Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 410

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1966 оны 08 сарын 24-нд төрсөн, 50 настай, Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багт оршин суух Боржигон овогт Сэр-Одын Эрдэнэчимэгийн /РД:АЕ66082466/   хүсэлттэй

Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд  1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  барилгачнаар,  1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  халуун усны  үйлчлэгчээр  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Эрдэнэчимэг,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Дөлгөөн  нар оролцов.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Хүсэлт гаргагч С.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд  1983 оны 08 сарын 25-ны  өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  халуун усны үйлчлэгчээр ажиллаж байсан. Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний  дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч С.Эрдэнэчимэг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд  1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  барилгачнаар,  1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  халуун усны  үйлчлэгчээр  тус тус ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

          - Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1983 оны 08 сарын 25-ны өдрийн ажилд томилох тухай 86 дугаар тушаалд:

          1. 1983 онд тус сумын 8 жилийн дунд сургуулийг төгсч  мал аж ахуйн  үйлдвэрлэлд  илгээлтээр  гарч байгаа сурагчдыг 06 сарын 25-наас эхлэн ажилд томилсугай. Үүнд:

          г/. Сэр-Одын Эрдэнэчимэг барилгачнаар,

          -Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1985 оны 07 сарын 19-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай 75 дугаар тушаалд:

          1.  ... халуун усны үйлчлэгч С.Эрдэнэчимэг, талхчин Н.Нарантуяа нарт  үндсэн 15, нэмэгдэл 3, бүгд ажлын 18 өдрөөр тус тус 07 сарын 09-нөөс олгосугай.

          - Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1986 оны 09 сарын 02-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 77 дугаар тушаалд:

          1.  ... халуун усны үйлчлэгч С.Эрдэнэчимэгт үндсэн 15, нэмэгдэл 3, бүгд 18 өдрөөр 09 сарын 05-наас тус тус олгосугай.

          - Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1987 оны 11 сарын 13-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 82 дугаар тушаалд:

          1. ... халуун усны үйлчлэгч С.Эрдэнэчимэг, хоньчин Б.Гомбоо нарын энэ оны ээлжийн амралтыг хавсралтад заасан сар, өдрөөс зохих хоногоор нь олгосугай.

          - Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын  1988 оны 10 сарын 24-ний өдрийн хөрөнгө актлах тухай 76 дугаар тогтоол /Хавсралтын 9-д С.Эрдэнэчимэг 5 төрлийн нэрээр/,

          - Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 12 сарын 05-ны өдрийн хөрөнгө актлах тухай 78  дугаар тогтоол /Хавсралтын 5-д С.Эрдэнэчимэг 8 төрлийн нэрээр/ зэрэг болно.

           

           Иймд хүсэлт гаргагч С.Эрдэнэчимэгийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                  

                                                                     ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Сэр-Одын Эрдэнэчимэгийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд  1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  барилгачнаар,  1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  халуун усны  үйлчлэгчээр  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Эрдэнэчимэгийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     

                      

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН