Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00154

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 17 өдөр Дуга 210/МА2024/00154

 

 

О.Оын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/03921 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М сургуульд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Цалингүй чөлөө олгоогүй МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн захиргааны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар хурлын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, цалингүй чөлөө олгохыг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзориг, Н.Алтантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Япон улсын Тохокү Их сургуульд Манжийн үеийн Монголын түүхийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсны дараа 2007 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, салбарын эрхлэгчээр ажиллаж байхад, 2011 оны 2 сард тухайн үеийн МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргалын урилгыг хүлээн авч, дэд профессорын тушаалд өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Япон улсын Тохокү их сургуулийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнд 3 сарын хугацаатай зочин судлаач, 2023 оны 4 сараас БНХАУ-ын ӨМИС-ийн Монгол судлалын сургуульд хамтарсан төслийн судлаачаар 2 cap ажиллах урилга хүлээн авсан. Дурдсан хугацаанд чөлөө олгох хүсэлтийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль (ШУС)-ийн захиргаанд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан ба түүнээс өмнө ч 2022 оны 4 болон 6 дугаар сард чөлөө авах тухайгаа удаа дараа мэдэгдэж байсан.

1.2. Гэтэл Түүхийн тэнхимийн эрхлэгч Б.Чинзоригоос чөлөө олгохоос татгалзсан санал гаргасныг тэнхимийн олонх дэмжиж, улмаар тэнхимээс чөлөө олгохыг дэмжээгүй гэх үндэслэлээр ажил олгогч болох МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Захиргааны зөвлөлөөс 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар чөлөө олгохгүй гэж шийдвэрлэсэн.

Энэ нь О.О миний Үндсэн болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхийг маань ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Миний бие судлаачийн хувьд өөрийгөө хөгжүүлэх болон Монгол улс буюу МУИС дахь Монголын түүхийн судалгааны үр дүнг дэлхийд танилцуулах, түгээн дэлгэрүүлэх хэрэгцээ шаардлагын дагуу цалин хөлс авахгүйгээр өөрийн эдийн засгийн байдалд эрсдэл хүлээн байж авч буй цалингүй чөлөө олгох хүсэлтийг минь ийнхүү үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн дараах хоёр байдлаар эрхийг минь зөрчиж байна. Тийнхүү цалингүй чөлөө олгоогүй учраас дээрх зочин судлаачаар уригдсан Япон талын урилгыг 2023-2024 оны хичээл жилд болгон хойшлуулж, БНХАУ-ын урилгын буюу төслийн хугацаа хэтэрч, оролцох боломжгүй болов.

1.3. Цалингүй чөлөө олгох, олгохгүйг зөвшөөрөх гэсэн ойлголт байхгүй гэж үзэж байна. Ажилтан цалин авахгүй, нийгмийн даатгалаа төлүүлэхгүй нөхцөл байдалд орон байж, өөрийн ур чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлэх асуудалд ажил олгогчийн зүгээс энэ боломжоор нь хангах, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй болохоос цалингүй чөлөө олгохыг зөвшөөрөхгүй гэж хууль тогтоомжид байхгүй ойлголтоор эрхийг маань хохироож болохгүй. Ямар ч мэргэжлээр ажилладаг ажилтанд цалингүй чөлөө авах эрх байдаг ба шүүгч мэргэжилд хүртэл 1 жил хүртэл хугацаатай цалингүй чөлөө авч болох эрх байгааг судалж мэдсэн.

Цалингүй чөлөөг олгохыг зөвшөөрөх, зөвшөөрөхгүй байх гэсэн эрхийн хязгаарлалт тогтоосон ойлголт байхгүй бөгөөд харин цалингүй чөлөө авах журам гэсэн ойлголт л хууль тогтоомжид байна. Энэхүү журам процессыг хангасан л бол цалингүй чөлөөг авах эрхээ эдлэх нь нээлттэй ойлголт юм. Жишээлбэл: Жагсаал цуглаан хийх зөвшөөрөл олгох гэсэн ойлголт байдаггүй буюу харин урьдчилан хэд хоногийн өмнө мэдэгдэх гэсэн журмыг хангасан байхыг шаардлагатай ижил ойлголт юм. Түүнчлэн МУИС-ийн дотоод журамд багш нь мэргэжлээ дээшлүүлэх, тогтмол сурч боловсрох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлэхэд ажил олгогчоос дэмжлэг үзүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг.

1.4. Цалингүй чөлөө олгохыг татгалзсан шалтгаан нь мөн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн болно. Тухайлбал, МУИС-ийн ШУС-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/284 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар надад оногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан ба энэ маргааны хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Түүхийн тэнхимийн эрхлэгч Б.Чинзориг юм.

Түүний ажил олгогчтой шүүх дээр маргаантай, шүүхийн маргаанаа шийдвэрлэтэл чөлөө олгохгүй хэмээх утга бүхий саналын дагуу надад чөлөө олгохоос Түүхийн тэнхим, улмаар Захиргааны зөвлөл татгалзсан.

Энэ хооронд дээр дурдсан сахилгын шийтгэл оноосон тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн хэргийг, Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхээс хэлэлцээд, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/00356 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хангасан, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2023/00666 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын Дээд шүүхэд хандаагүй. Өөрөөр хэлбэл, МУИС, ШУС-ийн захирал Д.Заяабаатарын тушаалаар надад оноосон сахилгын шийтгэл нь үндэслэлгүй, тийм ч учраас шийтгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан хэрэг атал ажил олгогчийг шүүхэд өгсөн гэх хууль бус үндэслэлээр миний цалингүй чөлөө авах хөдөлмөрийн эрхийг давхар хязгаарлаж байна.

Иймд О.О надад цалингүй чөлөө олгоогүй ажил олгогч тал болох МУИС, ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай хурлын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, 2023-2024 оны хичээлийн жилд Япон улсын Тохокү Их сургуулийн Зүүнхойд Ази судлалын хүрээлэнд зочин судлаачаар ажиллахад 3 сарын цалингүй чөлөө олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор О.Оын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, шаардлагыг эс зөвшөөрч байна. Хурлын тэмдэглэлд чөлөө олгохыг дэмжихгүй гэж байгаагаас биш зөвшөөрөхгүй гэж шийдвэрлээгүй.

Нэхэмжлэгчийг шүүхэд сургуулийн асуудлаар нэхэмжлэл гаргасан учраас чөлөө олгохооргүйгээр шийдвэрлээгүй, түүхийн тэнхимийн хичээлийг заах багшгүйн улмаас хичээл тасалдах нөхцөл байдал үүсэж байгаа тул чөлөө олгохыг дэмжээгүй.

2.2. Шүүхэд хандсан гэх асуудал нь тэнд ажиллаж буй багш нарын хувийн үзэл бодол бөгөөд чөлөө олгох эсэх асуудалтай хамааралгүй. Чөлөө олгохыг хүсэж байгаа талаараа мэдэгдсэн л бол заавал чөлөө олгох ёстой асуудал биш. М сургуулийн Хөдөлмөрийн дотоод журамд багш, ажилтнууд чөлөө авахдаа удирдах ажилтны зөвшөөрлийг авсны үндсэн дээр чөлөө олгохоор заасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Оын гаргасан хариуцагч М сургуульд холбогдох цалингүй чөлөө олгоогүй МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн захиргааны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар хурлын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, цалингүй чөлөө олгохыг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Миний гаргасан МУИС-ийг цалингүй чөлөө олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/03921 дугаар шийдвэрээр бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тэрхүү шийдвэрийн гол үндэслэлийг О.О багшаас өөр тухайн тэнхимд тус хичээлийг заах өөр багш байхгүй учир дотоод журамд зааснаар багшид хувийн чөлөөг олгохдоо сургалтын тасралтгүй байдлыг хангах зарчмыг баримталж, тэнхимийн эрхлэгч болон багш нарын зүгээс нэхэмжлэгчдэд чөлөө олгоогүйг хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрхэнд халдсан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна хэмээн үзжээ. Үүнд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж байна.

4.2. Тухайн үед миний чөлөө авах хүсэлтийг хэлэлцсэн Түүхийн тэнхим болон салбар сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлээс үзэхэд надад чөлөө олгоогүй үндсэн шалтгаан нь МУИС-ийг шүүхэд өгсөн, шүүхийн асуудалтай гэх саналын дагуу болох нь тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, миний оронд түр ажиллах буюу хичээл заах багшийн талаар огт хөндөж хэлэлцээгүй, зөвхөн МУИС-ийг шүүхэд өгсөн гэх асуудлыг хэлэлцсэн тул тэнхимийн эрхлэгчийн өөр хичээл заах багш байхгүй хэмээх санал нь ямар ч үндэслэлгүй болно.

МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журамд, багш ажилтан урт хугацааны чөлөө авах хүсэлтийг, чөлөө авахыг хүссэн өдрөөс 30-аас дээш хоногийн өмнө гаргана хэмээн тодорхой хугацаа зааж өгсөн нь ажил олгогч буюу харьяа нэгжийн удирдлага тэрхүү 30 хоногийн дотор чөлөө авах хүсэлт гаргагчийн ажлыг бусдад хуваарилах, түр орлон ажиллах цагийн багштай гэрээ байгуулах зэргээр зохицуулах хугацаа олгох үүднээс болно. Гэтэл би дурдсан журмын дагуу буюу чөлөөний хугацаа эхлэхээс 40 хоногийн өмнө хүсэлт гаргасан байхад өөр хичээл заах багш байхгүй хэмээх ямар ч үндэслэлгүй чөлөө олгохоос татгалзсаныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

4.3. Миний чөлөө хүссэн шалтгаан нь Япон улсын Тохокү их сургуульд зочин судлаачаар ажиллах явдал юм. Тус сургууль нь Япон улсын 5 том их сургуулийн нэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн (OS ranking 2022 онд Азид 17, дэлхийд 113) их сургууль бөгөөд ийм сургуулийн зочин профессороор уригдаж ажиллана гэдэг ганц миний төдийгүй МУИС-ийн хувьд нэр төрийн хэрэг юм.

Учир нь сүүлийн жилүүдэд МУИС нь Азийн шилдэг 100 сургуульд багтах зорилго тавьж, гадаадын шилдэг их сургуулиудтай хамтран ажиллах боломжийг идэвхтэй эрэлхийлж байгаа. Үүнийг, МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журамд Багш, ажилтан нь гадаадын болон дотоодын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний төв, хүрээлэнд зочин профессор, багш, судлаачаар ажиллах эрхтэй(4.3.6) хэмээн тусгайлан зааж өгсөн, энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд ажил олгогчийн үүрэг болгож, багш, ажилтныг хууль тогтоомжид заасны дагуу ажлын байрны чиг үүрэгт хамаарах чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах боломжоор хангах, дэмжлэг туслалцаа үзүүлэх(4.2.11), багшийн талаас ч мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх үүрэгтэй(4.4.10) хэмээн тус тус тодорхой заасан.

4.4. Багшийг гадаадын шилдэг их сургуульд зочин профессороор ажиллахыг ажил олгогч МУИС-ийн зүгээс холбогдох журамд тусгайлан тусгаж, дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа атал надад үндэслэлгүйгээр оноосон сахилгын шийтгэлийн хэрэгсэхгүй болгохоор шүүхэд хандсаны төлөө миний мэргэжлээ дээшлүүлэх таатай боломжийг үндэслэлгүйгээр хааж байна. Өөрөөр хэлбэл, гадаадын шилдэг их сургуулийн урилгаар зочин судлаачаар ажиллаж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх үүргээ биелүүлэхийн тулд ажлаас халагдахаас өөр аргагүй байдалд хүргэж байна.

Дээр дурдсан хууль бус үндэслэлээр миний хөдөлмөрийн эрхийг давхар, давхар хязгаарласан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, О.О надад цалингүй чөлөө олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга:

5.1. Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах гэж М сургуулийн Хөдөлмөрийн дотоод журамд заагдсан. Тухайн заалтыг баримталж асуудлыг шийдвэрлэсэн. Мөн зөвхөн М сургуулийг шүүхэд өгсөн гэх асуудлыг хэлэлцсэн гэж байгаа нь бодит байдал болон нотлох баримтыг илт мушгин гуйвуулж байгаа хэлбэр. Танхимын хурал болон захиргааны зөвлөлийн хуралд зөвхөн М сургуулийг шүүхэд өгсөн гэх асуудлыг хэлэлцээгүй. Хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй.

5.2. М сургуулийн үндсэн хичээлийг заавал үндсэн багш заах ёстой. М сургуульд Манжийн үеийн Монголын түүх хичээлийг заадаг 2 багш байдаг байсан бөгөөд нэг багш нь О.О багштай ижил шалтгаанаар чөлөө авах хүсэлт гаргахад М сургууль чөлөөний хугацаа сунгах боломжгүй гэх шалтгаанаар татгалзсан тул өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Ингэснээр Манжийн үеийн түүх заадаг О.О багш л үлдсэн. Сургалтын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой. Чанарын шаардлага хангахгүй багшаар хичээл заалгахгүй.

5.3. О.О багш оюутнуудад хичээл заах үүргийг хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн. Түүнчлэн багш, ажилтныг хууль тогтоомжид заасны дагуу ажлын байрны чиг үүрэгт хамаарах чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэх, давтан сургах боломжоор хангах, дэмжлэг туслалцаа үзүүлэх нь ажил олгогчийн үүрэг. Бид хууль тогтоомжид заасны дагуу чөлөө олгох хүсэлт гаргах бүрт чөлөө олгох боломжгүй. Аливаа байгууллагын ажилтан холбогдох дүрэм, журам, хууль журмын дагуу чөлөө авна. М сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.3-т багш ажилтанд чөлөө олгох нь сургуулийн болон сургалтын үйл ажиллагааг тасралтгүй байдлыг хангах зарчмыг баримтлан багш ажилтны хөгжих дэмжих нөхцөлийг хангах, ар гэр, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл сургуулийн болон сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зарчмыг баримтална. Нэхэмжлэгч чөлөө авах эрхтэй боловч холбогдох журмын дагуу удирдлагын зөвшөөрлийг үндэслэж байж зөвшөөрөл авна. Хөдөлмөрийн дотоод журмын дагуу харъяалан удирдаж байгаа удирдлага тодорхойлолт өгсний үндсэн дээр цалинтай эсхүл цалингүй чөлөө авах нь тодорхойлогддог. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч О.О нь хариуцагч М сургуульд холбогдуулан МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн захиргааны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар хурлын цалингүй чөлөө олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, цалингүй чөлөө олгохыг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 48-р тал/

 

3. Нэхэмжлэгч нь ...Япон Улсын Тохокү Их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд зочин судлаачаар ажиллах урилга ирсэн тул цалингүй 3 сарын чөлөө хүсэхэд М сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн захиргааны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай хурлын шийдвэрээр чөлөө олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж, хариуцагч нь ...Түүхийн тэнхимд О.О багшийн хичээлийг заах багш байхгүй, хичээлийн тасалдал үүсэх нөхцөл бий болсон тул чөлөө олгохоос татгалзсан гэж тус тус тайлбарласан.

 

4. Анхан шатын шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4.1. М сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Түүхийн тэнхимийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8 дугаар хурлаар ...Түүхийн тэнхимийн дэд профессор О.Од чөлөө олгох асуудлыг тэнхимийн хурлын олонхын саналаар дэмжээгүй. Уг шийдвэрийг Шинжлэх ухааны сургуулийн захиргаанд уламжлахаар тогтов гэж шийдвэрлэсэн.

 

4.2. М сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Захиргааны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн 4-д ...Түүхийн тэнхимийн багш нарын хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн дэд профессор О.Оын чөлөө авах хүсэлтийг дэмжээгүй болно. гэсэн байна.

 

4.3. Нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргахад ...талууд эвлэрч харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгов гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт нийцжээ.

 

5. Анхан шатны шүүх М сургуулийн Шинжлэх ухааны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар хурлын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, цалингүй чөлөө олгохыг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулахаар хуульчилжээ.

 

М сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.3.4-т Нэг сараас дээш хугацааны цалингүй чөлөөг холбогдох бүрэлдэхүүн, салбар сургууль, захиргааны болон бие даасан нэгжийн удирдлагын зөвшөөрлийг үндэслэн МУИС-ийн захирлын тушаалаар олгоно гэж зохицуулсан ба тус сургуулийн багш, ажилчдад чөлөө олгох асуудал нь М сургуулийн захирлын эрх хэмжээнд хамаарна.

 

5.2. М сургууль нь сургалтын байгууллага болохын хувьд суралцагч оюутнуудад мэдлэг, чадвар, хандлага төлөвшүүлэхэд сургалтын хөтөлбөрийн тасралтгүй үйл ажиллагаа чухал бөгөөд О.Од сургалтын үйл ажиллагааны тасалдалгүй байдлыг хангах зарчмыг баримтлан чөлөө олгохоос татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

5.3. Нэхэмжлэгчийн ...Хөдөлмөрийн дотоод журамд заасан хугацааны дотор хүсэлтээ гаргахад өөр хичээл заах багш байхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэх гомдлыг хангахгүй.

Учир нь М сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Түүхийн тэнхимийн сургалтын үйл ажиллагаа болон боловсон хүчний асуудал нь нэхэмжлэгч байгууллагын дотоод удирдлага, зохион байгуулалтын асуудал тул шүүх оролцох үндэслэлгүй.

 

5.4. Нэхэмжлэгчийн ...Япон Улсын Тохокү их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд зочин судлаачаар ажиллах хугацааг сунгасан гэх тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул хэзээ, хэрхэн зочин судлаачаар ажиллах нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын ач холбогдол, үр дагавар үгүйсгэгдэж байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/03921 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч О.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД  Т.ГАНДИЙМАА

 

С.ЭНХБАЯР