүдийн чиг үүрэг өөрчлөгдсөн. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ огт тусгаагүй байна. Харин нэхэмжлэлдээ Төрийн албаны тухай хуулийн 27, 40 дүгээр зүйлд заасан албан тушаалыг хэвээр хадгалах болон мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлагыг харгалзан албан тушаалд томилох асуудлыг хөндөн тайлбарласан байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Яамны бүтэц, орон тооны хязгаарлалтыг Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд өөрчилсөн үйл ажиллагааны үр дагаварын асуудлыг Яам хүлээх боломжгүй юм. Харин энэ асуудал нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзвэл Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолд гомдол гаргах эрх нь нээлттэй байна. 

Гурав. Нэхэмжлэгч С.Т ажлын байрыг орхисон тухайд

Нэхэмжлэгч С.Т 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш одоо хүртэл ажлаа орхиод байна.

Энэ нь: а/ Нэхэмжлэгч С.Т 2017 оны 01 сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Од бичсэн өргөдөлдөө: Миний бие ээлжийн амралт болон эрдмийн чөлөөгөө эдэлж дуусаад, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ажилдаа эргэж орох хугацаа болсон” гэснээс үзвэл Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаар тушаалаар баталсан ээлжийн амралтын хуваарийн дагуу ээлжийн амралтаа зохих ёсоор эдэлсэн болохоо өөрөө хүлээн зөвшөөрчээ.

б/ Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/148 дугаар тушаалаар зарим ажилтны амралтын хуваарьт өөрчлөлт оруулахад С.Тийн нэр орсон байна. Үүнийг Эрүүл мэндийн яам өөрчлөн, амралтаа биеэр эдлэх боломжгүй албан тушаалтанд мөн С.Т-ийг оруулан Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт зааснаар тооцон, 2016 оны 07 дугаар сард амралтын мөнгөнд 1810452 төгрөг олгосныг нэхэмжлэгч хүлээн авсан нь санхүүгийн баримтаар нотлогддог. 

Иймд С.Тийн өөрийн бичсэнээр ээлжийн амралтаа хууль ёсоор эдэлсэн, эсхүл амралтыг биечлэн эдлэхгүйгээр амралтын нөхөн олговорыг хүлээн авсан байх тул аль аль үндэслэлээр ээлжийн амралтаа эдэлсэн гэж үзэхээр байна. 

С.Т 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргад амралтын хоногийн биеэр эдлэхээр болсноо мэдэгдэж байгаа нь  хууль бус шаардлага гэж үзэхээр байна. Энэ  хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэж үзэж байна. Тухайн хүсэлтдээ өмнө нь амралтаа биеэр эдлэхгүйгээр амралтын нөхөн олговорын мөнгө авсан талаар огт дурдаагүй ажээ. Иймд түүний ээлжийн амралтыг дахин биеэр эдлүүлэх эрх зүйн боломжгүй юм. 

Иймд нэхэмжлэгч С.Т 2016 оны 11-р сараас хойш одоо хүртэл эрхэлсэн ажлаа гүйцэтгээгүй тул ажлын байраа орхисон гэж үзнэ.

в/ С.Т 2017 оны 01 сарын 11-ний өдөр “2017 оны ээлжийн амралтыг зохих журмын дагуу биеэр эдлүүлэх, амралтын мөнгийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь: Яамны “Хөдөлмөрийн дотоод журам”-д зааснаар хоёр амралтын хоорондох хугацаа 8 сараас доошгүй байхаар заасан тул албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлсөн гэх үндэслэлээр амралт, чөлөө, акт, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил таслах зэргээр 2 сар гаруй хугацаанд томилогдсон ажил үүрэг гүйцэтгэхгүй явж ирлээ. Энэ бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл гэж үзэж байна. 

Дөрөв. Бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалан цалин, хөлснийг буруулахгүй байх арга хэмжээ авсан талаар

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А\95 дугаар тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид тулгуурлан Яамны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд үндэслэн албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, шатлал, үндсэн цалингийн хэмжээ, нэмэгдлийг өөрчлөн баталсан. Энэ тушаалаар албан тушаал өөрчлөгдсөн нэр бүхий 8 албан тушаалтны цалин хөлсийг 6 сар бууруулахгүйгээр урьд тогтоосноор тооцож олгохоор шийдвэрлэсэн. Яамны бүтцийн орон тоо, албан тушаалын өөрчлөлтийн асуудал нэхэмжлэгч “С.Т”-ээр хязгаарлагдаагүй, тус Яамны нийт ажилтан, албан хаагчид хамрагдаж, албан тушаалаасаа чөлөөлөгдөж, дахин томилогдсон болно.

Засгийн газраас явуулж буй бодлого, Яамны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, орон тооны асуудлыг аль болох хохирол багатай, орон тооны цомхотголд олон хүнийг хамруулахгүй, цалин хөлсөөр хохироохгүй бодлого барьж ажилласны үр дүнд С.Т орон тооны цомхотголд ороогүй, цалин, хөлсөөр хохироогүй гэж үзнэ. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А\95 дугаар тушаал хүчин төгөлдөр байна.

Тав. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн Б\75 дугаар тушаалаар С.Тийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтнээр томилох болсон үндэслэл нь өмнөх яамны чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн явдал юм. Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дах хэсэгт “Төрийн байгууллага... өөрчлөн байгуулагдсан...” гэж зааснаар бүтцийн өөрчлөлт орсон гэж үзэж байна. иймд бүтцийн өөрчлөлт орсон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар шаардлага хангасан гэж үзсэн өөр мэргэжилтнийг томилсон юм.

Дээрх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар С.Тийг тус газарт ахлах мэргэжилтний ажилд томилсон, цалин хөлсийг бууруулаагүй болно. Энэ талаар гаргасан Төрийн нарийн бичгийн даргын гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А\95 дугаар тушаал хууль бус болох талаар нэхэмжлэгч С.Т гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч С.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Нэхэмжлэгч С.Т нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэдүүлэхдээ: С.Т миний 2017 оны ээлжийн амралтыг зохих журмын дагуу биеэрэдлүүлж, амралтын мөнгийг хуулинд заасны дагуу бодож олгохыг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргад даалгах, 

Нэхэмжлэгч С.Т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс нь татгалзахдаа: Нэхэмжлэгч С.Тийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2017 оны ээлжийн амралтыг зохих журмын дагуу биеэр эдлүүлж, амралтын мөнгийг хуулинд заасны дагуу бодож олгохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах гэсэн шаардлагаасаа татгалзаж байна. 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Т нь тус шүүхэд “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 тушаалаар С.Тийг албан тушаал бууруулж томилсон нь илт хууль бус болсон тул Б/75 дугаар тушаалын С.Т надад холбогдох хэсэг нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, С.Тийг урьд эрхэлж байсан хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхийг Төрийн нарийн бичгийн даргад даалгах”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ .

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг: “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 тоот тушаалаар С.Т намайг албан тушаал бууруулж томилсон нь илт  хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

 Анх С.Т-ийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 219 дүгээр тушаалаар Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилогджээ . 

Гэтэл Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 386 дугаар тушаалаар С.Т-ийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон, Эрүүл мэндийн яамны /хуучин нэрээр/ Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөдсөнийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015.06.11-ний өдрийн 356 дугаар шийдвэр , давж заалдах шатны шүүхийн 2015.09.16-ны өдрийн 438 дугаар магадлал , Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.11.23-ны өдрийн 329 дүгээр тогтоолоор  С.Тийг үүрэгт ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоожээ. 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж /хуучнаар/ Эрүүл мэнд, Спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар С.Тийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилогдон ажиллаж байтал Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 тоот тушаалаар  С.Тийг албан тушаал буруулж, Нийгмийн эрүүл мэндийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэнээр томилжээ. 

Нэхэмжлэгчээс энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 23.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно гэж заасан байтад С.Т намайг ямар үндэслэлээр албан тушаал бууруулж байгаа нь тодорхойгүй, Төрийн албаны тухай хуулийн 40-р зүйлийн 40.1 дэх "төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг хууль тогтоомж...ийг зөрчихийг... хориглоно" гэсэн заалтыг, албан тушаал бууруулах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь ЗЕХ-ийн 24-р зүйлийн 24.1, 24.2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн эрх зүйн акт болсон...” гэж маргажээ.

Харин хариуцагчаас “...Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталжээ. Энэ шийдвэрийн дагуу Эрүүл мэнд, спортын яамнаас спортын чиг үүргийг тусгаарлан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлж, эрүүл мэндийн чиглэлийг Эрүүл мэндийн яамыг дагнан хариуцахаар болсон. С.Т-ийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтнээр томилох болсон үндэслэл нь өмнөх яамны чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, бүтцэд ажиллаж байсан газар хэлтсүүдийн чиг үүрэг өөрчлөгдсөн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дах хэсэгт “Төрийн байгууллага... өөрчлөн байгуулагдсан...” гэж зааснаар бүтцийн өөрчлөлт орсон гэж үзэж байна...” гэж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 тоот тушаалын С.Т-т холбогдох хэсгийг тайлбарлан үгүйсгэжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталжээ . 

Энэ шийдвэрийн дагуу Эрүүл мэнд, спортын яамнаас спортын чиг үүргийг тусгаарлан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлж, эрүүл мэндийн чиглэлийг Эрүүл мэндийн яамыг дагнан хариуцахаар болсон тул Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/74 дугаар тушаалын хавсралтаар  Эрүүл мэнд, Спортын яамны /хуучин нэрээр/ албан хаагчдыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Уг тушаалтын хавсралтад заасны дагуу нэхэмжлэгч С.Т-ийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.

Гэтэл Эрүүл мэндийн яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүрэг батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/74 дугаар тушаалын хавсралтаар чөлөөлөгдсөн албан тушаалтангуудыг мөн өдрийн Б/75 дугаар тушаалаар томилохдоо нэхэмжлэгч С.Тийг “Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэнээр тушаал бууруулан томилжээ. 

Хариуцагчаас уг маргаан бүхий тушаалыг гаргахдаа “...Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3...” заасныг үндэслэл болгосон нь хууль бус болжээ.

Учир нь маргаан бүхий актыг гаргахдаа баримталсан хуулийн заалт нь  төрийн албан хаагчийг албан тушаалаас нь бууруулах эрх зүйн үндэслэл болохгүй юм.

Хариуцагчийн маргаан бүхий актыг гаргахдаа баримталсан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”-өөр, 17.2-т “ Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” болохыг заажээ.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтаар төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн үед албан тушаалын орон тоо “хэвээр хадгалагдсан”, “цөөрсөн” тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хэрхэн хангах асуудлыг зохицуулжээ. 

Харин Төрийн албаны тухай хуулийн  23 дугаар зүйлийн  23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 23.1.2-т ”үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” тохиолдолд Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах...”–аар хуульчилжээ.

Энэ тохиолдолд дээрх хуулийн заалтуудад нийцсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

Тодруулбал Эрүүл мэндийн яамны бүтэц нь өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгч С.Тийн албан тушаалтны орон тоо хасагдаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, түүний уг ажлын байрны тодорхойлтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн эсэх тогтоогдоогүй, тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй байгаа нь нотлогдохгүй байхад албан тушаалыг бууруулсан нь үндэслэлгүй байна.  

Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын чиг үүрэг үндсэндээ хэвээр хадгалагдаж, харин успортын салбарт хяналт тавих” чиг үүрэг нь хасагдсан байгаагаас үзэхэд түүнтэй холбоотой албан тушаалд тавигдах шаардлага байхгүй болсон тул 

нэхэмжлэгч нь дан ганц өөрийн илүүтэй мэргэшсэн Эрүүл мэндтэй холбоотой чиглэлээр ажиллахад түүний тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар хангалттай тул нэхэмжлэгч С.Т-ийг Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд нь томилон ажиллуулах нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч С.Т төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан байх бөгөөд тэрээр Эрүүл мэнд, спортын яамны /хуучин нэрээр/ Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байх хугацааны 2016 оны үр дүнгийн гэрээг 99,8  буюу “маш сайн” гэсэн үнэлгээ өгсөн болох нь 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудсаар  тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажил, албан тушаалаас бууруулах үед баримтлахаар тусгайлан журамласан зохицуулалтыг дагаж мөрдөлгүй, нэхэмжлэгч С.Тийг хуульд заасан  үндэслэлгүйгээр ажил, албан тушаалаас нь бууруулж, хуулиар тогтоосон “төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа”-г зөрчсөн, түүнчлэн  маргаан бүхий Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул уг илт хууль бус тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Тийг Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

2.“Ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн эцсийн шийдвэр гартал хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

“Нэхэмжлэгч С.Тийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар түүний урьд эрхэлж байсан албан тушаалаас үндэслэлгүйгээр бууруулсан, тэрээр 2016 оны 12 дугаар 21-ний өдрөөс эхлэн одоог хүртэл Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалыг эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69  дүгээр зүйлийн  69.1-д заасны дагуу түүний  түүний  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 44 хоногийн олговор 2,731,800.99 /хоёр сая долоон зуун гучин нэг найман зуу төгрөг ер есөн мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, С.Тийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,   Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 тушаалаар С.Тийг албан тушаал бууруулж томилсон нь илт хууль бус болохыг тогтоож, С.Тийг урьд эрхэлж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан С.Тт 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 44 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор  2,731,800.99 /хоёр сая долоон зуун гучин нэг найман зуу төгрөг ер есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Эрүүл мэндийн яамнаас гаргуулж, нэхэмжлэгч С.Тт  олгон, С.Тийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.БАТБААТАР