Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00206

 

“А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/05195 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А-” ХХК-ийн хариуцагч О.Б-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт нийт 180,900,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Ч, хариуцагч О.Б-, хариуцагчийн өмгөөлөгч  Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов. 

 

               ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “А-” ХХК нь хариуцагч О.Б-тай 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 21/0315 дугаартай “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” байгуулсан. Хариуцагч нь тус гэрээний дагуу  Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн гудамж, Ботаник центер цогцолборт үйлчилгээтэй орон сууцны зориулалттай байрны 6 дугаар блок, 11 давхарт байрлах, 1 өрөө, 67 м.кв талбайтай орон сууцыг хөнгөлөлттэй үнэ буюу 120,600,000 төгрөгөөр захиалсан ба төлбөрийг гэрээ байгуулсан өдөр төлөх үүрэг хүлээсэн. Гэвч өнөөдрийн байдлаар төлбөрөө төлөөгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгч компанид хяналтын инженер албан тушаал хашдаг байсан тул гэрээний үнийг тухайн үеийн зах зээлийн ханшнаас доогуур тогтоож мөн түүний хүсэлтээр орон сууцны үнэ төлөгдөөгүй байхад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн. Гэтэл тэрээр анх тохиролцсон ёсоор компанид 5 жил ажиллаагүй 3 жил болоод гарсан тул орон сууцны үнийг шаардаж байна. Хариуцагч нь эрх зүйн бүрэн чадамжтай, дээд боловсролтой хүн тул өөриийн гарын үсэг зурсан гэрээний үр дагаврыг ойлгосон байх ёстой.  Хариуцагч тал бэлэглэлийн гэрээ хийсэн гэдэг боловч хэрэгт авагдсан баримтаар худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болох нь харагдаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч О.Б-д үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа амаар болон утсаар, албан бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй нэхэмжлэгчийг хохироож байна. Талуудын байгуулсан гэрээний 2.1-д төлбөрийг графикийн дагуу хугацаандаа төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн төлөгдөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж зааснаар 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 1,010 хоног хэтрүүлсэн бөгөөд өдрийн 0.1 хувь болох 120,600 төгрөгөөр тооцоход нийт алданги 121,806,000 төгрөг байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 60,300,000 төгрөгийг шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, гэрээний 1.1-д зааснаар орон сууцны төлбөр 120,600,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, гэрээний 2.1-д зааснаар алданги 60,300,000 төгрөг, нийт 180,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: О.Б- миний бие 2020 оны 03 дугаар “А-” ХХК-д хяналтын инженерээр ажилд ороход “гурваас таван жилийн хугацаанд ажиллавал байгууллагаас орон сууц өгнө” гэсэн тул тухайн үеийн дундаж цалин 4-5 сая төгрөгийг бууруулан 1,800,000 төгрөгөөр цалин авахаар тохиролцсон. Ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын нярав, ХАБЭА инженер зэрэг барилгын бүхий л асуудлыг хариуцаж нэг ч өдөр амарч үзээгүй, их хичээл зүтгэл гаргасан. Нийт 6 барилгыг бүрэн ашиглалтад оруулж, 3 барилгын карказыг бүрэн дуустал, заслын 50 хувиас дээш хүртэл, 6 төсөл дээр тус тус ажилласан. Ажилд ороод 2 сарын дараа захиралдаа “11 давхарт 15 м.кв агуулах байна, үүнийг 50-60 м.кв болгоод сунгах боломжтой юм байна, цаашид агуулахаар эсвэл орон сууц болгоод зарж болох юм байна гэхэд захирал зөвшөөрч, томсгосон. Ингээд жилийн дараа “нэгийг нь чи өөрөө засаад авчих” гэсэн. Тухайн орон сууцыг надад шилжүүлэн өгөхөд захиалагчтай байгуулдаг загвар гэрээг байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлж, өмчлөх эрхийг гэрчилгээг олгосон. Түүнээс бодит байдал дээр нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шиг тус орон сууцыг худалдаж авсан зүйл байхгүй. Гэрчилгээ гаргаж авахын тулд л гэрээ хийсэн, мөнгө төгрөг өгнө гэсэн юм яриагүй. Харин намайг ажлаас гарсанд уурлаж өгсөн орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэмэлт тайлбартаа 3-5 жил ажиллах ёстой, гэтэл 2 жил ажиллаад явсан нь буруу гэж байгаа нь байрыг хариу төлбөргүй байсан гэдгийг тогтоож байна. Хариуцагч 3 жил ажиллаж, болзлоо хангасан учраас байрыг шилжүүлж өгсөн. Анхнаасаа төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, худалдаж авах гэрээ байгуулагдаагүй. Бэлэглэсэн байраа худалдсан гэж шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч О.Б-д холбогдох гэрээний үүрэгт орон сууцны төлбөр 120,600,000 төгрөг, алданги 60,300,000 төгрөг, нийт 180,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “А-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,062,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх өмчлөх эрхийг үнэ төлбөргүй шилжүүлсэн, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр бий болсон харилцаа гэж үзсэн бол энэ нь хууль зүйн хувьд ямар гэрээний үүргийн төрөлд үүссэн болохыг үндэслэл бүхий дүгнэх ёстой гэвч тийм дүгнэлт хийгээгүй.

4.1.Нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй талаар, гэрээний дагуу орон сууцны үнийг шилжүүлээгүй гэдэгт хэн аль нь маргаагүй. Мөн анхан шатны шүүх нь үйлчилгээний зориулалттай талбай буюу техникийн өрөөг өөрийн зардлаар засвар хийн орон сууцны зориулалттай болгосон гэж ямар нэгэн нотлох баримтал үндэслэсэн дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл хэт нэг талыг баримтлан хариуцагчийн тайлбарыг хөтөлбөргүй үнэн гэж үзсэн. Хариуцагч О.Б- нь 5 жил нэхэмжлэгч талын хэрэгжүүлж буй төслүүдэд ажилласнаар маргаан бүхий байрыг үнэ төлбөргүй авах болзол бүхий үйл баримт гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байгааг шүүх анхаараагүй. Энэхүү тохиролцоог бодит болгох үүднээс маргаан бүхий орон сууцны үнэ төлөгдөөгүй байхад нэхэмжлэгч талаас худалдах, худалдан авах гэрээг бичгээр хариуцагчтай байгуулсан. Тус гэрээнд талууд орон сууцаа 120,600,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож тус гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн эрх зүйн үр дагавар бүхий хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн. Улмаар хариуцагч нь 5 жил ажиллах болзолдоо хүрээгүй учир тус гэрээний дагуу үнийг шаардах эрх үүссэн, шаардах эрх хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийдвэрт нэхэмжлэлийн шаардлага болох 180,900,000 төгрөгийг бүрэн хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, гэрээний агуулгыг дүгнээгүй талаар гомдолдоо дурьддаг. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаарддаг. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хариу төлбөргүй буюу худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй болох нь хариуцагчийн хариу тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогддог. Нэхэмжлэгч өөрөө худалдан, худалдан авах гэрээ гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхой шаардаагүй тул шүүхийн хэлэлцүүлгийн үед 5 жил ажилласан бол орон сууцыг үнэгүй өгөх байсан гэж үндэслэл нь өөрчлөгддөг. Талууд анхнаасаа шилжүүлэхдээ хариу төлбөрүй шилжүүлсэн гэдэг нь тогтоогдсон тул анхан шатны шүүх орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлсэн гэж үзсэнийг буруутгах боломжгүй. Нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй талаарх гомдлын хувьд нэхэмжлэгч талын хэрэгжүүлж буюу төслүүдэд ажилснаар маргаан бүхий байрыг үнэ төлбөргүй авах болзол үйл баримтууд тогтоогдсон гэж дурддаг. Хөдөлмөрийн гэрээнд ажиллах хугацааг 2 жил, төсөл үргэлжлэх хугацааг 5 жилээр тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. 2 жилийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаандаа 5 жил үргэлжлэх төслийг ашиглалтад оруулсан байдаг. Энэ талаар гэрч н.Цэрэнханд мэдүүлдэг. Хариуцагч 3-5 жилийн хугацаанд ажиллабал байр өгнө гэж тохиролцсон гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатад 3-5 жил ажиллабал байрыг үнэгүй өгөх байсан гэж тайлбарладаг. Хариуцагч 2 жил ажилласан тул үнийг төлөх үүрэгтэй талаар тайлбарласан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Гэтэл хариуцагч 2 жил биш 3 жил ажилласан нь тогтоогдсон ба 5 жил ажиллах байсан гэж тайлбар нь өөр болддог. Дээрх тайлбаруудаар  хариу төлбөрүй болох нь тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Засвар үйлчилгээ буюу техникийн давхрын асуудал яригддаг. Засвар үйлчилгээтэй холбоотой баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй гэж ярьдаг. Энэ нь маргааны гол зүйл биш. Гол зүйл нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардсантай холбоотой асуудлууд яригдсан. Техникийн давхар өгсөн талаар хэн аль нь маргадаггүй. Техникийн давхар нь хүн амьдрах зориулалттай орон сууц биш гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт. 5 жилийн хугацаанд ажиллаагүй тохиолдолд худалдах, худалдан авах гэрээний үнийг хариуцагч төлнө гэж тохиролцоогүй. Хэрэв нэхэмжлэгч 5 жил ажиллаагүй тохиолдолд үнийг төлнө гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулж байгаа бол энэ талаарх нотлох баримтаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүргийг хүлээнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч “А-” ХХК нь хариуцагч О.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 180,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Зохигчид 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Барилгад хөрөнгө оруулалт хийх” нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “А-” ХХК нь Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороонд баригдаж буй “Ботаник гарден” хотхоныг 2021 оны 02 дугаар улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, хариуцагч О.Б- нь тус хотхоны 6 дугаар блокын техникийн давхарт, 1 өрөө, 67 м.кв талбай бүхий орон сууц захиалж, нийт 120,600,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 6-7-р тал/

 

4.Талуудын байгуулсан “Барилгад хөрөнгө оруулалт хийх” гэрээний 1.1-д төлбөрийг 100 хувь буюу 120,800,000 төгрөг төлсөн талаар тусгасан байх бөгөөд нэхэмжлэгч “А-” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст “... 104/6 дугаар байрны 46 тоот 67 м.кв орон сууцыг худалдан борлуулж, төлбөр тооцооны үлдэгдэлгүй тул тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн О.Б-ы нэр дээр гаргуулах” хүсэлтийг гаргажээ. /хх-ийн 31-р тал/

 

4.а.Улмаар хариуцагч О.Б- нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /хх-ийн 37-р тал/

 

4.б.Хариуцагч О.Б- нь маргаан бүхий 46 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн нөхцөл байдлыг талууд өөрөөр тайлбарласан буюу нэхэмжлэгч “А-” ХХК нь “компанид тогтвор суурьшилтай 5 жил ажилласан тохиолдолд орон сууц өгөхөөр тохиролцсон, гэвч нэхэмжлэгч энэ хугацаанаас өмнө ажлаас гарсан” гэсэн бол хариуцагч О.Б- “анх 3 жил ажиллавал орон сууц өгнө гэж тохиролцсон, би тус компанид 3 жил 2 сар ажилласан” гэж тайлбарлажээ.

 

4.в.Дээрхээс дүгнэвэл хариуцагч О.Б- нь нэхэмжлэгч “А-” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр тодорхой хугацаанд ажиллах, хариуцагч нь ажилтны хөдөлмөрлөх үйл явцыг урамшуулах зорилгоор орон сууц өгөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, зохигчдын тайлбар, хэргийн 8-9-р талд авагдсан хөдөлмөрийн гэрээ зэргээр хариуцагч О.Б- нь нэхэмжлэгч “А-” ХХК-д 3 жил гаруй хугацаанд хяналтын инженерээр ажилласан үйл баримт тогтоогдсон. Харин 5 жил ажилласнаар тухайн орон сууцыг хариуцагчид өгөх ёстой байсан гэдгээ нэхэмжлэгч тал эргэлзээгүй баримтаар нотлоогүй.

 

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч “А-” ХХК-аас ажилтан О.Б-д цалин хөлсний бүрдэл хэсэг болох шагнал, урамшуулал буюу орон сууц өгөхөөр амлаж, улмаар бодит үйлдлээр тухайн орон сууцны өмчлөх эрх, эзэмшлийг шилжүүлсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

5.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг дээрх байдлаар залруулсан ба энэ нь шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд хамаарахгүй байна. Учир нь нэхэмжлэгч “А-” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг буруутгахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/05195 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,062,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.БАЯСГАЛАН

 

                                                ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ