Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00194

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00194

 

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, даргалж, Ерөнхийн шүүгч Г.Даваадорж, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/03377 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г банк ХК, Ш.Ганбат нарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг О ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн 302, 401, 403 тоот өрөөний түрээслэгч нарын түрээсийн төлбөрт шилжүүлсэн 13,336,363 төгрөгийг хариуцагч Ш.Ганбатаас гаргуулах тухай нэхэмжлэлтэй, өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг О ХХК-ийн өмчлөлөөс албадан чөлөөлүүлэх тухай Ш.Ганбатын сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагч Г банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболд, Б.Бөртэ, хариуцагч Ш.Ганбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. О ХХК нь Г банк ХК-тай 2009-2013 онд Зээлийн гэрээ байгуулан нийт 48,905,860,750 төгрөгийг зээлдэн авч, удаа дараагийн зээлийн гэрээний харилцаанд орж байсан. Компанийн үйл ажиллагаа доголдсоны улмаас зээлийн гэрээний үүргийн зөрчил үүссэн талаар маргахгүй.

Г банк ХК нь 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын 14 дүгээр шүүхэд О ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 19,420,168,889.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус хэрэгт 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зохигчид эвлэрсныг Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 570 дугаар шүүгчийн захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тус эвлэрлийн гэрээний 2.2.1-д зааснаар талууд О ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж-12, 12/1 тоот хаягт байршилтай, 3792.85 м.кв талбай бүхий орон сууц, 84.94 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, доорх газрын хамт ...14,120,406,650.88 төгрөгийн төлбөрт тооцож, мөн гэрээний 2.2.2-т заасан буцаан худалдаж авах нөхцөлтэйгөөр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, мөн Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.2-т улсын бүртгэлд бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийг шүүхээс гадуур худалдахыг хориглоно гэж заасныг зөрчсөн.

1.2. Банкны зүгээс эвлэрлийн гэрээний хугацааг 18 сараар сунгах талаар гэрээ байгуулах санал тавьсныг бид зөвхөн зээл төлөх хугацааг сунгах зорилготой гэж ойлгож, үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр эвлэрэл баталсан дээрх захирамжид үндэслэж Эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх, хөрөнгө буцаан худалдаж авах хугацааг сунгах тухай гэрээг байгуулсан.

Гэтэл Г банк ХК биднийг ноцтой төөрөгдөлд оруулж, тус гэрээний 2.1 дэх заалтаар Талууд эвлэрлийн гэрээ болон захирамжид заасны дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж-12,12/1 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2203013495, гэрчилгээний 000109847 дугаарт, 3790.85 мкв талбай бүхий орон сууц, 84,94 мкв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Хөрөнгө хүлээн авагчийн нэр дээр шилжүүлэх үйл ажиллагааг нэн даруй хэрэгжүүлнэ гэж манай хөрөнгийг өөрийн өмчлөлд бүр мөсөн шилжүүлэхээр гэрээнд тусгаж, мөн өдрөө үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.

1.3. Мөн гэрээний 2.6 дахь заалтад ...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хөрөнгө шилжүүлэгч ... О ХХК нь хөрөнгө буцаан худалдаж авах үнийг бүрэн төлж барагдуулаагүй, талууд харилцан тохиролцож үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдан борлуулаагүй тохиолдолд хөрөнгө хүлээн авагч буюу ... Г банк ХК нь гэрээний хугацаа дуусахад хөрөнгө шилжүүлэгчийн төлөгдсөн төлбөрийг нийт үнийн дүнгээс хасч тооцон, үлдэгдэл төлбөрт ногдох хувь хэмжээгээр үл хөдлөх хөрөнгөөс өөртөө үлдээж, төлөгдсөн төлбөрт харгалзах талбайн хэсгийг хөрөнгө шилжүүлэгчид буцаан өгөх, үл хөдлөх хөрөнгийг хуваах тохиолдолд ашигтай талбай болон давхрын зохион байгуулалтыг харгалзах ба төлбөрийн зөрүү гарвал буцааж олгоно гэж заасан тул бидний зөвшөөрөлгүй тус хөрөнгийг бусдад зарж борлуулахгүй эрхгүй юм.

Гэтэл Г банкнаас тухай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг мэдэгдсэн албан бичгийн удаа дараа ирүүлсэн.

1.4. Бид банктай тохиролцох, төлбөрийг барагдуулж барьцааны зүйлээ чөлөөлүүлэхээр оролдлогыг хийж байсан боловч Г банк ХК манай компанийн хөрөнгийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ш.Ганбатад худалдаж, Ш.Ганбат нь өмчлөх эрхийн гэрчилгээ үзүүлэн, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр биднийг хөөн гаргасан.

Өөрөөр хэлбэл, банк нь дээрх мэдэгдлүүдэд дурдсанчлан шүүхэд хандаж хөрөнгөө хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргалгүй Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, 17 дугаар зүйлийн 17.8 дугаар зүйлд заасныг тус тус заасныг зөрчсөн үйлдлийг гаргасан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шийдвэр нь тус маргааныхаа хувьд эцсийн шийдвэр болдог бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 75 дугаар зүйлийн 75.6, 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар заавал биелүүлэх, биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхээр хуульчилсан байдаг.

1.5. Дээрх нөхцөл байдлын улмаас О ХХК нь Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, тус маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй атал Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйлийг худалдах, дуудлага худалдаанд оролцох зэрэг хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болсон байна.

Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д Худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ. гэж заасан.

Гэтэл талууд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний 1.3-т зааснаар зээлийн 14,120,406,650.88 төгрөгийн төлбөрт тооцож маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр, 2.6-т зааснаар тухай үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бусдад шилжүүлэхгүй байхаар тохиролцсон зэрэг нь талуудын хооронд болзол тавьж хийсэн худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй, энэ талаар талууд хүсэл зоригоо илэрхийлээгүй, зээлдэгч анхнаасаа тус үл хөдлөх эд хөрөнгийн банкны өмчлөлд бүр мөсөн шилжүүлэх хүсэл зориг байгаагүй гэдгийг нотолж байна.

Иймд О ХХК, Г банк ХК-ийн хооронд 2017 оны 06 дугаар сарын 29- ний өдөр байгуулагдсан Эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх, хөрөнгө буцаан худалдаж авах хугацааг сунгах тухай гэрээ нь хууль зөрчсөн, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах барьцааны гэрээг халхавчлах зорилгоор тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл зориг байгаагүй тус хэлцэл нь дүр үзүүлсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.4-т тус тус зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг О ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг Г банк ХК-д даалгах,

Дээрх хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэж Г банк ХК, Ш.Ганбат нарын хооронд хийгдсэн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна

1.6. Тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2022/04585 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар ...нэхэмжлэгч О ХХК-ийн уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхэд халдахгүй байх, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангахыг хариуцагч Ш.Ганбат, Г банк ХК нарт даалгаж шийдвэрлэсэн, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШТ2022/00185 дугаар шүүхийн тогтоолоор дээрх захирамжийг хэвээр үлдээсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан.

Өөрөөр хэлбэл дээрх захирамжаар шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд О ХХК нь уг эд хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж ашиглах, үр шимийг хүртэхээр, уг эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч нарыг саад болохгүй байхыг даалгасан байхад 2022 оны 04 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сарын хооронд 302, 401, 403 тоотын түрээслэгч нарын түрээсийн төлбөр болох 13,336,363 төгрөгийг хариуцагч Ш.Ганбат нь өрийн 1109279614 тоот дансаар авсан байх тул хариуцагч Ш.Ганбатаас 13,336,363 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

1.7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан үндэслэлийг дараах байдлаар өөрчилж байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан байдаг. Г банк ХК болон иргэн Ш.Ганбат нар нь хууль бус, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр манай өмч, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Иймд манай О ХХК-ийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж,

Мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй. гэж заасан

Иргэний хуулийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заасны дагуу улсын бүртгэлийн Ү-2203013195 дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж-12, 12/1 тоот хаягг байршилтай, 3792.85 м.кв талбай бүхий орон сууц, 84.94 м.кв талбайтай гараажийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч О ХХК мөн болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг О ХХК- ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г банк ХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №570 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зохигчийн эвлэрэл баталгаажуулсан шүүгчийн захирамжийн хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь Г банкинд шилжсэн.

Эвлэрлийг баталгаажуулсан захирамжийн хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцож, эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэхээр тохирч, үүргийг дуусгавар болгосон. Энэ тохиролцоо бүрэн хэрэгжиж зээлийн гэрээний үндсэн нэхэмжлэлийн хүрээнд зээлийн харилцааг дуусгавар болгоод хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцохыг дуусгавар болгоод зээлийг хаасан.

2.2. Улмаар эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийн хүрээнд хоёр жилийн дотор тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан тохиодолд Г банкны өмчлөлд шилжүүлсэн 14,1 тэрбум төгрөгт тооцуулж шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдаж авах нөхцлийг харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээг баталгаажуулсан.

2014 оны 06 сард эвлэрлийг баталгаажуулсан захирамжаар тогтоосон 24 сарын хугацаа 2016 оны 06 сард дуусгавар болсон. Энэ хугацаанд О ХХК барилгаа буцаан худалдан авах, тохиролцооны хүрээнд 14,1 тэрбум төгрөгийн банкинд төлөх үүргээ хэрэгжүүлээгүй тул хугацааг дахин сунгуулах хүсэлт гаргасан. 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн гэрээгээр хугацааг 18 сараар сунгаж, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэр гарснаас хойших хоёр дахь удаагаа хугацааг сунгасан.

2.3. Дахин сунгасан 18 сарын хугацаанд О ХХК буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй, талууд тохиролцоонд хүрээгүй, зээл хаагдаж хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох үндэслэлгүй тул эвлэрлийн гэрээний үнийн дүнгээр тооцож гуравдагч этгээдэд санал болгосон. Нэхэмжлэгч өөрсдөө ч худалдан авах сонирхолтой этгээдүүд авчирч байсан.

Ингээд Ш.Ганбатад 14,1 тэрбум төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, гэрээ хийгдсэн. Тухайн үед аль аль тал нь оролцсон.

2.4. 2017 онд өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой О ХХК-ийн өөрийнх нь гаргасан хүсэлт баримтаар авагдсан ба уг хүсэлтэд 2014 оны Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 570 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, энэ хүрээнд явагдах талаар дурдсан байдаг.

Улсын бүртгэлийн маягт дээр мөн адил 570 дугаар захирамжийг дурдсан. Өмчлөх эрхийг шилжүүлэх гэж байгаа гол эрхийн акт буюу гэрээ хэлцэл нь шүүгчийн захирамж болон эвлэрлийн гэрээг эрхийн улсын бүртгэлийн газар гаргаж өгсөн. Эдгээр баримтын үндсэн дээр шилжилт хөдөлгөөн хийгдэж, О ХХК-ийн өмчлөлөөс Г банк ХК-ийн өмчлөлд өнөөдрийн маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжсэн.

2017 оны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах ямар нэгэн шалтаг, шалтгаан байгаагүй. Энэ гэрээ нь хэрэгжээд дууссан.

2.5. Бид барьцаа хөрөнгөтэй холбоотой тохиролцоо хийгээгүй. Бид өөрийн өмчлөлдөө хөрөнгийг шилжүүлэн авсан нь банкны өөрийнх нь эрх. Хуулиар хориглоогүй, Иргэний хуулиар зөвшөөрөгдсөн. Үүнийг шүүх 2014 оны захирамжийн хүрээнд баталж зээлийн үүрэг тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх тохиролцоог хуульд нийцсэн байна гэж үзээд баталсан. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй үйл баримтын талаар маргах хууль зүйн үндэслэлгүй. 2014 оны захирамжийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан зүйл байхгүй, шүүгчийн эвлэрлийг баталгаажуулсан захирамж биелэгдсэн.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш 7 жил 6 сарын дараа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан. Бид нарын хооронд тохиролцсон гэрээгээр мэдэгдэх үүрэг бидэнд байхгүй. 2017 оны гэрээтэй холбоотой шаардлага гаргаж байгаа бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Ш.Ганбатын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. О ХХК нэхэмжлэлдээ Г банк болон О ХХК нарын хооронд үүссэн зээлийн өр төлбөрийн маргаан, түүнийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр захирамж, хэлцэл зэргийг дурдаж өөрсдийн байгуулсан эвлэрлийн гэрээгээ хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж, холбогдох нотлох баримтуудыг хавсаргажээ.

Уг маргаанд эрх ашиг нь хөндөгдөж буй хууль ёсны өмчлөгчийн зүгээс харахад О ХХК нь дээрх асуудлаар нэхэмжлэл гаргах, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

3.2. Учир нь талуудын хоорондийн зээлийн гэрээний маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр захирамж байх бөгөөд зээлдэгч О ХХК нь шүүхийн захирамжийн тодорхой заалтыг сайн дураараа биелүүлж, нэхэмжлэгч Г банкны өмчлөлд Ү-2203013495 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр шилжүүлжээ. О ХХК нь өөрсдийн буруутай үйлдлийн улмаас шүүгчийн захирамж, эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөө биелүүлээгүй тул уг үл хөдлөх эд хөрөнгийг Г банкны өмчлөлдөө авсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй... гэж заажээ.

Иймд нэгэнт шүүхээр шийдвэрлэсэн зээлийн гэрээний маргаан, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн үйлдэл түүний үндэслэл болсон хэлцэл үйл баримтын талаар талууд дахин маргах, хэлэлцэх хууль зүйн боломжгүй гэж үзэж байна.

3.3. Ш.Ганбат болон Г банк нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь тусдаа бие даасан хэлцэл. О ХХК, Г банк нарын хооронд байгуулсан хэлцэл дээр үндэслэгдэн дагалдаж явагддаг хэлцэл биш. Барьцааны гэрээ нь зээлийн гэрээгээ дагалдана. Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон. Энэ хэлцэл нь хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэх хэлцэлд хамааруулан ойлгоно.

Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн талаар хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг уг заалтын зохицуулалтыг үүсгэхгүй гэж заасан. Заавал Г банкны хэлцэлтэй хамааруулан ойлгож, Ш.Ганбатыг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй.

Шүүгчийн захирамжаар төлбөртөө тооцуулахаар уг хөрөнгийг шилжүүлсэн байдаг. Хэрвээ барьцааны асуудал байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаанд оруулж шийддэг. Барьцаатай холбоотой ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй.

3.4. Ш.Ганбат нь үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд энэ өмчлөх эрхийг хүчингүй болгоогүй. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасан эрх нь утгаараа хууль ёсны өмчлөгч болох Ш.Ганбатад хамааралтай ба Ш.Ганбат нь хөрөнгийг худалдан авснаас хойш эрхээ зөрчүүлэн явсаар өдийг хүрсэн.

Нэхэмжлэгч нь тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4585 тоот захирамжийг нэхэмжлэлдээ дурдсан боловч энэхүү захирамжаар О ХХК-ийг хууль ёсны эзэмшигч гэж эцэслэн тогтоогоогүй бөгөөд түр захирамжаар эзэмшигчийг тогтоох боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан захирамж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ажиллагааны явцад гарч буй түр захирамж бөгөөд хууль ёсны өмчлөгчийн хөрөнгөө өмчлөх эрхийг хязгаарласан шинжтэй захирамж биш, уг захирамж бусдын шаардах эрхийн үндэслэл болох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хариуцагч Ш.Ганбатын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

4.1. Иргэн Ш.Ганбат нь Г банкнаас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр Г банкны өмчлөлийн Ү-2203013495 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 12-р байр, 12/1 тоот тоот хаягт байрлах, 3790.85 м.кв, 84,94 м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай О нэртэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан байдаг.

Ш.Ганбатын өмчлөх эрхийг Улсын бүргэлийн байгууллагаас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталгаажуулж гэрчилгээг олгосон.

4.2. Гэтэл тус барилгыг О ХХК нь хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан ба өмчлөгч Ш.Ганбатын өмчлөлийн зүйлийг биет байдлаар эзэмших, ашиглах эрхэд саад учруулсаар байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад тус үл хөдлөх эд хөрөнгийг О ХХК нь Г банкны хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлсэн байх бөгөөд 2018 онд тус компанийн өмчлөх эрх дуусгавар болсон байна.

О ХХК нь тус хөрөнгийг суллаж өгөхгүйгээр 3 жилийн хугацаанд эзэмшиж, ашигласан. Мөн одоо ч хөрөнгийг чөлөөлөхгүй Ш.Ганбатын өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж байна.

4.3. Өмчлөгчийн зүгээс тус хөрөнгийг чөлөөлөхийг О ХХК-д мэдэгдэж шаардсан боловч хөрөнгийг чөлөөлөх тал дээр ямар нэгэн үр дүн гараагүй. О ХХК нь тус барилгын 9 давхрыг чөлөөлөхгүйгээр бүхэлд нь эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд барилгын нэгдүгээр давхрын түрээсийн талбайд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр үл таних этгээдүүдийг байрлуулан түрээсийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсаар байна.

4.4. Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нь Ш.Ганбат тул хэнээс ч хараат бусаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах, бусдын хууль бус эзэмшил, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй тул Ш.Ганбатын өмчлөлийн Ү-2203013495 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж 12 байр, 12/1 тоот хаягт орших 3790.85 м.кв болон 84,94 м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай О нэртэй үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг О ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч О ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

О ХХК нь анхнаасаа хууль ёсны өмчлөгч эзэмшигч байсан. Бусдын өмчлөлийн зүйлийг хууль бусаар ашиглаагүй, өөрийн өмчлөлийн зүйлийг эзэмшиж, ашиглаж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 492 дугаар зүйлийн 429.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г банк ХК, Ш.Ганбат нарт холбогдох, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж-12, 12/1 тоот хаягт байршилтай, 3790.85 м.кв талбай бүхий орон сууц, 84.94 м.кв талбайтай гараажийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч О ХХК мөн болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг О ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ш.Ганбатад холбогдуулан гаргасан 13,336,363 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Ш.Ганбатын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж-12, 12/1 тоот хаягт байршилтай, 3790.85 м.кв талбай бүхий орон сууц, 84.94 м.кв талбайтай гараажийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг О ХХК-д даалгуулах тухай хариуцагч Ш.Ганбатын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,984,615 төгрөгийг, Ш.Ганбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Ш.Ганбатад олгож шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч, дор дурдсан хуулийн үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хууль бус, холбогдох нотлох баримтуудад хийсэн үндэслэлгүй дүгнэлтүүддээ тулгуурлаж, илт хууль бус шийдвэр гаргасныг дараах хууль зүйн үндэслэлүүдээр няцааж байна. Үүнд:

7.1. Хариуцагч Г банк ХК 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх, хөрөнгө буцаан худалдаж авах хугацааг сунгах тухай гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй.

2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Эвлэрлийн гэрээ-ний 2.2 дахь заалт, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх, хөрөнгө буцаан худалдаж авах хугацааг сунгах тухай-гэрээний 2.6 дахь заалтад Г банк ХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бие даан дангаар худалдах тохиолдолд дараах хоёр урьдчилсан нөхцөл хамтдаа, заавал биелэгдэж, хангагдсан байх утгыг агуулжээ.

Өөрөөр хэлбэл хөрөнгө шилжүүлэгч нь хөрөнгө буцаан худалдан авах үнийг бүрэн төлж барагдуулаагүй, талууд үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдах тухай асуудлаар харилцан тохиролцоогүй байх тохиолдлыг авч үзнэ.

7.2. Түүнчлэн О ХХК нь Г банк ХК-д төлбөл зохих төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Г банк ХК төлбөрт ногдох хэмжээгээр үл хөдлөх хөрөнгөөс өөртөө үлдээж, харгалзах талбайн хэсгийг О ХХК-д буцаан өгөх, үл хөдлөх хөрөнгийг хуваах тохиолдолд ашигтай талбай болон давхрын зохион байгуулалтыг харгалзах ба төлбөрийн зөрүү гарвал буцааж олгохоор тохиролцсон.

Гэтэл Г банк ХК нь О ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээгээр бус, О ХХК-ийн төлөх ёстой үнийн дүнтэй дүйцүүлэн гуравдагч этгээдэд худалдсан хэмээн тайлбарлаж буй нь бидний өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтойгоор халдаж буй явдал юм.

Тодруулбал Итгэлбээс ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн О ХХК-ийн оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болох 9 давхар барилгад хийсэн үнэлгээний ажлын тайланд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн одоогийн зах зээлийн үнэлгээгээр 29,218,800,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Г банк ХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ш.Ганбатад худалдсан гэх үнийн дүн нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс даруй хоёр дахин бага байгаа юм.

Иймд гэрээгээр тохиролцсон энэхүү урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад Г банк ХК нь манай О ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бидэнд урьдчилан мэдэгдэлгүй, бидэнтэй аливаа тохиролцоо хийлгүйгээр бусдад худалдсан нь үндэслэлгүй юм.

7.3. Бид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Г банк ХК нь ийнхүү хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой халдаж байгаа талаар тайлбарласан боловч анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Г банк ХК нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж, үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө үлдээх буюу шилжүүлэн авахаар тохирсон нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч, хуулийн тус заалтыг зөрчсөн болох нь илэрхий байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

. Мөн Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13-т ... О ХХК болон Г банк ХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэх үйл баримт ... баримтуудаар нотлогдоогүй болно гэж дүгнэсэн атал

22.1 дэх хэсэгт ... хариуцагч Г банк ХК нь хуулиар хориглосон ямар үйл ажиллагаа эрхэлсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэл болсон талаархи тодорхой үйл баримт нотлогдоогүй байна гэж,

22.2 дахь хэсэгт Мөн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор талуудын хооронд хийгдсэн эвлэрлийг банкны эрхлэх үйл ажиллагаанд хамаатуулан үзэх үндэслэлгүй юм. гэж тус тус дүгнэжээ.

7.4. Анхан шатны шүүхээс О ХХК болон Г банк ХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэх үйл баримт ... баримтуудаар нотлогдоогүй хэмээн дүгнэсэн ба Г банк ХК нь зээлийн гэрээгээр барьцаалаагүй эд хөрөнгийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн өмчлөлд авсан үйл баримт холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байхад Г банк ХК нь хуулиар хориглосон ямар үйл ажиллагаа эрхэлсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэл болсон талаар тодорхой нотлогдоогүй гэсэн нь шүүх өөрийн дүгнэлтийг няцааж буй зөрчилдөөнт дүгнэлт болжээ.

7.5. Г банк ХК нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх, хөрөнгө буцаан худалдаж авах хугацааг сунгах тухай гэрээ буюу хууль зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр манай О ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч үндэслэлгүй хөрөнгөжөөд зогсохгүй тус эд хөрөнгийг өөр этгээдэд худалдаж, манай О ХХК-ийг хууль ёсны өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон.

Дээр дурдсанчлан 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ нь Иргэний хууль болон Банкны тухай хуулийг зөрчиж байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Г банк ХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан тул үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр Г банк ХК болон Ш.Ганбат нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна" гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна.

7.6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 16767 дугаартай Шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нь 14,120,406,651 төгрөг болох нь тодорхой байх тул хуулиар тогтоосон хувь, хэмжээгээр 70,619,583 төгрөг төлнө гэж тооцоолж, дутуу төлөгдсөн 70,619,583 төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлохоор заажээ.

О ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах гэж өөрчилсөн.

Нэхэмжлэлийн үндэслэлээ О ХХК-ийн хууль ёсны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар шилжүүлэн авсан этгээдүүдийн үйлдэл анхнаасаа хууль бус байсан буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар шилжүүлэн авсан гэж тодорхойлсон.

Эндээс харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д хамаарахгүй, харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 16767 дугаартай Шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжаар улсын тэмдэгтийн хураамжийг хууль зүйн үндэслэлгүйгээр их хэмжээгээр тогтоосон нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болоод Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нийцэхгүй байгаа юм. Энэ захирамж нь илт хууль зөрчсөн, хэт нэг талд үйлчилсэн шийдвэр болох нь тодорхой байна.

7.7. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11088 дугаартай Хүсэлт шийдвэрлэж. шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжаар иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангуулан дор дурдсан баримтыг ирүүлэхийг Монгол банкны дэргэдэх Санхүүгийн албанд даалгасан.

Гэвч Монгол банкны дэргэдэх Санхүүгийн албанаас тус шүүхэд ирүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 69 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичигт Санхүүгийн мэдээллийн алба нь дээр дурдсан хуульд заасан үндэслэл, журмын дагуу харилцагчийн гүйлгээтэй холбогдох мэдээллийн нууцлалыг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулсан гэх нөхцөлийг үүсгэхээр байгаа бөгөөд холбогдох хуулийн зохицуулалтууд нь гүйлгээний талаарх мэдээлэл өгөх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна хэмээн мэдэгдсэн.

Гэвч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Энэ хуулийн 4.1-д заасан этгээд харилцагчийн хийсэн гүйлгээ, данс болон харилцагчийн талаар энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу олж авсан мэдээлэл, баримт бичгийг тухайн данс хаагдсан, эсхүл гүйлгээ хийгдсэнээс хойш таваас доошгүй жилийн хугацаанд хадгална., 8.2-т Энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэл, баримт бичгийг энэ хуулийн 4.1-д заасан этгээд эрх бүхий хууль сахиулах байгууллагын хүсэлтээр шуурхай гаргаж өгөхөд бэлэн байдалтай хадгална, 12 дугаар зүйлийн 12.1-д Энэ хуулийн 4.1-д заасан этгээд Санхүүгийн мэдээллийн алба болон эрх бүхий байгууллагад энэ хуульд заасан журмын дагуу мэдээлэл өгснийг банкны, мэргэжлийн, мэргэжлийн үйл ажиллагааны, үйлчлүүлэгчийн, аж ахуйн нэгж, байгууллагын, бизнесийн болон бусад нууц задруулсан гэж үзэхгүй гэж тус тус заасан байхад Монгол банкны дэргэдэх Санхүүгийн албанаас шүүгчийн захирамжийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй.

7.8. Түүнчлэн Г банк ХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ш.Ганбатад худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж, Ш.Ганбат нь төлбөр шилжүүлсэн тухай баримт гаргаж өгөөгүй, Г банк ХК-аас ирүүлсэн баримт бичигт шүүхээс үзлэг хийхэд төлбөр шилжсэн мэтээр бичвэр хийгдсэн байдаг. О ХХК-ийн зүгээс уг үйл баримтыг шалгуулах хүсэлтийг хуульд заасны дагуу Монгол банканд хандаж гаргасан.

Уг хүсэлтийн дагуу Монгол банкнаас холбогдох шалгалтыг хийж, шалгалтын дүнгийн тухай баримт үйлдэж гаргасан боловч тус баримт нь байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой учраас бидэнд өгөх боломжгүй гэж мэдэгдсэн билээ. Иймд арга буюу шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж. Монгол банкнаас холбогдох шалгалтын дүнг гаргуулах хүсэлтээ хүргүүлсэн боловч шүүхээс бидний хүсэлтийг хүлээж аваагүй юм.

7.9. Анхан шатны шуүх ийнхүү нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11088 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийн биелэлт хангагдаагүй, мөн иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх үүргээ үл биелүүлж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагч Г банк ХК-аас гаргасан тайлбарын агуулга:

8.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, нотлох баримтад тулгуурлаж гаргасан. Монгол Улсын шүүхийн шийдвэрийн үндсэн дээр буюу тухайн үеийн Сум дундын 14 дүгээр шүүхийн 570 дугаар захирамжийн дагуу Г банк ХК өмчлөх эрхээ олж авсан. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг болон бусад хуулийн заалтаар манай эрх хамгаалагдана. Энэ үйл баримтын талаар дахин нотлохгүй, маргахгүй, өмчлөгч нь Г банк ХК.

Улсын бүртгэлийн байгууллагын тодорхойлолтод өмчлөх эрхийг Г банк ХК нь шүүхийн шийдвэрийн үндсэн дээр буюу 2014 оны 570 дугаар захирамжаар шилжүүлж авсан болохыг эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд бүртгэсэн гэж тодорхойлсон, холбогдох баримтуудыг гаргаж өгсөн.

8.2. 2014 оны 570 дугаар захирамжид барьцааны хөрөнгүүдийг чөлөөлөөд түүний оронд энэ хөрөнгийг 14,100,000,000 төгрөгөөр тохиролцоод, Г банк ХК-ийн өмчлөлд шилжүүлж өгч буй харилцаа болсон байдаг. Харин 14,100,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлчих юм бол барилгаа буцаагаад ав, 2 жилийн хугацаанд банк зарахгүй байх үүрэг хүлээсэн. 2014 онд барилгыг 14,100,000,000 төгрөгт тооцоод компанийнхаа 19,000,000,000 төгрөгийн өр төлбөрөөс хасуулахад харамсах зүйлгүй гэдэг логик явж байна.

Шүүгчийн захирамжийн хүрээнд зээлийн үүрэг дуусгавар болоод Г банк ХК-д өмчлөх эрх шилжсэн. Мөн зээлийн үүрэгтэй холбоотой нэмэлт үүргүүд буюу барьцаа, батлан даалтын үүргүүд нь дуусгавар болж зээлийн харилцаа бүрэн дуусгавар болсон.

8.3. Нэг харилцаа үлдсэн нь буцааж худалдаж авахтай холбоотой 2 жилийн хугацаа үлдсэн. Энэ хугацаанд буцааж худалдаж авч чадаагүй. 2016 онд санал хүсэлтээ гаргаад хугацааг 18 сараар сунгаад 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон боловч мөн уг хугацаа дууссан. Үүнээс хойш хүлээсэн боловч үр дүнд хүрээгүй. Нэгэнт өмчлөгчийн хувиар Г банк ХК хөрөнгөө захиран зарцуулж, дараагийн худалдан авагчид шилжүүлсэн. Үүнийг буруутгах зүйлгүй.

Мөн Иргэний хуулийн 268 дугаар зүйлд заасны дагуу буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эрхийн хувьд 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 5 жилийн хугацаа тоолно. 5 жилийн хугацаа дотор бид 18 сарын хугацаагаар сунгасан. Бид хуулийн дагуу боломжит хугацааг авч хэрэгжүүлсэн.

8.4. Г банк ХК өмчлөгч байж байгаад өмчлөгч эрхээ хэрэгжүүлээд зарсан процессын хувьд банкны үйл ажиллагаатай хамаагүй, хуулийн этгээдийн хувьд өөрийн хөрөнгийг захиран зарцуулж байгаа үйл явдал.

Ш.Ганбат, Г банк ХК нарын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй эсэх талаас нь авч үзэх ёстой. Нэхэмжлэгчийн шаардах эрх 2014 оноос хойш 5 жилийн хугацаа тоолоод дууссан. Үүнтэй холбоотойгоор сунгасан, сунгахгүй байна гэсэн гомдол санал гаргаагүй. Асуудал ойлгомжтой болчихсон байсан, худалдан авах гэж байгаа хүмүүс сонирхоод үзэж хараад явдаг байсан.

8.5. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль хэрэглээ талаасаа үндэслэлтэй, алдаагүй зөв гарсан. Процессын зөрчлийн хувьд анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн асуудалд дүгнэлт өгөхгүй гэж байгаа бол та бүхэн хэргийг шийдвэрлэх хүрээндээ улсын тэмдэгтийн хураамжийг дахин шийдвэрлэх болж байна.

Хэргийг бүхэлд нь шийдвэрлэнэ гэдэг үндсэн зарчим байгаа юм бол анхан шатны шүүхийн шүүгчийн эрх хэмжээ байгаад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн нь үндэслэлтэй юу, чөлөөлөх үндэслэл шалтгаан байсан уу гэдэг талаас нь дахин анхаарч үзнэ үү.

Нэхэмжлэгчийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн гэж байна, хүндэрсэн зүйл байхгүй. Иргэн Ш.Ганбат өмчлөгч болоод байрыг хүлээж авсан. Түрээслэгч нартай гэрээ байгуулаад 1 сар гаруй хугацаа болоход 1 сарын түрээсийн орлого 85,000,000 төгрөг цуглуулсан. Энэ хэргийн хүрээнд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гарсны дараа хөөгдөж гарах хүртэл хугацаандаа 2 удаа 4, 5 дугаар сарын түрээсийн төлбөрийг авсан, дараа нь бүх түрээслэгч нар хэвээр үлдсэн. Энэ утгаараа нэхэмжлэгч тал төлбөрийн чадвартай гэдэг нь нотлогдож байгаа. Энэ агуулгаар улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч талд 2014 оны гэрээ, 2017 оны гэрээтэй холбоотой шаардах эрхгүй учраас Г банк ХК, Ш.Ганбат нарын хооронд байгуулсан гэрээний талаар шаардлага гаргах эрхгүй байна. Энэ агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагч Ш.Ганбатаас гаргасан тайлбарын агуулга:

9.1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага өмчийн маргаан уу, хэлцлийн маргаан уу гэдэг нь ойлгомжгүй. Хэлцлийн маргааны хувьд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамж гаргаад хууль ёсны өмчлөгчийн эрх ашгийг хязгаарласан.

Манай тал эрх ашгаа зөрчүүлээд 2 жилийн хугацаа өнгөрч байна, энэ хооронд нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд явж байна. 2014 оны Г банк ХК болон О ХХК нарын хоорондын хүчин төгөлдөр захирамж байдаг. Нэг ойлгомжгүй зүйл нь тус захирамжийн гол үндэслэл агуулга дээр маргаад иргэний хэрэг үүсгэсэн. Маргааныг шийдээд хууль зүйн факт үүсээд өөрчлөгдөөд дуусгавар болоод эцэслэн шийдвэрлэгдсэн харилцааны хувьд маргаан үүсгэсэн тохиолдлыг анх удаа харж байна.

2017 онд гэрээ байгуулагдсан, тохиролцсон байдаг. 2014 онд гарсан эвлэрлийг баталгаажуулсан захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор гэрээ байгуулагдсан, энэ нь урт хугацааны хэлцэл бий болгох зорилгоор хоорондоо хийсэн тохиролцоо. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар явах уу, шүүгчийн захирамжийг хоорондоо тохиролцоод биелүүлэх үү гэсэн хоёр сонголтоос захирамжийг биелүүлье гэж талууд харилцан тохиролцоод хүлээн зөвшөөрсөн байдаг.

9.2. Гэтэл 2002 онд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах байсан гэж 5, 6 жилийн дараа ярьж байна. Өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх шууд өмчлөгчөөр тогтоохгүй. Эхлээд Г банк ХК, О ХХК нарын хооронд байгуулсан хэлцлийнхээ асуудлыг шийдэх хэрэгтэй. Гэтэл 2 тал хэлцэл дээрээ маргаагүй байхад манайх өмчлөгч, Г банк ХК, Ш.Ганбат нарын хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус, дүр үзүүлсэн хэлцэл гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

9.3. 2018 онд өмчлөх эрх нь дуусгавар болсон этгээдийн зүгээс Ш.Ганбатыг өмчлөгч биш гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, өмчлөгчөөр тогтоолгох гэж байгаад хууль зүйн үндэслэл байхгүй. Улсын бүртгэлээр баталгаажсан цорын ганц хууль ёсны өмчлөгч нь Ш.Ганбат.

Хууль ёсны өмчлөгч нь тогтоогдчихоод байхад 2 жилийн хугацаанд өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй, 2 жилийн хугацаанд алдагдалд ороод ашиглалтын зардлыг төлөөд явж байна. Нэхэмжлэгч тал ашиглалтын зардлаа төлүүлээд тухайн хөрөнгийг ашиглаад явж байгаа.

9.4. Шүүх дээр ялагдах болохоороо төлбөрийн чадваргүй болчихдог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх нэхэмжлэлийг зөвхөн дамжуулах үүрэгтэй гэж харж байна. Түүнээс улсын тэмдэгтийн хураамжийг шийдэх эрхтэй субъект биш. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай захирамжаар танай өмчлөх эрхийг хязгаарласан байхад манай өмчлөх эрхэд халдаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой мөнгө нэхэмжилсэн гэдэг.

Түүнчлэн хаалга эвдсэн талаар гомдол гаргаж, гэм хорын хохирол нэхэмжилсэн байсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн цорын ганц өмчлөгч Ш.Ганбат учраас хохирол учирсан бол Ш.Ганбатын өмчлөлийн хөрөнгийн бүрдэл хэсэгт хохирол учирсан байгаа, түүнээс нэхэмжлэгчийн хөрөнгөд хохирол учраагүй. Иймд нэхэмжлэгч гэм хорын хохирол шаардах эрх зүйн боломжгүй.

Манай хэлцэл бие даасан хэлцэл, үндсэн хэлцлийг дагалдаж явдаг хэлцэл биш, дүр үзүүлсэн, хууль бус хэлцэлд үндэслэж байгуулсан хэлцэл биш. Зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч нь О ХХК нь хариуцагч Г банк ХК, Ш.Ганбат нарт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг О ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн 302, 401, 403 тоот өрөөний түрээслэгч нарын түрээсийн төлбөрт шилжүүлсэн 13,336,363 төгрөгийг хариуцагч Ш.Ганбатаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч, хариуцагч Ш.Ганбат нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг О ХХК-ийн өмчлөлөөс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

 

3.1. Г банк ХК нь О ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,420,168,889.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсныг Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 570 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;/1хх 7-10/

 

3.2. Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 570 дугаар захирамжийг биелүүлэх зорилгоор талууд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр №ГБ-2017/65 дугаартай Эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх, хөрөнгө буцаан худалдан авах хугацааг сунгах гэрээ-г байгуулж, гэрээгээр 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Эвлэрлийн гэрээ болон шүүгчийн захирамжаар тогтоосон 14,120,406,650.88 төгрөгт тооцож нэхэмжлэгч О ХХК нь өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хорооны Олимпийн гудамж-12, 12/1 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203013495, гэрчилгээний 000109847 дугаарт бүртгэлтэй, 3,790.85 м.кв талбайтай орон сууц, 84.94 мкв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор буцаан худалдаж авах нөхцөлтэйгөөр Г банк ХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр, буцаан худалдан авах хугацааг 18 сараар сунгахаар харилцан тохиролцсон; /1хх-6/

 

3.3. О ХХК нь дээрх гэрээгээр тохиролцсон хугацаанд 14,120,406,650.88 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор буцаан худалдаж авах гэрээний нөхцөл хэрэгжээгүй;

3.4. Хариуцагч Ш.Ганбат болон Г банк нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр Г банк ХК нь Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж 12 байр, 12/1 тоот хаягт орших 3790.85 м.кв талбайтай, 84,94 м.кв тайлбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Ш.Ганбатад 14,120,406,651 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцож, улмаар 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ш.Ганбатыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгожээ. /хх-1-155-175, хх-1-63/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр №ГБ-2017/65 дугаартай Эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх, хөрөнгө буцаан худалдан авах хугацааг сунгах гэрээ-ний тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй талаар дүгнэлт хуульд нийцжээ.

Сүхбаатар дүүргийн 1-р хорооны Олимпийн гудамж-12, 12/1 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203013495, гэрчилгээний 000109847 дугаарт бүртгэлтэй, 3,790.85 м.кв талбайтай орон сууц, 84.94 мкв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Г банк ХК-ийн өмчлөлд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх зорилгоор байгуулсан хэлцлийг үндэслэн шилжсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

5. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр №ГБ-2017/65 дугаартай Эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх, хөрөнгө буцаан худалдан авах хугацааг сунгах гэрээ-ний 2.6-д Гэрээний хугацаа дуусахад Хөрөнгө шилжүүлэгчийн зүгээс төлөгдсөн төлбөрийг нийт үнийн дүнгээс хасаж тооцон үлдэгдэл төлбөрт ногдох хувь хэмжээгээр үл хөдлөх хөрөнгөөс өөртөө үлдээж, төлөгдсөн төлбөрт харгалзах талбайн хэсгийг Хөрөнгө шилжүүлэгчид буцаан өгнө. Үл хөдлөх хөрөнгийг хуваах тохиолдолд ашигтай талбай болон давхрын зохион байгуулалтыг харгалзах ба төлбөрийг зөрүү гарвал буцааж болно гэж заасан гэрээний тохиролцоог Г банк ХК нь зөрчсөн байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Г банк ХК нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөлтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй ба дээрх гэрээний тохиролцоо нь үл хөдлөх эд хөрөнгийг захиран зурцуулах өмчлөгчийн эрхийг шууд гэрээгээр хязгаарласан агуулгагүй, харин Гэрээний хугацаа дуусахад Хөрөнгө шилжүүлэгчийн зүгээс төлөгдсөн төлбөрийг нийт үнийн дүнгээс хасаж тооцон үлдэгдэл төлбөрт ногдох хувь хэмжээгээр үл хөдлөх хөрөнгөөс өөртөө үлдээж, төлөгдсөн төлбөрт харгалзах талбайн хэсгийг Хөрөнгө шилжүүлэгчид буцаан өгөх талаар гэрээний тохиролцоог биелүүлээгүй байна.

 

Гэрээний үүргийн зөрчил нь нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг О ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах үндэслэл болохгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зөрчөөгүй байна.

Харин, хариуцагчийн гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч хохирлоо нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

6. Сүхбаатар дүүргийн 1-р хорооны Олимпийн гудамж-12, 12/1 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203013495, гэрчилгээний 000109847 дугаарт бүртгэлтэй, 3,790.85 м.кв талбайтай орон сууц, 84.94 мкв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ш.Ганбат нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Мөн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийн 302, 401, 403 тоот өрөөний түрээслэгч нарын түрээсийн төлбөрт шилжүүлсэн 13,336,363 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Учир нь Ш.Ганбат нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжид маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, аливаа хэлбэрээр шилжүүлэхгүй байх, нэхэмжлэгч О ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, эрхэд халдахгүй байх, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангахыг харуцагч Ш.Ганбат, Г банк ХК нарт даалгаж шийдвэрлэсэн ба түрээсийн төлбөрийг авсан үйл баримт нь эзэмших, ашиглах эрхэд халдсан, хариуцагч Ш.Ганбатын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй юм.

 

7. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2022/11088 дугаар захирамжаар Монголбанкны Санхүү мэдээллийн алба-аас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба тус албанаас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №69 тоот албан бичгээр мэдээлэл өгөх боломжгүй талаар албан бичиг ирүүлсэн байна.

Анхан шатны шүүх нотлох баримт гаргуулах тухай хариуцагчийн эрхийг хангасан боловч тухайн байгууллагаас нотлох баримт гаргах боломжгүй гэж хариу ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах тухай захирамжийн биелэлт хангагдаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Мөнгө угаах терроризмын санхүүжилттэй холбоотой болон бусад хуулийн заалтыг зөрчсөн, Татварын хуулийг зөрчсөн эсэх асуудал нь тухайн хуулийнхаа дагуу эрх бүхий байгууллагад шийдвэрлэхэд иргэний журмаар шийдвэрлэсэн энэ шийдвэр саад болохгүй.

 

7.2. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй. гэж заажээ.

 

Банк нь зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх үйл ажиллагаа нь хориглосон бусад үйл ажиллагаанд хамаарахгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

7.3. Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг О ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн 302, 401, 403 тоот өрөөний түрээслэгч нарын түрээсийн төлбөрт шилжүүлсэн 13,336,363 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч байгууллагаас 70,984,615 төгрөг төлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4, 63.1.6 дахь хэсэгт заасанд нийцсэн.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/03377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2023/20761 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ С.ЭНХБАЯР