Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00095

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 08 өдөр Дуга 210/МА2024/00095

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч даргалж, Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/03133 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Е ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 109,014,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол, хариуцагчийн төлөөлөгч Б.Сайханцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани хариуцагчтай 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 208,760,000 төгрөгийн үнийн дүн бүхий Ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 7, 9, 10 дугаар хороонд баригдаж байгаа орон сууцнуудын гадна тоглоомын талбай, тохижилтын хийц бүтээцүүдийг 60 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Хариуцагч нь гэрээний урьдчилгаанд 61,000,000 төгрөг авсан боловч шаардлага хангасан тоног төхөөрөмж нийлүүлэх үүргээ биелүүлээгүй.

Тус Е ХХК-ийн захирал Б.Сайханцэцэг нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай оффист ирж захиалсан тоглоом, суурилуулсан төхөөрөмжийн тоноглол гааль дээр ирсэн гаалийн мөнгө төлмөөр байна танайх 15,000,000 төгрөг өгч туслаарай гэсний дагуу манайх ажлыг нь дэмжиж дахин итгэл хүлээлгэн 15,000,000 төгрөг шилжүүлсэн боловч хэлсэн хүрэлгүй, утсаа авахгүй алга болсон.

1.2. Манай компани 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрээний үүргээ биелүүлэх талаар албан бичиг хүргүүлж, хэрвээ хугацаандаа үүргээ гүйцэтгэхгүй бол гэрээг цуцлах талаар мэдэгдэн хариуцагч компанийн захиралд гардуулж өгсөн боловч өнөөдрийг хүртэл бидэнд ямар нэгэн хариу өгөөгүй.

1.3. Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон тул манай компани Ургамалын Далай ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нийт 173,267,500 төгрөгийн гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 87,633,750 төгрөг төлөн тус компаниар угсралт суурилуулалтын ажил хийлгэж байна.

Хариуцагч компани гэрээний хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс талуудын байгуулсан гэрээ 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр цуцлагдсан тул гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 61,000,000 төгрөг, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн алданги нь 48,014,800 төгрөг /гэрээний 4.2-т зааснаар 208,760,000 төгрөг х 0.1 хувь х 230 хоног = нийт 48,014,800/ төгрөг болж байна.

Иймд Е ХХК-аас Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу нийт 109,014,800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компанийн хувьд 61,000,000 төгрөг авсан нь үнэн, учраас төлнө. Энэ талаар маргахгүй.

Талуудын байгуулсан гэрээнд 208,760,000 төгрөгийн 50 хувийг гэрээ байгуулагдсаны дараа манайд шилжүүлэх байсан боловч нэхэмжлэгч зөвхөн 61,000,000 төгрөг өгсөн. Алданги 48,014,800 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Е ХХК-иас гэрээний үүрэгт 61,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжпэлийн шаардлагаас алданги 48,014,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Е ХХК-аас 462,950 төгрөг гаргуулан нэхэмжпэгч М ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 703,024 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын агуулга:

М ХХК-ийн нэхэмжлэлтэй Е ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/03133 дугаар зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Шүүх Е ХХК-аас гэрээний төлбөрийн 61,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн боловч, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн алданги 48,014,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хуулийг хэрэглээгүй, талуудын хооронд байгуулсан гэрээнд хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрүүлэхгүйгээр төлөхөөр тогтоосон алдангийг гаргуулахгүй орхигдуулсан нь үндэслэлгүй байна.

4.2. Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Орон сууцны гадна тохижилт/УБ СБД 7,8,9,10 дугаар хороо/-ын №БХБЯ/202001138-4 дугаар бүхий ажилд зориулж талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 208,760,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нь Ажил гүйцэтгэх тухай гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ биелүүлэхгүйгээр 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл гэрээний үүргээ зөчсөн байдаг. Иймд манай компани гэрээ цуцлах хүртэлх гэрээ хүчинтэй байсан хугацааны алдангийг хуулийн дагуу хариуцагчаар гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн алданги нь гэрээний 4.2-т зааснаар 208,760,000 төгрөг х 0.1% х 230 хоног =нийт 48,014,800 төгрөг.

Тайлбар: Гэрээний хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дууссан, ингээд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл гэрээт үүргээ биелүүлээгүй хугацаа алдсан. Энэ хугацаа 261 хоног бөгөөд бид алдангийн хэмжээг 31 хоногоор багасгаж нэхэмжилсэн.

4.3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. Хуулийн 232 дугаар зүйлийн 232.2-т Анз нь торгууль алданги гэсэн 2 төрөлтэй байна гэж заасан. Иймд хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь бүрэн тогтоогдсон тул энэ гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацааны алдангийг хуульд зааснаар төлөх үүрэгтэй байна.

4.4. Шүүхийн Шийдвэрийн 5 дугаар талд буюу Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.5 дугаар заалтын 3 дахь хэсэгт ...гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойших үр дагаврыг талууд шийдвэрлэдгээрээ онцлогтой гэж заасан. Иймд гэрээ цуцлах хүртэлх хугацааны алдангийг хариуцагч тал нөхөн төлөх үүрэгтэй болохыг тодорхойлсон заалт гэж үзэх үндэслэлтэй.

Гэтэл шүүгч тооцоо нийлсэн актанд алдангийн талаар тусгаагүй гэж хууль болон гэрээнд заагаагүй үндэслэл дурдаж алдангийг гаргуулахаас татгалзаж, улмаар Иргэний хуулийн 227 дугаар заалтыг тайлбарлаж хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/03133 дугаар шийдвэрийн зарим хэсгийг буюу шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас алданги 48,014,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгож, Е ХХК-аас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн алданги 48,014,800 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга:

5.1. Манай байгууллага нэхэмжлэгчтэй 2022 оны 07 дугаар сард гэрээ байгуулсан бөгөөд 50 хувийн урьдчилгаа авах тохиролцоотой байсан. Манай байгууллагын хувьд 6 сарын турш хийсэн ажлаа талбай дээрээс нь буцаж сугалж авч маш их зардал гаргасан.

Захиалагч компани төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй. Гэрээний дагуу 10,000,000, 20,000,000, 8,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Энэ ажил гүйцэтгэхэд хангалттай хэмжээний санхүүжилт болж чадаагүй. Бид нар 50-60 хувийн материалын зардал гаргаж, чийрэгжүүлэх төхөөрөмжүүдийг хийдэг. Бид нарын буруутай үйл ажиллагаа байсан учир захиалагчийн хүсэлтээр хийсэн ажлаа дахин зардал гаргаж, төхөөрөмжүүдээ буцаан хурааж авсан. Тухайн үед олох байсан орлого, хүмүүсийн цалингийн зардал, тээврийн зардлаар хохирсон учир алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Е ХХК-д холбогдуулан 109,014,800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч 61,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин алданги 48,014,800 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. М ХХК, Е ХХК-ийн хооронд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг шилжүүлэх, урьдчилгаа төлбөр төлснөөс хойш 60 хоногийн дотор Сүхбаатар дүүргийн 7, 9, 10 дугаар хорооны гадна талын талбайд 18 нэр төрлийн тохижилтын хийц бүтээцүүдийг угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. /хх 4-10/,

 

3.1. Талууд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 18 нэр төрлийн тохижилтын хийц бүтээцүүдийг захиалагчийн Сүхбаатар дүүрэг 7, 9, 10 дугаар хорооны гадна талбайд угсарч, суурилуулахаар тохиролцож, нэхэмжлэгч М ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 61,000,000 төгрөгийн санхүүжилтыг хариуцагчид шилжүүлжээ./хх-12-19/

 

3.2. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

3.3. Талууд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх тухай гэрээг дүгнэж, хариуцагч Е ХХК нь 61,000,000 төгрөг хүлээн авсан болохыг тооцоо нийлж, баталгаажуулжээ./хх-54/

 

4. Нэхэмжлэгч талын анхан шатны шүүхийн шийдвэрийн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

4.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т ... Гүйцэтгэгч нь гэрээнд хугацаанд ажлыг гүйцэтгээгүй, доголдолтой гүйцэтгэсэн бол ажлыг доголдолгүй гүйцэтгэх хүртэлх хугацаанд хоног тутам гүйцэтгээгүй ажлыг үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө. гэж заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлахад гэрээний үүргийг доголдолтой, дутуу гүйцэтгэсэн бол тухайн үүргийг бүрэн гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд эсхүл хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцохоор талууд тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, уг гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардаж байгаа тохиолдолд алдангийн тохиролцоо хамаарахгүй.

 

4.2. Талуудын хооронд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Тооцоо нийлсэн акт үйлдсэж, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг 61,000,000 төгрөг гэж баталгаажуулсан ба уг хэлцэлд алдангийн талаар тохиролцоогүй үндэслэлээр анхан шатны шүүх алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

4.3. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч байгууллага нь гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэж байсан, мөн нэхэмжлэгч талын суурьлуулсан хэрэгсэл нь доголдолтой гэх үндэслэлээр гэрээ цуцлах шаардлагыг хүлээн авч, суурилуулсан хэрэгслийн буцаан авч, өмнө байдалд нь оруулсан болох нь тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний нийт хөлс нь 208,760,000 төгрөг бөгөөд хариуцагч нь ...нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон хөлсийн хугацаанд нь шилжүүлээгүйгээс шалтгаалан гэрээнд заасан ажлыг шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээнд гүйцэтгэсэн гэх тайлбар, татгалзлыг нэхэмжлэгч нь баримтаар няцаагаагүй тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь нийт ажлын хөлсийг дутуу шилжүүлснээс хариуцагч үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт зааснаар анз шаардах эрхгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/03133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

  ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР