Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 424

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Хотонт сумын 1-р багийн Их булагийн 09-04 тоотод оршин суух Цорс овогт Цэвэлмаагийн Амархүүгийн /РД:АМ65020900/ хүсэлттэй,

                                                    Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын  31-ний  өдрийг хүртэл хугацаанд барилгын засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

                                                      Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Амархүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.                                                            

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:       

                                                            Хүсэлт гаргагч Ц.Амархүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдлийн үйлдвэр бригадад барилгын засал чимэглэлээр 1983 оноос 1989 оныг хүртэл ажиллаж байсан. Архивын лавлагаа болон бусад бичиг баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдлийн үйлдвэр бригадад 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд засал чимэглэлчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний ажиллаж байсан байдлыг сайн мэдэх Осор, Д.Амаржаргал нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Ц.Амархүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд засал чимэглэлээр 1983 оноос 1989 оныг хүртэл ажиллаж байсан. Засал чимэглэлчнээр ажиллахдаа нарийн шавар шохой наадаг байсан. Манай бригадын даргаар н.Жигмэдсорогдон гэдэг хүн байсан. Гэрчээр асуулгасан Д.Осор нь нэгдлийн орлогч дарга, Д.Амаржаргал нь манай бригадад ажилчнаар ажиллаж байсан. Би үерт гэр орноо урсгаад ямар ч бичиг баримтгүй болсон. Иймд шүүхэд гаргаж өгсөн архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Цацрал нэгдэлд брилгын засал чимэглэлчнээр ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

                                                    Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

                                                    Хүсэлт гаргагч Ц.Амархүү ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

1.                                                 Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 17-ны өдрийн 321 тоот Цэвэлмаа овогт Амархүүгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн Барилгад ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтонд:

                                                  1983 оны 05 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,

                                                  1987 оны 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,

                                                  1988 оны 06 сараас 08 сар, 10 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,

                                                  1989 оны 06 сараас 07 сар, 11 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,

 

2.                                                 Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 05 сарын 19-ний өдрийн барилгачид шанах тухай тогтоолд: Механикжуулагчдын 2 айлын орон сууцны өрлөгийн ажлыг богино хугацаанд хийж дуусгасан Шагдар ахлагчтай 15 хүнийг 400 төгрөгөөр шагнаж урамшуулсугай. Хавсралтын 12-рт: Амархүү гэсэн.

3.                                                 Гэрч Д.Осор шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Би 1961оноос Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд нягтлан, малчин бригадын даргаар тус тус ажиллаж байгаад 1976 оноос 1990 он хүртэл хугацаанд Цацрал нэгдлийн орлогч даргаар ажиллаж байсан. Тэр үед нэгдлийн орлогч дарга нь Үйлдвэр бригадыг хариуцаж ажилладаг байсан юм. Ц.Амархүү нь 1983 оны 01 сараас 1989 оны 12 сарыг дуустал Архангай аймгийн Хотонт сумын Үйлдвэр бригадын Жүгжидсорогдонгийн бригадад барилгын засал чимэглэлчнээр ажиллаж байсан. Ц.Амархүү нь өдөр дутмын ажлаа сайн хийж явж байсан. Ажлын өндөр амжилт гаргаж байсан зүйл байхгүй. Би тус байгууллагын даргаар олон жил ажилласан, Ц.Амархүүг ажилд авч байсан болохоор Ц.Амархүүгийн ажиллаж байсан талаар сайн мэдэж байна гэжээ.

4.                                                 Гэрч Д.Амаржаргал шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Би 1981оны 06 сард Архангай аймгийн Хотонт сумын сургуулийг төгсөөд тус сумынхаа Үйлдвэр бригадад 1981 оны 09 сард туслах ажилтнаар ажилд орсон. 1986 оны 06 сараас Үйлдвэр бригадын чанарын цехэд туслах ажилтнаар 1989 оны 12 сарыг дуустал ажиллаж байсан. Ц.Амархүү нь 1983 оны 01 сараас 1989 оны 12 сарыг дуустал Архангай аймгийн Хотонт сумын Үйлдвэр бригадын барилгын засал чимэглэлчнээр ажилд орж байсан. Бид хоёр Үйлдвэр бригадын барилгын Жүгжидсүрэн гуайн бригадад Ц.Амархүү засал чимэглэлчнээр би шавар зөөгчөөр ажиллаж байсан. Манай бригадад Шагдар, Догсом, Гаригдаваа, Дашням, Өлзий-Утас, Дашдэндэв, Жанчивдорж, Жигмэдсоронзон, Далай, Зоригоо, Санжид, Санжидсүрэн, Ц.Амархүү, бид нар ажиллаж байсан.  Ц.Амархүү нь гурван блок үүрээд барилгаад гардаг байлаа. Хэр баргын эмэгтэй хүн тэгж үүрдэггүй. Хотонт суманд Брилгын 5-н хар авгай гэгдэг байсан Даваажав, Амархүү, Дуламжав..., гэсэн 5 хүүхэн манай бригадыг авч явж байсан даа. Манай Үйлдвэр бригадын даргыг Осор гуай их олон жил хийсэн. Эдгээр хүмүүс Хотонт сумын хөгжил цэцэглэлтэнд гар биеэрээ оролцож их хувь нэмрээ оруулсан хүмүүс юм. Би 1986 оны 06 сард Үйлдвэр бригадын чанарын цехэд туслах ажилчнаар болж өөр цехэд шилжиж ажилласан ч нэг байгууллага, нэг даргын удирдлага доор ажиллаж байсан болохоор Ц.Амархүүгийн ажиллаж байсан талаар сайн мэдэж байна гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болно.

                                                     Хүсэлт гаргагч Ц.Амархүүгийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд засал чимэглэлчнээр ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 17-ны өдрийн 321 тоот Цэвэлмаа овогт Амархүүгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн Барилгад ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 05 сарын 19-ний өдрийн барилгачид шанах тухай тогтоол, гэрч Д.Амаржаргал, Д.Осор нарын мэдүүлэг зэрэг нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын  31-ний  өдрийг хүртэл хугацаанд барилгын засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн Ц.Амархүүгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

                                                            Хүсэлт гаргагч Ц.Амархүүгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                    1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цорс овогт Цэвэлмаагийн Амархүүг /РД:АМ65020900/ Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын  31-ний  өдрийг хүртэл хугацаанд барилгын засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

                                                    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Амархүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                    3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН