Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/19

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга: А.Батцог

            Улсын яллагч: Д.Бат-Өлзий

            Хохирогч: Г.А

            Шүүгдэгч: Г.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г-ын Р-ид холбогдох эрүүгийн 1927000150008 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ............ хороонд оршин суух, Б овгийн Г-ын Р /РД: ........../

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Г.Р нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг Үржүүлэх хороонд өөрийн эхнэр Г.А-ийн нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж хөл рүү нь өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Г.Р нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “...Би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаар хөдөө явж байгаад хөдөөнөөс гэртээ ирэхэд манай эхнэр гэртээ байхгүй. Манай 3 хүүхэд гэртээ байсан. Би гэртээ ирээд 3 хүүхдэдээ хоол хийж өгчихөөд ажилтай болохоор гэрээс гараад явсан. Намайг буцаад гэртээ ирэхэд манай эхнэр гэртээ ирээгүй байсан. Тухайн үед шөнийн 03 цаг өнгөр байсан. Тэгээд эхнэрлүүгээ утсаар ярихад одоо очих гэж байна гэж хэлсэн. Манай эхнэр шөнийн 04 цагийн үед гэртээ ирсэн. Би эхнэртээ хандаад хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ гэхэд Ч-ын байж байгаад ирлээ гэж хэлсэн. Тухайн үед миний уур хүрээд эхнэрийнхээ нүүрэн тус газарт нь 2 удаа алгадаж, хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тийм л зүйл болсон...” гэв.

 

Хохирогч Г.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүлэгтээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 20 цагт Бат-Өлзий сумын соёлын төвд найзуудтайгаа тоглолт үзсэн. Тэгээд соёлын төвөөс гараад явж байтал найз Б, Ч- хоёртой таарсан. Тухайн үед манай найз Б, Ч хоёр эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хамт явж байсан. Манай найз Б намайг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэртээ ирж цай уу гээд байсан. Би тухайн үед амжихгүй нь гэж хэлж байсан. Б чи манайд очиж цай уугаагүй юм чинь одоо хэдүүлээ Пабд орий гээд байсан. Би тухайн үед гэртээ 3 хүүхдээ харах хүнгүй орхисон харилаа гэж хэлтэл надаас Пабд хамт орий гээд гуйгаад байхаар нь хамт Пабд орсон. Тухайн пабд ороод 2 том пиво хувааж уучихаад бид нар пабаас гараад Ч-ын очсон. Ч-ынд очиж тэр хүмүүстэй юм ярьж байгаад гэртээ шөнийн 04 цагийн үед ирсэн чинь манай нөхөр Г.Р хөдөө ажлаар яваад гэртээ ирчихсэн байсан. Намайг гэртээ яваад ороход манай нөхөр чи 3 хүүхдээ харах хүнгүй орхичихоод хаагуур яваад ирж байгаа юм бэ гэж хэлсэн. Би хариуд нь найзуудтайгаа соёлын төвд тоглолт үзчихээд тэндээс гараад найз Ч-ын очиж юм ярьж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр Г.Р уурлаад миний зүүн хацар луу 2 удаа алгадаад хөлийн шагай руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд би гэрээсээ гараад З ахынд очиж 2 хоносон. Тухайн үед миний толгой их өвдөж байсан. Би З ахынд очиж хоёр хоночихоод хөдөө П ахынд очсон. Тэр үед миний толгой их өвдөж байсан учир ухаан алдаад сумынхаа эмнэлэгт хүргэгдсэн...” гэв.

 

Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 06-07 цагийн үед манай хаалгыг нэг хүн нүдсэн. Хэн бэ гэсэн чинь А байна гэсэн. Би түүнийг өглөө эрт юу хийж яваа юм бэ гэсэн чинь Р-той маргалдаад гэсэн. Тэгээд А манайд хоёр хоносон А манайд ирэхдээ барууг хөл нь хазгай гишгэсэн байдалтай ирсэн. Гадна ил харагдах шарх гэмтэлгүй байсан. Урьд өмнө нь манайд ирж байгаагүй. Өмнө цохиулж зодуулж, хэрүүл маргаан хийж байсан талаар огт дуулж байгаагүй..” гэсэн мэдүүлэг /хх 21 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Цэцэгмаагийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1455 дугаартай “...Г.А-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 2-3 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Р-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Р нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг Үржүүлэх хороонд өөрийн эхнэр Г.А-ийн нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж хөл рүү нь өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.

Иймд шүүгдэгч Г.Р-ид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Г.Р-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Р нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Р-ийн хувьд ногдох хөрөнгөөс 1.200.000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Г-ын Р-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б овгийн Г-ын Р-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Р-ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Р нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Г.Р нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Рийн эзэмшлийн 1.200.000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэрийг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Р-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Р-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН