| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1827000000014 |
| Дугаар | 200 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 11.2.1., 10.1, |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 200
Т.Ц, Г.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ДШМ/01 дүгээр магадлалтай, Т.Ц, Г.М нарт холбогдох 1827000000014 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн, С.Дангаасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ****аймгийн **** сум дахь ****-т ****аар ажиллаж байсан, урьд ял шийтгэлгүй, Т.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт,
Монгол Улсын иргэн 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ **** аймгийн **** газарт ***** ажилтай байсан, урьд ял шийтгэлгүй, Г.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Г.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Т.Ц-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Ц-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 10 жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.М-ийн өмгөөлөгч А.Адъяасүрэн, С.Дангаасүрэн нар хамтран гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх Т.Ц, Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол бүлэглэн санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн эсэхийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шүүхэд шатны буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1.1, 3-т зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж бүхэлд нь хянан үзэж хуульд нийцсэн, үнэн бодитой, шударга дүгнэлт гаргаж чадсангүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6-д зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзсэн атлаа давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан ямар ямар нотлох баримтуудыг үнэлж асуудалд дүгнэлт хийв гэдгийг огт анзаарч дүгнэлгүйгээр хайнга хандлаа.
Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4-т заасан шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан нь Г.М-ийн эрх зүйн байдлыг илтэд дордуулахаар байна. Хавтас хэрэгт шүүгдэгч Т.Ц-ээс хэргийн талаар 12 удаа мэдүүлэг авсан, түүнээс 3 удаад нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд татгалзаж мэдүүлэг өгөөгүй, 7 удаагийн мэдүүлгийг прокурор болон өмгөөлөгч нарыг оролцуулан авсан байдаг. Эдгээр мэдүүлгээс 3 удаагийн мэдүүлэгт буюу 3 удаагийн шүүх хуралдааны дараа 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тодруулбал хэрэг болсноос 1 жилийн дараа анх мэдүүлэг тайлбар өгснөөсөө мөн 1 жилийн дараа давж заалдах шатны шүүхээс зүйлчлэл өөрчлөх, ял хүндрүүлэх болсноос эхлэн хэргийн талаар өөрөөр ярьж мэдүүлгээ өөрчилсөн байдаг. Т.Ц нь Г.М болон гэрчүүд хоорондоо хуйвалдсан, үгссэн тул мөрөө балласан гэж ярьдаг ч эдгээр зүйл нь тогтоогдоогүй.
Дээрх мэдүүлгийн зөрүүтэй байдлууд нь Г.М-ийн тогтвортой өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар няцаагдсаар байхад эсрэг сонирхолтой шүүгдэгч Т.Ц-ийн зөрүүтэй мэдүүлэгт үндэслэж Г.М-ийг яллуулахаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв шүүх Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг ч хэрэглэх боломжтой юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль эүйн үндэслэл тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 39.7, 39.8 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.М гаргасан гомдолдоо: “Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчид, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын удаа дараагийн шаардлагаар намайг яллагдагчаар татаж шалгасан ба энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдолгүй болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Нотлох баримтууд тодорхой учраас давж заалдах шатны шүүх нь хэний ч хараат бусаар хэргийг нухацтай хянан үздэг байх гэж бодсон. Гэтэл миний эрх зүйн байдлыг илтэд дордуулахаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь дээд шатны шүүх нь доод шатны шүүхдээ шууд даалгавар өгч зөрүүтэй мэдүүлэг тогтоогдоогүй үйл баримтаар намайг яллуулахаар шийдвэрлэлээ гэж үзэж гомдол гаргалаа.” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүхээс цагдаагийн газар, Бүрд сумын Засаг даргын тамгын газрыг иргэний хариуцагчаар татах ёстой гэсэн заалтыг мөрдөн шалгах ажиллагаанд хангаагүй, уг хэрэгт бүгд хамтран оролцсон гэсэн гомдлуудыг гаргаж байсан. Энэ гомдол хэвээр байгаа. Давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн учир хяналтын журмаар гомдол гаргаагүй.” гэв.
Хяналтын прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Ц, Г.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай нийцээгүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлага хангаагүй байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Т.Ц-д холбогдох хэргийн хүнийг алах гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн талаарх заалтыг бичилгүй орхигдуулсан байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, магадлалыг хэвээр үлдээн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн, С.Дангаасүрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Т.Ц, Г.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч Т.Ц-ийг 2018 оны 02 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнийн 00 цагаас 02 цаг хүртэлх хугацаанд **** аймгийн **** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “****” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постны гэрийн гадна Г.М-тэй бүлэглэн хохирогч Б.Ө-ыг гэрлүүгээ явах гэлээ гэсэн шалтгаанаар түүний хэвлий, нуруу руу өшиглөх, постны гэр рүү буцаад явах үед нь “гүйгээд явж чадахгүй байна уу” гэж дээлнийх нь араас татаж газар унагааж, хэвлий рүү нь хоёроос гурван удаа өшиглөж зодсон, гаднах дээлийг нь тайлуулж газраар чирж, хохирогчийн баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, нүүр, толгой, дээд, доод мөч, их биеийн шарх, зулгаралт бүхий хөнгөн, хүнд хохирлыг эрүүл мэндэд нь учруулсан,
Улмаар 4 дүгээр постны гэрт амь хохирогч Б.Ө-ыг миний 2 хавирга хугарчихлаа гэж хэлэхэд шүүгдэгч Т.Ц “яасан гэнээ, хэдэн хавирга хугарсан гэнээ” гээд толгойн зүүн чихний ар хэсэгт хөлөөрөө хүчтэй өшиглөж, Б.Ө-ыг гэрээс чирж гарган түүнийг газарт унагасан, зодох үедээ толгойд нь гавал тархины хүнд гэмтлийг учруулж амь насыг нь хохироож хүнийг алсан,
мөн шүүгдэгч Г.М-ийг Т.Ц-тэй бүлэглэн иргэн Б.Ө-ын нүүр, цээж хэсэг рүү гараараа болон хөлөөрөө цохиж зодон, түүний биед биеийн баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6,7,8 дугаар хавирганы хугарал, зүүн уушигны дэлбэнгийн хатгагдсан шарх, нүүр, толгой, дээд доод мөч, их биеийн шарх, зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Г.М, Т.Ц нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дутуу тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаагүй, шүүгдэгч нарын гэм бурууг шийдвэрлэхэд хангалттай баримт авагдаагүй байхад хоёр шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд үндэслэн, хэргийн үйл баримтыг тогтоосон нь учир дутагдалтай гэж үзнэ.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заажээ.
Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааны цогц утгаар илэрхийлэгддэг.
Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь шүүхээс хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлдэг.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.
Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.
Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Шүүгдэгч Т.Ц, Г.М нарт холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлээгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйл 3 дахь хэсэгт үргэлжилсэн гэмт хэргийн талаар тодорхойлжээ. Гэмт этгээд нийлбэрээрээ нэг гэмт хэрэг болох нэг төрлийн эсхүл төсөөтэй үйлдэл, эс үйлдэхүйг нэг зорилгыг хангах үүднээс хийдэг нь үргэлжилсэн гэмт хэргийн онцлог юм. Өөрөөр хэлбэл, үргэлжилсэн гэмт хэргийг үйлдэх явцад гэмт этгээдийн үйлдлүүд нь хоорондоо нягт холбоотой байж улмаар нэг гэмт хэргийн объектив талыг бүрдүүлдэг нэгдмэл гэмт хэрэг болдог. Энэ тохиолдолд нэг төрлийн хоёр үйлдлийг тус бүрд нь зүйлчлэх шаардлагагүй бөгөөд тухайн зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх эсхүл онц хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байвал зөвхөн түүгээр нь зүйлчлэх учиртай.
Харин мөн зүйлийн 4 дэх хэсэгт хэд хэдэн гэмт хэргийн ойлголтыг тодруулан заасан бөгөөд гэмт хэргийн тус тусдаа эхлэл, төгсгөлтэй хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлдэл эс үйлдэхүй хамаардаг тул ижил буюу төсөөтэй гэмт хэрэг байж улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрдүүлдэг, үйлдсэн хэргийн алинд ч шүүхээр ял шийтгүүлээгүй байдаг зэрэг онцлогтой.
Шүүгдэгч Т.Ц-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4-т заасан үргэлжилсэн, хэд хэдэн гэмт хэргийн аль нь болох талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан эргэлзээгүй нэг мөр тогтоох,
мөн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Б.Ө-ын тархинд аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушигны дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9, 10, 11, зүүн 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, нүүр, толгой, дээд доод мөчид, их биеийн шарх, зулгаралт зэрэг олон тооны гэмтлүүд амьд үед нь үүсгэгдсэн байгаагаас гадна, хохирогч нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан нөхцөл байдал илэрсэн байхад эдгээр нөхцөл байдлууд нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэхийг шалгах шаардлагатай байна.
Үүнээс гадна шинжилгээний үр дүн, шинжээчдийн дүгнэлт, мэдүүлэг зэрэгт тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо объектив нөхцөл байдлуудаас гадна хэргийн субъектив тал болох шүүгдэгч нарын үйлдлээ хэрэгжүүлсэн зорилго, арга хэлбэр, цаг хугацаанд уялдаа холбоо байгаа эсэх, нэгдмэл санаа сэдэл тогтоогдож буй эсэх, хэргийн үр дагаврыг хүссэн эсэх, хандаж буй хандлага зэргийг хэргийн үйл баримтаас тогтоож дүгнэх нь хэргийг оновчтой зүйлчлэхэд шаардлагатай нөхцөлд тооцогдоно.
Нотлох баримт, нотлох ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн, тасралтгүй, хуулийн дагуу явуулах процессын бүрэлдэхүүн хэсэг төдийгүй тухайн ажиллагааны чанар, үр дүн ямар байхаас эрүүгийн процессын үйл явцын хувь заяа шууд хамаардаг болохыг мөрдөгч, прокурор болон шат шатны шүүхүүд цаашид анхаарвал зохино.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ДШМ/01 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай” гэснийг “...хэргийг прокурорт буцаасугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН