Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0214/З |
Дугаар | 001/ХТ2016/0049 |
Огноо | 2016-02-22 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2016/0049
Б.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Ч.Тунгалаг, Ц.Сумъяа, О.Зандраа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 598 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 537 дугаар магадлалтай, Б.Э-ийн нэхэмжлэлтэй, УБЕГ-т холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э нь Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, Сүхбаатарын гудамж 6/5 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017209 дугаартай үйлчилгээний зориулалт бүхий барилгын жинхэнэ өмчлөгч байсан бөгөөд тус байрыг Б.Оюунболор, Н.Уранчимэг нар 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Б.Э-ээс хоосон цаасан дээр гарын үсгийг итгэл эвдэн зуруулан авч, хуурамч бичиг баримт үйлдэн итгэмжлэл авсан Б.Оюунболор, Н.Уранчимэг дөчин сая төгрөгөөр худалдан авсан мэтээр шилжүүлэн авсан байдаг.
Уг үл хөдлөх эд хөрөнгө нь Хаан банктай байгуулсан 2011 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ-11/173 дугаартай зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байхад нь Н.Уранчимэг уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Э-т мэдэгдэлгүйгээр нууцаар Хаан банкнаас барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх тухай бичгийг авч, өөрийн нэр дээрээ шилжүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Чингэлтэй дүүрэг дэх хэлтэст очиж, “Өмчлөгчийн хүсэлтээр бүртгэлд өөрчлөлт оруулах” тухай мэдүүлгийг гаргаж, тус бичгийн хамтад өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, өмчлөгч Б.Э барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө Хаан банкны зээлийн барьцаанаас чөлөөлсөн бичиг гарсныг, тус бичиг Улсын бүртгэлийн газарт Н.Уранчимэгт аваачиж өгснийг, үүний дараа Н.Уранчимэгийн өмчлөлд шилжсэнийг огт мэдээгүй.
Н.Уранчимэг нь тус мэдүүлгийг гаргахдаа Мэдүүлэг гаргагчийн овог, нэр, иргэний үнэмлэхний дугаар, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаар дээр өмчлөгч Б.Э-ийг бичсэн атлаа, мэдүүлэг гаргагч дээр Н.Уранчимэг гэж өөрийн нэрээ бичсэн байна.
Мөн Бүртгүүлэх үндэслэлийн 25 дугаартай буюу “Өмчлөгчийн хүсэлтээр бүртгэлд өөрчлөлт оруулах”-ыг сонгож, тэмдэглэгээ хийсэн байна. Энэ бүгдээс үзэхэд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч тухайн мэдүүлгийг гаргаагүй, Н.Уранчимэг мэдүүлэг гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасан Барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэх гэснийг ноцтой зөрчсөн байна.
Тус хуулийн заалтад барьцааны гэрээг дуусгавар болгохыг хүссэн хүсэлтийг Хаан банк /барьцаалагч/ болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Б.Э- /барьцаалуулагч/ нар хамтран гаргах ёстой байтал Н.Уранчимэг гэгч нь Б.Э-ийн өмнөөс мэдүүлэг гаргаж, барьцааны гэрээг дуусгавар болгуулан бүртгүүлсэн нь хууль бус байх бөгөөд хөрөнгийн өмчлөгчийн эрхэнд ноцтой халджээ. Хэрэв тухайн үед Н.Уранчимэг өмчлөгч Б.Э-ийн өмнөөс мэдүүлэг гаргах боломжгүй, өмчлөгч мэдүүлгээ гаргаагүй байна гэдэг үндэслэлээр Улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан бол тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Н.Уранчимэг өөр дээрээ шилжүүлж авч чадахгүй байсан.
Гэтэл улсын бүртгэгч хууль зөрчин мэдүүлгийг хүлээн авч, өмчлөгчийн эрхэнд ноцтой халдсан.
Иймд, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Бага тойруу, Сүхбаатарын гудамж 6/5 тоот хаягтай үйлчилгээний зориулалт бүхий барилгыг Хаан банкны 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12/179 тоот албан бичгийг үндэслэн барьцааны гэрээг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэл болон Н.Уранчимэгийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруултуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017209 дугаартай Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, Сүхбаатарын гудамж 6/5 тоот хаягт байрлах 70%-ийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай барилгыг 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 83 дугаар нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Н.Одхүүгийн өмчлөлөөс иргэн Б.Э-ийн өмчлөлд, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаар нотариатчийн гэрчилсэн Худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Э-ийн өмчлөлөөс иргэн Н.Уранчимэгийн өмчлөлд тус тус шилжүүлэн бүртгүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгө нь иргэн Н.Уранчимэгийн өмчлөлд бүртгэлтэй байна.
Дээрх бүртгэлийн нотлох баримтаас үзэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж тус тус заасны дагуу бүртгэл хийгдсэн байх тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн мэдүүлгээр 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12/179 тоот албан бичгийн дагуу зээлийн барьцаанаас чөлөөлөх бүртгэлийг хийсэн нь хуульд нийцсэн, хуулийн дагуу бүртгэл болсон байна. Учир нь мэдүүлгийг Б.Э-ийн нэрээр гаргасан байх бөгөөд түүнд хавсаргасан албан бичиг нь Хаан банкных байсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Н.Уранчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хүссэн өргөдлийг бүртгэлийн газарт өгсөн байдаг. Үүний дараа 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Худалдах, худалдан авах итгэмжлэлийг Б.Оюунболорт өгсөн. Уг итгэмжлэлийг хуурамч гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгуулсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс “... үнэн зөв байна. Уг итгэмжлэлийг Б.Э- өгсөн байна” гэсэн дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч Б.Э- 2012 оны 05 дугаар сарын 04- ний өдөр барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан гэдгийг мэдэж байсан учраас 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Б.Оюунболорт итгэмжлэл өгсөн. Яг энэ үед нэхэмжлэгч Б.Э- нь гуравдагч этгээд Н.Уранчимэгтэй хамтын амьдралтай байсан. Үүнийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх тогтоосон байдаг. Хамтын амьдралтай байх үед Н.Уранчимэг бүртгэлээс хасуулсан, мөн “Хаан банк” ХХК-ийн Өнөр салбараас зээлийн гэрээ дуусгавар болгосон баримт авсан гэдгийг нэхэмжлэгч мэдээгүй гэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч барьцаанаас чөлөөлсний 3 хоногийн дараа өөрөө амжихгүй тул өөрийн туслах Б.Оюунболорт итгэмжлэл олгосон. Б.Э- өөрөө нотариат дээр ирж итгэмжлэл олгосон гэдгийг Б.Оюунболор нотолдог. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 598 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 31 дүгээр зүйлийн 311.1, 311.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, Сүхбаатарын гудамж 6/5 тоот хаягт байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалт бүхий барилгыг барьцаалж Б.Э-ийн Хаан банктай байгуулсан барьцааны гэрээг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэл, тус үл хөдлөх эд хөрөнгийг Н.Уранчимэгийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 537 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 598 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруултуяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болорцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Н.Уранчимэг, Б.Оюунболор нарт холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэн нь буруу байна.
Учир нь дээрх эрүүгийн хэргээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулгаагийн хүсэлтийн дагуу хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгүүдийг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас гаргуулан хэрэгт хавсаргасан атлаа эцэслэн шийдвэрлэгдсэн эсэхийг нотлох баримтаар тогтоолгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Багатойруу, Сүхбаатарын гудамж 6/5 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунболор нь худалдан авагч Н.Уранчимэгтэй үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж Н.Уранчимэгт шилжүүлсэн үйлдэл нь хууль ёсны бөгөөд дээрх хэлцэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа, мөн итгэмжлэлд Б.Э- нь өөрөө гарын үсэг зурсан байхад анхан шатны шүүх эрүүгийн журмаар шалгаж эцэслэн шийдвэрлэж дуусаагүй тогтоолыг үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Түүнчлэн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч В.Энхээгийн гэрчилсэн үйлдэл нь хүчинтэй, мөн Б.Оюунболор Н.Уранчимэг нарын байгуулсан үл хөдлөх хөрөнгийн худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.
Иймд, нэг маргааныг эрүүгийн журмаар шалгаж байхад захиргааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч Б.Э болон ХААН банкны хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, Сүхбаатарын гудамжны 6/5 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, барьцааг дуусгавар болгосон Улсын бүртгэгчийн үйл ажиллагаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19, 311 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
Тодруулбал, барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хамтран гаргасан хүсэлтийг үндэслэн барьцааг дуусгавар болгохоор дээрх хуульд тодорхой заасан бөгөөд Б.Э- хүсэлт гаргаагүй байхад барьцаалуулагч талаас зөвхөн хамтран үүрэг гүйцэтгэгч гэх Н.Уранчимэгийн гаргасан хүсэлтийг үндэслэн барьцааг дуусгавар болгож, хөрөнгийг чөлөөлсөн нь буруу юм.
Уг бүртгэл нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг Б.Уранчимэгийн нэр дээр шилжүүлэн бүртгэх үр дагаварт хүргэсэн, эдгээр бүртгэлүүд хууль бус талаар шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой заасан байна.
Ингэхдээ шүүх зөвхөн хариуцагч захиргааны байгууллагын бүртгэл хийсэн үйл ажиллагаа нь холбогдох хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Тухайн хөрөнгө Н.Уранчимэгийн өмчлөлд шилжих үндэслэл болсон гэх Б.Э-ээс Б.Оюунболорт олгосон итгэмжлэл хуурамч эсэх талаарх болон Б.Э-, Н.Уранчимэг нарын хоорондох эд хөрөнгийн маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харъяалалд хамааралгүй, тухайн маргаан нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа нь захиргааны хэргийн шүүхээс энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй юм.
Иймээс “... шүүх эрүүгийн журмаар маргааныг шалгаж дуусаагүй байхад хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох үүргийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй...” гэх гуравдагч этгээд Н.У, түүний өмгөөлөгч Ш.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
Шүүхүүд хэрэглэвэл зохих Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын хяналтын гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 598 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 537 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ