Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 06

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Ш.Адъяагийн нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох

Гуравдагч этгээд: Д.Мөнгөнсүх
    
           Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурийн Дагвадоржид газар өмчлүүлэхээр олгосон захирамжийг хүчингүй болгож, манай газрыг чөлөөлж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Адъяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Адъяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 299 тоот Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжийн хавсралтын 14-т Б.Өлзийбаярын гэр бүлийн хэрэгцээнд 1 дүгээр баг Амгалангийн  4-4 тоотод 957 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжийг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлж Б.Өлзийбаяр, Ш.Адъяа, Ө.Жаргал, Ө.Тэгшжаргал нарын нэр дээр 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр газрын гэрчилгээгээ авч, кадастрын зургаа хийлгэж авсан. Тухайн үед хаяг нь Амгалангийн 4-4 байсан. Сүүлд нь эгнээ нэмээд 5-3 болж өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлтөөр газрын гэрчилгээ кадастрын зурагт тэмдэглэл хийгээгүй, харин иргэний үнэмлэх олгоход 5-3 гэсэн хаягаар олгосон юм.
    Манайх энэ газар дээр 2002 оноос амьдарч байсан бөгөөд 16/0300561 тоот газар эзэмших гэрчилгээтэй байсан юм. Газрын гэрчилгээ авснаас хойш тухайн үед газрын албанд ажиллаж байсан Түвдэн танай газар цэвэр усны шугамд ойрхон байна гээд манай хашааг баруун талаас нь дотогш татуулж байсан. Гэтэл түүнээс хойш газрын албанд ажилтай Наранцацралтын аав Дагвадоржийн гэдэг айл манай зүүн талд ирж буусан. Яг манай чөлөөлсөн газар дээр буусан. Энэ манай газар, танайх газар чөлөөлж өг гэхээр хүлээж авдаггүй. Ингэж маргаж байх хооронд манай өвгөн Өлзийбаяр, Дагвадорж нар ч нас барсан. 
Аймгийн Засаг дарга байсан Батсуурь Дагвадоржийнд энэ газрыг өмчлүүлэхээр давхардуулан захирамж гаргасан байна. Газрын албанд манай газар дээр давхардуулж айлд газар олголоо, захирамжийг хүчингүй болгож, газар чөлөөлж өг гэж удаа дараа хэлж шаардаж байсан боловч Ганзориг шийдвэрлэж өгөлгүй байсаар ажлаа өгсөн. Тухайн үед газрын асуудал хариуцаж байсан Саранбаатар сайн мэдэж байгаа. Эднийд газар олгосон захирамжийг авъя, шүүхэд хандана гэхээр захирамжийг нь өгдөггүй байсан. Ингэсээр яваад өдийг хүрсэн. Одоо ч газрын албанаас захирамжийг авах гээд авч чадахгүй байна. Дарга нь захирамжийг өг гэхээр мэргэжилтнүүд нь гаргаж өгөхгүй, маш их хүнд сурталтай намайг олон удаа нааш цааш явуулж чирэгдүүлж, хохироод байна. 
Энэ айл бууснаар дайман хаалгыг битүүлж, хашаанд малын пүнз барьж, амбаар байрлуулсан. Ингэснээр манайх газраа алдаад зогсохгүй машин тэрэг орж гарах боломжгүй болсон. Сүүлийн хэдэн жил энэ хашаанд айлгүй байгаа. Манайх л эд хөрөнгийг нь манаж хамгаалж байна.
Ингээд газрын албаны ажилтнуудын буруугаас газраа алдаж, түүнийгээ буцааж авч чадахгүй, эрхээ хамгаалуулж төрийн байгууллагын үйлчилгээг авч чадахгүй байсаар өдийг хүрлээ. 
Иймд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурийн Дагвадоржид газар өмчлүүлэхээр олгосон захирамжийг хүчингүй болгож, манай газрыг чөлөөлж өгөхийг хүсч байна гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэдээллийн сан болон улсын бүртгэлийг үзэхэд:
1. Нэхэмжлэл гаргасан Ш.Адъяагийн нөхөр Балдандорж овогтой Өлзийбаяр нь аймгийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 299 дугаартай захирамжаар Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг Амгалангийн 4-4 тоотод 957 м2 хэмжээтэй эзэмшиж байсан газраа гэр бүлийн хэрэгцээнд өмчилж авсан байна. 
2. Нэхэмжлэлд дурдагдсан Түмт овгийн Намсрайн Дагвадорж нь аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 224 дүгээр захирамжаар Баруун-Урт сумын 1 дүгээр багт 5-4 тоотод 700 м2 хэмжээтэй газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчилж авсан байна. Уг газрыг Н.Дагвадорж нас барсан тул түүний төрсөн хүү Дагвадорж овогтой Мөнгөнсүх / ЛЛ90051271 регистрийн дугаартай/ өв залгамжлалаар өмчилж байгаа болно.
3. Нэхэмжлэл гаргасан иргэн Ш.Адъяагийн төрсөн хүү Өлзийбаяр овогтой Тэгшжаргал нь аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/165 дугаартай захирамжаар Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалан 5-3а тоотод 555 м2 хэмжээтэй эзэмшиж байсан газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчилж авсан байна.
4. 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Одхүү, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн дарга С.Энхболд, мөн газрын харилцаа геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Хүрэлчулуун нараар иргэн Б.Өлзийбаяр, Д.Мөнгөнсүх, Ө.Тэгшжаргал нарын гэр бүлийн хэрэгцээнд өмчилж авсан газрын хяналтын хэмжилтийг хийлгүүлсэн.
Дээрх цугларсан нотлох баримтуудаас үзэхэд аймгийн Засаг даргын 2005 оны 299, 2008 оны 224, 2014 оны А/165 дугаартай захирамжууд, 19674173012166, 19674173039165 нэгж талбарын дугаартай өмчилж байгаа газрын байршлын кадастрын зургууд, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн иргэн Б.Өлзийбаяр, Д.Мөнгөнсүх, Ө.Тэгшжаргал нарын гэр бүлийн хэрэгцээнд өмчилж авсан газрын хяналтын хэмжилтийн зурагт ямар нэгэн зөрчил, давхардалгүй, аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 
Иймд Ш.Адъяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намсрай овогтой Дагвадорж нь 2001 оны 08 сард Халзан сумаас аймагт нүүж ирээд өөрийн ураг болох Хоролсүрэн гуайтай ярилцан тохиролцож тэдний зүүн талд / хоосон газар/ гэр хашаагаа бариад тэндээ тасралтгүй 2014 оны 03 сар хүртэл 14 жил амьдарч байгаад улмаар хүнд өвчний учир 2014 оны 03 сард нас барсан. 
Тухайн үед багийн дарга болон холбогдох газрын албаны мэргэжилтнүүдээс албан ёсны зөвшөөрөл авч 2004 онд газар өмчлөлийн дагуу амьдарч байсан газраа өмчилж авсан. 2001 онд анх ирж буухад Өлзийбаяр гэдэг айл анх тэр газарт амьдарч байгаагүй ба төвд Их уул буудлын арын хашаанд манаачаар ажиллаж  тэнд гэртэйгээ амьдарч байсан. 2002 онд хөрш Хоролсүрэн гуай нь Улаанбаатар хот  шилжиж өөрийн төрсөн охин болох Урмаа нь /АНЭ-т нярайн их эмчээр/ уг газарт амьдарч байгаад 2004 онд Улаанбаатар хот шилжсэн болно. Түүнээс хойш Хоролсүрэн гуайн хашаанд Өлзийбаярынх гэдэг айл нүүж ирсэн. 
Газар хувьчлалын үед Дагвадорж гуайн төрсөн дүү Наранцацралт нь газрын албанд ажиллаж байгаагүй ба харин газрын албанд 2011 онд орсон тул ашиг сонирхлын зөрчилгүй болно. 2007 онд Дагвадорж гуайг амьд байх хугацаанд Тэгшжаргал гэдэг /Өлзийбаярын хүү/ нь шөнө унтаж байх үед болон өвгөн настай хүнийг доромжилж хашааг бүдүүлгээр машинаар дайрч унагаж 2 метр газрыг шууд авсан. Энэ үед Дагвадорж гуай нь айл аймаг улс гэж настай хүний зөөлөн сэтгэлээр хандаж юм хэлэхгүй өнгөрөөсөн. Тэгшжаргал нь өөрөө хойд талынхаа айлын гудамжийг битүү хааж хашаагаа бариад, дахин манай газар руу тулган байшин барьж, мөн хойд талд байдаг дайман хаалгыг өөрөө битүүлж хаасан үйлдлийг үзүүлсэн. Иймээс Дагвадорж гуайн зүгээс дайман хаалгыг битүүлж хаасан зүйл огт байхгүй. Сүүлийн 3 жилд хүнгүй байгаа болон Дагвадорж гуайг нас барсан зэрэг байдлыг далимдуулж эзэмшлийн дайман хаалгыг өөрсдийн дураар нээж, мөн газрыг өөрийн эзэмшилд байлгах зэргээр эзэгнэх болсон. Бид өөрсдөө уг хашааг тогтмол эргэж тойрдог ба 2016 онд 2 удаа дайман хаалгыг цүү хадаж цоожилсон боловч 2 удаа цүүг мулталж дайман хаалгыг нээн чөлөөтэй орж гарч байна. 
Дагвадорж гуайг амьд сэрүүн байх хугацаанд буюу 2007 онд 2 метр газрыг дээрэлхэж авснаас хойш газрын талаар огт гомдол гаргадаггүй байсан. 
Мөн Нарантуяа миний биеийг биеэ хамгаалах чадваргүй эмэгтэй хүн гэдэг байдлаар удаа дараа хэл амаар доромжилж, дайрч давшлан хашаа эд хөрөнгө зэргийг нураана гэх мэтээр заналхийлж байна. Уг айл нь хойд талын хашааны Чулуунбаатар гэдэг айлтай мөн газрын маргаантай байгаа болно. 
Дагвадорж гуай нь амьд сэрүүн байхдаа 2008 оны 05 сарын 01-ний өдрийн 224 тоот захирамжаар иргэн бүрт эзэмших 0,7 га газрын гэрчилгээг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж авсан боловч 2014 онд Дагвадорж гуай нас барсан тул уг газрыг өөрийн хүү болох Д.Мөнгөнсүхэд шилжүүлэх хүсэлт гаргаж албан ёсны №000334032 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан болно. 
Бид хашаандаа гэр орноо барьж амьдрах гэсэн боловч хүч хэрэглэн дайрч давшлан аавын минь гэрийн буйранд айл буулгаж бид бүхний газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймээс Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Ш.Адъяагийн шүүхэд гаргасан газрын маргаантай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь: 
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Ш.Адъяа нь аймгийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурийн Дагвадоржид газар өмчлүүлэхээр олгосон захирамжийг хүчингүй болгож, манай газрыг чөлөөлж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд гаргажээ. 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 14 дүгээр шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргасан “манай газрыг чөлөөлж өгөхийг хүссэн” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурийн Дагвадоржид газар өмчлүүлэхээр олгосон захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явууллаа. 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Сүхбаатар аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” 224 дүгээр захирамжийн Н.Дагвадоржид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан болно. 

     Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” 299 дүгээр захирамжаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн 4-4 тоот (одоогийн 5-3 тоот) хаягт,  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 957 кв.метр газрыг иргэн Б.Өлзийбаярт өмчлүүлэхээр шийдвэрлэж, газрын хууль ёсны өмчлөгчөөр Монгол Улсын иргэн Б.Өлзийбаяр, Ш.Адъяа, Ө.Жаргал, Ө.Төгсжаргал нарыг бүртгэж газар өмчлөх эрхийн 000044916 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр олгожээ.

Маргаан бүхий акт болох Сүхбаатар аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” 224 дүгээр захирамжаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн 5-4 тоот хаягт,  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 кв.метр газрыг иргэн Н.Дагвадоржид өмчлүүлэхээр шийдвэрлэж, газрын хууль ёсны өмчлөгчөөр Монгол Улсын иргэн Н.Дагвадорж, Н.Анужин нарыг бүртгэж газар өмчлөх эрхийн 000066856 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг 2008 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгосон байх ба эдгээр газар нь хөрш зэргэлдээ байрлаж байжээ.

160201652 нэгж талбарын дугаартай газрын хууль ёсны өмчлөгч Н.Дагвадорж нь 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барж өмчлөлд байсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн 5-4 тоот хаягт байршилтай 700 кв.метр газрыг хүү Д.Мөнгөнсүхэд өвлүүлснээр уг газрын хууль ёсны өмчлөгчөөр Монгол Улсын иргэн Д.Мөнгөнсүхийг бүртгэж газар өмчлөх эрхийн 000334032  дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр олгосон байна.
Нэхэмжлэгч Ш.Адъяаг 160200357 нэгж талбарын дугаартай газрын хууль ёсны өмчлөгчийн нэг болохын хувьд газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж, маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч Д.Мөнгөнсүхийг уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзэн шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцууллаа.

Дээрх үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох 000334032 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хувийн хэрэг /хх-ийн 60-72 дугаарт/, 160200357, 160201652 дугаар бүхий газрын нэгж талбарын хувийн хэргүүдээр /хх-ийн 39-55 дугаарт/ тус тус тогтоогдож байгаа ба Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах эрхийнхээ дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн 5-3, 5-4 тоот хашааны газруудыг хуульд заасан журмын дагуу өмчлөн авсан нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан “Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх” зарчимтай нийцжээ. 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Н.Дагвадоржийн өмчлөлийн газраас 10 орчим кв.метр газар нь манай өмчлөлийн газартай давхцаж байгаа тул газар давхцуулан олгосон аймгийн Засаг даргын захирамж хууль бус гэж тайлбарлан маргаж байгаа нь дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна. 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т газар өмчлөн авах эрх бүхий иргэн нь “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах” эрхтэй байхаар зохицуулжээ. 

Баруун-Урт сумын 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “... газрыг гэр бүлийн хэрэгцээнд нь зориулж иргэдэд 1 удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх ажлыг богино хугацаанд шуурхай зохион байгуулж иргэдэд газрыг нь өмчлүүлэх” гэж заасан байх ба гуравдагч этгээдээс дээрх хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй газрыг өмчилж авах хүсэлт гаргасныг аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” 224 дүгээр захирамжаар иргэн Н.Дагвадоржид 700 кв.метр газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчлүүлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”,  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэсэн хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.

Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/68 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн Б.Өлзийбаяр, Д.Мөнгөнсүх нарын өмчлөлийн газрын хил заагийг харуулсан газрын байршлын кадастрын зургаас үзвэл гуравдагч этгээдийн өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн 5-4 тоотод байршилтай, 19674173039165 нэгж талбарын дугаар бүхий 700 кв.метр газар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн 4-4 тоотод (одоогийн 5-3 тоот) байршилтай, 19674173012166 нэгж талбарын дугаар бүхий 1512 кв.метр газартай ямар нэгэн давхцалгүй байна.

Тодруулбал нэхэмжлэгч нь газрын мэдээллийн сангийн зурагт авагдсан өөрийн өмчлөлийн 957 кв.метр газар болон аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/165 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүү Ө.Тэгшжаргалын өмчлөлд олгосон Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн 5-3а тоотод байршилтай 555 кв.метр буюу нийт 1512 кв.метр газрыг бодитой өмчилж байгаа бөгөөд гуравдагч этгээд Д.Мөнгөнсүхийн өмчлөлийн 700 кв.метр газар нь нэхэмжлэгч болон түүний хүү Ө.Тэгшжаргалын өмчлөлийн 1512 кв.метр газартай хилийн шугам, эргэлтийн цэг, солбицол, талбайн хэмжээгээрээ ямар нэгэн давхцалгүй болох нь шүүхээс маргаан бүхий газарт хяналтын хэмжилт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр давхар нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн газар давхцуулан олгосон гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд Сүхбаатар аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 224 дүгээр захирамжаар Н.Дагвадоржид 700 кв.метр газар өмчлүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Сүхбаатар аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 224 дүгээр захирамжийн Н.Дагвадоржид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Адъяагаас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” 224 дүгээр захирамжийн Н.Дагвадоржид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нэхэмжлэгч Ш.Адъяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ЦЭРЭНХАНД