Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/18

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга Н.Ням

            Улсын яллагч Д.Бат-Өлзий,

            Хохирогч Г.Т

            Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б-ын Ц-д холбогдох эрүүгийн 1927000540007 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, Төв аймгийн Заамар суманд уурхайд ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай ....... тоотод оршин суух, Х овгийн Б-ын Ц /РД: ......

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч  Б.Ц нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуугийн гудамжинд эхнэр Г.Т-ийн хамар руу гараараа нэг удаа цохисон, мөн Өвөрхангай аймгийн ....... тоотод оршин суух өөрийн гэртээ хөл рүү нь 3-4 удаа өшиглөж, хамар руу нь 2 удаа гараараа цохиж, толгой тус газарт нь 4-5 удаа цохьсон, мөн нүүр рүү нь 1 удаа өшиглөж Г.Т-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Б.Ц нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Г.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр орой 10 цаг өнгөрч байсан. Айлд байж байгаад явах уу гээд хэлсэн. Тэндээс жаахан дургүй гарсан. Нөхөр нилээд согтуу байсан. Тэгээд гараад явж байгаад Эрдэнэзуугийн гудамжинд маргалдсан, миний хамар руу цохьсон. Хамараас их цус гарсан. Би миний хамараас цус гараад байна гэсэн чинь хэрэлдсэн. Тэгээд хэрэлдэж явж байгаад харьсан. Гэртээ хариад машинаас охин бид 2 түрүүлээд буусан. Би гэртээ ороод цусаа цэвэрлээд байж байтал манай нөхөр орж ирээд дахиад зодсон. Тэгээд дахиад цус гарсан. Би тэрийгээ арчаад цэвэрлэж байтал хамар руу дахиад цохьсон. Тэгээд би хэсэг хугацаанд гадаа байж байгаад орж ирсэн чинь унтаад өгсөн байсан. Тэр хооронд нь би охиноо аваад өвөөгийндөө очсон гэв.

Гэрч Г.Т нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим ээжийн аав Чимэддоржийнд байж байсан чинь миний төрсөн эмэгтэй дүү Г.Т-ийн нүд, хамар орчим хавдаж, хөхөрчихсөн, нүүр нь нилээд цус болсон байдалтай хүүхдээ даагуулаад орж ирсэн. Би тухайн үед юу болсон талаар асуусан чинь манай нөхөр намайг зодсон гэж хэлсэн. Тухайн үед эмэгтэй дүүг маань зодчихсон байхаар нь өөрийн төрсөн эрэгтэй дүү Г.Тийг дагуулаад хүргэн Б.Ц-ын гэрт очсон чинь Б.Ц гэртээ согтоод унтчихсан байсан. Би Б.Ц-ыг сэрээх гэсэн боловч сэрэхгүй байхаар нь дүүтэйгээ Б.Ц-ыг өргөж машинд суулгаад цагдаагийн байгууллагад хүргэж өгсөн. Намайг Б.Ц-ын гэрт ороход шал нь цус болчихсон байсан. Тухайн үед Б.Ц нилээд согтуу байсан гэсэн мэдүүлэг /хх 24 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч Г.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэртээ байж байсан чинь манай эгч Г.Т- нүүр нь цус болчихсон хүүхдээ дагуулаад ирсэн. Тухайн үед эгчээс юу болсон талаар асуусан чинь манай нөхөр намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд манайд Улаанбаатар хотоос ирсэн Г.Т ах бид хоёр Б.Ц-ын гэрт очсон. Б.Ц ах газар унтаж байсан. Бид хоёр Б.Ц ахыг сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан. Тэгээд бид хоёр Б.Ц ахыг өргөөд машинд суулгаад цагдаад хүргэж өгсөн.  Г.Т эгч манай гэрт ирэхдээ хувцас нь цус болчилсон, нүд, хамар хэсэг нь хөхөрч хавдсан байсан. Г.Т ах бид хоёрыг Б.Ц ахын гэрт ороход гэрийн үүдний хэсэгт нь газраар цус болчихсон байгаа харагдсан. Б.Ц ах урьд нь манай эгчийг зодож байгаагүй гэсэн мэдүүлэг /хх 25 дугаар хуудас/                           

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Г.Т-ийн биед тархи доргилт, 2 нүдний зовхи, зүүн гарын бугалагт цус хурал л хамар, зүүн гарын шуунд зулгаралт, нүүрний зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмгэл нь амь насанд аюулгүй гэмтэл байна. Хэрэг болсон гэх 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 100 дугаартай дүгнэлт /хх 33 дугаар хуудас/

Шинжээч эмч Л.Амгалангийн өгсөн “Би 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Г.Т-ийн биеийг үзсэн. Намайг үзэхэд Г.Т-ийн хоёр хөлөнд гэмтэл учраагүй зүгээр байсан. Шинжээч эмч хүний биеийг үзэж дүгнэлт гаргахдаа хүний бүх хувцасыг тайлж бүтэн биеийн үзлэг хийдэг юм” гэсэн дүгнэлт /хх 50-51 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 2-3 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Ц-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ......... гудамжинд эхнэр Г.Т-ийн хамар руу гараараа нэг удаа цохисон, мөн Өвөрхангай аймгийн ....... тоотод оршин суух өөрийн гэртээ хөл рүү нь 3-4 удаа өшиглөж, хамар руу нь 2 удаа гараараа цохиж, толгой тус газарт нь 4-5 удаа цохисон, мөн нүүр рүү нь 1 удаа өшиглөж Г.Т-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Ц-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,

шүүгдэгч Б.Ц-ын эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэ бүхий Хэнсим маркийн хөргөгчийг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Б-ын Ц-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Х овгийн Б-ын Ц-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ц-ын эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэ бүхий Хэнсим маркийн хөргөгчийг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН