| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 366 |
| Огноо | 2019-03-06 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч Л.Л , М.Л , тэдний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Л , М.Л нарт холбогдох эрүүгийн 1806 05367 1455 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагнал байхгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, М.Л .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн-Хараа суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Л.Л .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Л.Л , М.Л нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 16 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүрэг, Баянхонгор аймаг, Өвөрхангай аймгуудад байрлах нэр бүхий хүнсний дэлгүүрүүдээс эд зүйлсийг худалдан авч, төлбөрийг нь “Мобайл” банкаар шилжүүлнэ гэж худал хэлэн гар утсан дээрээ гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессежийг худалдагчид харуулан итгүүлэн залилж бусдад 2.182.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Л мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Л мэдүүлэхдээ: “…Дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Түвшинтөгс, Т.Наранбадам, Д.Нарантунгалаг, Ч.Цэцэгмаа, Р.Баярцэцэг, Л.Намжилмаа, Д.Одонтунгалаг, Б.Отгонсүрэн, Б.Дулмаа, Б.Цэвэлмаа, Ш.Отгонжаргал, А.Цагаан, Б.Нямдэлгэр, Д.Оюунтуяа, Х.Гэрэлтуяа, Ц.Жаргал нарын мэдүүлгүүд /1хх-7, 48-49, 74, 133, 192, 217, 2хх-7, 56-57, 112, 153, 185, 219, 249-250, 3хх-42, 195, 198-199/, эд зүйлийн үнэлгээ /1хх-14-16, 38-39, 71-72, 141-142, 185-186, 228-229, 2хх-12-13, 72-74, 114-116, 159-161, 187-189, 192, 222-224, 3хх-5-7, 44-46, 221, 206/, “Бадар-Аяга” нэртэй дэлгүүрийн камерын бичлэгийг хураан авсан тухай тэмдэглэл /1хх-167-169/, мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-63, 66, 67, 68, 70/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх-/, шинээр хохирол төлсөн баримт 11 хуудас зэргийг шинжлэн судлав.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Л.Л , М.Л нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 16 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүрэг, Баянхонгор аймаг, Өвөрхангай аймгуудад байрлах нэр бүхий хүнсний дэлгүүрүүдээс эд зүйлсийг худалдан авч, төлбөрийг нь “Мобайл” банкаар шилжүүлнэ гэж худал хэлэн гар утсан дээрээ гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессежийг худалдагчид харуулан итгүүлэн залилж бусдад 2.182.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1. Шүүгдэгч М.Л , Л.Л нар бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Наран Суврага” хүнсний дэлгүүрээс 10 хайрцаг эссэ тамхи, 1 ширхэг гутал өнгөлөгч зэрэг эд зүйлсийг худалдан авч, төлбөрийг нь Мобайл банкаар шилжүүлнэ гэж худал хэлэн гар утсан дээрээ гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессежийг худалдагчид харуулан итгүүлэн залилж, 29,200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Түвшинтөгсийн өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дэлгүүртээ сууж байхад нэг нь шар царайтай цайвар цамц цагаан өмдтэй хар нүдний шил зүүсэн, 2 дахь нь бор царайтай цэнхэр пиджактай хар шил зүүсэн 20-25 орчим насны 2 залуу орж ирээд “10 хайрцаг эссэ тамхи, гутал өнгөлөгч аваад мөнгийг нь мобайл банкаар шилжүүлнэ” гэхээр нь би 5540357629 гэсэн хаан банкны дансаа өгсөн чинь цэнхэр пиджактай залуу нь утсаа оролдож байгаад гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессеж үзүүлсэн миний гар утсанд мессеж ирдэг учраас хүлээж бай мөнгө орж ирээгүй байна гэсэн чинь нөгөө 2 залуу гараад зугтаасан араас нь гарсан чинь алга болсон байсан. Би өмнө харж байгаагүй, одоо харвал танина. Цэвэрхэн хувцасласан 20-25 орчим насны хүүхдүүд байсан. 10 хайрцаг эссэ тамхи 33,000 төгрөг, гутал өнгөлөгч нь 1500 төгрөгөөр зарагддаг эд зүйлээ буцааж аваагүй. Надад 34.500 төгрөгийн хохирол учирсан. Тэр 2 залуу бүх хохирлыг барагдуулж өгсөн. Одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Би урьд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа.” /1хх-6-7/,
Хохирогч Л.Түвшинтөгсийн дэлгүүрээс залилуулсан эд зүйлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 29.200 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1хх-14-16/,
2. Шүүгдэгч М.Л , Л.Л нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шинэ Зам” хүнсний дэлгүүрээс 4 хайрхаг эссэ тамхи, 6 хайрцаг ченж эссэ тамхи, 10 хайрцаг парламент тамхи зэрэг эд зүйлсийг худалдан авч, төлбөрийг нь Мобайл банкаар шилжүүлнэ гэж худал хэлэн гар утсан дээрээ гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессежийг худалдагчид харуулан итгүүлэн залилж, 70.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Наранбадамын өгсөн: “...Надад тайлбарлан өгсөн хуулийг ойлгосон. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг 10-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг манай “Шинэ Зам” хүнсний дэлгүүрт 2 залуу манай дэлгүүрээс залилан хийж эссэ тамхи энгийн 4 хайрцаг 1 хайрцаг нь 3500 хайрцаг нь нийт 14000 төгрөг, ченж эссэ 6 хайрцаг 1 хайрцаг нь 3900 төгрөг, 6 хайрцаг нь 23.400, парламегт 10 хайрцаг 1 хайрцаг нь 4600 төгрөг нийт 10 хайрцаг нь 46000 төгрөг болж манай дэлгүүрээс 83.400 төгрөгийн бараа авсан тэр 2 залуу бүх хохирлыг барагдуулж өгсөн. Одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Би урьд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Өөр ярих зүйл байхгүй.” /1хх-41/ гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Наранбадамын дэлгүүрээс залилуулсан эд зүйлийн үнэлгээг "Тод Үнэлгээ" ХХК нь 70.600 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1хх- 48-49/,
3. Шүүгдэгч М.Л Л.Л нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бэл-Анд” хүнсний дэлгүүрээс 10 хайрцаг эссэ тамхи, 2 хайрцаг ченж эссэ тамхи, 2 ширхэг нүүрний маск, 1 ширхэг бидний кола ундаа зэрэг эд зүйлсийг худалдан авч, төлбөрийг нь Мобайл банкаар шилжүүлнэ гэж худал хэлэн гар утсан дээрээ гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессежийг худалдагчид харуулан итгүүлэн залилж, 42.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Нарантунгалагийн өгсөн: “...Надад тайлбарлан өгсөн хуулийг ойлгосон. Залилан хийсэн 2 залуу манай дэлгүүрээс эссэ тамхи энгийн 10 хайрцаг 1 хайрцаг нь 3300 хайрцаг нь нийт 33000 төгрөг, ченж эссэ 2 хайрцаг 1 ширхэг 3500 төгрөг 2 хайрцаг нь 7000 төгрөг, 2 нүүрэнд тавьдаг маск 2 ширхэг 1 ширхэг нь 800 төгрөг 2 ширхэг нь 1600 төгрөг, 1 ширхэг бидний кола нийт 44.000 төгрөгийн бараа болсон. Тэр 2 залуу бүх хохирлыг барагдуулж өгсөн. Одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Би урьд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Дээрх 2 залууг би урьд өмнө огт харж байгаагүй.” /1хх-74, 75-76/ гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Нарантунгалагийн дэлгүүрээс залилуулсан эд зүйлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 42.500 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1хх-48-49/,
Эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-71-72/,
4. Шүүгдэгч М.Л Л.Л нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 20 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор аймгийн “Цагаан чулуут” 5 дугаар багийн Дэлгүүрийн 12 тоотод байх иргэн Ч.Цэцэгмаагийн эзэмшлийн дэлгүүрээс зохиомол байдал зориудаар бие болгож буюу худалдан авсан эд зүйлийнхээ үнийг мобайл банкаар шилжүүлсэн дүр үзүүлэн залилж 75.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Цэцэгмаагийн өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн оройн 20 цагийн үед би өөрийн “Баянбүрд” нэртэй хүнсний дэлгүүрт сууж байхад гаднаас 2 залуу орж ирээд энгийн эссэ, ченж эссэ 2 паалчиг буюу 10, 10 ширхгийг авъя хэдэн төгрөг болж байна гэхээр нь би бодоод үзсэн чинь нийт 75.000 төгрөг болж байна гэсэн чинь мөнгийг нь мобайл банкаар шилжүүлнэ гээд миний дансны дугаарыг аваад гар утсан дээр үзүүлж таны данс мөн үү гэж үзүүлснээ та мэдээллээ хардаа гээд гар утсаа үзүүлсэн чинь гүйлгээ амжилттай боллоо 75.000 төгрөг хасагдсан байна гэсэн бичиг гарч ирсэн байхаар нь шилжүүлэгдсэн байна гэж бодоод тамхийг нь өгөөд явуулаад нөхөр Сайнбаяраас гар утсанд чинь 75.000 төгрөг орж ирсэн гэх мэдээлэл ирсэн үү гэж асуухад үгүй ирээгүй гэсэн тэгээд удахгүй мэдээлэл нь ирэх байх гэж бодоод хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. Үгүй би хохирлоо барагдуулж аваагүй байгаа гомдолтой байна мөн эд зүйлийн үнэлгээ хийлгүүлэх гээд надаас 10.000 төгрөг гарсан. Уг 10.000 төгрөгийг нэхэмжилж байна.” /1хх-133/ гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Цэцэгмаагийн дэлгүүрээс залилуулсан эд зүйлийн үнэлгээг “Энх-Нахиа” ХХК нь 75.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1хх-141-142/,
5. Шүүгдэгч М.Л Л.Л нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Дуусах” 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Р.Баярцэцэгийн эзэмшлийн “Бадар-Аяга” дэлгүүрээс зохиол зохиомол байдал зориудаар бие болгож буюу худалдан авсан эд зүйлийнхээ үнийг мобайл банкаар шилжүүлсэн дүр үзүүлэн залилж 98.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Баярцэцэгийн өгсөн: “...2018 оны 6 сарын 8-ны өдөр дэлгүүртээ байж байсан чинь 2 эрэгтэй орж ирээд тамхи авъя гээд мобайлаар гүйлгээ хийх гээд авсан тамхины үнийн дүн болох 98.800 төгрөгийн гүйлгээ хийгдлээ гээд мэссэж харуулаад байсан. Тэгээд нөгөө 2 залуу гараад явсан тэр үед дэлгүүрт хүн ороод ирсэн байсан учир нөгөөхөө сайн анзаараагүй. Хүнээ гаргаж явуулаад утсаа харсан чинь мөнгө ороогүй байхаар нь хойноос нь гарсан чинь нөгөө 2 залуу байхгүй байхаар нь цагдаад хандсан. Манай дэлгүүрээс парламент 10 ширхэг, эссэ 8 ширхэг, улаан вэст 6,7 ширхэг зэрэг зүйлс авсан ба 98.800 төгрөг болсон. Би тэдгээр залуусыг өмнө нь харж байгаагүй .Манай “Бадар-Аяга” хүнсний дэлгүүрээс 2 камер ажиллахгүй байсан. Тэр өдрөө цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байж байгаад маргааш нь тэр хавиар бараа зардаг хүмүүс 2 залууд өчигдөр залилуулсан гэхээр нь өөрийнхөө гар утсаар цагдаагийн газарт дуудлага өгсөн.” /1хх-192/ гэх мэдүүлэг,
Хохирогч Р.Баярцэцэгийн дэлгүүрээс залилуулсан эд зүйлийн үнэлгээг “Энх-Нахиа” ХХК нь 98.200 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1хх-185-186/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-167-169/,
“Бадар-Аяга” дэлгүүрийн камерын бичлэгийг хураан авсан тухай тэмдэглэл /1хх-173/,
6. Шүүгдэгч Л.Л , М.Л бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгйин Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баруун бүсийн худалдааны төвийн 2020, 2021 дугаартай лангуунд бэлэн хувцас худалдах, үйл ажиллагаа явуулах иргэн Л.Намжилмаагаас зохиомол байдал зориудаар бий болгож буюу худалдан авсан эд зүйлийнхээ үнийг мобайл банкаар шилжүүлсэн дүр үзүүлэн залилж 290.000 төгрөгийн хохирол учруулсан болох:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Намжилмаагийн өгсөн: “...Та 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед би Баруун бүсийн худалдааны төвийн 2020, 2021 тоот лангуун дээр бараагаа зараад байж байтал танихгүй хоёр залуу орж ирээд бид хоёр хурим хийх гэж байгаа юм таны бараанаас өөрсдийгөө хувцаслаад наймаа хийе гэхээр нь та хоёрт юу хэрэпгэй байна гэтэл срочкин цамц, костюм, өмд хэрэгтэй байна гээд хоёулаа хувцас өмсөж байгаад нэг залуу нь нийт 310.000 төгрөгийн бараа худалдан аваад миний өгсөн торонд хувцсаа хийсэн. Тэгээд та дансныхаа дугаарыг өгөөч би мобил банкаар мөнгийг чинь шилжүүлнэ гэхээр нь өөрийнхөө 5225201479 гэсэн дугаартай Хаан банкны дугаарыг хэлж өгтөл хэсэг хугацааны эгчээ дараа гүйлгээ амжилттай хийгдлээ та хар даа гээд утсан дээрх мессеж харуултал 310.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Тухайн үед тэр хоёр залууд миний утсанд мэдээлэл ирэх ёстой ирэхгүй байна гэтэл одоо орох байх бид хоёр өлсөөд байна цайны газар ойрхон байна уу гэхээр 2 давхарт байдаг цайны газрыг зааж өгтөл тэр зүг явсан. Удалгүй мөнгө орж ирэхгүй болохоор нь нөгөө хоёр залуугийн араас цайны газар очтол байхгүй байсан. Тэгээд 1 давхарт байдаг “Хаан” банк руу орж дансаа шүүлгэтэл мөнгө орж ирээгүй байхаар нь худалдааны төвийн хяналтын камерыг шүүлгэх гэтэл 2 давхрын камер ажиллахгүй байгаа гэж цахилгаанчин хэлээд 1 давхрын камерыг шүүтэл надаас бараа худалдан авсан 2 залуугийн нэг нь гарч яваа харагдсан. Тэр өдрөө цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байж байгаад өнөөдөр гар утсаар дуудлага өгсөн. Тэр хоёр залууг огт харж байгаагүй Баянхонгор аймгийн хүмүүс биш байх. 2020 тоот лангуунаас 35.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй цамц 2 ширхэг, 30,000 төгрөгийн цамц 2 ширхэг, 90.000 төгрөгийн пиджак 1 ширхэг, 40.000 төгрөгийн өмдний тэлээ 1 ширхэг, 15.000 төгрөгийн тэлээ 1 ширхэг 2021 тоот лангуунаас 35.000 төгрөгийн үнэтэй даавуун өмд 1 ширхгийг тус тус зарж борлуулсан. Би тухайн үед зарж борлуулсан үнэ болох 310.000 төгрөгөөр нийтэд нь үнэлж байна.” /1хх-217/ гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-228-229/,
Хохирогч Л.Намжилмаагийн лангуунаас залилуулсан эд зүйлийн үнэлгээг “Энх-Нахиа” ХХК нь 290.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1хх-228-229/,
7. Шүүгдэгч М.Л Л.Л нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есэнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Есөн-Эрдэнэ” захын хажууд үзелийн хажууд байх гар утасны дэлгүүрийн худалдагч Д.Одонтунгалагаас зохиомол байдал зориудаар бие болгож буюу худалдан авсан эд зүйлийнхээ үнийг мобайл банкаар шилжүүлсэн дүр үзүүлэн залилж 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Одонтунгалагийн өгсөн: "...2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед “Есөн-Эрдэнэ” захын узелийн хажууд гар утас худалдааны дэлгүүртээ сууж байхад 2 залуу орж ирээд гар утас үзэж Самсунг эс-6 НЭ маркийн гар утсыг авъя гэхээр нь 350.000 төгрег болсон гэхэд мобайл банкаар шилжүүлнэ гээд миний дансны дугаар авъя гэхээр нь өөрийн 5003450177 гэсэн дансаа өгтөл мөнгө хийчихлээ гээд надад гүйлгээ амжилттай хийгдсэн гэсэн мэссэж үзүүлсэн бөгөөд миний гар утсанд мессеж ирэхээр нь мөнгө орсон байна гэж бодоод гар утсаа өгөөд явуулсан. Тэгтэл би өөрийн гар утсаа үзтэл нэг дугаараас хоосон мессеж ирсэн мөнгө ороогүй байхаар нь хоосон мессеж явуулсан дугаарлуу нь залгасан чинь нэг эрэгтэй хүн аваад мөнгө нь одоохон орно гэж хэлсэн тэгтэл мөнгө орохгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм. Би өөрийн алдсан гэх гар утасны мөнгө буцааж аваагүй байгаа гомдолтой байна.” /2хх-7/ гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Одонтунгалагийн дэлгүүрээс залилуулсан эд зүйлийн үнэлгээг "Энх-Нахиа" ХХК нь 350.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /2хх-12-13/,
8. Шүүгдэгч М.Л Л.Л нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 10-11 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 1-1 тоотод үйл ажиллагаа явуулах “Наран төгрөг” нэртэй хүнсний дэлгүүрээс кастер тамхи 10 ширхэг, эссэ тамхи 5 ширхэг, эл ди тамхи 5 ширхэг зэрэг эд зүйлийг худалдан авч төлбөрийн мобайл банк үйлчилгээгээр шилжүүлсэн гэж гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессеж үзүүлж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж 83.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Отгонсүрэнгийн өгсөн: “...Би 2018 оны 5 дугаар сарын 28-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багт байх “Наран төгрөг” хүнсний дэлгүүртээ байх үед гаднаас 2 залуу орж ирж худалдан авалт хийсэн юмаа. Тэр хоёр залуу манай дэлгүүрээс палчикаар нь буюу 10 хайрцаг кастер нэртэй тамхи авч үнийн дүн нь 55.000 төгрөг болсон юм. Үлдсэн 30000 төгрөгт нь бусад эд зүйлс худалдан авалт хийгээд нийт 85.000 төгрөгийн бараа худалдаж аваад төлбөрөө мобайл банкаар шилжүүлчихье гэхээр нь тэг гээд дансаа хэлтэл миний дансны дугаарыг аваад нэг нь утсаа оролдож байгаад надад нэг мессэж утаснаасаа үзүүлсэн юмаа. Тэр мессэж нь худалдан авсан үнийн дүнтэй нь таарч байсан болохоор нь би итгэчихсэн юм. Тэгээд мөнгө нь орж ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юмаа. Би гомдолтой байна, миний хохирлыг барагдуулж өгнө үү. Би одоо харвал танина 2 ганган залуу байсан, хотын залуучууд байх гэж бодож байсан. Би одоо хувцас хунарыг нь сайн санахгүй байна, цэвэрхэн хувцасласан залуучууд байсан.” /2хх-56-57/ гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Отгонсүрэнгийн дэлгүүрээс залилуулсан эд зүйлийн үнэлгээг “Лэндс” ХХК нь 83.500 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /2хх-72-74/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-64, 66, 67/,
9. Шүүгдэгч М.Л Л.Л нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 44-24 тоотод үйл ажиллагаа явуулах “Эх Булаг” нэртэй дэлгүүрээс тамхи, архи, угаалгын нунтаг, шүдний оо, сойз, 00-н цаас, цэвэр ус, ундаа зэрэг эд зүйл худалдан авч төлбөрийг мобайл банк үйлчилгээгээр шилжүүлсэн гэж гүйлгээ амжилттай хийгдпээ гэсэн мессеж үзүүлж хуурч бусдыг төөрөгдөлд оруулж 84.800 төгрөгийн эд зүйл залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дулмаагийн өгсөн: “...Би 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт байх “Эх булаг хангай” хүнсний дэлгүүртээ байх үед гаднаас 2 залуу орж ирж худалдан авалт хийсэн юмаа, тэр хоёр залуу манай дэлгүүрээс блокоор нь тамхи, нэг шил болор архи, угаалгын нунтаг, ундаа, ус, оо сойз, 00-ийн цаас зэрэг эд зүйлс худалдаж авсан юмаа, тухайн үед бид хоёр цэргийн хатуу дэглэмтэй, офицерууд уурлаад яаруулаад байна шүү эгчээ таньд хүндрэл учруулаагүй биздээ гэж ярьж байсан. Худалдан авсан нийт үнийн дүн нь 77.600 төгрөг болсон юм. Тэгээд төлбөрөө мобайл банкаар шилжүүлчихье гэхээр нь тэг гээд 5561040051 гэсэн дансаа хэлтэл миний дансны дугаарыг аваад нэг нь утсаа оролдож байгаад надад нэг мессэж утаснаасаа үзүүлсэн юмаа. Тэр мессэж нь худалдан авсан үнийн дүнтэй нь таарч байсан болохоор нь би итгэчихсэн юм. Тэгээд мөнгө нь орж ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юмаа. Би гомдолтой байна, миний хохирлыг барагдуулж өгнө үү. Нэг нь хар костюмтай, хар нүдний шилтэй, цагаан цамцтай байсан санагдаж байна, нөгөө залуу нь саарал бирюкэн өмдтэй, цайвар өнгийн шоо хээтэй цамцтай, хар өнгийн цүнх барьчихсан байсан.” /2хх-110-111, 112/ гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Дулмаагийн дэлгүүрээс залилуулсан эд зүйлийн үнэлгээг “Лэндс” ХХК нь 84.800 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /2хх-114-116/,
10. Шүүгдэгч М.Л Л.Л нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хүнс барааны зах дотор байрлах монгол загварын хувцасны лангуунаас эрэгтэй хүний савхин куртик 2 ширхэг, эмэгтэй хүний дээл 1 ширхэг зэрэг эд зүйлийг худалдан авч төлбөрийг мобайл банк үйлчилгээгээр шилжүүлсэн гэж гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессеж үзүүлж хуурч бусдыг төөрөгдөлд оруулж 585.000 төгрөгийн эд зүйл залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цэвэлмаагийн өгсөн: “...Намайг 2018 оны 5 сарын 28-ны өдөр Төв барааны зах дээр байх монгол загварын хувцасны лангуун дээрээ байхад хоёр залуу орж ирээд савхин куртик авая гээд нэг нэгээр нь өмсөж үзээд 2 савхин куртик, нэг эмэгтэй хүний загварын дээл худалдаж авсан юм, Тэгээд тооцоо болох нийт 585.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлье гээд 5561023738 дугаарын дансаа хэлж өгтөл утсаа оролдож байгаад шилжүүлчихлээ гээд надад нэг мессэж үзүүлэхээр нь миний утсанд мессэж ирэх ёстойдоо гэж хэлтэл банк хооронд жаахан уддаг юмаа гэж хэлээд яваад өгсөн. Би тухайн үедээ тэгдэг юм болов уу гэж бодоод явуулчихсан юм. Гэтэл миний дансанд мөнгө орж ирээгүй. Би тэр хоёрт залилуулчихсан байна. Хувцас хунарыг нь бол сайн санахгүй байна царайг нь бол санаж байна харах юм бол танина. Би гомдолтой байна. Тэр хоёр залууг олж миний хохирлыг барагдуулж өгнө үү.” /2хх-153/ гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Цэвэлмаагийн лангуунаас залилуулсан эд зүйлийн үнэлгээг “Лэндс” ХХК нь 585.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /2хх-159-161/,
11. Шүүгдэгч М.Л Л.Л нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 3-2 тоотод үйл ажиллагаа явуулах "Халх Тулгат" нэртэй хүнсний дэлгүүрээс цагны зай, ахуйн зориулалттай газ, бэлэн гоймон, салфетка, бохь, школад, ундаа, гутлын тос, тамхины асаагуур зэрэг эд зүйлсийг худалдан авч төлбөрийг мобайл банк үйлчилгээгээр шилжүүлсэн гэж гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессеж үзүүлж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж 81.500 төгрөгийг залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Отгожаргалын өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг 15 минутын орчимд намайг Арвайхээр сумын 8 дугаар баг, 3-2 тоотод байх “Халх тулгат” хүнсний дэлгүүртээ байх үед гаднаас хоёр залуу орж ирээд цагны зай 8 ширхэг, газ 10 ширхэг, бэлэн гоймон 5 ширхэг, шоколад 10 ширхэг, ундаа 6 ширхэг, гутлын тос 2 ширхэг, салфетка 2 ширхэг бохь 2 ширхэг. тамхины асаагуур 2 ширхэг зэрэг эд зүйлс худалдаж аваад төлбөрөө мобайл банкаар шилжүүлье гэхээр нь би өөрийнхөө 5561050682 гэсэн миний нэр дээр байдаг дансны дугаарыг хэлж өгтөл утсаа оролдож байгаад надад нэг мессэж үзүүлээд гүйлгээ амжилттай хийгдлээ гэж хэлээд гараад явчихсан юмаа. Тэр хоёр залуугийн худалдан авалт хийсэн төлбөр нь 86.400 төгрөг болсон юм. Тэгээд миний дансанд мөнгө орж ирэхгүй намайг залилсан байна. Би тэр хоёр залууг танихгүй, харвал танина, нэг залуу нь тольтой нүдний шилтэй, нөгөө залуу нь цэнхэр костюмтай байсан санагдаж байна, Улаанбаатар хотын болов уу гэмээр цэвэрхэн хувцасласан залуучууд байсан. Одоо ажилдаа гарах гэж байгаа явахаасаа өмнө хэрэгцээнийхээ юмнуудыг цуглуулж байгаа гэж ярьж байсан. Нэг залуу нь хажуудаа үүрдэг цүнх үүрсэн байсан.” /2хх-185/ гэх мэдүүлэг,
Хохирогч Ш.Отгонжаргалын дэлгүүрээс залилуулсан эд зүйлийн үнэлгээг “Лэндс”, “Тод Үнэлгээ” ХХК нь 81.500 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /2хх-187-189, 192/,
12. Шүүгдэгч М.Л Л.Л нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 9-10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 21-07 тоотод үйл ажиллагаа явуулах “Үйзэн” нэртэй хүнсний дэлгүүрээс парламент нэртэй тамхи 6 ширхэг, эссэ нэртэй тамхи 8 ширхэг, эл ди нэртэй тамхи 9 ширхэг, 1 боодол бохь зэрэг зүйл худалдан авч төлбөрийг мобайл банк үйлчилгээгээр шилжүүлсэн гэж гүйлгээ амжилттай хийгдпээ гэсэн мессеж үзүүлж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж 75.900 төгрөгийг залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Цагааны өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 09 цагаас 10 цагийн хооронд манай Арвайхээр сумын 7 дугаар баг 21 дүгээр гудамжны 7 тоотод байж “Үйзэн” хүнсний дэлгүүртээ байх үед гаднаас хоёр залуу орж ирээд парламент тамхи 5 хайрцаг, энгийн эссэ 8 хайрцаг, элди 9 хайрцаг, боодол бохь зэрэг эд зүйлс худалдаж аваад төлбөрөө мобайл банкаар шилжүүлье гэхээр нь би өөрийнхөө 5540339621 гэсэн манай хүүхэд болох Содовцэвэлийн дансыг өгтөл утсаа оролдож байгаад надад нэг мессэж үзүүлээд гүйлгээ амжилттай хийгдлээ гэж хэлээд гараад явчихсан юм. Тэр хоёр залуугийн худалдан авалт хийсэн төлбөр нь 73.400 төгрөг болсон юмаа. Би тэр хоёр залууг танихгүй, харвап танина, нэг залуу нь тольтой нүдний шилтэй, нөгөө залуу нь цэнхэр костюмтай байсан санагдаж байна, нөгөө залуу нь нимгэн куртиктэй байсан байх гэж бодож байна, Улаанбаатар хотын болов уу гэмээр цэвэрхэн хувцасласан залуучууд байсан, авсан тамхинуудаа хөдөө явуулна гэж хоорондоо яриад байсан. Нэг залуу нь хажуудаа үүрдэг хувцасны /урзалк/ цүнх үүрсэн байсан. Уг дэлгүүр нь миний охины нэр дээр байдаг. Гэхдээ би сууж ажиллуулдаг юм. Тухайн өдөр танихгүй хоёр залуу орж ирээд парламент тамхи 6 хайрцаг, эссэ тамхи 8 хайрцаг, эл ди тамхи 9 хайрцаг, бохь 1 боодол зэрэг эд зүйлийг худалдаж авсан. Уг эд зүйлүүдийг үнэлсэн үнэлгээний тайлантай бол санал нийлж байна. Уг мөнгөн дүн болон үнэлгээ хийлгэхэд 20.000 төгрөгийн төлбөр төлсөн уг мөнгөн дүн нийтдээ 95.900 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ. Би шүүх хуралд оролцох боломжгүй нас өндөр болохоор хол газар яваад байж чадахгүй. Харин хэргийн материалтай танилцана.” /2хх-218-219/ гэх мэдүүлэг,
Хохирогч А.Цагааны дэлгүүрээс залилуулсан эд зүйлийн үнэлгээг "Лэндс" ХХК нь 75.900 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /2хх-222-224/,
13. Шүүгдэгч М.Л Л.Л нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн Арайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дэлгэр Хангай” нэртэй хүнсний дэлгүүрээс тамхи худалдан авч төлбөрийг мобайл банк үйлчилгээгээр шилжүүлсэн гэж гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессеж үзүүлж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж 73.500 төгрөгийг залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нямдэлгэрийн өгсөн: "...Би 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багт байх “Дэлгэр хангай” хүнсний дэлгүүртээ байх үед гаднаас 2 залуу орж ирж худалдан авалт хийсэн юмаа. Тэр хоёр залуу манай дэлгүүрээс улаан вэст 10 хайрцаг, эссэ-5, парламент-7 хайрцгийг тус тус авсан. Барилгын ажилчдад өгөх гэж байгаа юм гэж ярьж байсан, бас өөр ойр зуурын юм аваад үнийн дүн нь 78.500 төгрөг болсон юм. Тэгээд төлбөрөө мобайл банкаар шилжүүлчихье гэхээр нь тэг гээд 5108036621 гэсэн дансаа хэлтэл миний дансны дугаарыг аваад нэг нь утсаа оролдож байгаад надад нэг мессэж утаснаасаа үзүүлсэн юм. Тэр мессэж нь худалдан авсан үнийн дүнтэй нь таарч байсан болохоор нь би итгэчихсэн юм. Тэгээд мөнгө нь орж ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юмаа. Би гомдолтой байна, миний хохирлыг барагдуулж өгнө үү. Би одоо хувцас хунарыг нь сайн санахгүй байна, цэвэрхэн хувцасласан залуучууд байсан.” /2хх-249-250/ гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Нямдэлгэрийн дэлгүүрээс залилуулсан эд зүйлийн үнэлгээг “Лэндс” ХХК нь 73.500 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /3хх-5-7/,
14. Шүүгдэгч М.Л Л.Л нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн Арайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Дэлгэр" нэртэй хүнсний дэлгүүрээс тамхи, тараг зэрэг эд зүйл худалдан авч төлбөрийг мобайл банк үйлчилгээгээр шилжүүлсэн гэж гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессеж үзүүлж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж 78.500 төгрөгийг залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Оюунтуяагийн: "...Би 2018 оны 6 сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багт байх Дэлгэр хүнсний дэлгүүртээ байх үед гаднаас 2 залуу орж ирж худалдан авалт хийсэн юм. Тэр хоёр залуу манай дэлгүүрээс хайрцагтай тамхинууд авсан морь уядаг уяач нартаа тамхи авч байгаа юм, хөдөө гадаа хол явахаар тамхи их хэрэг болоод байна гэж яриад хайрцагтай тамхинууд, тараг, болон бусад эд зүйлс худалдан авалт хийгээд нийт 80.500 төгрөгийн бараа худалдаж аваад төлбөрөө мобайл банкаар шилжүүлчихэе гэхээр нь тэгээд дансаа хэлтэл миний дансний дугаарыг аваад нэг нь утсаа оролдож байгаад надад нэг мессэж утаснаасаа үзүүлсэн юм. Тэр мессэж нь худалдан авсан үнийн дүнтэй нь таарч байсан юм. Тэгээд миний утсанд мессэж ирэх байх гэж хэлтэл миний мобайл банк төрийн банкных болохоор жаахан удаж ирдэг юм гээд та орохгүй бол залгаарай гээд 80333611 гэсэн дугаараас над руу дохихоор нь би итгээд явуулчихсан чинь тэр хоёр залуугаас мөнгө орж ирэхгүй болохоор нь залгаад асуутал би удахгүй очлоо гэхээр нь хүлээж байтал ирээгүй юм. Тэрнээс хойш утас нь холбогдоогүй юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юмаа. Би гомдолтой байна, миний хохирлыг барагдуулж өгнө үү. Одоо санаж байгаагаар парламент тамхи 10 ширхэг, эссэ тамхи 10 ширхэг, сүү компанийн жимстэй тараг 1 ширхэг зэрэг эд зүйлийг худалдаж авсан. Харин зөв аарцны ундаа, талх, загасны шипрот, хиам болон зайрмаг 2 ширхэгийг бол аваагүй тухайн үед авсан зүйлийг нь бол тод санаж байгаа. Тэр үед аймаг тэр чигээрээ тог тасарчихсан байсан учир хяналтын камер ажиллаагүй байсан.” /3хх-40-41, 42/ гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Оюунтуяагийн дэлгүүрээс залилуулсан эд зүйлийн үнэлгээг "Лэндс" ХХК нь 78,500 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /3-р хх-ийн 44-46 дугаар хуудас/;
15. Шүүгдэгч Л.Л , М.Л нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 17 цагийн орчим Багануур дүүргийн 5 дугаар хороо, “Нарийны 27 дугаар гудамжны 1 тоотод байрлах Х.Гэрэлтуяагийн эзэмшлийн “Гэр бүл” хүнсний дэлгүүрээс парламент тамхи 1 блок, ченж эссэ тамхи 1 блок, парламент тамхи 1 хайрцаг, ченж эссэ тамхи 1 хайрцаг, цэнхэр эссэ тамхи 1 хайрцаг, 1.25 литрийн савалгаатай гоё жүүс 1 ширхэг, хар талх 1 ширхэг, 964 грамм зочин хиам зэрэг эд зүйл худалдан авч төлбөрийг мобайл банк үйлчилгээгээр шилжүүлсэн гэж гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессеж үзүүлэн хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж 101.700 төгрөгийг залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Гэрэлтуяагийн өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр би дэлгүүртээ ажлаа хийж байтал 17 цаг өнгөрч байхад үл таних 30 орчим насны залуу дэлгүүр рүү гаднаас утсаар ярьчихсан орж ирсэн. Дэлгүүрт орж ирээд утсаар ярьж байхдаа би одоохон аавд тамхи хүнсийг нь цуглуулаад өгөөд байж байя, тэгээд уулъя гэж яриад байсан. Тэгээд утсаа салгаад дэлгүүрийн доторх барааг харж байснаа за эгчээ юм авнаа гээд 1 блок парламент, 1 блок ченж эссэ, 1 хайрцаг парламент, 1 хайрцаг ченж эссэ, 1 хайрцаг цэнхэр эссэ, 1.25 литрийн савлагаатай гоё жүүс 1 ширхэг, 1 ширхэг жижиг талх, 964 граммын зочин хиам авсан. 101.000 төгрөг төлбөр гарсан.” /3хх-195/ гэх мэдүүлэг,
Хохирогч Х.Гэрэлтуяагийн дэлгүүрээс залилуулсан эд зүйлийн үнэлгээг “Сэлэнгэ эстимейт” ХХК нь 101.700 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /3хх-211/,
16. Шүүгдэгч Л.Л , М.Л нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах иргэн Ц.Жаргалын эзэмшлийн “Онон гурван харуул” хүнсний дэлгүүрээс тамхи 8 хайрцаг, энгийн эссэ тамхи 3 хайрцаг зэрэг эд зүйл худалдан авч мобайл банк үйлчилгээгээр шилжүүлсэн гэж гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессеж үзүүлж хуурч бусдыг төөрөгдөлд оруулж 81.300 төгрөгийг залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Жаргалын өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хуцаагийн 14-1 тоотод байх “Онон гурван харуул” хүнсний дэлгүүртээ сууж байсан чинь орой 18 цагийн орчимд 2 эрэгтэй хүн орж ирээд 1 ширхэг дотуур хувцас, 2 ширхэг оймс, 8 хайрцаг майлд сэвэн тамхи, 8 хайрцаг ченж эссэ тамхи, энгийн эссэ тамхи 3 хайрцаг зэрэг зүйлс авсан бөгөөд тооцоогоо мобайл банкаар хийе гэж хэлэхээр нь дансны дугаараа өгсөн. Тэгсэн мессеж явчихлаа мөнгө чинь орсон шүү гэсэн. Нийт 80.700 төгрөгийн хохирол учирсан.” /3хх-198-199/ гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Жаргалын дэлгүүрээс залилуулсан эд зүйлийн үнэлгээ “Сэлэнгэ Эстимэйт” ХХК нь 81.300 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /3хх-206/,
Хохирол төлсөн баримтууд
Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-34/ зэргээр тогтоогдсон болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Л.Л , М.Л нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Баянзүрх дүүрэг, Баянхонгор аймаг, Өвөрхангай аймгуудад байрлах нэр бүхий хүнсний дэлгүүрүүдээс эд зүйлсийг худалдан авч, төлбөрийг нь “Мобайл” банкаар шилжүүлнэ гэж худал хэлэн гар утсан дээрээ гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессежийг худалдагчид харуулан итгүүлэн хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгон залилж нэр бүхий 16 хохирогч нарт 2.182.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Л , М.Л нарын үйлдэл нь бусдын хөрөнгийг хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгон залилж авахдаа эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч Л.Л , М.Л нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүгдэгч нарын Төрийн сангийн 100900005406 дугаар дансанд тушаасан хохирогчийн үнэлгээний мөнгө болох 20.000 төгрөгийг хохирогч А.Цагаанд олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Л.Л , М.Л нарт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Л.Л , М.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.Л , Л.Л нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Л.Л , М.Л нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Л , М.Л нарт энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Төрийн сангийн 100900005406 дугаартайн данснаас 20.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Цагаанд олгосугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Л.Л , М.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Л , М.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС